Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2017/00551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч  Ц.Б- -ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч “Б яам”-нд холбогдох

           

            Цалин 37,432,007 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-, хариуцагчийн төлөөлөгч М.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болоод шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 12 дугаар хавсралтад заасны дагуу Байгаль орчин,ногоон хөгжил.аялал жуулчлалын Сайдын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/424 дугаар тушаалаар Усны Үндэсний Хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/424, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/152 тоот тушаалуудаар Усны Үндэсний Хорооны 2015, 2016 оны үйл ажиллагааны зардлыг /уг зардал дотор миний цалин орсон/ тогтоож, Байгаль хамгаалах сангаас олгохоор шийдвэрлэсэн боловч 2015 оны 02 сараас одоог хүртэл үндсэн ажпаа эрхэлж, ажил үүргээ гүйцэтгэж байгаа хэрнээ цалин хөлсөө авч чадахгүй байна. Энэ хугацаанд Сайд Д.Оюунхорол, Н.Батцэрэг, Байгаль хамгаалах сангийн захирал Х.Батжаргал, холбогдох бусад албан тушаалтнуудтай удаа дараа уулзан асуудлыг танилцуулж, шийдвэрлэнэ гэсний дагуу хүлээж, улмаар цалин хөлс олгогдохгүй сунжирсан тул Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргаж, хариуг авч, дахин тус зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхийг танилцуулж, уулзаж байсан. 2015 оны 2 сараас өнөөг хүртэлх цалин хөлсөө авч чадахгүй төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хохирол үзэж байгаа тул 2015 оны 2 сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалин 37,432,007 төгрөгийг Б яамнаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б яам шүүхэд болон төлөөлөгч

 

М.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 12 дугаар хавсралтаар Усны үндэсний хороог байгуулж, нарийн бичгийн даргыг орон тооны байхаар заасан ба Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Ц.Б-ыг Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргаар томилсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 сарын 11-ний өдрийн 323 дугаар “Зарим чиг үүргийг шилжүүлэх тухай” тогтоолоор Усны үндэсний хороог татан буулгаж, чиг үүргийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд шилжүүлж, холбогдох зардлыг тус яамны 2015 оны төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгасан. Мөн Засгийн газрын 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 55 дугаар төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” тогтоолын 6 дах хэсэгт Усны үндэсний хорооны ажлын алба татан буулгасантай холбогдуулан чиг үүргийг нь эрхлэх асуудлын хүрээний дагуу холбогдох байгууллагад хариуцуулж, орон тооны нэг ажилтныг батлагдсан төсөвтөө багтаан ажиллуулах зохицуулалт хийхийг сайдад үүрэг болгосон байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 сарын 17-ны өдрийн 80 дугаар “Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” тушаалаар Ц.Б-ад нэг сарын тэтгэмж олгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны мэдэлд шилжүүлсэн. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 сарын 04-ний өдрийн А/416 дугаар тушаалаар Ус үндэсний хорооны дүрмийг баталж, 2015 оны 12 сарын 17-ны өдрийн А/424 дүгээр “Ц.Б-ыг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, цалин тогтоох тухай” тушаалын 2 дахь заалтад 2015 оны 02 сарын 17-ны өдрөөс эхлэн цалин нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн байна. Ц.Б-ад 2015 оны 02 сарын 17-наас эхлэн чөлөөлөн шилжүүлж, нэг  сарын тэтгэмж олгосон байх тул 2015 оны 02 сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалингаас нэг сарын цалинг тэтгэмж авсан тул хасч үлдэх 36,589,438 төгрөгийн цалин олгохыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

           Нэхэмжлэгч Ц.Б- хариуцагч “Б яам”-нд холбогдох ажилласан хугацааны цалин 37,432,007 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б яам Ц.Б-ын ажилласан хугацааны цалин 36,589,438 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2015 оны 02 сарын 17-ны өдөр нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон тул хасч тооцно гэж маргажээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд “төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Ц.Б-ыг Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргаар томилж, Засгийн  газрын  2015  оны  02 сарын  09-ний  өдрийн  55  дугаар  Төсвийн

 

байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” тогтоолын 6 дах хэсэгт зааснаар Усны үндэсний хорооны ажлын алба татан буулгасантай холбогдуулан чиг үүргийг нь эрхлэх асуудлын хүрээнд холбогдох байгууллагад хариуцуулж, орон тооны нэг ажилтныг батлагдсан төсөвтөө багтаан ажиллуулах зохицуулалт хийхийг Сайдад үүрэг болгож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 сарын 17-ны өдрийн 80 дугаар “Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” тушаалаар Ц.Б-ад нэг сарын тэтгэмж олгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны мэдэлд шилжүүлсэн /хх-ийн 71 талд/ байна.

 

            Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 сарын 04-ний өдрийн А/416 дугаар тушаалаар Ус үндэсний хорооны дүрмийг баталж, 2015 оны 12 сарын 17-ны өдрийн А/424 дүгээр тушаалаар “Ц.Б-ыг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, цалин тогтоох тухай тушаалын 2 дахь заалтад 2015 оны 02  сарын 17-ны өдрөөс эхлэн цалин 961,461 төгрөг, нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн /хх-ийн 7 талд/ байна. 

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 04 сарын 13-ны өдрийн А/112, 05 сарын 03-ны өдрийн А/152-Б тушаалаар тус Байгаль хамгаалах сангийн 2016 оны санхүүжилтийн хуваарийг баталж, Усны үндэсний хорооны үйл ажиллагааг санхүүжүүлэх талаар тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл яам 2015, 2016 оны төсөв болон Байгаль хамгаалах сангийн төсөвт үндэсний хорооны үйл ажиллагаа болон Ц.Б-ын цалинг суулгаж өгөөгүй байгаа 2015 оны А/424, А/152 Б дугаартай тушаал гаргасан нь илт хууль бус захиргааны акт болсон тул хүчингүй болгохыг даалгах шийдвэр гаргуулахаар мэтгэлцэж байгаа боловч энэ шаардлагатай холбогдуулан шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б- 2015 оны 02 сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацааны цалин 37,432,007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд давж заалдах эрхтэй байсан ба энэ эрхээ хэрэгжүүлээгүй боловч хариуцагч Б яам Ц.Б-ын ажилласан хугацааны цалин 36,589,438 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2015 оны 02 сарын 17-ны өдөр нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон тул хасч тооцно гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргаж мэтгэлцэж байна.

 

Талууд ажилтан 2015 оны 02 сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл  ажилласан хугацааны болон цалин олгох талаар маргаагүй байна.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 сарын 17-ны өдрийн 80 дугаар “Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” тушаалаар Ц.Б-ад нэг сарын тэтгэмж олгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны мэдэлд шилжүүлсэн тул тэтгэмжийг хасч  тооцно гэж хариуцагч тайлбар гаргаж байгаа боловч дээрх тушаалын агуулагаас харахад ажилласан хугацааны цалингаас хасах үндэслэлгүй бөнөөд нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 2 сарын 17-ны өдрөөс 2015 оны 2 сарын 28-ны өдөр хүртэлх 9 хоногийн цалин 402,472 төгрөгийг, 2015 оны 3 сарын 01-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалин нийт 36,236,985 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1,195,022 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1, 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

тогтоох нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1., 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б яам”-аас 36,236,985 /гучин зургаан сая хоёр зуун гучин зургаан мянга есөн зуун наян тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,195,022 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “Б яам”-нд даалгасугай

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улмын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б яам”-аас 339,135 төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ