Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 42

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Л.Батжаргалын нэхэмжлэлтэй “Бичиг баримтын эзэмшигч, ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх  хуралдаанд:

           Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган суманд 1961 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, Жаргалантын 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 35 тоотод  оршин суух, эрхэлсэн ажилгүй                                       

                                   Сансар овгийн Лхагвагийн Батжаргал         

                                   регистрийн  дугаар: МЖ- 61052014

 

          Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  С.Энхтайван  нар  оролцов.

                                            

                                                         Тодорхойлох нь:

     Нэхэмжлэгч: Л.Батжаргал шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

     ... Миний бие анх 1979 оны 7 дугаар сарын 1-нд Зүүнбүрэн сумын төвийн 3 дугаар бригадад тракторчнаар ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 1991 оны 2 дугаар сарын 1-нд “Дэвшил” компанид тракторчнаар шилжин ажиллаж байгаад 1993 оны 3 дугаар сарын 1-нд “Баянхангай” компанид тракторчнаар орж тасралтгүй 4 жил ажилласан.  Иймээс 1991 оны 2 дугаар сарын 1-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиласан хүнд нөхцлөөр тогтоож өгнө үү! гэжээ.

 

      Нэхэмжлэгч: Л.Батжаргал 2017 оны 01 дүгээр сарын 04-нд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлдээ:

  ...Л.Батжаргал миний бие шүүхэд 1991 оноос 1994 оныг хүртэл “Дэвшил”, “Баянхангай” ХХК-д тракторчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Тэгтэл надад 1977 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэрийг буруу бичсэн байгаа тул уг хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр намайг тогтоож өгнө үү!  гэжээ.

 

        Нэхэмжлэгч: Л.Батжаргал шүүх  хуралдаанд  гаргасан тайлбартаа:

    ... Би 1991 оны 02 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Дэвшил” ХК-д тракторчноор ажиллаж байсан. Энэ үеийн ажилласан жил маань хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул би шүүхэд хандаж, ажилласан жилээ тогтоолгох гэсэн юм. Мөн хөдөлмөрийн дэвтэрийн овог буруу бичигдсэнийг зөв болгуулах хүсэлтэй байна... гэв.

                 

                   Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                            Үндэслэх нь:

 

          Нэхэмжлэгч Л.Батжаргал 1991 оноос 1994 оныг дуустал “Дэвшил” ББХК, “Баянхангай” ХК-д тракторчнаар ажиллаж байсан үеийн тушаал шийдвэрүүд олдохгүй, архивт шилжин ирээгүй гэх шалтгааны улмаас ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэрийг буруу бичсэн байх тул бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

          Л.Батжаргалын овог нь “Лхагва” болох нь хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан “овог Сансар, эцгийн нэр Лхагва, нэр Батжаргал” гэж бичигдсэн иргэний цахим үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх тул 1977 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Техник Мэргэжлийн сургуулийн захиргаанаас “овог Лхавга, нэр Батжаргал” гэж ташаа  бичигдэж олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн  жинхэнэ эзэмшигч Сансар овгийн Лхагвагийн Батжаргал мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэгч Л.Батжаргал 1983 онд цэргийн алба хааж ирээд Зүүнбүрэн “Сангийн аж ахуй”-н үр тарианы бригадад тракторчнаар ажиллаж байгаад 1991 оны 02 дугаар сарын 01-нд ажлаас чөлөөлөгдөн “Дэвшил” ББХК-ны захирлын 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар уг компанид шилжин ажиллаж байгаад, 1993 оны 03 дугаар сарын 02-нд “Баянхангай” компаний захирлын 1993 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21 тоот тушаалаар “Баянхангай” ХК-д шилжин, 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсан болох нь  хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилтүүд болон Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан “Архивын лавлагаанууд”, хамт ажиллаж байсан гэх Ш.Цэвээндорж, П.Оюунцэцэг, Б.Төмөр-очир нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.   

          Иймд Сансар овгийн Лхагвагийн Батжаргалыг  1991 оны 02 дугаар сарын 01-нээс 1993 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын  “Дэвшил” ББХК-нд, 1993 оны 03 дугаар сарын 02-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тус сумын  “Баянхангай” ХК-нд тус тус тракторчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага  болгон   ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1977 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Техник Мэргэжлийн сургуулийн захиргаанаас “овог Лхавга, нэр Батжаргал” гэж ташаа  бичигдэж олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн  жинхэнэ эзэмшигч Сансар овгийн Лхагвагийн Батжаргал мөн болохыг мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135  дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сансар овгийн Лхагвагийн Батжаргалыг 1991 оны 02 дугаар сарын 01-нээс 1993 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын  “Дэвшил” ББХК-нд, 1993 оны 03 дугаар сарын 02-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тус сумын “Баянхангай” ХК-нд тус тус тракторчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Батжаргаын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ