Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 1824

 

 

 

 

 

 

2020         10          20                                       2020/ШЦТ/1824

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Өсвөр насны шүүгдэгч Д.Х, түүний хууль ёсны төлөөлөгч М.Энхжаргал,

Шүүгдэгч Ю.Ч,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Атарболд /ҮД:0226/  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Хийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ю.Чийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 02591 2303 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 79 дүгээр дунд сургуулийн 12г ангийн сурагч, ам бүл 7, эх, эгч, 3 ах, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 16 дугаар гудамжны 464 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт Дын Х /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2002 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, 79 дүгээр дунд сургуулийн 12в ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 63 дугаар гудамжны 942Б тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Юийн Ч /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Өсвөр насны шүүгдэгч Д.Х нь 2020 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Акума төвийн арын зам дээр иргэн Г.Угтахбаярт хөлөөрөө бие рүү өшиглөж хүч хэрэглэн түүний эзэмшлийн Хуавэй Ү7 загварын гар утсыг дээрэмдэж 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ю.Ч нь Д.Хийн 2020 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Акума төвийн арын зам дээр иргэн Г.Угтахбаяраас дээрэмдэж авсан Хуавэй Ү7 загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Д.Хэс шилжүүлэн авч улмаар иргэн Н.Мягмаржавт худалдан борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Хийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Чийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Угтахбаярын өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 28-ны орой 00 цагийн үед би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Акума төвийн баруун талын зам дээр охин дүү Ариунзаяатай хэрэлдээд би дүүгээ нүүр лүү нь алгадаад “явъя” гэсэн чинь “явахгүй” гэж уйлаад байсан. Тэгтэл цаанаас нэг улаан гэрэл ойлгогчтой ажлын хувцастай 35-45 орчим настай хүн хүрч ирээд намайг “чи яахаараа эмэгтэй хүн зоддог юм” гэж хэлээд намайг цээж рүү өшиглөөд авсан. Тэгээд би газар уначхаад босож ирээд тэр залууг “чи зүгээр яв, би дүүтэйгээ юм ярьж байсан” гэсэн чинь тэр залуу “чи муу эмэгтэй хүн зоддог овоо новш вэ” гээд намайг зодсон, би тэр залууд зодуулчхаад зодуулсан газраасаа Акума төвийн хойшоо утсаараа цагдаа дуудах гээд яриад явж байтал 2 хүн гүйж ирээд нэг нь миний нүүр лүү цохиод би газар унасан. Тэгтэл нэг нь миний нүд рүү өшиглөөд гараас утсыг маань аваад зугтаасан... тухайн үед би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Одоогоор миний эрүүл мэндэд учирсан хохирол байхгүй байна. Миний гар утас Хуавэй Ү7 загварын гар утас байсан... сүүлд гар утас авч зугтаадаг нь жоохон хүүхэд байсан... би тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан утсаар яриад явж байтал гэнэт нүүр лүү хүн цохиод би унасан, тэгтэл дахин миний нүүр лүү өшиглөөд гараас утсыг маань аваад зугтаасан. Тэр хоёр залуу намайг нийлж зодсон эсхүл нэг нь намайг цохиж унагаад дахин намайг өшиглөөд утсыг маань авсан эсэх талаар ёстой мэдэхгүй байна... би тэр үед намайг цохисон хүнийг харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх.14, 16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Н.Мягмаржавын өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед Чагнаа гэсэн фейсбүүк хаягтай хүн бүтэн хаягийг нь сайн санахгүй байна. Уг хаягтай хүн гар утасны хар зах гэсэн групп дээр Хуавэй Ү7 загварын гар утас зарна гэсэн зар тавьсан байсан. Тэгээд тэр хүний утасны дугаарыг нь аваад утсаар холбогдож байгаад орой 22 цагийн үед утас зарна гэсэн хүнтэй Андуудын урд талын саадад уулзаад утсыг нь 250.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ю.Чийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх.25-26/,

Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх.27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Батсүхийн өгсөн: “... бид гурав хажуугаар нь зөрөөд явж байтал Хосоо араас тэр ахын хүзүү хэсэг рүү хөлөөрөө жийж байх шиг болоод гүйгээд ирэхээр нь Чагнаа бид хоёр Хосоогийн араас нь гүйсэн. Тэгээд бид гурав байрны голоор ороод алхаж байсан чинь Хосоо халааснаасаа цэнхэр өнгөтэй Хуавэй Ү7 загварын гар утас гаргаж ирсэн. Тэгээд Хосоогоос “юун утас вэ” гэсэн чинь “саяны ахаас авчихсан юм” гэж хэлэхээр нь Чагнаа бид хоёр “за за” гээд бид гурав манай байр луу явсан. Хосоо тэндээсээ гэр лүүгээ явсан ба явахдаа Чагнаад нөгөө утсаа зарчхаарай гэсэн утгатай юм яриад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

“Дамно” ХХК-й 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №Б31-20-1062 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ю.Чийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.42-49/,

Нас тоолсон тэмдэглэлүүд /хх.53,60/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудсууд /хх.54,61/,

Сургуулийн болон зан байдлын тодорхойлолтууд /хх.55,57-58,62,63/,

Хохирогч Г.Угтахбаярын мөрдөн байцаалтад гаргасан хүсэлт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Д.Х нь 2020 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Акума төвийн арын зам дээр иргэн Г.Угтахбаярт хөлөөрөө бие рүү өшиглөж хүч хэрэглэн түүний эзэмшлийн Хуавэй Ү7 загварын гар утсыг дээрэмдэж 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ю.Ч нь Д.Хийн 2020 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Акума төвийн арын зам дээр иргэн Г.Угтахбаяраас дээрэмдэж авсан Хуавэй Ү7 загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Д.Хэс шилжүүлэн авч улмаар иргэн Н.Мягмаржавт худалдан борлуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Угтахбаярын өгсөн: “... нэг улаан гэрэл ойлгогчтой ажлын хувцастай 35-45 орчим настай хүн хүрч ирээд намайг “чи яахаараа эмэгтэй хүн зоддог юм” гэж хэлээд намайг цээж рүү өшиглөөд авсан... Миний гар утас Хуавэй Ү7 загварын гар утас байсан... сүүлд гар утас авч зугтаадаг нь жоохон хүүхэд байсан... Ямар ч байсан утсаар яриад явж байтал гэнэт нүүр лүү хүн цохиод би унасан, тэгтэл дахин миний нүүр лүү өшиглөөд гараас утсыг маань авч зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.14, 16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Н.Мягмаржавын өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед Чагнаа гэсэн фейсбүүк хаягтай хүн бүтэн хаягийг нь сайн санахгүй байна. Уг хаягтай хүн гар утасны хар зах гэсэн групп дээр Хуавэй Ү7 загварын гар утас зарна гэсэн зар тавьсан байсан. Тэгээд тэр хүний утасны дугаарыг нь аваад утсаар холбогдож байгаад орой 22 цагийн үед утас зарна гэсэн хүнтэй Андуудын урд талын саадад уулзаад утсыг нь 250.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Батсүхийн өгсөн: “... бид гурав хажуугаар нь зөрөөд явж байтал Хосоо араас тэр ахын хүзүү хэсэг рүү хөлөөрөө жийж байх шиг болоод гүйгээд ирэхээр нь Чагнаа бид хоёр Хосоогийн араас нь гүйсэн. Тэгээд бид гурав байрны голоор ороод алхаж байсан чинь Хосоо халааснаасаа цэнхэр өнгөтэй Хуавэй Ү7 загварын гар утас гаргаж ирсэн. Тэгээд Хосоогоос “юун утас вэ” гэсэн чинь “саяны ахаас авчихсан юм” гэж хэлэхээр нь Чагнаа бид хоёр “за за” гээд бид гурав манай байр луу явсан. Хосоо тэндээсээ гэр лүүгээ явсан ба явахдаа Чагнаад нөгөө утсаа зарчхаарай гэсэн утгатай юм яриад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

“Дамно” ХХК-й 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №Б31-20-1062 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.34-35/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Хийг, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ю.Чийг тус тус  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул өсвөр насны шүүгдэгч Д.Хийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ю.Чийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч  ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Д.Х, Ю.Ч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Өсвөр насны шүүгдэгч Д.Х, шүүгдэгч Ю.Ч нар нь хохирогч Г.Угтахбаярт гар утсыг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Н.Мягмаржавт 250.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Өсвөр насны шүүгдэгч Д.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч Ю.Чид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Х, Ю.Ч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Хд 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж, уг ялыг 2 дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж,

Ю.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан, шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван найман насанд хүрсэн боловч тэрээр хорин нэгэн насанд хүрээгүй, ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч учир түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нарт үүрэг хүлээлгэх болон хязгаарлалт тогтоох албадлагын зарим арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Д.Х, Ю.Ч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг улмаас учруулсан бодит хохирлоо төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өсвөр насны шүүгдэгч Д.Х, шүүгдэгч Ю.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. С овогт Дын Хийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, Б овогт Юийн Чийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч  ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Хд 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Чид ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан, өсвөр насны шүүгдэгч Д.Хд оногдуулсан 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх хорих ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, өсвөр насны шүүгдэгч Д.Хд 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтууд, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг тус тус баримтлан, өсвөр насны шүүгдэгч Д.Хд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 жилийн хугацаанд, шүүгдэгч Ю.Чид ял оногдуулахыг тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар, өсвөр насны шүүгдэгч Д.Хд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд, Ю.Чид ял оногдуулахыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон ял оногдуулахыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч нарт тус тус сануулсугай.

          7. Д.Х, Ю.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Угтахбаярт гар утсыг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Н.Мягмаржавт 250.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Д.Х, шүүгдэгч Ю.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР