Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 0012

 

Ч.Баад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хэргийн индекс 179/2017/0003/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.О,

Шүүгдэгч: Ч.Б,

Хохирогч: Д.Ц,

Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолтой Ч.Баад холбогдох 201522000799 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ш овогт Ч-ийн Б, …. оны ..... дугаар сарын ......-ны өдөр төрсөн, …. настай, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан /регистрийн дугаар: .............../.

Шүүгдэгч Ч.Баа нь 2015 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг болох Намаржаат гэх газраас иргэн Д.Цийн хар зүсмийн азаргатай 48 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж Д.Цид 35 550 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч-ийн Бг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Баад Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ч.Бааг эд хөрөнгө хураахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баад оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баагийн цагдан хоригдсон 409 /дөрвөн зуун ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баагаас 20 450 000 /хорин сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Цид олгож, хохирогч нь адуугаа эрж хайсны зардал болон бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ч.Баагаас жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, Эрүүгийн 201522000799 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баагийн эзэмшлийн 1 тооны хөх сарлагын эм үхрийг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 1 тооны хөх сарлагын эм үхрийг хохирогч Д.Цид олгож, Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Баад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Ц давж заалдах гомдолдоо: ... Манайх 2015 оны 11 дүгээр сард 48 тооны адуугаа алдаад үүнээс 30 тооны адуу нь өөрсдөө гүйж ирээд 18 тооны адуу алдагдсан юм. ... Гэхдээ миний хохирлыг мөрдөн байцаах, прокурор, шүүхийн аль ч шатанд төлүүлэхээр санаачилга гаргалгүй өдий хүрлээ. Иймээс би хохирлоо Ч.Баагийн ар гэрээс нь хурдан хугацаанд төлүүлж авах хүсэлтэй байна. Нөгөө талаар 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хурал дууссаны дараа Ч.Баа нь “... хэргээ задлахаас болохгүй нь ээ. Х.Даваа адууг надад аваачиж өгч 2 адуу нядалж авсан мөртлөө хэрэгт холбогдолгүй гаргачихлаа. Мөн шударга Мягмаржавын хүү болон танай сумын наадамд 2016, 2017 оны үед сумын цол авсан залуугийн аав энэ хэрэгт холбоотой.” гэж өөрийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл бид хоёрт ярьсан нь энэ хэргийн эзэн холбогдогч нь нэмэгдэх юм байна гэсэн ойлголтыг надад төрүүлсэн тул хэргийг дахин шалгах шаардлагатай байна. Мөн О.Хадбаатар, Х.Даваа нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байгааг харгалзаж хэргийг дахин шалгуулахаар гомдол гаргав гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө Ч.Баагийн үйлдэл нь 2015 оны 11 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар олон тооны мал хулгайлсан гэсэн заалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийг буруу зүйлчлэн оногдуулах ялыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ч.Баа нь иргэн Д.Цийн 48 тооны адууг хулгайлж бусдад 35 550 000 /гучин таван сая, таван зуун тавин мянга/ төгрөгийн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан “их хэмжээний хохирол” учруулсан болох нь тогтоогдсон байдаг. Гэтэл Ч.Баагийн бусдын 48 тооны адуу хулгайлж их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгон шалгаж байсан дээрх зүйл ангид заасан хорих ялын хэмжээ нь 5 жилээс дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар байсан бөгөөд шинээр батлагдан дагаж мөрдөж буй 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд “олон тооны мал” хулгайлсан бол 2 жилээс 8 жил хүртэл хорих ял оногдуулахаар буюу хорих ялын доод хэмжээ, дээд хэмжээ багассан, түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх тухай 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсзгт заасныг журамлан прокуророос хэргийн зүйлчлэлийг өөрчилж ял сонсгон Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс Ч.Баагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээг харгалзан үзэлгүй орхигдуулж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Ч.Баад холбогдох хэргийг шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн №40 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн “...шүүгдэгч Ч.Баад Аймгийн прокурорын газрын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч шүүгдэгч Ч.Баагийн үйлдэл нь 2015 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан олон тооны мал хулгайлсан гэсэн заалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэх дүгнэлтийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүд нь “олон тооны мал хулгайлсан” шинжээрээ адил төсөөтэй хэдий ч энэхүү хэргийн тухайд бусдад учруулсан хохирлын хэмжээгээрээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар зүйлчлэгдэхээр байхад үндэслэлгүйгээр хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилсөн нь буруу болжээ.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Ч.Баагийн үйлдсэн гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхлэхээс өмнө үйлдэгдсэн бөгөөд тухайн үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байгаад 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн прокурорын газрын прокурорын 201522000799 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үндэслэл бүхий болсон байна. Хэдийгээр шүүгдэгч Ч.Баагийн бусдын 48 тооны адуу хулгайлсан гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн хэрэг хэдий ч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын дээд болон доод хэмжээ нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас их байх тул оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй.

Иймд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн шийдвэрлэх хууль зүйн зохицуулалт байхгүй тул дээрх зөрчлийг арилгуулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон болно.

Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэдэг учир хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн хохирогчийн давж заалдах гомдолд дурдагдсан Х.Давааг энэ хэрэгт холбогдуулан шалгасны эцэст Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх тул түүнийг дахин шалгуулах шаардлагагүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Баад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хохирогч Д.Цийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ч.Баад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

           ШҮҮГЧИД                                                                С.ЦЭЦЭГМАА

                                              Н.БАЯРХҮҮ