Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 00324

 

   2020          10            14                                            2020/ШЦТ/324

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Берикбол,

Шүүгдэгч С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-т холбогдох 2038004740368 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.Б.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг “Бага Хөеөт” гэх газраас Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтанд орсон 1 тооны халиун эр бугыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж амьтны аймагт 13.200.000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсанд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б- нь шунахайн сэдэлтээр 2020 оны 08 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг “Бага Хөеөт” гэх газраас Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор “ховор” амьтны жагсаалтанд орсон 1 тооны халиун эр бугыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтны аймагт 13.200.000 төгрөгийн хохирол учруулж, “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С.Б-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркын цагаан өнгийн мотоциклийг битүүмжилсэн тэмдэглэл /15-16 дугаар хуудас/,

- Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн хэргийн талаар 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүк дээр экологийн цагдаагийн пейж хуудаснаас Тариалан сумын Бага хөеөөт гэх газар хууль бусаар Халиун буга агнасан гэх мэдээллийг хараад мэдсэн. Тэрнээс яг болсон хэргийн талаар сайн мэдээгүй байсан. Би иргэн С.Б- гэх хүнийг сайн танихгүй. Агнагдсан халиун буганы экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлвөл надад өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 08 дугаар сарын 05-ны өглөө үүрээр Их-Уул сумын Асгат багийн Жаргантаас гэрээсээ гарч яваад Зүлэгтийн гүүрний баруун талд байдаг засмал замтай нийлдэг шороон замын уулзварт ирэх үед машин, мотоцикль зогсчихсон харагдсан. Юун хүмүүс байдаг билээ гээд зогстол цагдаа хүрээд ирсэн. Тэгээд намайг хаа хүрч явна гэж асуугаад дараа нь тэгснээ эндээс буга агнасан хүн барьсан. Мотоциклийг нь мах шөл ачна. Хэргийн газар нь очно таныг машинтай чинь дайчилж байна, бидний ажилд туслаач гэхээр нь би явсан. Тэндээс мотоцикль, шуудайтай зүйл ачаад Баян хошууны хөндий өгсөж Бага хөеөт гэх газарт айлын өвөлжөөний ойролцоо модон дотор очсон. Тэндээс бугын толгой, эвэр зэргийг ачаад цагдаа нар баахан зураг авч, бичиг цаас болж байгаад дуусаж одоо Тариалан сумын төвд биднийг хүргэж өг гээд Тариалан явсан. Би тэдний машиныг дагаж явсаар Тариалан орж цагдаагийн байранд очиж миний машин дээр ачсан зүйлүүдийг буулгаж аваад дуусахад нь би явлаа арын ажил болохоо байлаа гэж хэлээд Их-Уул сум руу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2020/6 дугаартай: “...5. Шинжилгээнд ирүүлсэн амьтан нь 1 зүйлийн амьтан буюу 1 толгой эр буга гэж үзэн халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор эр 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянган/ төгрөг байхаар тогтоосон байдаг. Шинжилгээнд 1 толгой эр халиун буга гэж тогтоосон тул 1 эр буга 6.600.000х1 толгой эр буга = 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянган/ төгрөг болж байна. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалтыг зөрчсөн. 6. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор эр буга 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянган/ төгрөг тогтоосон хэмжээг хоёр дахин өсгөж 13.200.000 /арван гурван сая хоёр зуун мянган/ төгрөгөөр дээрх үйлдлийн улмаас учирсан хохирлыг тооцож гаргаж байна” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

- “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 188 дугаартай: “Хятад улсад 2018 онд үйлдвэрлэгдсэн, Мустанг-5 маркын мотоцикль нь 2020 оны 09 дүгээр сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 600.000 төгрөгийн үнэтэй” гэх тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 111 дугаартай: “...2. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 1944 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн ко-91/30 загварын 7.62Х64R калибрь бүхий винтов буу байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би орой 18 цагийн үед Тариалан сумын 5-р багийн нутаг Хөндлөн гэдэг газраас өөрийн өвөлжөө болох “Бага Хөеөт” гэдэг газарлуу адуугаа харахаар мотоцикльтой явсан. Адуугаа харчихаад өвөлжөөнийхөө нурсан шургаагийг янзалчихаад өвөлжөөнөөс нэлээн цаашаа яваад Асгатын ам гэдэг газар ногоон тэжээл тарьсан байсныгаа эргэх гэж очсон. Тэгж байгаад буцаад өвөлжөөн дээрээ ирээд харанхуй болсон. Гэртээ харихаар замаар хөдөлж явтал модны захад мотоциклийн гэрэлд амьтны нүд өгсөн. Мотоциклиосоо буугаад хараад байтал тэр хавьдаа байгаад байсан. Надаас 200-300 метр зайтай байсан байх гөрөөс юм шиг харагдаад байхаар нь би буугаа сумалж байгаад буудсан чинь нүд өгч байсан газарт байхгүй болчихсон. Тэгэхээр нь яваад очтол гөрөөснөөс арай том амьтан уначихсан байсан бөгөөд том эвэртэй /буга/ юм шиг байсан. Тэгээд яахуу ийхүү гэж байгаад ер нь нэгэнт буудчихсан юм чинь янзалчихая гэж бодоод өвчөөд махыг нь 2 шуудайд хувааж хийгээд авч явсан. Гэрлүүгээ явж байтал Зүлэгтийн гүүрний дээд талд машинтай 2 цагдаатай тааралдаад баригдсан. ...би энэ буруутай үйлдэлдээ чинь сэтгэлээсээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/,

- Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 54 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/,

- 2019 оны мал, тэжээвэр амьтад, хашаа худгын тооллогын баримт /хх-ийн 56-59 дүгээр хуудас/,

- Б.И, Б.А нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

- Э.Н, С.Б- нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 62 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх ...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, галт зэвсгийн үзлэг тооллогыг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар ард түмний мэдэл, төрийн төрийн хамгаалалтанд байх ховор амьтан болох 1 тооны эр буга агнаж, экологи эдийн засагт хохирол учруулж, байгаль орчин “амьтны жам ёсны эрх”-д хор уршиг учруулсан үр дагаварт зориуд хүргэж, хууль бусаар ан агнах үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь “амьтны жам ёсны эрх”-д халдсан буюу амтад идэш тэжээлээ олох, амьдрах идээшил, тархац нутгаа сонгох, үржил хөөцөлд орж, үр төлөө үлдээх, бүл сүрэгтэй дасан ижилсэх, айдас цочрол, хомроглон устгагдахаас ангид байх, Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасныг зөрчиж ховор амьтан болох халиун буга агнасан нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан эр буганы экологи эдийн засгийн үнэлгээ болох 6.600.000 төгрөгийг хоёр дахин өсгөсөн мөнгөн дүн болох нийт 13.200.000 төгрөгийн хохирол учирч түүний улмаас байгаль орчинд бага бус хэмжээний хохирол учруулсан байна.

Шүүгдэгч С.Б- нь амьтны аймагт 13.200.000 төгрөгийн хохирол учруулснаас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын төрийн сангийн 100171000988 тоот дансанд хүү торгуулийн орлого нэрээр 4.000.000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээллийн баримт /хх-ийн 67 дугаар хуудас/, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөгийг төрийн сангийн хүү торгуулийн 100171000988 тоот дансанд оруулсан ХААН банкны шилжүүлгийн баримтыг шүүх хуралдаанд гарган өгч байх тул хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Б-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркын улсын дугааргүй цагаан өнгийн мотоциклийг 600.000 төгрөгийн хохирол төлбөрт оруулан тооцож, шүүгдэгчээс 5.600.000 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газарт олгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллгааны зардалгүй байна.

  1. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б- нь гэмт хэрэг үйлдэхдээ урьдаас төлөвлөж үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй болно.

Шүүгдэгч С.Б- нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, өөрийгөө илчилснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн гэм буруугаа ухамсарлан гэмшиж гэм буруугаа хүлээсэн, шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байдал, хохирол төлбөрийн тодорхой хувийг төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хувийн байдлын хувьд “..С.Б-ийн эхнэр Э.Нямцэцэг нь 5 сартай жирэмсэн, хүү Б.Итгэл нь 2 настай, охин Б.Анир нь 9 сартай” гэх Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55/, урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, хохирол төлбөрөөс нөхөн төлж, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн талаарх банкны кассын орлогын баримт /хх-ийн 67/ болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт хэрэгт авагдсан зэргийг харгалзан шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван жил хүртэл хорих ял шийтгэх”-ээр заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэснийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно”, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэргийг ахин үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн “...хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзсэнийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Б-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркын улсын дугааргүй цагаан өнгийн мотоциклийг 600.000 төгрөгийн хохирол төлбөрт оруулан тооцож Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газар олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

эд мөрийн баримтаар хураагдсан 1944 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн ко-91/30 загварын 7.62Х64R калибрь бүхий винтов бууг хадгалуулахаар Цагдаагийн газарт,

модон иштэй сүх 1 ширхэг, хутга 1 ширхэгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж байна.

Шүүгдэгч С.Б-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар  шүүгдэгч С.Б-т тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэргийг ахин үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар  шүүгдэгч С.Б-ээс 5.600.000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг 2020 онд багтаан гаргуулж Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Б-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркын улсын дугааргүй цагаан өнгийн мотоциклийг 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөрт оруулан тооцож Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газар олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

эд мөрийн баримтаар хураагдсан 1944 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн ко-91/30 загварын 7.62Х64R калибрь бүхий винтов бууг Галт зэвсгийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт,

модон иштэй сүх 1 ширхэг, хутга 1 ширхэгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч С.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ