Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 806

 

 

 

 

 

 

 

  2020         10          08                                   2020/ШЦТ/806

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч М.Энхбаатар,

Шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

Хохирогч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрд овогт Ц.Хд холбогдох эрүүгийн 2011 00985 0799 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Бүрд овогт Ц.Х, 1959 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,  

         урьд: 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 451 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 33 дугаартай захирамжаар 1 сар 25 хоногийн хорих ялаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ............................................................

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Ц.Х нь Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн П.У-ын хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар нэвтрэн орж эрэгтэй, эмэгтэй хүний пүүзэн гутал, ЛЖ маркийн цагаан өнгийн гар утас, плитек зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 180.543 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, ...- зуслангийн задгай тоотод оршин суух иргэн С.Т-ын хүн байнга амьдрах зориулалт бүхий зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж хонины мах, ширээний цаг, сандал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, авч  бусдад нийт 42.500 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 2-4-ний өдрийн хооронд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, ...-гийн зуслангийн задгай тоотод байрлах хохирогч Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох зуслангийн байшинд нэвтэрч эмэгтэй хүүхдийн даавуун гадуур хувцас, куртик, гар чийдэн, хүүхдийн усны гутал, хүүхдийн Гега-7 угсардаг тоглоом, Монел загварын цахилгааны уртасгагч, залгуур, эмэгтэй хүний кетэн гутал зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 217.800 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, .. тоотод оршин суух иргэн Л.Б-ы хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор нэвтрэн орж цахилгаан тасдагч, мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 44.600 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, ...-гийн зуслангийн задгай тоотод орших иргэн Б.Б-гийн Монгол гэрийн хаалганы зүүн талын ханыг хугалан хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ” Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Ц.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “Би Чингэлтэй дүүргийн 7 буудал болон цааш яваад зуслангийн орчим хоёрдогч түүхий эд зүйл түүж амьдардаг юм. Энэ гэрийн хувьд би одоо сар, өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан ...- зуслан орчим архи уучихсан согтуу явж байхад газар нэг арматур төмөр байсан. Тэгээд тэрийг авчихаад цааш лааз, сав түүгээд явж байтал одоо энэ айлын хаалга нь бага зэрэг онгорхой байсан ба шагайгаад харсан чинь хашаан дотор хэд хэдэн лаазнууд байхаар нь яваад орчихсон. Тэгээд байшингийн хаалганд цоож зүүлттэй байхаар нь нөгөө авч явж байсан арматур төмрөөрөө эвдэж ороод хөргөгчнөөс нь хөлдүү махнууд, авдар дээр байсан дугуй хэлбэртэй цаг, эрэгтэй хүний хос сандаал зэрэг аваад гарсан. Тухайн үед согтуу явж байсан болоод ч тэр юм уу авч явж байсан цэнхэр өнгийн цүнх, түүсэн лааз зэргээ байшинд үлдээгээд явсан байсан. Дараа нь цагийг нь 7 буудалд танихгүй хүнд 2000 төгрөгөөр зараад архи аваад махаар нь хоол хийж идсэн. Сандаалыг нь хэсэг өмсөж байгаад хаячихсан ...” гэх мэдүүлэг /хх-160-163х/, “Би Чингэлтэй дүүргийн 7 буудал, эсхүл зуслангийн орчим хоёрдогч түүхий эд зүйл түүж амьдардаг гэдгийг нь өмнө хэлж байсан ба энэ байшингийн хувьд 2020 оны 08 дугаар сарын эхээр цоожийг нь эвдэж орсон. Тухайн үед бас л согтуу явж байсан бөгөөд эзэнгүй өөрөөр хэлбэл цоож нь харагдаж байхаар нь өөрийн авч явж байсан арматур төмрөөр бас эвдэж орсон. Тэгээд дотроос нь хүүхдийн тоглоом, 2-3 куртик, нэг уртасгагч, гар чийдэн, хүүхдийн 3 ширхэг хос гутал зэргийг аваад шуудайнд хийгээд гарсан. Харин маргааш нь билүү нөгөөдөр нь Нарантуул-1 зах ороод хэсэг хэсгээр танихгүй хүмүүст архи мөнгө болгоод зарсан. Миний санаж байгаагаар 30.000 гаруй мянган төгрөг л болсон санагдаж байна ...” гэх мэдүүлэг /хх-128-130х/, “...2020 оны 09 сарын эхээр би халамцуу явж байгаад нэг айлын хашаа руу яваад орчихсон. Тэр хашаан дотор байсан байшингийн цонх нь гэрэлгүй байсан болохоор дөхөж очоод гадна хаалгыг нь татсан чинь онгойсон. Харин дотор талын хаалга нь цоожтой байсан болохоор би гадна талын хаалгыг дарсан байсан нэг тал тоосгыг аваад том цонхыг нь хагалж орсон. Тэгээд том өрөөнд нь байсан хөргөгчийг онгойлгоод хэдэн жижиглэсэн хөлдүү мах, цонхны дэргэд байсан багажнуудыг үзэж байгаад арай авсаархан харагдсан нэг жижиг тасдагчийг нь аваад гарсан. Уул нь зөндөө багаж байсан боловч авч явж дийлэхгүй байхаар нь орхисон. Тэгээд махаар нь хоол хийж идээд, тасдагчийг нь Нарантуул-1 зах дээр танихгүй хүнд хямдхан өгчихсөн ...” гэх мэдүүлэг /хх-202-204х/, “Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр санагдаж байна. Хамгийн сүүлд хулгай хийж байгаад баригдсан болохоор сайн санаж байна. Тухайн үед ...- зуслангийн орчим хог түүгээд явж байхад замын доохон талд цоожтой Монгол гэр харагдсан. Тэр үед гэгээтэй бас тэр Монгол гэр байсан хашаа нь сараалжин хашаатай байсан болохоор сайн харагдаж байсан. Тухайн үед би эрүүл байсан бөгөөд цоожийг эвдэх гэсэн чинь болохгүй байсан. Тэгэхээр нь авч явж байсан нэг хутгаараа бүслүүрийг нь тасдаад цаана нь байх Монгол гэрийн ханыг эвдэж орсон. Тэгээд тэр айлаас хоёр хонины толгой, 40 л төмөр сав, мах зэрэг аваад гарсан чинь цагдаа нар ирээд намайг барьсан ...” гэх мэдүүлэг /хх-231-233х/,

Хохирогч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хүүхдийн куртик, тоглоом, гар чийдэн, уртасгагч, нилээн хэдэн хувцас байсан. Тэдгээрийг алдсан. Үнэлгээний хувьд үнийн комисс үнэлсэн байсан нь бага санагдсан” гэв.

Хохирогч Э.Б-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай зуслангийн байшин Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, ...-гийн зуслангийн задгай тоотод байдаг бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 2-ны өдөр манайх зуслангийн байшингаасаа яваад хотод ирээд эргээд 2020 оны 8 дугаар сарын 4-нтй өдөр очсон чинь зуслангийн байшингийн хаалганы цоож эвдэгдсэн байдалтай хулгайч орсон байхаар нь дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-107-108х/,

Хохирогч П.У-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо ... тоотод байх гэртээ иртэл манай гэрийн цоож эвдэрсэн хулгай орсон байдалтай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай гэрээс эрэгтэй, эмэгтэй хүний пүүзэн гутал, ЛЖ маркийн цагаан өнгийн гар утас, плитек зэрэг эд зүйлс алдагдсан ...” гэх мэдүүлэг /хх-22-23х/,

Хохирогч С.Т-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай зуслангийн байшингийн болох Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, ...-гийн задгай тоотод байх зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн хулгай орсон. Байшин руугаа ортол хөргөгчний хаалга онгорхой, дотор нь байсан 4-5 кг хонины мах алга болсон байсан. Мөн манай гэрийн авдран дээр байсан ширээний цаг, миний гэрийн сандал алга болсон байсан ...манай гэрээс өөр эд зүйл алдагдаагүй ...” гэх мэдүүлэг /хх-74х/,

Хохирогч Л.Б-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ... тоотод амьдардаг бөгөөд тэндээ бас ажлын байраа давхар байлгадаг юм. Байшинд маань хэд хэдэн ойр зуурын багаж байхаас гадна миний амьдралын эд хогшил тавилга байдаг гэсэн үг. Би 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13.00 цагийн үед гэрээсээ гараад тэр өдрөө гэртээ хоноогүй ба харин 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22.00 цагийн үед гэртээ ирсэн чинь манай байшингийн цонхыг тоосгоор хагалсан байсан. Тэгээд гэртээ яваад ороход маш олон зүйл байсан болохоор юу алдагдсан талаар мэдэхгүй байсан боловч дараа нь цагдаа нар ирээд явсаны дараа юмаа шалгаж үзэхэд мах, тасдагч алга болсон байсан ...” гэх мэдүүлэг /хх-178-180х/,

Хохирогч Б.Б-гоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд манай гэр бүл Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших ...- зусланд зуслангийн газартай юм. Тэндээ энэ зун 5 ханатай Монгол гэр барьсан бөгөөд хааяа гэр бүлтэйгээ очоод амарчихдаг, эсхүл найз нөхдөө дуудаад салхинд гардаг юм. Тэгтэл 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай тэндэхийн хүн над руу залгаад танай гэр лүү хүн ороод байна гэхээр нь тухайн үед ойрхон явж байсан болохоор шууд очсон чинь нэг хөгшин настай хүн Монгол гэрийн ханыг эвдэж ороод дотроос нь бетон, мах, хонины толгой зэргийг аваад гадаа авч явах гээд бэлдээд тавьчихсан байсан. Тэгээд тэр хүнийг барьж аваад цагдаа дуудаад өгсөн ...тэр хулгай хийсэн хөгшин хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-218-219х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-13х, 138-143х, 96-101х, 171-175х, 212-216х/,

Шүүгдэгч Ц.Хын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-18х/,

Шүүгдэгч Ц.Хын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 40 см урттай, арзгар гадаргуутай эвдлэгч багажийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-19х/,

Хохирогч П.У-ын гэрээс алдагдсан гэх эд зүйлийн үнэлгээ. Дамно хөрөнгө үнэлгээний компаниас гаргасан үнэлгээний тайлан /хх-39-40х/,

Дамно ХХК-наас гаргасан хохирлын үнэлгээний тайлан /хх-155-156х/,

Дамно ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ЧД2-20-548 дугаартай ...куртика, гар чийдэн, хүүхдийн усны гутал, хүүхдийн Гега-7 угсардаг тоглоом, Монел загварын цахилгааны уртасгагч залгуур нийт 217.880 төгрөг ...” гэсэн үнэлгээний тайлан /хх-122-123х/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-197-198х/,

Дамно хөрөнгө үнэлгээний компаниас гаргасан үнэлгээний тайлан /203.700 төгрөгийн хохирол/ хх-224-225х/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66х/,

Шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх-69-85х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Ц.Х нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн П.У-ын хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар нэвтрэн орж эрэгтэй, эмэгтэй хүний пүүзэн гутал, ЛЖ маркийн цагаан өнгийн гар утас, плитек зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 180.543 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ...- зуслангийн задгай тоотод оршин суух иргэн С.Т-ын хүн байнга амьдрах зориулалт бүхий зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж хонины мах, ширээний цаг, сандал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, авч  бусдад нийт 42.500 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 2-4-ний өдрийн хооронд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ...-гийн зуслангийн задгай тоотод байрлах хохирогч Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох зуслангийн байшинд нэвтэрч эмэгтэй хүүхдийн даавуун гадуур хувцас, куртик, гар чийдэн, хүүхдийн усны гутал, хүүхдийн Гега-7 угсардаг тоглоом, Монел загварын цахилгааны уртасгагч, залгуур, эмэгтэй хүний кетэн гутал зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 217.800 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Л.Б-ы хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор нэвтрэн орж цахилгаан тасдагч, мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 44.600 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ...-гийн зуслангийн задгай тоотод орших иргэн Б.Б-гийн Монгол гэрийн хаалганы зүүн талын ханыг хугалан хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлахыг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 485.443 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Ц.Хад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ц.Х нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг барагдуулаагүй байх тул түүнээс хохирлын 217.800 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Б-т, 180.543 төгрөгийг гаргуулан хохирогч П.У-ад, 42.500 төгрөгийг гаргуулан хохирогч С.Т-ад, 44.600 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Б-д тус тус олгох нь зүйтэй.

Харин хохирогч Б.Б- нь Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн 203.700 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.Хаас нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Б.Б-д төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 40 см урттай, арзгар гадаргуутай төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 58 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдав.