Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 876

 

Д.Мишээл, Ц.Энхжаргал, Б.Мөнхтуяа,

Ц.Мягмарсүрэн, С.Бурмаа, Г.Сэргэлэн, Б.Билгүүнболд нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/00216 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Мишээл, Ц.Энхжаргал, Б.Мөнхтуяа, Ц.Мягмарсүрэн, С.Бурмаа, Г.Сэргэлэн, Б.Билгүүнболд нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М Жи Эл капитал” ХХК-д холбогдох

 

Д.Мишээлийн цалин 3 000 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд суутгасан 1 079 599 төгрөг, ажлын гүйцэтгэлийн хувиас бодогдсон урамшуулал 2 385 149 төгрөг тус тус гаргуулах,

Ц.Энхжаргалын 2014.05.01-ний өдрөөс 2015.09.30-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах,

Б.Мөнхтуяагийн 2015.01.23-ны өдрөөс 2015.11 сарыг хүртэл ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах, 2015 оны 10 сарын цалин 800 000 төгрөг, 2016.03 сарын “Хүчирхэг эмэгтэйчүүд” дугаарын урамшуулалт цалин 730 596 төгрөг гаргуулах,

Ц.Мягмарсүрэнгийн 2015.04.17-ны өдрөөс 2016.04 сар хүртэл ажилласан цалин 4 950 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд суутгасан 273 666 төгрөг тус тус гаргуулах,

С.Бурмаагийн 2014.04.01-ний өдрөөс ажилд орох хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах

Г.Сэргэлэнгийн цалин 5 000 000 төгрөг ажлын гүйцэтгэлийн хувиас бодсон урамшуулал 356 085 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 141.3-д заасны дагуу алданги 2 500 000 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах,

Б.Билгүүнболдын ажлаас чөлөөлсөн тушаал гаргах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг тус тус даалгах, цалин 3 200 000 төгрөг, алданги 1 600 000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Сэргэлэн, түүний өмгөөлөгч Б.Борхүү,

Нэхэмжлэгч Б.Билгүүнболд, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,

Нэхэмжлэгч Д.Мишээл, Ц.Энхжаргал, Б.Мөнхтуяа, Ц.Мягмарсүрэн С.Бурмаа нарын    итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, Т.Саранцацрал, Э.Энхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Мишээл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мишээл нь “М Жи Эл капитал" ХХК-д Бизнес хөгжил хариуцсан захирлаар 2014 оны 04 дүгээр сараас 2015 оны 03 дугаар cap хүртэл ажилласан. Сарын үндсэн цалинг 1 000 000 төгрөг байх, ажлын гүйцэтгэлээс хамаарч тодорхой хувиар багийн болон хувийн урамшуулал өгч байхаар тохиролцсон болно. Ажилд орсон цагаас эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд томилсон тушаал шийдвэр гаргуулахаар удаа дараа ажил олгогчид санал гаргаж байсан боловч харамсалтай нь ажил олгогчийн зүгээс танд цалин хөлсийг чинь олгож байгаа одоогоор тушаал гаргахад хүндрэлтэй байна гэсээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд томилсон, мөн ажлаас чөлөөлсөн ямар нэгэн эрхийн акт гаргаагүй. Түүнчлэн ажил олгогч нь 2014 оны 4 сараас 11 дүгээр сарын хооронд цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлд тооцон нийт 1 079 599 төгрөг суутган авсан боловч уг мөнгийг нийгмийн даатгалд цааш төлөөгүй, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөх үүргээ биелүүлээгүй. Мөн ажлын гүйцэтгэлийн хувийн урамшуулалд бодогдсон 2 385 149 төгрөг, 2014 оны 11 дүгээр сараас хойшх хугацааны цалин хөлсийг олгохгүй эрх зөрчсөөр ирсэн тул арга буюу 2015 оны 02 дугаар сарыг дуустал ажиллаад ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Иймд хариуцагч “М Жи Эл капитал” ХХК-иас ажиллаж байсан хугацааны цалин олговорт 3 000 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэж цалингаас суутгасан 1 079 599 төгрөг, ажлын гүйцэтгэлийн хувиас бодогдсон урамшуулал 2 385 149 төгрөг нийт 6 464 748 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мишээлд олгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Энхжаргал, Б.Мөнхтуяа, Ц.Мягмарсүрэн, С.Бурмаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Жи Эл капитал” ХХК нь дотоод зохион байгуулалтаа өөрчилсөн гэх үндэслэлээр дээрх нэхэмжлэгч нарыг 2016 оноос эхлэн ажил үүргийг нь гүйцэтгүүлдэггүй. Мөн “М Жи Эл капитал” ХХК-ийн зүгээс эдгээр ажилчдыг ажлаас чөлөөлсөн талаар ямар нэгэн тушаал гаргаагүй бөгөөд ажиллаж байсан хугацааны цалинг дутуу олгох, зарим cap цалин олгохгүй байх, ажилчдаас нийгмийн даатгалын шимтгэл авдаг ч дэвтэрт бичилт хийхгүй байх зэрэг зөрчил, дутагдлуудыг удаа дараа гаргаж байсан. Дээрх зөрчлийг арилгуулах үүднээс нэхэмжлэгч Б.Мөнхтуяа, Ц.Энхжаргал нар ажилчдаа төлөөлөн компанитай зөвшилцөн, 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Forbes Монголиа сэтгүүлийн 2016 оны 3 сарын “Хүчирхэг эмэгтэйчүүд” дугаарын төслийн гүйцэтгэгчээр ажиллахаар Хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний зорилго нь төслөөс олсон орлогын 20 хувийг Б тал авах, үлдсэн 80 хувийг компани өөрөө авч, үүгээрээ ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн бүх өр төлбөрийг төлж барагдуулахад зарцуулахаар тохиролцсон. Ингээд гэрээнд тохиролцсоны дагуу Б тал үүргээ гүйцэтгэж, 2016 оны 3 сард ‘'Хүчирхэг эмэгтэйчүүд” сэтгүүлийг гаргаж өгсөн боловч компани нь ямар нэг арга хэмжээ аваагүй болно. Нэхэмжлэгч нарын зүгээс уг асуудлаар албан ёсны шаардлагыг компанидаа тавих болгонд удахгүй мөнгө орж ирэхээр шийдвэрлэнэ, нийгмийн даатгалын дэвтрийг чинь бөглөж өгнө гэсэн ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй бөгөөд тэдгээрийг ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр гараагүй атлаа ажил хөдөлмөр эрхлүүлэхгүй, цалин хөлсийг нь олгохгүй байгаа үйлдэл нь нэхэмжлэгч нарыг ажлаас халсан гэж үзэхэд хүргэж байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.Ц.Энхжаргалын 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах,

2.Б Мөнхтуяа нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын хүртэл ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2015 оны 10 дугаар сарын цалин 800 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын “Хүчирхэг эмэгтэйчүүд” дугаарын урамшуулал цалинд 730 596 төгрөг нийт 1 530 596 төгрөг гаргуулах,

3.Ц.Мягмарсүрэн нь 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр cap хүртэл ажилласан. 2015 оны 4, 5, 6, 7, 10, 11, 12 сарын, 2016 оны 3, 4 дүгээр сарын цалинд 4 950 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд суутгасан 273 666 төгрөг нийт 5.223 666 төгрөг гаргуулах,

4.С.Бурмаа нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилласан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүүгээ төрүүлсэн одоо жирэмсний амралттай байна. Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүйн улмаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч чадаагүй. 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орох хүртэлх хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг тус тус гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Сэргэлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Б.Борхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “М Жи Эл капитал" ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дизайнераар томилогдон ажилласан. Сарын үндсэн цалин 1 000 000 төгрөг, ажлын гүйцэтгэлээс хамаарч тодорхой хувиар урамшуулал авч байхаар тохиролцсон байдаг. “М Жи Эл капитал” ХХК-ийн захирал Л.Энхтөр 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 15/030 тоот ажилд томилох тухай тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалин хөлсөө хугацаандаа өгч байх, урамшууллаа авахыг шаарддаг байсан ч ажил олгогчийн зүгээс нааштай хариу өгөхгүй байсан тул 2016 оны 04 дүгээр сард ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ажил олгогч нь 2015 оны 7 сараас 2016 оны 4 дүгээр сарын хооронд Г.Сэргэлэнгийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл суутган авсан боловч уг мөнгийг нийгмийн даатгалд цааш төлөөгүй, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөх үүргээ биелүүлээгүй. Мөн ажлын гүйцэтгэлийн урамшуулал, 2015 оны 10, 11, 12, 2016 оны 3 болон 4 дүгээр сарын цалин олгоогүй байна. Мөн ажлаас чөлөөлсөн ямар нэгэн тушаал гаргаагүй. Иймд хариуцагч “М Жи Эл капитал” ХХК-иас ажиллаж байсан хугацааны цалин олговорт 5 000 000 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, ажлын гүйцэтгэлийн хувиас бодогдсон урамшуулал 356 085 төгрөг нийт 5 356 085 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Сэргэлэнд олгож,  цалин хөлсөө цаг тухайд нь авч чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт зааснаар 2 500 000 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Билгүүнболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Б.Билгүүнболд нь “М Жи Эл Капитал” ХХК-д 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс дизайнераар ажилд орсон бөгөөд сарын 800 000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Ажилчдын зүгээс нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг шаарддаг байсан боловч компанийн удирдлагын зүгээс удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн байдаг бөгөөд дотоод зохион байгуулалтаа өөрчилж байгаа гэх шалтгаанаар ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй. Ажлаас чөлөөлсөн ямар нэгэн тушаал гаргаагүй байна. “М Жи Эл капитал” ХХК нь Б.Билгүүнболдын 2015 оны 10, 11, 12 cap, 2016 оны 03 дугаар саруудын цалин олгоогүй. Хөдөлмөрийн гэрээний 6.6-д цалин хөлсийг цаг тухайд нь олгоогүй тохиолдолд хоногийн 0,5%-ийн алданги тооцохоор тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх зааснаар 1 600 00 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Иймд Б.Билгүүнболдын 2015 оны 10, 11, 12 cap, 2016 оны 03 болон 04 дүгээр саруудын цалин олговорт 3 200 000 төгрөг, алданги 1 600 000 төгрөг гаргуулах, ажлаас чөлөөлсөн тушаал гаргах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “М Жи Эл капитал” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М Жи Эл капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 1.Д.Мишээлийн нэхэмжлэлийг хувьд “М Жи Эл Капитал” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага 2016 оны 3-р сард өөрчлөгдсөн бөгөөд өмнөх Гүйцэтгэх удирдлагаас Д.Мишээлтэй Хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, түүнийг ажилд томилсон тушаал гаргаагүй байна. Тиймээс нэхэмжилж буй цалинг тодорхойлсон хугацаа буюу 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 2 дугаар сарыг дуустал Д.Мишээл нь компанид ажиллаж байсан эсэх нь тогтоогдохгүй ба хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгчийн цалин хөлсийг тодорхойлох боломжгүй байна. Нэхэмжлэлд дурдсанаар Д.Мишээл нь өөрийн хүсэлтээр “ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн” байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болно. Ийнхүү нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сард өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосноос хойш тус хөдөлмөрийн харилцаатай холбоотой гомдол гаргаж байгаагүй. Нэхэмжлэлд “2014 оны 11 сараас хойш цалин хөлс олгохгүй эрх зөрчсөн” гэсэн атлаа үүнээс хойш 1 жил 9 сарын дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд багтаж гомдол гаргаагүй бол нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчид цалин хөлс олгохгүй байсан үеэс буюу нэхэмжлэлд дурдсанаар 2014 оны 11 сараас хойш гурван сарын дотор энэ талаар ямар нэгэн гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Компанийн ажилтанд урамшуулал олгох асуудлыг компанид батлан мөрдүүлж буй урамшуулал олгохтой холбоотой журам байхгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, түүнд үндэслэж урамшуулал олгохоор заасан гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэр байхгүй тул нэхэмжлэгчид урамшуулал олгох үндэслэл тогтоогдохгүй, холбоотой эрх зүйн баримт бичиг байхгүй байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул 2 385 149 төгрөгийг гаргуулахыг нэхэмжлэх хуулийн үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлд суутгасан гэх 1 079 599 төгрөг гаргуулах шаардлагын хувьд: Нэхэмжлэгчийн албан тушаал, түүнд олгох сарын үндсэн цалин хөлсний хэмжээг тогтоосон хөдөлмөрийн гэрээ, тушаал, холбогдох баримт бичиг байхгүй тул түүний цалин хөлсийг ямар хэмжээгээр тогтоож, нийгмийн даатгалын шимтгэл хэдийг, хэрхэн суутган тооцсон нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 1 079 599 төгрөгийг суутган авсан гэж маргаж буй үйл баримт нь тодорхойгүй байна. Компани, нэхэмжлэгчийн хооронд 2014 оны 4-р сараас 2014 оны 12 сарыг дуустал хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, хөдөлмөрийн гэрээтэй харилцаа үүсээгүй байх тул нийгмийн даатгалыг цалингаас суутган төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэг компанид үүсээгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

2. Ц.Энхжаргалын 2014 оны 5-р сарын 01-ний өдрөөс 2015 оны 9-р сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагын хувьд: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн Ц.Энхжаргал “М Жи Эл Капитал” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардахын тулд Ц.Энхжаргал болон “М Жи Эл Капитал” ХХК-ийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх шаардлагатай ба хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй. Тэрээр 2016 оны 9-р сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхээ сэргээлгэхээр шаардаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул түүнийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. 

3. Б.Мөнхтуяа нь “М Жи Эл Капитал ХХК-иас Б.Мөнхтуяатай 2015 оны 1-р сарын 23-ны өдөр 15/01 тоот Хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. Хөдөлмөрийн гэрээний дагуу сарын үндсэн цалинг 800 000 төгрөг байхаар тохирчээ. Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлийн дагуу тэрээр 2015 оны 11-р сарыг хүртэл ажилласан гэх боловч түүнийг уг хугацаанд ажилласныг нотлох боломжгүй. Харин түүнд цалин олгож байсан дансны хуулга, цалингийн тооцооллоос үзэхэд Б.Мөнхтуяа нь 2015 оны 8-р сарыг дуустал цалин авсан байх бөгөөд түүнийг 2015 оны 01-р сараас 2015 оны 8-р сарыг дуустал ажилласан гэж үзэх боломжтой. Б.Мөнхтуяагийн Компаниас 2015 оны 10-р сарын цалинг гаргуулах, 2015 оны 11-р сарыг хүртэлх нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах тул түүнийг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. 2016 оны 3-р сарын “Хүчирхэг эмэгтэйчүүд” дугаарын урамшуулал цалинд 730 596 төгрөгийг нэхэмжилжээ. Б.Мөнхтуяа нь 2015 оны 8-р сарыг дуустал “М Жи Эл Капитал” ХХК-д ажилласан атлаа, ямар үндэслэлээр 2016 оны 3-р сарын “Хүчирхэг эмэгтэйчүүд” дугаарын урамшуулал цалин гэж 730 596 төгрөгийг шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Учир нь “М Жи Эл Капитал” ХХК-иас түүнтэй Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээг 2016 онд байгуулаагүй байх тул түүний энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. 

4. Ц.Мягмарсүрэн нь 2015 оны 4-р сарын 17-ны өдрөөс 2016 оны 4-р cap хүртэл ажилласан. 2015 оны 4, 5, 6, 7, 10, 11, 12 сарын, 2016 оны 3, 4 сарын цалинд 4 950 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд суутгасан 273 666 төгрөг нийт 5 223 666 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд: Тэрээр энэ бүх хугацаанд цалин аваагүй буюу түүний эрх зөрчигдсөнийг мэдсээр байж эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаагүй байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд түүний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлд суутгагдсан шимтгэл нь нийгмийн даатгалын санд төлөгддөг тул түүний нэхэмжилсэн 273 666 төгрөгийг буцаан олгох боломжгүй гэжээ. 

5. С.Бурмаа нь “М Жи Эл Капитал” ХХК-иас 2014 оны 4-р сарын 01-ний өдрөөс ажилд орох хүртэлх хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаардсан боловч С.Бурмаа нь жирэмсний амралтаа хэзээ авсан, дурдсан хугацааны туршид буюу 2014 оны 4-р сарын 01-ний өдрөөс Компанид тасралтгүй ажиллаж, цалин хөлс авч байсан эсэх нь эргэлзээтэй болох нь компаниас түүнд 2015 оны 7-р сарыг дуустал хугацаанд цалин өгсөн дансны хуулгаас харагдаж байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн нэхэмжлэлд “М Жи Эл Капитал” ХХК нь дотоод зохион байгуулалтаа өөрчилсөн гэх үндэслэлээр дээрх нэхэмжлэгч нарыг 2016 оноос эхлэн ажил үүргийг гүйцэтгүүлдэггүй гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь 2016 оны 3-р сарын 10-ны өдөр М Жи Эл Капитал ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт өөрчлөлт орж, гүйцэтгэх удирдлагыг өөрчлөн томилсон бөгөөд нэхэмжлэгч нар бүгдээрээ тэр хугацаанаас өмнө ажиллаж, ажлаас гарсан тухайгаа нэхэмжлэлд дурдсан гэжээ. 

Нэхэмжлэлд Б.Мөнхтуяа, Ц.Энхжаргал нар ажилчдаа төлөөлөн 2016 оны 2-р сарын 21-ний өдөр Форбес Монголиа сэтгүүлийн 2016 оны 3 сарын “Хүчирхэг эмэгтэйчүүд” дугаарын төслийн гүйцэтгэгчээр ажиллахаар Компанитай Хамтран ажиллах гэрээ байгуулж, тохиролцоо хийсэн хэмээн дурдсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Компаниас сэтгүүлийг эрхлэн гаргах үүрэг хүлээсэн, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажлаа гүйцэтгэснийхээ төлөө цалин олгодог ажилтнуудтайгаа сэтгүүлийн дугаар гаргахаар хамтран ажиллах гэрээ байгуулах үндэслэлгүй гэжээ. 

6. “М Жи Эл Капитал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 15/030 тоот тушаалаар иргэн Г.Сэргэлэнг Дизайнерийн албан тушаалд томилж, үндсэн цалинг 1 000 000 төгрөг байхаар тогтоосон боловч түүнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 10,11,12 дугаар саруудад болон 2016 оны 3, 4 дүгээр сарын цалин хөлсөнд нийт 5 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч дээрх хугацаанд бүрэн ажиллаж байсан эсэх нь тогтоогдохгүй байна. Мөн Г.Сэргэлэн нь дурдсан саруудад түүнд цалин хөлс олгоогүй гэж нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах, эрхээ хамгаалуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх ёстой. Компаниас түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь зохих хэмжээгээр төлөхгүй байгаа тохиолдлыг Г.Сэргэлэн нь мэдэх боломжтой байсан боловч компанид энэ талаар хандаж бичгээр хүсэлт, шаардлага гаргаагүй төдийгүй 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр буюу ажлаас гарснаасаа хойш 5 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад тэрээр 356 085 төгрөгийг хэрхэн тооцож урамшуулалд нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч Г.Сэргэлэнгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч “2015.07.07-2016.04.29-ний өдрийг дуустал ажиллахдаа цалин хөлсөө цаг тухайд нь аваагүй ба 2015 оны 10, 11, 12, 2016 оны 3, 4-р сарын цалин 5 000 000 төгрөгийн цалин аваагүй. МУ-ын Хөдөлмөрийн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт заасны дагуу алданги тооцож нэхэмжилж буй үнийн дүнгийн 50 хувъ болох алданги 2 500 000 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжилж байна” гэж нэмэгдүүлсэн шаардлагаа тодорхойлжээ. УДШ-ийн 2006 оны 33 дугаар тогтоолын дагуу алдангийг нэхэмжилж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “М Жи Эл Капитал” ХХК-иас Г.Сэргэлэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, мөн цалин хөлс олгоогүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцож бичгээр гэрээ байгуулаагүй байдаг тул Г.Сэргэлэнгийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Г.Сэргэлэнгийн өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2 500 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

7. Б.Билгүүнболд нь “М Жи Эл Капитал” ХХК-д 2015 оны 8 дугаар сараас ажилд орсон бөгөөд түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан сарын цалин хөлсний хэмжээг 800 000 төгрөг байхаар тохиролцжээ. Б.Билгүүнболд нь 2015 оны 10,11,12 дугаар саруудад болон 2016 оны 3, 4 дүгээр саруудын цалин хөлсөнд 3 200 000 төгрөг нэхэмжилсэн боловч дээрх хугацаанд ажиллаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч цалин авахгүй эрх нь зөрчигдсөнийг мэдсээр байж хуульд заасан хугацаанд багтаж гомдол гаргаагүй бөгөөд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Хариуцагч “М Жи Эл Капитал” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, Гүйцэтгэх захирал нь 2016 оны 3-р сард шинээр томилогдсон бөгөөд энэ хугацаанаас өмнө ажиллаж байсан ажилтнуудын тушаалыг нөхөн гаргах боломжгүй тул энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч “Хөдөлмөрийн гэрээний 6.6-д зааснаар Компани ажилтны цалинг тогтоосон хугацаанд төлөхгүй бол хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алданги тооцож ажилтанд олгоно гэсэн заалт бий. Ийм заалт байгаа учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50% болох 1 600 000 төгрөг нэмэгдүүлж нэхэмжилж байна” гэж нэмэгдүүлсэн шаардлагаа тодорхойлж, 2015 оны 10, 11, 12 дугаар сар болон 2016 оны 03, 04 дүгээр саруудын цалин хөлс, тэдгээрийн алданги гэж нийт 4 800 000 төгрөг нэхэмжилж байх боловч нэхэмжилж буй хугацаанд ажил үүрэг гүйцэтгэж байсан эсэх нь тодорхойгүй байна. Түүний үндэслэл болгосон Хөдөлмөрийн гэрээний 4.2.2, 4.2.3 дах хэсгүүдэд болон Шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр Б.Билгүүнболд нь гүйцэтгэсэн ажлын тайлан болон өдөр тутмын тэмдэглэл илгээж байх үүрэгтэй бөгөөд түүнийг илгээгээгүй нь цалин олгохоос татгалзах үндэслэл болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч “М Жи Эл Капитал” ХХК нь Б.Билгүүнболдод ажлын үр дүнд нь тохирсон цалин олгож байсан болно. Нэхэмжлэгчийн 2015 оны 10, 11, 12, 2016 оны 3, 4-р сарын цалин 3 200 000 төгрөг гаргуулах шаардлага нь дээр дурдсаны дагуу үндэслэлгүй, мөн тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг тул нэхэмжилж буй цалин хөлснөөс тооцсон гэх алдангийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Билгүүнболдын өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 1 600 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх:Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар “М Жи Эл капитал” ХХК-иас 1 000 000 төгрөгийг гаргуулж Д.Мишээлд олгож, Д.Мишээлийн нэхэмжлэлээс 5 464 748 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар “М Жи Эл капитал” ХХК-д Ц.Энхжаргалын 2014 оны 4 сарын 800 000 төгрөг, 5 сарын 850 000 төгрөг, 2014 оны 06 сараас 2015 оны 10 сарыг дуусталх сар бүрийн 1 000 000 төгрөгийн цалин хөлснөөс нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар “М Жи Эл капитал” ХХК-иас 800 000 төгрөгийг гаргуулж Б.Мөнхтуяад олгож, “М Жи Эл капитал” ХХК-д Б.Мөнхтуяагийн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарыг дуусталх сар бүрийн 800 000 төгрөгийн цалин хөлснөөс нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг даалгаж, Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлээс урамшууллын 730 596 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Ц.Мягмарсүрэнгийн “М Жи Эл капитал” ХХК-иас 5 223 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар “М Жи Эл капитал” ХХК-д С.Бурмаагийн 2014 оны 4 дүгээр сарын цалин 967 591 төгрөг, 5 дугаар сарын цалин 950 000 төгрөг, 6 дугаар сараас 2015 оны 03 дугаар сарыг дуусталх сар бүрийн цалин 750 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сараас хойшх хугацаанд сар бүрийн цалин 1 000 000 төгрөгөөс нь зохих хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 141 дүгээр зүйлийн 141.3-д зааснаар “М Жи Эл капитал” ХХК-иас 5 000 000 төгрөгийг гаргуулж Г.Сэргэлэнд олгож, “М Жи Эл капитал” ХХК-д Г.Сэргэлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарыг дуустал 1 000 000 төгрөгийн цалин хөлснөөс нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг даалгаж, Г.Сэргэлэнгийн нэхэмжлэлээс 2 856 085 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “М Жи Эл капитал” ХХК-иас 4 800 000 төгрөгийг гаргуулж Б.Билгүүнболдод олгож, “М Жи Эл капитал” ХХК-д Б.Билгүүнболдын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарыг дуусталх сар бүрийн 800 000 төгрөгийн цалин хөлснөөс нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг, Б.Билгүүнболдыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахыг тус тус даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мишээлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 386 төгрөгийг, Ц.Мягмарсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 530 төгрөгийг, Б.Мөнхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 440 төгрөгийг, Г.Сэргэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 600 төгрөгийг, Б.Билгүүнболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 700 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Энхжаргал, С.Бурмаа нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М Жи Эл капитал” ХХК-иас 590 000 төгрөгийг гаргуулж, Д.Мишээлд 28 550 төгрөгийг, Б.Мөнхтуяад 23 750 төгрөгийг, Г.Сэргэлэнд 94 950 төгрөгийг, Б.Билгүүнболдод 91 750 төгрөгийг тус тус олгож, Улсын төсвийн орлогод 351 000 төгрөгийг оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх иргэн Д.Мишээл болон "М Жи Эл Капитал" ХХК-ийп хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн хэрнээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг бус өөр хуулийг хэрэглэн шийдвэрлэсэн. Нэгэнт хөдөлмөрийн харилцаа үүссэн юм бол Хөдөлмөрийн гэрээний нэг тал болох иргэн Д.Мишээл эрх нь зөрчигдөж байгааг буюу цалин хөлсөө хугацаанд нь авахгүй байгаагаа 2015 оны 4-р сараас 2016.08.1-ний өдөр буюу 1 жил 4 cap гаруй хугацаанд мэдэхгүй, мэдэх боломжгүй байх үндэслэл байхгүй юм.

Ц.Энхжаргал нь 2014.05.01-ний өдрөөс 2015.09.30-ны өдөр хүртэлх Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагыг 2016.09.05-ны өдөр буюу бүтэн нэг жилийн дараа гаргаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Түүнчлэн түүний Нийгмийн даатгалын дэвтэр нь хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нap шүүхэд нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдлыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулах хүсэлт тавьсан боловч хүсэлтийг хангалгүй. Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байх үед “М Жи Эл Капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Энхтөрийн өгсөн гэрчийн мэдүүлэгт нэхэмжлэгч нь өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, байгуулахгүй байх сонирхолтой байсан тухай дурдагддаг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үүнийг няцаагаагүй бөгөөд хариуцагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.

Б.Мөнхтуяа нь Forbes Mongolia сэтгүүлийн редакцын хэсэг гэсэн хуудсанд бичигдсэн ажилтнууд тухайн үед компанид ажиллаж байсныг нотлох баримт болохгүй юм. Учир нь Д.Мишээл нь нэхэмжлэлдээ 2015 оны 3 дугаар cap хүртэл ажилласан гэсэн Forbes Mongolia сэтгүүлийн редакц гэсэн хэсэгт түүний нэрийг 2015 оны 5-р cap хүртэл бичсэн байдаг. Мөн тухай сарын дугаарыг 1-2 сарын өмнө бэлтгэдэг байсан тухай нэхэмжлэгч Г.Сэргэлэн шүүхэд тайлбар өгөхдөө дурдсан байдаг. Б.Мөнхтуяа нь Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийн дагуу тэрээр эрх нь зөрчигдсөн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлснийг шүүх харгалзан үзээгүй.

С.Бурмаа нь Хөдөлмөрийн гэрээтэй ажилтан бөгөөд 2014.04.01-ний өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагыг 2016.09.05-ны өдөр буюу 2 жил 5 сарын дараа гаргаж. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

Г.Сэргэлэн нь 2015 оны 10, 11, 12 cap, 2016 оны 03 болон 04 дүгээр сарын цалин хөлс олгоогүй гэх шаардлагыг 11 сарын дараа буюу 2016.09.05-ны өдөр гаргаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Түүнчлэн тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Энхтөр гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд түүнийг ажилдаа ирдэггүй байсан, архи уудаг ажиллахад хүндрэлтэй байсан учраас Б.Билгүүнболдыг ажилд авсан гэж мэдүүлсэн. Г.Сэргэлэнд олгох ёстой цалинг нь олгож байсан бөгөөд нэхэмжилж буй хугацаанд ажиллаж байсныг Forbes Mongolia on сэтгүүлд узлэг хийсэн тэмдэглэлээр нотлох боломжгүй. Учир нь Сэтгүүлийн тухайн сарын дугаарыг 1-2 сарын өмнө бэлтгэдэг тухай нэхэмжлэгч Г.Сэргэлэн шүүх хуралдаан дээр тайлбарладаг бөгөөд энэ үндэслэлээр тэрээр цалин аваагүй саруудад ажиллаж байсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй юм.

Б.Билгүүнболд нь 2015 оны 10. 11, 12 cap 2016 оны 03 болон 04 дүгээр сарын цалин хөлс гаргуулах шаардлагыг нэг жилийн дараа буюу 2016 оны 10 сарын 01-ний өдөр гаргаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Гэрчийн мэдүүлэгт дурдсанаар ажилтан бүр өдөр тутмын тэмдэглэл үйлдэж, цахим шуудангаар явуулсан байх шаардлагатай боловч энэ талаар баримт огт авагдаагүй. Билгүүнболдыг нэхэмжилж буй хугацаанд ажиллаж байсан эсэх нь баримтаар нотлогдоогүй бөгөөд 4 cap дараалан огт цалингүй ажилласан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд тэрээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд багтаан гомдол гаргах боломжтой байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчид хуулиар олгогдсон эрх дараах байдлаар зөрчигдсөн.

Д.Мишээлийн хувьд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, зарим шаардлагыг нэмэгдүүлснийг шууд хүлээн авч хариуцагчид танилцах, түүнд хариу тайлбар өгөх хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж. шийдвэр гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдагдаагүй байна.

Ц.Энхжаргалын хувьд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгчдийн зүгээс удаа дараа нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдлыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулах хүсэлт тавьсан боловч хангаагүй. Улмаар огт байхгүй, нөхөн бичилт хийсэн эсэх нь тодорхойгүй Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нарын гаргаж буй шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт хамаарахгүй бөгөөд Хөдөлмөрийн маргаан таслах комиссын харьяаллын маргаан болно. Компанид ямар нэгэн гомдол, өргөдөл ирсэн бол Хөдөлмөрийн маргаан таслах комисс /ХМТК/ байгуулах үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүйд гомдолтой байна.

Шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах явцад шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Л.Энхтөрийн мэдүүлэг бүхий шүүх хуралдааны тэмдэглэл хавтаст хэрэгт байгаагүй бөгөөд хариуцагч болон нэхэмжлэгчийн зүгээс гэрчийн мэдүүлгээс шинжлэн судлуулах шаардлага байсан боловч уг эрхийг хэрэгжүүлж чадаагүй.

Хариуцагчийн төлөөлөгч нар Ц.Энхжаргалын НДД-ийг хэрэгт авах шаардлагатай талаар хүсэлт тавьсантай холбогдуулан нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхжаргалын хэргийг тусгаарлах хүсэлт тавьсныг огт шийдвэрлээгүй. Дээрх байдлаар анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан журмыг баримтлах байсан атал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж шүүх өөр хуулийг тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг хангаагүй байна.

 

 Нэхэмжлэгч Д.Мишээл нь  2015 оны 2 сарын цалин 1 000 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд суутгасан 1 079 599 төгрөг, нийт 2 379 549 төгрөг гаргуулах,

Ц.Энхжаргал нь 2014 оны 5-р сарын 01-ний өдрөөс 2015 оны 9-р сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах,

Б.Мөнхтуяа нь 2015 оны 1-р сарын 23-ны өдрөөс 2015 оны 11-р сарыг хүртэл ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2015 оны 10-р сарын цалин 800 000 төгрөг гаргуулах,

 Ц.Мягмарсүрэн нь 2015 оны 4-р сарын 17-ны өдрөөс 2016 оны 4-р cap хүртэл ажилласан. 2015 оны 4, 5, 6, 7, 10, 11, 12 сарын, 2016 оны 3, 4 сарын цалинд 4 950 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд суутгасан 273 666 төгрөг нийт 5 223 666 төгрөгийг гаргуулах,

С.Бурмаа нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орох хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх,

Г.Сэргэлэн нь 2015 оны 10, 11,12 сарын  цалин олговорт 5 000 000 төгрөг урамшуулалт цалин 356 000 төгрөг, цалингийн алданги 2 500 000 төгрөг гаргуулах,

Б.Билгүүнболд нь 2015 оны 10, 11, 12 cap, 2016 оны 3, 4 дүгээр саруудын цалин олговорт 3 200 000 төгрөг, алданги 1 600 000 төгрөг, нийт 4 800 000 төгрөг гаргуулж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч “М Жи Эл капитал” ХХК-д холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нар тухайн цаг хугацаанд ажилласан эсэх нь тодорхойгүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн журмаар нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлохоор шүүхэд нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргажээ./хх-38, 39, 111/

 

Гэтэл шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Форбес” сэтгүүлүүдэд үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж үзлэгийг хийсэн боловч уг ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрч байлцуулах, уг ажиллагааны оролцогчдоор тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. /хх-60-63/

 

Дээрх байдлаар хуульд заасан журмыг зөрчиж цуглуулж, бүрдүүлсэн, нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зарим нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтэр, шимтгэл төлөлтийн талаарх нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргасан нь талуудын маргаанд хамааралгүй гэж үзэх ямар үндэслэл байгаа, зохигч өөрөө бүрдүүлэх боломж байгаа эсэхийг тус тус заалгүйгээр уг хүсэлтийг хангахгүй орхисон нь учир дутагдалтай байна./хх-1321-132/

Хэргийн оролцогчдын хүсэлтэд дурдсан нотлох баримтуудыг бүрдүүлэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагад байхгүй асуудлыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчим, мөн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхийг зөрчсөнөөс гадна шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэгсэхгүй болгосон нь дээрх хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцэхгүй.

 

Анхан шатны шүүх дээрх байдлаар хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтын болон хууль хэрэглээний талаар дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/00216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

               2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М Жи Эл капитал” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423 715 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

                         

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ 

                         

                                          ШҮҮГЧИД                                        Ц.ИЧИНХОРЛОО                                                                                                 

                                                                                    

                                                                                                   Б.НАРМАНДАХ