Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0373

 

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0373

Улаанбаатар хот

 

“МСС” ХХК -ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А

Нэхэмжлэгч: “МСС” ХХК

Хариуцагч: ЭХЗХ

Нэхэмжлэлийн шаардлага: “ЭХЗХ-ны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09, 02 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, “МСС” ХХК -ийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийг нөхөж олгохыг даалгах";

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0135 дугаар шийдвэртэй 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Д.Д нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул                 

Хэргийн индекс: 128/2021/0664/3

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч "МСС" ХХК-аас ЭХЗХ-д холбогдуулан "ЭХЗХ -ны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09, 02 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, “МСС” ХХК -ийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийг нөхөж олгохыг даалгах"-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0135 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 22 дугаар зүйлийн 22.2, 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх заалтыг баримтлан ЭХЗХ-ны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09, 02 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, "МСС” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийг нөхөж олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож" шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А  давж заалдах гомдолдоо:

ЭХЗХ-ны 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн "Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай" 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба "МСС" ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагаас тодорхой зарим шаардлагыг хангаж ажилласан бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт баригдах 30 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын эрчим хүчний нэгдсэн системд холбогдох техникийн нөхцөлийн хугацааг шалтгаангүйгээр сунгаж өгөөгүйн улмаар дараа дараах нөхцөл шаардлагын биелэлтийг хангаж ажиллахад саад учирч, бидний үйл ажиллагаанд хүндрэл үүссэн.

Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, мөн ЭХЗХ-ны 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн "Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай" 09 дүгээр тогтоолыг үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.1. Нэхэмжлэгч "МСС" ХХК нь ЭХЗХ-д хандаж 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. "МСС" ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т "Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана." гэж заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 4/18 тоот "Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай" хүсэлтийг ЭХЗХ-д гаргасан.

Гэтэл ЭХЗХ  нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 16 дугаар зүйлийн 16.1-д тус тус заасны дагуу "МСС" ХХК-ийн гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариу өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд шийдвэрлэхгүй хугацаа авч байснаа бүхэл бүтэн 10 сарын дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1/93 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр ЭХЗХ-ны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор манай компанид олгосон 68/2017 дугаартай Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон мэдэгдлийг ирүүлсэн.

3.2. Энэ нь ЭХЗХ  нь хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй удсаны улмаас манай тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон ба төрийн байгууллага өөрт ашигтай нөхцөл байдлыг ашиглан өөрт давуу байдлыг санаатайгаар бий болгосны дараа буюу Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаснаас хойш 10 сарын дараа тогтоол үйлдэж, маргаан бүхий захиргааны акт болох "Эрчим хүчний тухай хууль"-ийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх хэсэгт заасан "тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахгүй байх тухай" 09 дүгээр тогтоолыг гаргасан нь үндэслэлгүй байхад шүүх энэхүү тогтоолыг үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.3. Мөн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө гаргах хуулиар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч биелүүлсэн гэж үзсэн хэрнэ энэхүү хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан ЭХЗХ-ны хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх талаар зохицуулалт агуулсан Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйл болон ЭХЗХ-ны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 9 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг нарийвчлан зохицуулаагүй гэж дүгнэсэн байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд хүсэлтээ захиргааны байгууллагад гаргасан, харин энэхүү хүсэлтийг захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөх үүргээ биелүүлээгүй нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй болж байна.

Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0135 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

4. Хариуцагч гомдол гаргагч нарын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1.  Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Нэхэмжлэгч “МСС“ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “МСС” ХХК-д ЭХЗХ-ны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл Эрчим хүчний барилга байгууламж-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт нарны цахилгаан станцын /30 МВт/ эх үүсгүүр барих, үйлчлэх хүрээ Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ,  68/2017 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 3 жилийн хугацаатайгаар олгожээ.

5. Тусгай зөвшөөрлийг эзэмшигч “МСС” ХХК нь  Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д “хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх”, мөн зүйлийн 25.1.12-д “холбогдох дүрэм, журам, норм, стандарт, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах, үйл ажиллагаагаа технологийн горимын дагуу осол аюулгүй, техникийн өндөр түвшинд явуулах” гэж заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг чандлан биелүүлж ажиллах хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэмд заасан дараа жилийн 1 дүгээр сарын 10-ны дотор тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелэлт, үйл ажиллагааныхаа 2018, 2019, 2020 оны тайланг гаргаж ирүүлээгүй, 2019 оны нөхцөл, шаардлагын биелэлтийг “47 оноогоор хангалтгүй” гэж дүгнэгдсэн болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,

       5.1. Нэхэмжлэгч хууль, дүрмээр хүлээсэн үүрэг буюу тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийнхээ дагуу эрчим хүчний барилга байгууламж-Хөвсгөл аймаг, Мөрөн сумын нутаг дэвсгэрт нарын цахилгааны станцын /30 МВт/-ын хүчин чадалтай/  эх үүсгүүр барих үүргээ биелүүлээгүй байна.

6. ЭХЗХ-ны хурлын тэмдэглэлээс үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч “МСС” ХХК -ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын асуудлыг ЭХЗХ  нь зохицуулагчдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хангалтгүй оноо авсан асуудлыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай асуудлыг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай асуудлыг  2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хурлаараа тус тус   хэлэлцэхдээ “МСС” ХХК -ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнбатыг  байлцуулан шийдвэрлэж, хурлаас  шийдвэр тогтоолоо гаргасан байх бөгөөд эдгээр актуудыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Өөрөөр хэлбэл ЭХЗХ-ны “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай“ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 9 дүгээр тогтоол нь ЭХЗХ-ны “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелэлтийг дүгнэх тухай” 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 122 дугаар тогтоолыг үндэслэн гарсан байна.

8. Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө” гэж мөн хуулийн  22 дугаар зүйлийн 22.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана” гэж, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй”  гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх эрх хэмжээ  ЭХЗХ-д олгогджээ. 

9. Нэхэмжлэгчээс Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар тусгай зөвшөөрлийг хугацаа сунгуулах өргөдлийг хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө буюу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4/18 тоот албан бичгээр ЭХЗХ-д гаргасан тогтоогдож байх боловч мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой гэж ЭХЗХ-оос үзсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар хуульчлагдсан тул хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй, зохих ёсоор биелүүлэх үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй болно.

10. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

11. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “... Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 16 дугаар зүйлийн 16.1-д тус тус заасны дагуу ... гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариу өгөх үүргээ биелүүлээгүй ...” гэжээ.

      11.1. Энэ  нь ЭХЗХ-ны 2021 оны  01 дүгээр сарын 14-ний өдрийн 9 болон 02 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

          11.2.  Дээрх дурьдсанаар  нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө буюу 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/18 тоот албан бичгээр ЭХЗХ-д гаргасан тогтоогдсон, хуулийн хугацаанд  гаргасан байх бөгөөд харин хариуцагч ЭХЗХ-оос тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрээ гаргахдаа хугацаатай холбоогүйгээр “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 9 дугаартай тогтоолыг  гаргажээ.

          11.3. Гэтэл нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг  10 сар гаруй хугацаанд шийдвэрлээгүй гэж дан ганц хугацаагаар хариуцагчийг буруутгасан давж заалдах гомдол үндэслэлгүй. 

          11.4. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлт гаргаснаар сунгагдахгүй бөгөөд  уг  хүсэлтийн хамт тусгай зөвшөөрлийн  нөхцөл,  шаардлагыг хангаж ажилласан эсэх,  хүлээсэн үүргийн талаарх тайлбар, мэдээлэл, холбогдох баримтуудыг үндэслэн шийдвэрлэнэ.

           11.5. Түүнчлэн дээрх тогтоолуудыг гаргах ЭХЗХ-ны хуралдаанд нэхэмжлэгч “МСС” ХХК-ийн гүйцэтгэх  захирал Д.Ц өөрөө биечлэн оролцсон атлаа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа талаар тайлбар гаргаагүй байна.

12. ЭХЗХ-оос тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаар тогтоолыг  гаргахдаа  нэгэнт тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх шийдвэрийг өмнө нь гаргасан,  ингэснээр  тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүй, дуусгавар болсон учраас  Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1-д  заасан  зохицуулалтыг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна. 

13. Эрчим хүчний тухай хуульд тусгай зөвшөөрлийн хугацаа  дуусгахаас өмнө сунгах хүсэлтийг 180 хоногийн өмнө  гаргах зохицуулалтыг тусгасан байх боловч харин захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай хүсэлтийг хүлээж авснаас хойш хэд хоногийн дотор хянаж, дүгнэж,   шийдвэрлэх талаар тусгайлсан зохицуулалт тусгагдаагүй байна. Гэхдээ энэ нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  талаар гаргасан тогтоолыг хууль бус гэж үзэж, тэдгээрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 14. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй  байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  үзлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний  өдрийн 128/ШШ2022/0135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ 

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА