Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 00322

 

   2020          10            14                                            2020/ШЦТ/322

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Берикбол,

Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-т холбогдох эрүүгийн 2038000000373 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Л.Б.

Шүүгдэгч Л.Б- нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр Б.С-ийг мотоциклийн түлхүүрийг нуусан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. / Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Б- нь согтуурууулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр Б.С-ийг мотоциклийн түлхүүр нуусан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “хэвлий, бэлгийн их урууланд цус хуралт, умдагны зөөлөн эдэд цусан бүлэн” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
  • Хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхөр Л.Б- нь манай төрсөн ах Хуяг ахын машинд түлш хийж өгнө гэж хамтдаа сумын төв яваад буцаж гэртээ ирэхдээ манай нөхөр нилээн согтуу ирсэн. Хуяг ах манай нөхрийг гэрт нь буулгаж өгөөд Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу өвс ачих гээд явсан. Тэгээд манай нөхөр гэртээ унтаж байгаад орой 17 цагийн үед сэргэж босч ирээд хониндоо явах гээд надаас мотоциклийн түлхүүрийг нэхээд чи нуусан байна гэхэд нь би аваагүй ш дээ гэж хэлсэн чинь гараараа миний толгойн тус газар 2 удаа цохихоор нь би нөхрийгөө яаж байгаа юм чи гээд 2 гараараа хааж байсан чинь шууд хөлөөрөө миний давсаг болон цавь хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би гэрээсээ гарч зугтаагаад сумын төв рүү хүн эмнэлэгт үзүүлэх гээд явган явсан. Гэрээсээ гараад сумын төв рүү явж байхад миний бэлэг эрхтэнээс доошоо шавхрага гарч байсан мөн эмзэглэж өвдөөд байсан. Эмчид үзүүлэхэд савны ам нээгдэхгүй мөн цус хурсан гэж хэлсэн. Тэгээд аймаг руу явж үзүүлэх шаардлагатай гээд сумын хүн эмнэлгийн машинаар шөнийн 01 цагт Мөрөн сумын нэгдсэн эмнэлэгт ирсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 6-10 дугаар хуудас/,
  • Гэрч Л.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 07-ны орой сумын хүн эмнэлгээс над руу утасдаад “танай бэр Б.С- нь нөхөртэй зодуулсан байна. Та хүрээд ирээч” гэхээр нь би эмнэлэгт очиход Батцэцэг эмч ярихдаа Б.С-ийг аймаг руу авч явах шаардлагатай байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
  • Гэрч П.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 07-ны орой 20 цаг өнгөрч байхад эмнэлгээс над руу утсаар яриад нөхөртөө зодуулсан хүн ирлээ гэсэн дуудлага ирсэн. Тэгээд намайг очиход өвчтөн сууж чадахгүй эмнэлгийн үзлэгийн ор түшиж зогсож байсан. Царай нь цонхигор шаналангуй байсан. Юм асуухад нөхөр нь 17 цагийн үед гэртээ согтуу ирээд агсам тавиад байхаар нь гэртээ байсан 2 настай хүүхдээ аваад зугтах гэсэн чинь миний нүүр лүү цохиод байхаар нь гараараа хааж байсан чинь миний салтаа орчим хөлөөрөө өшиглөсөн тухайн үедээ өвдөлт өгөхгүй халуу дүүгээд байсан. Тэгээд гэрээсээ гараад явсаар байгаад эмнэлэгт ирсэн гэж ярьсан. ...Хэвлийн доод хэсгээр тэмтэрэхэд эмзэглэл ихтэй, хэсэг газрын үзлэгээр бэлгийн гадна уруул бүхэлдээ хавдаж гемотом үүсэн умдаг руу түрсэн байдалтай дархад эмзэглэл маш их доошоо ялимгүй цус гарсан. Дотуур үзлэгээр хярзангийн урагдалгүй 2 хөлийн бүдүүн гуяны ар хэсэгт шалбарч хавдсан эмзэглэлтэй байсан. Анхан шатны эмчилгээ хийгдээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү яаралтайгаар хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 470 дугаартай: “1. Б.С-ийн  биед хэвлий, бэлгийн их урууланд цус хуралт ,умдагны зөөлөн эдэд цусан бүлэн бүхий  гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.  3.Б.С-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.  Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,
  • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ын 32-34 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Л.Б-ын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Л.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч нь тухайн үед

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Л.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Л.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Л.Б-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.С- мөрдөн шалгах ажиллагааны үед: “...Би гомдолгүй байна. Надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14/-ийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Л.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Л.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд

хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч Л.Б-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. . Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ