| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1651/Э |
| Дугаар | 1735 |
| Огноо | 2020-10-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 1735
2020 10 05 2020/ШЦТ/1735
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Н.Уранбайгаль,
Гэрч Н.Ж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/,
Шүүгдэгч Ж.С, түүний өмгөөлөгч О.Баяраа /ҮД:0333/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Ж.Сд холбогдох 2003 00345 0267 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тайван улсад оюутан, Богд банкинд теллер ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 3 дугаар хэсэг, 38 дугаар гудамжны 1418 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овгийн Жын С /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ж.С нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Петровис” Шатахуун түгээх станцын баруун хойд замд “Жи Эс Би Капитал Банк бус санхүүгийн байгууллага” ХХК-й эзэмшлийн “Toyota” маркийн “Sai” загварын 31- 40 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт); тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 31 настай, эрэгтэй М.Алтанхуягийг мөргөн амь насыг нь хохироож, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Сгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэнгийн өгсөн: “Би 06 дугаар сарын 11-ний өдөр ажлаар Говь-Алтай аймаг яваад шөнө ирсэн. 06 дугаар сарын 12-ны өглөө ээжийнхээ буяны өдөр гээд ах дүү нараараа цуглараад ном уншуулаад байж байсан. 12 цагийн үед талийгаачийн ангийн захирагч Лодойдамба дахин дахин залгаад байсан. Би яагаад ойрхон залгаад байгаа юм бол гэж бодоод түр салгачхаад утсаа автал “чи ойрд талийгчтай уулзсан уу” гэж хэлсэн. Би уулзаагүй 6 дугаар сарын 4-нд салхинд гарахад уулзсанаас хойш уулзаагүй гэж хэлсэн. Лодойдамба хурандаа “Ийм юм болоод байна. Би чам руу зураг явуулъя мөн үү биш үү тодруулаадхаач” гэж хэлсэн. Би ээж ааваас нь юу болоод байгаа талаар асуухад 3 хоног алга болсон утас нь холбогдохгүй байна гэсэн. Би дүүгээ аваад замын цагдаатай уулзахад зураг үзүүлсэн. Нүүр нь хавдсан байсан боловч мөн байсан. 06 дугаар сарын 12-ны үдээс хойш мэдээд бид нар камер шүүгээд явсан. Талийгч эмнэлэгт 4 хоног ямар ч эзэнгүй байж байгаад өнгөрсөн. Талийгч бичиг баримтаа биеэсээ салгадаггүй хүн. Талийгчийн бичиг баримт, гар утас байхгүй байсан. Петровисын баруун талын хятад компанийн хяналтын камерыг үзэхэд хэрэг болсноос хойш 30 гаруй минутын дараа 2 эрэгтэй хүн 3 удаа ирж очиж байсан. Хэрэв бичиг баримт нь байгаад бид нартай холбоо барьсан бол бид эмнэлэгт арга хэмжээ авах байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Жын өгсөн: “Миний охин С 2020 оны 06 дугаар сарын 09-ний үүрийн 04 цагийн үед Амгалан захын зам дээр хүн мөргөсөн байсан. Үүрээр 04 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн байдаг. Ээж нь сэрээд харахад охин уйлаад, чичрээд байхаар нь яасан талаар асуухад нь “ээж би хүн мөргөчих шиг боллоо” гэж хэлсэн байдаг. Ээж нь цагдаа явъя гээд цагдаа руу явсан байдаг. Тухайн үед би ажил дээрээ хонож байхад үүрээр 5 цагт эхнэр залгаад охин хүн мөргөсөн байна. Бид 2 цагдаа руу явж байна гэж хэлсэн. Цаана нь охин уйлж байгаа нь надад сонсогдож байсан. Би ажлаа тараад очъё гэж хэлээд 11 цагийн үед замын цагдаагийн хэлтэс дээр очсон. Тэнд байж байхад цагдаа нь “та нар хүнээ л босгож ир” гэж хэлээд гэмтэл рүү явуулсан. Гэмтлийн эмнэлэг дээр 5 цагийн үед очоод үүдний жижүүрээс нь яаралтай тасаг руу нь жижүүрээс нь гуйж байгаад орсон. Би эмнэлэг дээр 2 хоноход нь байнга байсан. Эмч нар “танай хохирогчийн биеийн байдал хүнд, тархины мэс засалд орсон. Өөр мэдээлэл танд өгөх боломжгүй та цагдаагаас мэдээлэл авна уу” гэж надад хэлсэн. “Ар гэр нь олдоогүй байгаа учраас би сахих хэрэгтэй байна” гэж хэлэхэд гаднын хүнээр сахиулахгүй гэсэн хариу өгөөд гаргаж байсан. Миний охин багаасаа спортоор явсан дуугүй хүүхэд. Спортоор амжилтууд гаргадаг байсан болохоор би охиныгоо их өөдрөгөөр боддог байсан. 12 дугаар ангиа онц дүнтэй төгсөж байсан...” гэх мэдүүлэг,
Хяналтын камерын бичлэг, СD бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.1.24/,
Хэргийн газар үзлэг хийсэн: “... Уг осол хэрэг болсон гэх Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн замын Петровис Шатахуун түгээх станцын хойд талын замд марк, дугаар тодорхойгүй авто машин нь овог нэр тодорхойгүй 40 орчим насны эрэгтэй хүнийг мөргөсөн гэх газарт хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан хэргийн газрын үзлэг хийх үед машинд мөргүүлсэн явган зорчигчийг түргэний машинаар гэмтлийн эмнэлэг явсан байв. Осол болсон газар осол гаргасан машин байхгүй, ослыг газрыг орхиж явсан байв. Осол болсон замын нөхцөл байдал асфальтан, шулуун тэгш, зам хуурай, суурины доторх, үзэгдэх орчин чөлөөтэй харагдаж байв.
Үсгээр явган зорчигч анх автомашинд мөргөгдсөн цэг /А цэгийг тогтоохдоо зам дээр байсан автомашины хуванцар эд анги байсан газраар авсан болно/. Уг эд анги нь урд буфер дээр байдаг жижиг хуванцар таг. “Б” үсгээр явган зорчигч автомашинд мөргүүлж газар унасан гэх цэг, А цэгээс Б цэг хүртэл 12.6 метр ...” гэх тэмдэглэл /хх.1.5-6/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.7-10/,
2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “... Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 3-38-1418 тоот хашаанд байх хар өнгийн Тоёота Сай маркийн 31-40 УНП улсын дугаартай автомашин уг хашааны дунд хэсэгт ертөнцийн зүгээр баруун тийш харсан байрлалтай зогсож байв. Уг автомашины салхины шил нь ямар нэгэн биет мөргөснөөс болж хагарсан байв. /шилний зүүн хэсэг мөн копудын зүүн урд тал ямар нэгэн хатуу биет мөргөж хонхойсон байв./ Мөн урд гуперийн зүүн урд байх их гэрлүүд ус шүршигчийн таг байхгүй байв. Зүүн урд их гэрэл баруун талаар хагарч цуурсан байв... гэрэл зургийн үзүүлэлт...” гэх тэмдэглэл /хх.1.11-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэнгийн өгсөн: “... Би талийгаачийн нагац ах нь байгаа юм. Би энэ ослыг осол болсноос хойш 4 өдрийн дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт талийгаач дүүгийн ангийн захирагч хурандаа Лодойдамба гэдэг хүнээс утсаар сонсож мэдсэн. Дараа нь би энэ ослын тухай хамаатан садан, болон талийгаачийн эхнэр Т.Мөнхтуяад мэдэгдсэн... би дүүтэйгээ хамгийн сүүлд 06 дугаар сарын 01-ний өдөр хөдөө салхинд цуг хамт явсан, тэрнээс хойш дүүтэйгээ уулзаагүй байсан юм... манай дүүгийн амь нас хохирсон энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөв шударгаар шийдэж өгөхийг би туйлын их хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх.1.34-35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Оюунболорын өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 00 минутын үед намайг гэртээ байж байхад манай найз Ж.С манай гэрт усанд орохоор ирсэн. Тэгээд С усанд орчхоод дараад нь бид хоёр манай гэрт юм ярьж орой 23 цаг болтол суусан, тэгээд С манай гэрт хоноод өглөө явна гээд бид 2 унтсан. Шөнө дунд байх намайг унтаж байхад С босоод хаалга хаагаад явж байгаа нь сонсогдсон. Би тэр үед Сг өглөө эрт гэр лүүгээ явж байгаа юм гэж санаад үлдсэн. Өглөө 05 цагийн үед намайг унтаж байхад С над руу залгаад “би Амгаланд хүн мөргөчихлөө, би ээжтэй Баянзүрхийн цагдаа руу явж байна” гэж хэлж байсан. Бид 2 тэр орой манай гэрт юм ярьж сууж байхдаа нэг нэг лаазтай “Сэнгүр’’ пиво уусан, өөр согтууруулах ундааны зүйл уугаагүй, тэгээд л 23 цагийн үед бид 2 унтсан. Тэр орой С манай гэрт надтай юм яриад сууж байхдаа “ээж гэртээ ганцаараа үлдсэн, яаж байгаа бол” гээд санаа зовсон байдалтай яриад байхаар нь би Соёлоо бид 2 сая пиво уучихсан болохоор “чи одоо машин бариад явж болохгүй, манайд хоноод өглөө эрт явахгүй дээ” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.142/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхтуяагийн өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04 цаг 00 минутын үед би гэртээ унтаж байтал манай том Ж.С гаднаас орж ирээд намайг сэрээсэн, тэгээд их сандарсан байдалтай гар хөл нь салганаад надад “ээжээ айгаад байна” гэхээр нь, би “яасан бэ” гэж асуутал, “би сая Амгалангийн зам дээр наашаа гэр лүүгээ харьж явахдаа хүн мөргөчих шиг боллоо” гэж хэлэнгүүт нь “тэгээд мөргүүлсэн хүн нь яасан бэ” гэж асуутал манай охин “мэдэхгүй байна, би айсандаа яваад нэг мэдсэн чинь гэрийнхээ гадаа ирчихсэн байсан” гэж хэлэхээр нь би орноосоо босоод хувцсаа өмсөөд охиноосоо “машин чинь хаана байна” гэж асуутал манай охин “машин гадаа хашаанд байгаа” гэхээр нь, би гараад машинаа хартал манай урд машины урд салхины шил юм мөргөсөн бололтой зүүн тал нь хагараад цуурчихсан байсан. Би охиноосоо “чи яагаад хүн мөргөсөн юм бол ослын газраас явсан юм бэ” гэж асуутал, манай охин “ээжээ би тухайн үед айж сандарсандаа болоод шууд гэр лүүгээ явчихсан” юм гэж хэлж байсан. Тэгэнгүүт нь би охиндоо “энэ ослын талаар одоо хоёулаа цагдаад хурдан мэдэгдэх хэрэгтэй” гэж хэлээд охиноо дагуулан шууд замын таксигаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очсон. Замдаа осол болсон газраар нь хартал хүн амьтан юу ч байхгүй болохоор нь цаашаа дүүргийн цагдаагийн хэлтэс рүү явсан юм. Уг тээврийн хэрэгслийг 2020 оны 05 дугаар сард GSB Capital ББСБ- аас зээлээр худалдаж авсан юм. Зээлийн гэрээ нь миний нэр дээр байдаг юм. Харин энэ машиныг манай охин С унаж хэрэглэдэг юм...” гэх мэдүүлэг /хх.1.139-140/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ууганбаярын өгсөн: “... би машинаа бариад Амгалан хүнсний захын хойд талын замаар баруунаасаа зүүн тийш чигтэй замынхаа 1 дүгээр эгнээгээр 30-40 км цагийн хурдтай явж байтал миний өмнө замын дунд хэсэгт нэг хүн зам дээр хэвтэж байгаа харагдахаар нь замын баруун гар тал руу машинаа шахаж зогсоон машинаасаа буугаад тэр зам дээр хэвтэж байгаа хүн дээр очиж тонгойгоод хартал 30-40 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэр хүн тухайн үед ямар ч байсан амьсгаатай байхаар нь би өөрийнхөө утсаар шууд 102 луу залгаж дуудлага өгсөн... Намайг ослын газар ирээд зогсоход ослын газрын ойр орчим ямар ч хүн, амьтан, зогсож байсан машин байхгүй байсан, харин замаар бол машинууд явж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх.1.144-145/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Амарсайханы өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 09-ний үүрээр 04 цагийн үед албаны алаг машинтай үүрэг гүйцэтгээд ... Петровис ШТС-ын хойд замд зам дээр нэг хүн хэвтэж байсан... тэр хүн дээр очтол хойноосоо урагшаа харсан байдалтай замын голд хэвтэж байсан. Тухайн үед амьсгалж байсан. Тэгээд түргэн дуудаад 102-т дуудлага өгсөн. ТЦА-ны ерөнхий жижүүрт бас мэдээлэл өгсөн. Ослын газарт автомашин байхгүй. Жолооч нь ч байгаагүй. Зөвхөн хохирогч зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.152/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1279 дугаартай: “... Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ... Талийгаач нь 2020.06.12-ны өдрийн 13.00 минутын цогцсын гадна үзлэгээр нас бараад 1-2 цаг болсон байна. Талийгаач нь нь ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлсэн тул цусанд спиртийн зүйл тодорхойлох шаардлагагүй...” гэх нэмэлт дүгнэлт /хх.1.157-164/,
Авто Тээврийн Үндэсний Төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 57046 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.1.219-227/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Ч.Одсүрэнгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай: “...Тоёота Сай маркийн 31-40 УНП улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ж.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн ,овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч М.Алтанхуяг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлэг: Явган зорчигчийн үүрэг, 5.12 дахь заалт Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ Явган зорчигч нь аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа /хх.1.230-231/,
Амь хохирогч М.Алтанхуягийн ажил байдлын тодорхойлолт /хх.1.40/,
Амь хохирогч М.Алтанхуягийн 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх.1.41/,
Жолоочийн согтуурсан эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.1.17-19/,
Шүүгдэгч Ж.Сгийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.247-249, 2.1-8,28-29/,
Хохирлын болон хохирол нөхөн төлсөн баримтууд /хх.2.63-77, шинээр гаргасан 3 хуудас/зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ж.С нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Петровис” Шатахуун түгээх станцын баруун хойд замд “Жи Эс Би Капитал Банк бус санхүүгийн байгууллага” ХХК-й эзэмшлийн “Toyota” маркийн “Sai” загварын 31- 40 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалтад “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалтад “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт); тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн ,овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 31 настай, эрэгтэй М.Алтанхуягийг мөргөн амь насыг нь хохироож, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хяналтын камерын бичлэг, СD бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.1.24/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.5-6/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.7-10/,
2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.11-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэнгийн өгсөн: “... Би энэ ослыг осол болсноос хойш 4 өдрийн дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт талийгаач дүүгийн ангийн захирагч хурандаа Лодойдамба гэдэг хүнээс утсаар сонсож мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.1.34-35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Оюунболорын өгсөн: “... Өглөө 05 цагийн үед намайг унтаж байхад С над руу залгаад “би Амгаланд хүн мөргөчихлөө би ээжтэй Баянзүрхийн цагдаа руу явж байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.142/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхтуяагийн өгсөн: “... Ж.С ... “би сая Амгалангийн зам дээр наашаа гэр лүүгээ харьж явахдаа хүн мөргөчих шиг боллоо” гэж хэлэнгүүт нь “тэгээд мөргүүлсэн хүн нь яасан бэ” гэж асуутал манай охин “мэдэхгүй байна, би айсандаа яваад нэг мэдсэн чинь гэрийнхээ гадаа ирчихсэн байсан” гэж хэлэхээр нь би орноосоо босоод хувцсаа өмсөөд охиноосоо “машин чинь хаана байна” гэж асуутал манай охин “машин гадаа хашаанд байгаа” гэхээр нь, би гараад машинаа хартал манай урд машины урд салхины шил юм мөргөсөн бололтой зүүн тал нь хагараад цуурчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.139-140/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ууганбаярын өгсөн: “... замын дунд хэсэгт нэг хүн зам дээр хэвтэж байгаа харагдахаар нь замын баруун гар тал руу машинаа шахаж зогсоон машинаасаа буугаад тэр зам дээр хэвтэж байгаа хүн дээр очоод тонгойгоод хартал 30-40 орчим насны эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх.1.144-145/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Амарсайханы өгсөн: “... Петровис ШТС-ын хойд замд зам дээр нэг хүн хэвтэж байсан... тэр хүн дээр очтол хойноосоо урагшаа харсан байдалтай замын голд хэвтэж байсан. Тухайн үед амьсгалж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.152/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1279 дугаартай: “...Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. ...Талийгаач нь 2020.06.12-ны өдрийн 13.00 минутын цогцсын гадна үзлэгээр нас бараад 1-2 цаг болсон байна. Талийгаач нь нь ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлсэн тул цусанд спиртийн зүйл тодорхойлох шаардлагагүй.” гэх нэмэлт дүгнэлт /хх.1.157-164/,
Авто Тээврийн Үндэсний Төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 57046 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.1.219-227/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Ч.Одсүрэнгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх.1.230-231/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Ж.Сг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ж.Сгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэнгийн баримтаар нэхэмжилсэн талийгаачийн оршуулгын зардал 12.486.794 төгрөг, талийгаачийн зээлийн үлдэгдэл төлбөр 7.646.371 төгрөг, нийт 20.133.165 төгрөгийг шүүгдэгч Ж.С нөхөн төлжээ.
Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.Сгаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ж.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Сгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох зарим албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдэв.
Ж.Сд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Сд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн ялтанд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Ж.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди нэг ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн 1127816 дугаартай үнэмлэхийг шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Бүртгэл хяналтын төвд хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овгийн Жын Сг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.Сд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтууд, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар, Ж.Сд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, ялтанд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Ж.Сд тус тус сануулсугай.
6. Ж.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 20.133.165 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн 1127816 дугаартай үнэмлэхийг Ж.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлсүгэй.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.Сгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР