Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 1723

 

 

 

 

 

 

  2020         10         01                                       2020/ШЦТ/1723

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох 2006 00000 2149 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны  өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан хотод 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуягт танкны ашиглалтын инженер мэргэжилтэй, “Замайн сервисес” ХХК-д инженер ажилтай, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол 7 дугаар байр 6 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,

Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 506 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 445 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж байсан, торгох ялыг биелүүлэх хугацааг 2 жилээр тогтоосон, М овогт Бын Э /РД: /,

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Э нь 2020 оны 07 дугаар сарын 25-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 26-нд шилжих шөнө  02 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Оюунбилэгтэй “архи аягал гэж хэлсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэгт  нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, хоолойг нь боох зэргээр түүний эрүүл мэндэд эрүү, хүзүүнд, зүүн эгэм, баруун бугалга, зүүн гарын сарвуунд цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эгийн өгсөн: “Би эхнэртэйгээ маргалдаад найз Заяагийнхаа гэрт очихоор болсон. Замдаа Чинбаа гээд найзыгаа аваад пиво аваад найзындаа очсон. Бид 3 пиво уугаад юм яриад сууж байтал Заяа манай таньдаг 2 найз ирье гээд байна гэж хэлсэн. Би өөрөө мэдэхгүй юу гэсэн чинь 2 жоохон охин ороод ирсэн. Тэр хүмүүстэй онц зүйл ярихгүй Чинбаатайгаа пиво яриад байж байтал Заяа “маргааш хуримын үс засалттай би явлаа. Түлхүүрээ доор дэлгүүрт үлдээгээд чимээгүй байгаарай” гэж хэлсэн. Заяаг гарахаас өмнө тэр охин энэ 2 чинь явахгүй юм уу гээд байсан. Би “чи битгий гадаад байдлаар нь дүгнээд байгаарай хүний эрх хэн нэгний эрхээр хязгаарлагддаг юм шүү” гэсэн байдлаар тайлбарлаж хэлсэн. Ерөнхийдөө доромжилсон бүдүүлэг байдлаар харьцаж байсан. Би өөрөө янз бүрийн газар хүмүүстэй харьцаж үзсэн, нас маань тодорхой хэмжээнд явсан учраас хүнийг доромжлоод байх ухамсар байгаагүй. Харин тэр охин доромжлох маягтай байсан. Пиво уугаад юм яриад сууж байтал Чинбаа гэдэг найзыг минь чи энийг аягал гээд зандарсан байдалтай байхаар нь “чи хүнтэй ингэж харьцаж болохгүй эмэгтэй хүн байж хар шөнө архи уугаад явах ёстой ч юм уу үгүй ч юм уу харах царайны жоохон хүүхэд байж” гэж хэлтэл “чи намайг жоохон гэдгээр нь дууддаг хэн бэ” гээд маргаан үүссэн. Би сууж байсан орон дээр байж байтал нөгөө охин миний хоолойг боогоод гараараа багалзуурдаад дээр минь гараад ирсэн.  Гараад ирэхээр нь би дороос нь гараа сунгаж хоолойг нь бооход найз маань салгах гээд түлхсэн тэгэхэд нь хөлөөрөө жийсэн. Эхний удаагийн ойртолт нь тэр байсан. Маргалдаж байх явцдаа  “Чи энд хонох гэж байгаа юм бол зүгээр хэлчихгүй. Би явчхаж болох байсан” гэж хэлсэн чинь цагдаа дуудлаа чи намайг боосон гэх зэрэг зүйл яриад байхаар нь “Чи эндээ хоноод яв. Би явлаа. Хүн хэлээрээ мал хөлөөрөө ойлголцож болох байсан юм дээр заавал хэрүүл маргаан үүсгээд байх шаардлага байхгүй” гэж хэлээд гарах гэтэл гаргахгүй гээд футболк ураад цээжин дээр маажсан. Би нүүр лүү нь мангасдаж түлхээд гараад явсан. Хэргийг бодит байдал буруугаар ойлгогдсон худлаа байсан. Би маргаан болоод явна гэж бодоогүй болохоор эмнэлэгт үзүүлээгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Б.Оюунбилэгийн өгсөн: “... Би 2020 оны 07 дугаар сарын 24-ний шөнө Ууганзаяагийн гэрт очсон... 3 залуу Ууганзаяагийн 10 жилийн хүүхэд гэсэн... н.Энхүүш сууж байхад жаахан хүүхэд гэсэн... би чамаар жаахан хүүхэд гэж хэлүүлэхгүй гэж хэлсэн... тэгсэн янхан гээд босоод ирсэн. Би бас босоод түлхсэн. Тэгсэн тэр залуу гараараа нүүр хэсэгт 2 удаа цохиод хоолой боосон... мөн унасан байхад хөлөөрөө 2 удаа өшиглөсөн... тэгсэн миний эрүү эвгүй болсон... Энхүүш баруун гараараа уруул хэсэгт 2-3 удаа маажсан, хөлөөрөө хөл рүү өшиглөсөн... намайг бүлэглэж зодсон зүйл байхгүй... тухайн  үед дээд, доод уруул хавдсан, зүүн хацар, эрүү хэсэгт хавдсан, баруун гарын тохой, гарын алга зулгарсан... дээрх гэмтлийг Э /Энхүүш/ учруулсан...” гэх мэдүүлэг /хх.10-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхшүрийн өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр  Н.Заяагийн гэрт үл таних 2 залуу байсан... үл таних 2 залуутай пиво уусан... удалгүй Б.Оюунбилэг үл таних залуутай маргалдсан... үл таних залуу Б.Оюунбилэгийн хоолой хэсгээс боож, газарт унагаж, зүүн гарын гар хэсэгт гишгэж байгаад зүүн хөлөөрөө Оюунбилэгийн нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөсөн... үл таних 2 залуу цагдаа дуудах гэж байна гэж байсан... үл таних залуу Оюунбилэгийн нүүр хэсэгт 1 удаа цохиод явсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 8673 дугаар:

“1. Б.Оюунбилэгийн биед эрүү, хүзүүнд, зүүн эгэм, баруун бугалга, зүүн гарын сарвуунд цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.26-27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ц.Бадралын өгсөн: “... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ... 2 ба түүнээс дээш ...  гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх.28/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Э нь 2020 оны 07 дугаар сарын 25-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 26-нд шилжих шөнө  02 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Оюунбилэгтэй “архи аягал гэж хэлсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, хоолойг боох зэргээр эрүүл мэндэд нь эрүү, хүзүүнд, зүүн эгэм, баруун бугалга, зүүн гарын сарвуунд цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгам ажиллагаанд хохирогч  Б.Оюунбилэгийн өгсөн: “... Тэгсэн тэр залуу гараараа нүүр хэсэгт 2 удаа цохиод хоолой боосон... мөн унасан байхад хөлөөрөө 2 удаа өшиглөсөн... тэгсэн миний эрүү эвгүй болсон... Энхүүш баруун гараараа уруул хэсэгт 2-3 удаа маажсан, хөлөөрөө хөл рүү өшиглөсөн... тухайн  үед дээд, доод уруул хавдсан, зүүн хацар, эрүү хэсэгт хавдсан, баруун гарын тохой, гарын алга зулгарсан... дээрх гэмтлийг Э /Энхүүш/ учруулсан...” гэх мэдүүлэг /хх.10-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхшүрийн өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр  Н.Заяагийн гэрт ... үл таних залуу Б.Оюунбилэгийн хоолой хэсгээс боож, газарт унагаж, зүүн гарын гар хэсэгт гишгэж байгаад зүүн хөлөөрөө Оюунбилэгийн нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөсөн... үл таних залуу Оюунбилэгийн нүүр хэсэгт 1 удаа цохиод явсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 8673 дугаартай:

“1. Б.Оюунбилэгийн биед эрүү, хүзүүнд, зүүн эгэм, баруун бугалга, зүүн гарын сарвуунд цус хуралт, зүүн гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.26-27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ц.Бадралын өгсөн: “... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ... 2 ба түүнээс дээш ...  гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх.28 зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Эгийн өгсөн “би гэмт хэрэг үйлдээгүй, аргагүй хамгаалалт хийсэн” гэх мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Б.Эгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Б.Оюунбилэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Б.Эг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хувьд маргаж буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас үлдсэн торгох ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Б.Эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. М овгийн Бын Э “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Б.Эд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 445 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаас үлдсэн 1.656 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.656.000 төгрөгөөр торгох ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 2.556 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.556.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Эд оногдуулсан нийт 2.556 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.556.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Эд сануулсугай.

6. Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Оюунбилэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР