Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2017/01010/и |
Дугаар | 001/ХТ2018/01498 |
Огноо | 2018-10-26 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2018/01498
Б.Мийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00546 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1133 дугаар магадлалтай,
Б.Мийн нэхэмжлэлтэй
Ч.Б, Л.Д, А.Н, П.А, А.Онарт холбогдох
Гэм хорын хохиролд 14 098 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Мийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 02 цагт манай хөрш айлын модны цех нь шатаж манайх руу гал дамжин гэр орныг минь шатаасан. Бид 1 дүгээр сарын 8-ны өдөр н.Бадамханд өмгөөлөгчийн хамт А.ОЛ.Д 2-той зөвшилцөж 8-9 хоногийн дотор байшинд нь засвар хийгээд гэрт чинь оруулъя гэсэн боловч хариу өгөлгүй сар гаран болсон учир шүүхэд хандсан. Бид орон гэргүй 14 сар болж байхад хэрэг шийдэгдээгүй байр түрээслэн амьдарч байна. Гал үүдний амбаараас эхэлсэн. Гал гараад 5 минут өнгөрсөн байхад бидэнд галын талаар хэн ч мэдэгдээгүй. Шөнийн 02 цагт үүдний амбаарт юм дуугараад байхаар нь гарч харахад гал гарч байсан. Бид 3 хүүхдээ гаргасан, хаалгаар гал дамжин гэрийн доторх эд зүйлсийг шатаасан. Галын шалтгаан хажуу айлаас гарсан гэдэг нь нэгэнт тогтоогдчихсон. Цагдаагийн байгууллага эд хөрөнгөө үнэлүүл гэсний дагуу бид Итгэлт эстэйментХХК-иар үнэлгээ хийлгэсэн боловч хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүй учир Баянмодот ХХК-иар үнэлүүлэхэд 11 958 600 төгрөг гарсан. Үүнийг хариуцагч нараас нэхэмжилж байгаад сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа 1 700 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Одоо гал гарсан байшингийн өмчлөгч нь Л.Д, гэм хор учруулсан этгээд Ч.Б, тэр цехэд хийсэн бүтээгдэхүүнийг А.Н борлуулдаг тул хариуцагч нараас 14 607 680 төгрөг гаргуулахаар шаардсан. А.Нд холбогдох шаардлагаас татгалзая, Л.Д, Ч.Б нараас нэхэмжилнэ. Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүнд Баянмодот ХХК-ийн үнэлгээний дагуу 11 958 600, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл гэр түрээсэлсэн 9 сарын төлбөрт 450 000 төгрөг, Баянмодот ХХК-ийн үнэлгээний хөлс 250 000 төгрөг, нийт 14 098 600 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Л.Д, Ч.Б, А.Н нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө манай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Алтайн 28-7-н тоотод орших хашаа байшинд гал гарч манай 32 м.кв бүхий байшин, тоног төхөөрөмж галд автан бид маш их хэмжээний хохирол учирсан. Бид дээрх гал хаанаас, ямар шалтгаанааргарсныг одоог хүртэл мэдэхгүй. Тухайн өдөр гал хойноосоо эхэлж гарсан байдаг, салхи баруунаас зүүн чиглэж байсан, хариуцагч Ч.Б нь гал гарсан гэх байшингаас оройн 24 цагийн үед гарч явахад ямар нэг гал гарах шинж тэмдэг байгаагүй, бүх зүйл хэвийн байсан. Гэтэл гэнэт л шөнийн 1 цаг 30 минутын орчим манай хажуу айл буюу нэхэмжлэгч нарын байшингийн талаас манай байшин дээвэр хэсгээсээ шатаж эхэлсэн юм. Бид эхэн үед манай байшингаас эхлээд гал гарсан учир гал манайхаас гарсанд бид буруутай мэт ойлгон, нэхэмжлэгч нараас уучлалт гуйж, амбаарыг чинь янзалж өгнө гэж байсан боловч бодит байдалд гал бидний буруутай үйл ажиллагааны улмаас гарсан гэдэг нь тогтоогддоггүй. Бид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн эд хөрөнгөнд учирсан хохирлын үнэлгээ болон галын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Д шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож гаргасан тайлбартаа: 2017 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө манай хашаанд 9х10 хэмжээтэй нөхөр зээ хүү бидний амьдардаг, 6х6 хэмжээтэй Ч.Батулга эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байшин байсан. Гал гарах үед би унтаж байсан. Нөхөр маань бие засах гэж гараад ажлын амбаар араасаа шатаж байна гэсээр орж ирсэн. Манай нөхөр байшингийнхаа урьд байсан машинаа гаргасан. Тэр хугацаанд Ч.Б эднийхийг мөн дуудаад гарч ирэхгүй байсан. Манай ажлын амбаар тэр чигтээ шатсан. Энэ амбаар нь 90 хувийн гүйцэтгэлтэй өмчлөлийн орон сууц, энэ байшинд амьдарч байсан н.А.Огэдэг хүү маань эхнэр авч хадмындаа амьдрах болсоор би ажлын багаж хэрэгслээ байршуулан ажилладаг. Манай хүргэн зургийн жааз хийдэг. Манай нөхөр ойр зуурын зүйлс хийж Нарантуул зах дээр тавьж борлуулдаг. Амбаар доторх зарим эд зүйлс шатсан. Гал гарах үед хаалгаа онгойлгосноос болоод ламперан тааз нь хэсэг хэсэг хэмжээний газар хайлж урсаад хөшиг болон хана тааз зэрэгтээ нөлөөлсөн зүйл байгаа. Нэхэмжлэгч тал зарим зүйлсээ хэтэрхий өндөр үнэлсэн. Тэр үед Б.М нь дүүтэйгээ, ээжтэйгээ ирээд бид нарыг чирч зодож алгадсан. Тухайн үед би уур бухимдлаасаа болж ингэж байна гэж бодоод өнгөрөөсөн. Түүний дараа н.Бадамханд гэх өмгөөлөгчийг дагуулан ирсэн. Бид нар өвлийн хүйтэн байсан тул байшинг чинь хүүхдүүдтэйгээ нийлээд янзлаад гэр оронд нь оруулаад өгье гэж хэлж байсан. Би өөрөө их хэмжээний хохирол амссан учир энэ хэргийг хариуцмааргүй байна. Хамгийн сүүлд гал түлсэн хүн нь Ч.Б. Галын дүгнэлт маш тодорхой гарсан. 3 үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн. Итгэлт эстэймэнт ХХК 12 907 680 төгрөг, Хөрөнгийн үнэлгээний төв 9 251 000 төгрөг, Баянмодот ХХК нь 11 951 600 төгрөгөөр тус тус үнэлсэн. Эдгээрээс жишээ дурдахад Итгэлт эстэймент ХХК нь 11 метр модон хашааг 105 000 төгрөгөөр үнэлсэн бол Хөрөнгийн үнэлгээний төв 4 метр хашаа гээд үнэ тавиагүй, Баянмодод 2мм-ийн банзан 4 метрийн урттай 3 куб метр 54 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байсан. Буйдангийн үнэлгээ гэхэд Итгэлт эстимэйт ХХК нь 15 000 000 төгрөгөөр үнэлж, эдэлгээний үнэд 300 000 төгрөг хасаад 12 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ мэтээр зөрүүтэй үнэлгээ гаргасан. Гутлууд гэхэд л хүн хэрэглэх гутал огт байхгүй байхад өндрөөр үнэлсэн учир би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид манай байшинд гал гарсан гэдэгт маргахгүй. Харин галаас үүдэн иргэн Б.Мийн байшингийн амбаар болон доторх эд зүйл шатсан байгаа дээр маргаж байна. Цагдаагийн байгууллагын алдаа нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлдээ галд шатсан болон үлдсэн зүйлсийг тодорхой тусгах ёстой байсан. Гэтэл тэдгээрийг огт дурдаагүй бөгөөд нөгөө талыг нь танайхаас гал гарсан байна гээд нөгөө талыг нь танайх эд хөрөнгөө үнэлүүл гэж хэлдэг. Тэгэхээр нэхэмжлэгч тал өөрийн санаанд таарсан бүхий л зүйлийг үнэлүүлсэн. Галын байцаагч нар галын акт тогтоохдоо галд шатсан болон үлдсэн зүйлсийг тус тусад нь гаргадаг байтал тэгж гараагүй. Тухайн үед хариуцагч нар галын акттай холбоотой гомдол саналаа гаргаагүй учраас өнөөдөр яах аргагүй нотлогдчихоод яваад байна. Анхны үнэлгээний дүнд эхлээд нэхэмжлэгч, дараагийн дүгнэлтэд хариуцагч тал гомдол гаргасан. Дахиад 2 дүгнэлтийг хүлээн зөвшөөрөлгүй хариуцагч тал дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтүүдээс харахад эд зүйлсийн үнэлгээ бодит байдалд нийцээгүй. Гэр хөлсөлсөн асуудал дээр яг мөнгө авалцаж өгөлцсөн баримт байхгүй. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсгийг хариуцагч нар хүлээн зөвшөөрдөг бөгөөд үнэлгээтэй холбоотой асуудал маргаантай байгаа учраас хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй. Бид байшинд шаардлагатай засварын ажлыг хариуцаж болно. Гэм хорыг өмчлөгч Л.Д гал гаргасан гэх Ч.Б хариуцах ёстой юм уу гэдэг тал дээр бас л эргэлзээтэй байна. Хэдийгээр өмчлөгч нь Л.Д байх боловч гэм хор учруулсан этгээд Ч.Б гэдэг нь харагддаг гэжээ.
Хариуцагч А.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Би гэртээ 2 хүүхдээ хардаг. Би гал гарах үед гэртээ байсан бөгөөд ажлын амбаарт огт ороогүй. Би Л.Дтай хамт нэг хашаанд нөхөр Ч.Б болон 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай байшин руу гал ороогүй ажлын амбаар шатсан. Тус ажлын байрны хөрөө рамыг хааяа л хэрэглэж байсан. Нөхөр маань ч бас хааяа л юм хийдэг. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт манай эхнэрийг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна. Тухайн ажлын байранд хамгийн сүүлд гал түлээд гарсан хүн би юм. Би тэр өдөр нь ажиллаагүй, орой 21 цагийн үед гал түлээд шөнийн 12 цаг хүртэл ажил хийж байгаад буусан. Шөнө 02 цаг болж байхад гал гарсан. Намайг гарах үед гал буучихсан байсан гал гарахаар байгаагүй. Амбаар дотор байсан запас дугуй болон амартизатор шатсан гэж нэхэмжлэгч мэдүүлдэг боловч тэнд тэдгээр зүйлс байсан ул мөр байдаггүй. Бусад тайлбар нь Л.Дгийнхтай ижилхэн. Би нэхэмжлэлийн үнийн дүнгээс амбаар болон байшингийн дотор засал хийхийг хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээний дүн дээр санал нийлэхгүй байна. Жишээ нь 11 метр 5 м-ийн банзан хашаа гэж бичсэн байна гэтэл 8 м-ийг манай ажлын байр халхалдаг энэ мэтчлэн худал зүйлс байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00546 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М П.А, А.О, А.Н нарт холбогдох шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний Хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1дэх хэсэгт зааснаар 11 958 600 төгрөгийг хариуцагч Л.Дгаас гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгож, нэхэмжлэлээр шаардсан дүнгээс үлдэх 2 140 000 төгрөг гаргуулах болон хариуцагч Ч.Бд холбогдох шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Дгаас 200 000 төгрөг гаргуулж, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263 623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Дгаас 206 287.6 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1133 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00546 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Мээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 110 төгрөг, хариуцагч Л.Дгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 287 төгрөгийг тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.М хяналтын гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсэг, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие Ч.Б, Л.Д, А.Н нарт холбогдуулан анх шүүхэд “Итгэлт Эстимэйт” ХХК-ний гаргасан үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 12 467 680 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гаргасан зардал 200 000 төгрөг, мөн гэр хөлслөхөд төлсөн 240 000 төгрөг нийт 12 907 680 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж хохирлыг “Баян модот ХХК-д төлсөн үнэлгээний төлбөр 250 000 төгрөг, гэр түрээсэлсэн 9 сарын төлбөрт 450 000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг нийт 1 700 000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 14 607 680 төгрөг шаардсан билээ. Харин хохирлын үнэлгээг хамгийн сүүлд “Баян модот” ХХК нь 11.958.630 төгрөгөөр тогтоосон нь анх нэхэмжлэл гаргахдаа үндэслэл болгож байсан “Итгэл Эстимэйт" ХХК-ний үнэлгээ болох 12 467 680 төгрөгнөөс 509 050 төгрөгөөр бага байсан тул “Баян модот" ХХК-ний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч дээрх 14 607 680 төгрөгний шаардлагаа үнэлгээний зөрүү болох 509 050 төгрөгөөр багасган нийт 14 098 630 төгрөгийг шаардсан билээ. Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн хохирол болох “Баян модот” ХХК-ний гаргасан үнэлгээ болох 11 958 630 төгрөгний хэмжээгээр төлбөрийг гаргуулж бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба уг шийдвэрт зохигчид гомдол гаргасан юм. Хариуцагч тал хохирлыг төлөхгүй гэж бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргасан бол миний хувьд гэр хөлсөлж амьдарч буй 690 000 төгрөгөө нэмж гаргуулахаар гомдол гаргасан билээ. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч бүрэлдэхүүнтэй шинжээчээр “Баянмодот” ХХК-г томилсон нь зөв боловч шинжээч С.Цэвээнроломд эрх үүрэг тайлбарласан атлаа шинжээч Р.Байгалмаа, Ч.Чинбат нарт тайлбарлаагүй байна” гэсэн дүгнэлт хийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг эс зөвшөөрч байна. Миний өмгөөлөгчөөс “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь галд шатсан байшин, амбаар, эд хогшил тавилгын зах зээлийн нийт үнэ цэнийг 9 251 000 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч дахин дүгнэлт гаргуулахаар шүүхэд хандсан ба уг хүсэлтийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/Ш32017/16795 тоот захирамжаар дахин дүгнэлт гаргуулахаар “Баянмодот” ХХК-г томилсон нь хуульд нийцэж байгаа юм. Өмгөөлөгчийн хүсэлт болон шүүхээс гарсан захирамжаас харвал дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж түүний дагуу дахин дүгнэлт гаргуулах тухай захирамж байхаас биш бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах тухай хүсэлт болон захирамж биш байна. Шүүгч дахин шинжээч томилох тухай захирамждаа шинжээч нарт гээгүй харин шинжээчид эрх үүрэг тайлбарлаж холбогдох баримт дээр гарын үсэг зуруулахыг даалгасан байгаа нь дүгнэлтийг шинжээч дангаараа гаргах агуулгатай байхад давж заалдах шатны шүүх “бүрэлдэхүүнтэй гаргуулахаар шинжээч томилсон байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Дахин шинжээч томилсон шүүгчийн захирамжийн дагуу Хөрөнгийн үнэлгээний ‘Баянмодот” ХХК-г төлөөлөх эрх бүхий этгээд, мөн шинжилгээг хийж дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөл бүхий мэргэшсэн үнэлгээчин С.Цэвээнролом нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хууль тайлбарласан баримт дээр гарын үсэг зурсан нь хавтаст хэргийн 173-178 дугаар хуудсуудад авагдсан байна. С.Цэвээнролом нь дүгнэлт гаргахаар томилогдсон хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд ч, үнэлгээ хийж дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий шинжээчийн хувьд ч эрх үүрэг тайлбарласан баримт дээр гарын үсэг зурсан байна. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Баянмодот” ХХК нь 2018ш/01-01 тоот албан бичгээр шүүгчийн захирамжийн дагуу хийсэн үнэлгээг ирүүлсэн байдаг. Үнэлгээний 1.3-д үнэлгээ хийхээр томилогдсон “Баянмодот” ХХК-ний ажилчдын мэдээлэл байх бөгөөд эдгээрээс дээр дурдсанчлан тус компанийн захирал бөгөөд шинжилгээ хийж дүгнэлт гаргах 071200051 тоот тусгай зөвшөөрөл бүхий мэргэшсэн үнэлгээчин нь С.Цэвээнролом байна. Харин Р.Байгалмаа, Ч.Чинбат нар нь үнэлгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлгүй зөвхөн тус компанийн үнэлгээ хийхэд туслах ажилчид байна. Өөрөөр хэлбэл мэргэжилтэн Р.Байгалмаа, Ч.Чинбат нар нь тусгай зөвшөөрөлгүй учир мэргэшсэн үнэлгээчний эрх үүргийг эдлэхгүй юм. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ гэж заажээ. Үнэлгээ хийхээр томилогдсон компани нь үнэлгээ хийхэд шаардлагатай туслах ажилд өөрийн компанийн ажилчдыг оролцуулах нь тус компанийн дотоод асуудал юм. Хэрэв үнэлгээ хийхэд оролцсон гэх Р.Байгалмаа, Ч.Чинбат нар нь тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээ хийх эрх бүхий этгээд байгаад, бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах захирамжийн дагуу дүгнэлт гаргахдаа эрх үүрэг тайлбарласан баримт дээр гарын үсэг зураагүй бол давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байж болох юм. Гэтэл шинжээчээр томилогдсон “Баянмодот” ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй мэргэшсэн үнэлгээчин С.Цэвээнролом нь дүгнэлт гарган Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрөө гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан нь хуульд нийцсэн бөгөөд дүгнэлт гаргахдаа өөрт туслуулж ажиллуулсан компанийн ажилчдаар гарын үсэг зуруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл биш юм. Дээрх хуулиудад дүгнэлт гаргасан үнэлгээчинээс гадна тухайн үнэлгээчний туслахууд гарын үсэг зурахыг хориглосон заалт үгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлтүүдэд туслах ажилчны гарын үсэг давхар зурагддаг байна. Харин үнэлгээ хийх эрх бүхий этгээд өөрөө дүгнэлт дээрээ гарын үсэг зурж баталгаажуулаагүй, мөн шүүхэд холбогдох баримт дээр гарын үсэг зураагүй бол энэ тохиолдолд хууль бус юм. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурна” 17.3-д “Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно”, 17.4-д Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэж тус тус заажээ. Эцэст нь тэмдэглэхэд Л.Д нарын буруутай үйлдлээс болж манайх гэр орноо шатаалгаж түүнээс хойш одоог болтол гэр хөлслөн зутруу амьдарч байна. Шатсан байшин эд хогшлоос дахин ашиглах ямарч боломжгүй болсон. Өнгөрсөн хугацаанд хөлдөж гэсээд бүх эд хогшил засаж сайжруулах боломжгүй нэг ч эд зүйлийг хэрэглэх боломжгүй болж сэтгэл санаа эд материалаар маш их хохирч шүүх үнэн зөвийг тогтоож шударга шийдвэрлэж өгнө гэж итгэсээр өдийг хүрсэн ч одоо шүүхэд итгэх итгэл алдарч байна. Хохирсон дээрээ давхар хохирч тэмдэгтийн хураамж зэргээр хохирсоор байна. Давж заалдах шатны шүүх миний энэ хүнд хэцүү нөхцөл байдлыг харсаар байж үнэлгээ хийхээр томилогдсон Баянмодот ХХК-ний шинжээч бус туслах ажилчдыг шинжээч мэтээр дүгнэж тэднээр гарын үсэг зуруулаагүй байна гэсэн илтэд үндэслэлгүй дүгнэлтээр хоног хугацаа алдан байж шийдвэрлүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаад маш их гомдож байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу анхан шатанд буцаасан тохиолдолд дахин шинжээч томилогдож дахин дүгнэлт гаргах, анхан шатны шүүх хуралдаан, давах гээд дахин бүх зүйл анхнаасаа эхэлж бүтэн жил шахуу дахиад миний бие хохирч, байшингаа засуулж чадахгүй өвөлжихөд хүрээд байна. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа учраас тус магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн 11.958.600 төгрөг гаргуулах шийдвэрийг хэвээр үлдээхдээ тус шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэр хөлсөлж амьдрахад төлсөн 690 000 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхив.
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Л.Д, Ч.Б, А.Н, П.А, А.Онарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.А, А.О, А.Н нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Л.Д, Ч.Б нараас гэм хорын хохирол 11 958 600 төгрөг, үнэлгээний хөлс 450 000 төгрөг, гэр хөлсөлсөн төлбөр 690 000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 14 098 600 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг эд хөрөнгөө зохих ёсоор арчлан хамгаалаагүйгээс гал гаргаж, эд хөрөнгөд нь хохирол учруулсан гэж үзэж, учирсан гэм хорын хэмжээг Итгэлт-Эстимэйт ХХК-иар үнэлүүлж, 12 467 680 төгрөгийн хохирол учирсан гэж үзснийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь хохирлын хэмжээг 9 251 000 төгрөгөөр тогтоосон байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Баян модод ХХК-ийг шинжээчээр томилохдоо бүрэлдэхүүний зарим шинжээч нарт эрх, үүргийг танилцуулаагүй, хууль сануулаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасан журмыг баримтлаагүй нь алдаатай болжээ.
Анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний хуульд нийцээгүй шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосноос гадна зохигч талууд үнэлгээний талаар маргаантай байгаа нөхцөлд хэрэгт байгаа баримтын хэмжээнд хохирлын талаар дүгнэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар дугаар сарын 16-ны өдрийн 1133 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА