| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0573/Э |
| Дугаар | 586 |
| Огноо | 2020-09-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 586
2020 09 30 2020/ШЦТ/642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч Ц.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Ц.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010012610739 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..../
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д- мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2010012610739 дугаартай хэргээс:
“...2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэг хашаанд амьдардаг Д-ын дүү Б- болон нэг найз нь ирсэн. Ингээд бид нар 3-4 шил архи хувааж уугаад нилээдгүй согтсон. Д- арай илүү согтсон байсан. Гаднаас ирсэн Д-ын найз нь яваад Б- бид 3 үлдсэн. Д- бид хоёр хоорондоо жоохон маргалдсан. Тэгтэл Д- уурлаад миний нүүр, цээж, гар луу цохисон. Тухайн үед Б- хажуунаас салгаад удаагүй байж байтал гаднаас Д-ын охин, хүргэн хоёр нь хүүхдээ авах гээд ирсэн. Тухайн үед бид нар согтуу, хоорондоо маргалдаж Д- намайг зодчихсон байсан болохоор уур нь хүрээд хүргэн нь цагдаа дуудсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 13-15 дугаар хуудас/,
2. Гэрч Ц.ОБ-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...миний хувьд төрсөн ах Д-ын хамт нэг хашаанд амьдардаг юм. Ах сүүлийн хэд хоног Гаваа гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа бөгөөд өөрөө надад хэлэхдээ бид хоёр адилхан хань ижлээ алдсан хүмүүс юм байна лээ цаашдаа хамт амьдарна гэж хэлж байсан. Ер нь энэ хоёр маань хоорондоо их эвтэй байдаг. 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Д- ах амарч байсан бөгөөд гаднаас манай найз О- ирэхээр нь ганц шил архи аваад ахынд орсон. Мөн дахин архи авч уусан. Энэ байдлаар 4 шил архи авч уугаад сүүлийн шил архи талдаа орж байхад О- гэртээ харихаар гарсан бөгөөд Д- ах, Гаваа эгч хоёр хоорондоо маргаад эхэлсэн. Гэхдээ би яг юунаас болж маргасныг мэдээгүй. Гэтэл Д- ах уурлаад Гаваа эгчийн нүүр болон гар луу нь 2-3 удаа цохиод авсан. Энэ үед Гаваа эгч Д- ахыг маажчихаар нь би босоод голоор нь ороод салгасан. Ингээд удаагүй байж байтал Д- ахын охин нь нөхрийн хамт орж ирсэн. Ингээд Д- ахын хүргэн нь Гаваа эгч рүү дайрч хоорондоо маргаж байснаа цагдаа дуудчихсан” гэх мэдүүлэг /хх-н 19 дүгээр хуудас/,
3.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7517 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлтэд:
“...- Г.Г-гийн биед эрүү, зүүн өвдөг, цээж, зүүн тохой, баруун шуунд цус хуралт, бүсэлхий нуруу, баруун тохойнд зулгаралт, дээд үүдэн голын хоёр шүдний булгарал, буйланд цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 24-25 дугаар хуудас/,
4. Шүүгдэгч Ц.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэртээ амарч байхад төрсөн дүү ОБ- өөрийн найз О-ын хамт архи авч ирсэн. Уг архийг эхнэр Гаваа болон ОБ-, О- бид нар хувааж уусан. Мөн дахин архи уухаар болоод 3 шил архи дараалан авч уусан. Миний хувьд уусан архиндаа нэлээн согтсон байсан бөгөөд нэг ухаан ороход Г.Г-тай маргалдаж байгаад цохиод байх шиг байсан. Тухайн үед гаднаас манай охин Болор-Эрдэнэ нөхөр Мятав-Очирын хамт орж ирээд маргаж байгаад цагдаа дуудчих шиг болсон. Удалгүй цагдаа нар ирээд биднийг авч явсан” гэх мэдүүлэг /хх-н 48 дугаар хуудас/,
5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ц.Д- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 22-752 тоотод хамтран амьдрагч Г.Г-тай маргалдаж, улмаар биед нь халдаж гараараа цохиж эрүүл мэндэд нь эрүү, зүүн өвдөг, цээж, зүүн тохой, баруун шуунд цус хуралт, бүсэлхий нуруу, баруун тохойнд зулгаралт, дээд үүдэн голын хоёр шүдний булгарал, буйланд цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Г.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Д- бид хоёр хоорондоо жоохон маргалдсан. ...Ц.Д- уурлаад миний нүүр, цээж, гар луу цохисон.” ...гэх мэдүүлэг /хх-н 13-15 дугаар хуудас/,
- Гэрч Ц.ОБ-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д- ах, Гаваа эгч хоёр хоорондоо маргалдаад... ...Ц.Д- ах уурлаад Г.Г- эгчийн нүүр болон гар луу нь 2-3 удаа цохиод... ...би босоод голоор нь ороод салгасан.” ...гэх мэдүүлэг /хх-н 19 дүгээр хуудас/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7517 дугаартай дүгнэлт /хх-н 24-25 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ц.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...нэг ухаан ороход би Г.Г-тай хэрэлдэж байгаад цохиод байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хх-н 48 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ц.Д- нь хохирогч Г.Г-тай маргалдан хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухай:
Тус хэргийн улмаас хохирогч Г.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дах заалтад зааснаар “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ц.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Ц.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Д-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д- нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан өдрөөс, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН