Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1281

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, овогт Ч.Ц/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, овогт Б.Б-д холбогдох,

 

“200,000 төгрөг болон Оюунмөнх ЗБН-ийн 2012, 2013 оны татварын тайлангууд гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй,

 

“Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 1,963,915 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ц, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Цэвэл нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Цгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.Б надтай Сан дээд сургууль болон Ц.Бат‑Эрдэнэд холбогдох хэрэгт туслалцаа үзүүлэхээр 2 эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллуулсан. Хоёр шатны шүүхээр явж өгсөн.

Гэтэл 2015 оны 03 дугаар сарын 18‑ны өдөр бид маргалдаж муудалцсан. Б.Б нь маргааш болох Улсын дээд шүүхийн Ц.Бат‑Эрдэнэд холбогдох хуралд ороогүй.

Сан дээд сургуультай холбогдох хэрэгт бид 2 талаасаа шүүхэд татгалзсан. Сан дээд сургуульд холбоотой хэрэгт бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээр ярилцаж би Б.Бгийн дансаар 200.000 төгрөгийг тэмдэгтийн хураамж гэж шилжүүлсэн боловч Б.Б ямар ч ажиллагаа хийгээгүй байсан.

Би хэргийн материалтай танилцахад 200.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт байхгүй байсан. Би чамаас цалин мөнгөө авсныхаа дараа чиний бичиг баримтыг өгнө гэж хэлсэн. Би тухайн үед Б.Бгийн хувийн дансруу мөнгө хийхдээ юмыг яаж мэдэх үү гээд Ч.Ц гэдгийн доор т/хураамж гэж бичсэн. Б.Б тэрийг ажлын хөлсөнд гэж оруулдаг юм байна лээ. Өөрөө Сан дээд сургуультай холбоотой эхний хэрэг дээр цалингаа бүтэн авсан. 2.200.000 төгрөг авсан. Хоёрдугаар хэрэг дээр эхний хэрэгт амжилт олж өгөөгүй учир үнэгүй явж өгнө гэж байсан. Энэ 200.000 төгрөгийг хуурамчаар үйлдэх ямар ч боломж байхгүй. Би өөрөө гараараа бичих боломжгүй. Улаанбаатар банкнаас хуулбар гаргуулсан байгаа.

Мөн өөрт нь чухал нотлох баримтуудыг өгсөн байсан. Тэгээд Б.Б миний хэрэгт явахаа больж бидний хэн аль нь итгэмжлэлээсээ татгалзсан тул холбогдох баримтуудаа, 200.000 төгрөгөө Б.Бгаас нэхсэн. Гэтэл Б.Б нь гэрээгээ дүгнэх шаардлагатай, түүнээс нааш би баримтууд өгөх боломжгүй гэж хэлсэн. Иймд Б.Бгаас 200.000 төгрөгийг гаргуулах, Оюунмөнх ЗБН‑ийн 2012, 2013 оны татварын тайлангуудыг гаргуулах” гэв.

 

Нэхэмжлэгч Ч.Ц сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Б.Бгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд Ц.Бат‑Эрдэнэ, Сан дээд сургуульд холбогдох маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээний ар талд эхний урьдчилгаа мөнгө 800.000 төгрөг болон дараагийнх дээр нь 400.000 төгрөг авч байсан. Энэ хоёр гэрээгээр миний бичиг хэрэг, нэхэмжлэл зэргийг өөрөө гардаж хийдэг байсан. Бүх шатны шүүх хуралдаанд бүгдэд нь ганцаараа оролцож байсан. Намайг оролцуулдаггүй байсан.

Харин Б.Б нь Улсын дээд шүүхийн хуралд ороогүй. Тийм учраас би үлдэгдэл төлбөрийг төлөхгүй.

Би үлдсэн мөнгийг нь өгөхгүй гэж бодож байгаа. Намайг хохироосон. Сан дээд сургуульд холбогдох хэрэг дээр би Б.Бтай 2.100.000 төгрөг гэж ерөөсөө тохиролцоогүй. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ард гарын үсэг зуруулж, мөнгөө өгдөг байсан. Өөрөө бол надад зарлагын хуудас зэрэг баримт өгч байгаагүй. 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сан дээд сургуульд холбогдох хэрэгт бүх баримтаа эх хувиар нь өгдөг байсан. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний эх хувийг нь Б.Бд өгөөд, өөрөө хувилуулаад авч үлдсэн. Тэр үед нэхэмжлэл гаргах гэж байна 400.000 төгрөг өг гэж надад хэлсэн. Тэгээд би хувилсан хувь дээрээ эхний 300.000 төгрөг болон дараагийн 100.000 төгрөгийн өгөөд, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа цалин, хөлсөө авсан байсан. Өөрөө нэхэмжлэлээ бичсэн. Хэрвээ Б.Б эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээн дээрээ 400.000 төгрөг гэж бичээгүй юм бэ, яагаад 2.100.000 төгрөг гэж бичсэн юм бэ, Б.Б өөрөө энийгээ бодож гаргаад нэхэмжлэлдээ тусгасан байгаа. Тэр бол нотлогдоно. Тийм байсан юм бол 400.000 төгрөг гэж бичихгүй яасан юм. 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, 14 хоногийн өмнө би Б.Бд өгсөн байсан. Нийт 2.900.000 төгрөгийн цалин өгсөн. Сан дээд сургуулийн эхний хэргийн цалингаа бүтнээр нь өгчих, би дараагийн гэм хорын хэрэгт чинь үнэгүй явж өгье гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх санал гаргаж, 200.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлөх гэж байгаа мөнгө хэрэгтэй гэхээр нь би шилжүүлсэн. Б.Бгийн хувийн дансанд шилжүүлсэн болохоор улсын тэмдэгтийн хураамж гэж бичиж болохгүй тул би Ч.Ц гэдгийн ард т/хураамж гэж бичсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Бидний хооронд эрх зүйн туслалцаа нэртэй гэрээ байгуулагдсан нь үнэн. Гэхдээ би Ч.Цгийн өмгөөлөгч гэж явдаггүй, хэрэгтээ дандаа итгэмжлэл өгдөг. Харин өөрсдийн хооронд үүсэх харилцаагаа гэрээгээр зохицуулж байсан. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд итгэмжлүүлэгч гэсэн байдаг. Тийм учраас би Ц.Бат‑Эрдэнэ болон Сан дээд сургуультай холбоотой асуудлаар Ч.Цд хуулийн туслалцаа үзүүлж байсан бөгөөд асуудлууд дууссан.

Ч.Цгийн нэхэмжлэлтэй Сан дээд сургуульд холбогдох 28.512.500 төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт анх 2013 оны 10 сарын 05-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. Мөн Дүүргийн иргэний хэргийн 4 дүгээр шүүх буюу Багахангай, Налайх дүүргийн шүүхэд Ч.Цгийн нэхэмжлэлтэй Ц.Бат-Эрдэнэд холбогдох хэрэгт 23.360.800 төгрөг гаргуулах тухай хэрэгт 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөн хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. Энэ хүний яриад байгаа шиг эрхийг нь зөрчсөн асуудал байхгүй. Энэ 2 хэрэг нь Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Үүний дараа Сан дээд сургуульд холбогдох гэм хорын хохирол гаргуулах тухай хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж өгөөч гэсний дагуу гэрээ байгуулах санал тавиад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж байсан. Энэ үед өмнөх хэргүүдийн үйлчилгээний хөлс Ч.Цгаас төлөгдөж дуусаагүй байсан. Урьдчилгаа төлбөр авахаар болж 200.000 төгрөг шилжүүлсэн. Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр авсан асуудал байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 болон 38 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд үнэн зөв тайлбар гаргах болон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг зохигчид өөрсдөө хүлээдэг гэж үзэж байгаа.

Сан дээд сургууль болон Ц.Бат-Эрдэнэтэй холбогдох хэрэг дууссан ба Сан дээд сургуульд холбогдох 2 дахь хэрэгт хуульд заасан үндэслэлээр харилцан бие биеэсээ татгалзсан. Ч.Цг хохироох асуудал үүсээгүй.  Хуулийн дагуу татгалзлаа өгөөд цаашид энэ хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч авах эрхийг нь хангуулах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргаж шүүх хуралдаан хойшилсон. Ж.Ц өмгөөлөгч явж байсан. Энэ хугацаанд буюу шийдвэр гарах хүртэл хугацаанд бичиг баримт, мөнгө цаасаа авъя гэсэн  шаардлага гаргаж байгаагүй. Дараа бол бичиг баримт болон 200.000 төгрөгийн асуудал яригддаг. Яриад байгаа энэ 200.000 төгрөгөөр тэмдэгтийн хураамж төлнө гэсэн асуудал байхгүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Татварын тайлангууд  нь Сан дээд сургуульд холбогдуулан анх нэхэмжлэл гаргахдаа хэрэгт холбоотой татварын тайланг авч өгөхгүй байсан гэсэн тайлбар гаргадаг.

Татварын акт гаргасантай холбоотой Татварын маргаан таслах комисст гомдол гаргуулахаар надад хүсэлт тавиад надад татварын тайланг авчирч өгсөн. Би Татварын маргаан таслах комисст гомдол бичиж өгсөн. Сүүлд гаргасан хүсэлтдээ татварын маргаан таслах комисст өргөдөл бичүүлсэн нь үнэн гэж тайлбар гаргасан байсан. Энэ татварын тайланг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй.

Харин 200.000 төгрөгийн хувьд би буцааж өгөх хууль зүйн үндэслэл байхгүй. Яагаад гэвэл энэ миний ажлын урьдчилгаа байсан юм. Өөрөөр хэлбэл Сан дээд сургуультай холбоотой бидний хооронд хоёр дахь аман тохиролцоо явагдсан, гэхдээ бичгээр гэрээ байгуулж амжаагүй байсан юм. Тэгээд би надад урьдчилгаа хэрэгтэй байна, хүүхдийн сургалтын төлбөр төлөх шаардлагатай гэж хэлсэн учир Ч.Ц зөвшөөрч надад эхний ээлжинд 200.000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь баримтаар харагдах бөгөөд гүйлгээний утга гэсэн хэсэгт нь Б.Б орлого гэсэн байгаа. Харин гарын үсэг зурсны ард т/хураамж гэснийг Ч.Ц сүүлд нэмсэн байх, хэрэв тэмдэгтийн хураамж гэсэн бол гүйлгээний утга гэдэг дээрээ тэмдэгтийн хураамж гэдгээ бичих байтал тэгж бичигдээгүй байгааг шүүх анхаарна уу” гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Би Ч.Цтай Ц.Бат‑Эрдэнэ болон Сан дээд сургуульд холбогдох хоёр хэрэгт хуулийн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулсан нь үнэн. Эхлээд бидний хооронд 2013 оны 10 дугаар сарын 05‑ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд хянагдаж байсан Сан дээд сургуульд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 28.512.500 төгрөг гаргуулах тухай хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх нэртэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр би хэргийг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл туслалцаа үзүүлэн, Ч.Ц шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөх, хөлс төлөх үүргийг хүлээсэн. Хөлсийг бид нэхэмжлэлийн үнийн дүнгийн 7 хувиар тохиролцсон.  Итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх ажиллагаа нь хуулиар хориглоогүй. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 07‑ны урьдчилгаанд 400.000 төгрөг авсан. Энэ хэрэг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Миний бие гомдлыг нь бичиж өгсөн, харин хуралд нь ороогүй. Гэхдээ дээд шүүхийн хуралд заавал ороод байх шаардлагагүй учир би ажлаа дуустал нь хийсэн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл бидний хооронд Ч.Цгийн эгч н.Гэрэлтуяагийн асуудлаар маргаан үүссэн байсан учир би гэрээгээ дүгнэх шаардлагатай хэлсэн. Энэ гэрээний үлдэгдэл хөлс болох 1.595.875 төгрөгийг Ч.Ц өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Дараа нь бидний хооронд 2014 оны 01 дүгээр сарын 05‑ны өдөр Ц.Бат‑Эрдэнэд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 23.360.800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нэртэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан юм. Уг гэрээгээр би хэргийг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл туслалцаа үзүүлэх, Ч.Ц нь шаардлагатай баримтуудыг гаргаж өгөх, хөлс төлөх үүргийг хүлээсэн бөгөөд хөлс нь нэхэмжлэлийн шаардлагын 5 хувиар байсан юм. Ингээд урьдчилгаанд 2014 оны 02 дугаар сарын 20‑ны өдөр 60% буюу 800.000 төгрөгийг авсан. Энэ хэрэг нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхээр шийдвэрлэгдсэн. Харин Ц.Бат‑Эрдэнэтэй холбоотой хэрэг Улсын дээд шүүх хүртэл яваад дууссан, миний бие ажлаа хийсэн. Энэ нь 3 шатны шүүхийн шийдвэрүүдээс харагдана. Гэтэл Ч.Ц миний ажлын хөлсний үлдэгдэл 368.040 төгрөгийг төлөөгүй юм. Энэ ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл би Ч.Цгаас амаар нэхэж байсан. Гэхдээ Ч.Ц нь эгч н.Гэрэлтуяатайгаа муудалцаж эрүүгийн журмаар шалгагдаж байсан, гэр бүлийн асуудал зэргийг нь бодон харж үзэж явсан. Иймд Ч.Цгаас ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт нийт 1.963.915 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэгэнт миний дансанд орж ирсэн тул 350.000 төгрөгийг хасаад 1.585.875 төгрөгөөс хасаад 1.245.875 төгрөг, нийт 1.613.915 төгрөг болгож багасгаж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Б.Бд холбогдуулан “200,000 төгрөг болон Оюунмөнх ЗБН-ийн 2012, 2013 оны татварын тайлангууд гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Ч.Цд холбогдуулан “Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 1,963,915 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд хариуцагч Б.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 350,000 төгрөгийг  1,613,915 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгажээ.

 

            1.Нэхэмжлэгч Ч.Цгийн үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

            Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Б.Бгийн Хаан банкны 5003065583 тоот дансанд Улаанбаатар хотын банкаар дамжуулан 200,000 /хоёр зуун мянган/ төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэг, Улаанбаатар хотын банкнаас ирүүлсэн орлогын мэдүүлгийн баримт болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.Б надтай Сан дээд сургууль болон Ц.Бат‑Эрдэнэд холбогдох хэрэгт туслалцаа үзүүлэхээр 2 эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллуулсан. Сан дээд сургуульд холбоотой хэрэгт бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээр ярилцаж би Б.Бгийн дансаар 200.000 төгрөгийг тэмдэгтийн хураамж гэж шилжүүлсэн боловч Б.Б ямар ч ажиллагаа хийгээгүй байсан.

Би хэргийн материалтай танилцахад 200.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт байхгүй байсан. Би тухайн үед Б.Бгийн хувийн дансруу мөнгө хийхдээ юмыг яаж мэдэх үү гээд Ч.Ц гэдгийн доор т/хураамж гэж бичсэн. Энэ 200.000 төгрөгийг хуурамчаар үйлдэх ямар ч боломж байхгүй. Улаанбаатар банкнаас хуулбар гаргуулсан байгаа.

Бидний хэн аль нь итгэмжлэлээсээ татгалзсан тул Б.Бгаас 200.000 төгрөгийг гаргуулах, Оюунмөнх ЗБН‑ийн 2012, 2013 оны татварын тайлангуудыг гаргуулах” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Бидний хооронд эрх зүйн туслалцаа нэртэй гэрээ байгуулагдсан нь үнэн. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд итгэмжлүүлэгч гэсэн байдаг. Тийм учраас би Ц.Бат‑Эрдэнэ болон Сан дээд сургуультай холбоотой асуудлаар Ч.Цд хуулийн туслалцаа үзүүлж байсан бөгөөд асуудлууд дууссан.

...өмнөх хэргүүдийн үйлчилгээний хөлс Ч.Цгаас төлөгдөж дуусаагүй байсан. Урьдчилгаа төлбөр авахаар болж 200.000 төгрөг шилжүүлсэн. Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр авсан асуудал байхгүй.

Татварын акт гаргасантай холбоотой Татварын маргаан таслах комисст гомдол гаргуулахаар надад хүсэлт тавиад надад татварын тайланг авчирч өгсөн. Энэ татварын тайланг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй.

Харин 200.000 төгрөгийн хувьд би буцааж өгөх хууль зүйн үндэслэл байхгүй. Яагаад гэвэл энэ миний ажлын урьдчилгаа байсан юм. Би надад урьдчилгаа хэрэгтэй байна, хүүхдийн сургалтын төлбөр төлөх шаардлагатай гэж хэлсэн учир Ч.Ц зөвшөөрч надад эхний ээлжинд 200.000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь баримтаар харагдах бөгөөд гүйлгээний утга гэсэн хэсэгт нь Б.Б орлого гэсэн байгаа. Харин гарын үсэг зурсны ард т/хураамж гэснийг Ч.Ц сүүлд нэмсэн байх...” гэж маргажээ.

 

Зохигчид 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ч.Цгаас 200,000 төгрөг шилжүүлсэн, Б.Бд 200,000 төгрөг шилжсэн талаар хэн аль нь маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан Улаанбаатар хотын орлогын мэдүүлгийн баримтаар төлбөрийн зориулалт хэсэгт “Цэрэнболормаа орлого” гэж тэмдэглэгдсэн хэдий ч мөнгө тушаагчийн гарын үсэг хэсэгт “Ч.Ц т/хураамж” гэж бичигдсэнийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “...Сан дээд сургуульд холбоотой хэрэгт бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээр ярилцаж би Б.Бгийн дансаар 200.000 төгрөгийг тэмдэгтийн хураамж гэж шилжүүлсэн...” гэх тайлбар, мөн уг мөнгийг Б.Б нь Сан дээд сургуульд холбогдох иргэний хэрэгт тэмдэгтийн хураамжид төлөөгүй болох нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.3-т “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Б.Бгаас 200,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Б.Б нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас Оюунмөнх ЗБН-ийн 2012, 2013 оны татварын тайлангуудыг нэхэмжлэгч Ч.Цд буцаан өгөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд хуульд зааснаар Ч.Ц нь хариуцагч Б.Бгаас 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 200,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байх тул 200,000 төгрөгийг хариуцагч Б.Бгаас гаргуулж нэхэмжлэгч Ч.Цд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.   

 

2.Хариуцагч Б.Бгийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Ч.Цтай Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хариуцагч Б.Б нь Ц.Бат-Эрдэнэд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 23,360,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд Ч.Цг хуульд заасан үндэслэлээр төлөөлөн уг иргэний хэргийг бүх шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох, нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 5 хувиар тооцож хөлс төлөхөөр тохиролцсон, 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хариуцагч Б.Б нь “Сан” дээд сургуульд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 28,512,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд Ч.Цг хуульд заасан үндэслэлээр төлөөлөн уг иргэний хэргийг бүх шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох, нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 7 хувиар тооцож хөлс төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2013 оны 10 дугаар сарын 05, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдийн “Эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээнүүд болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна. /хх-ийн 29-30, 40-43 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ч.Цгийн шүүхэд гаргаж өгсөн Ц.Бат-Эрдэнэд холбогдох 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн “%” гэсэн хэсэгт ямар нэгэн бичилт байхгүй, харин хариуцагч Б.Бгийн гаргаж өгсөн мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “5%” гэж бичсэн зөрүү байх боловч талууд 2013 оны 10 дугаар сарын 05-ны Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 28,512,500 төгрөгийн үнийн дүнгийн 7 хувиар, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 23,360,800 төгрөгийн үнийн дүнгийн 5 хувиар тохиролцсон байх бөгөөд хэн аль нь энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Б.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...  2013 оны 10 дугаар сарын 05‑ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд хянагдаж байсан Сан дээд сургуульд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 28,512,500 төгрөг гаргуулах тухай хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх нэртэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Хөлсийг бид нэхэмжлэлийн үнийн дүнгийн 7 хувиар тохиролцсон.  Итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх ажиллагаа нь хуулиар хориглоогүй. 2013 оны 10 дугаар сарын 07‑ны урьдчилгаанд 400,000 төгрөг авсан. Энэ хэрэг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Миний бие гомдлыг нь бичиж өгсөн, харин хуралд нь ороогүй. Гэхдээ дээд шүүхийн хуралд заавал ороод байх шаардлагагүй учир би ажлаа дуустал нь хийсэн гэж үзэж байгаа. Энэ гэрээний үлдэгдэл хөлс болох 1,595,875 төгрөгийг Ч.Ц төлөөгүй байгаа.

... 2014 оны 01 дүгээр сарын 05‑ны өдөр Ц.Бат‑Эрдэнэд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 23,360,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нэртэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан юм.              ... хөлс нь нэхэмжлэлийн шаардлагын 5 хувиар байсан юм. Урьдчилгаанд 2014 оны 02 дугаар сарын 20‑ны өдөр 60% буюу 800,000 төгрөгийг авсан. Энэ хэрэг нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхээр шийдвэрлэгдсэн. Харин Ц.Бат‑Эрдэнэтэй холбоотой хэрэг Улсын дээд шүүх хүртэл яваад дууссан, миний бие ажлаа хийсэн. Ч.Ц миний ажлын хөлсний үлдэгдэл 368.040 төгрөгийг төлөөгүй. Иймд Ч.Цгаас ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт нийт 1,963,915 төгрөгийг гаргуулж өгнө үү, нэгэнт миний дансанд орж ирсэн тул 350.000 төгрөгийг хасаад 1,585,875 төгрөгөөс хасаад 1,245,875 төгрөг, нийт 1,613,915 төгрөг болгож багасгаж байна” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Ц сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...  Бидний хооронд Ц.Бат‑Эрдэнэ, Сан дээд сургуульд холбогдох маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээний ар талд эхний урьдчилгаа мөнгө 800,000 төгрөг болон дараагийнх дээр нь 400,000 төгрөг авч байсан. Энэ хоёр гэрээгээр миний бичиг хэрэг, нэхэмжлэл зэргийг өөрөө гардаж хийдэг байсан.

Харин Б.Б нь Улсын дээд шүүхийн хуралд ороогүй. Тийм учраас би үлдэгдэл төлбөрийг төлөхгүй.

Сан дээд сургуульд холбогдох хэрэг дээр би Б.Бтай 2,100,000 төгрөг гэж ерөөсөө тохиролцоогүй. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ард гарын үсэг зуруулж, мөнгөө өгдөг байсан. Өөрөө бол надад зарлагын хуудас зэрэг баримт өгч байгаагүй. 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сан дээд сургуульд холбогдох хэрэгт бүх баримтаа эх хувиар нь өгдөг байсан. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний эх хувийг нь Б.Бд өгөөд, өөрөө хувилаад авч үлдсэн. Тэр үед нэхэмжлэл гаргах гэж байна 400,000 төгрөг өг гэж надад хэлсэн. Тэгээд би хувилсан хувь дээрээ эхний 300,000 төгрөг болон дараагийн 100,000 төгрөгийн өгөөд, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа цалин, хөлсөө авсан байсан. Нийт 2,900,000 төгрөгийн цалин өгсөн. Сан дээд сургуулийн эхний хэргийн цалингаа бүтнээр нь өгчих, би дараагийн гэм хорын хэрэгт чинь үнэгүй явж өгье гэсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нэртэй боловч шүүх нэг талаас хариуцагч Б.Б нь ажил үйлчилгээ үзүүлэх, нөгөө талаас нэхэмжлэгч Ч.Ц нь хөлс төлөх үүрэг хүлээсэн, гэрээний зүйл нь тухайн ажил үйлчилгээ байгаа зэрэг шинжүүдийг харгалзан Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаас үзэхэд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцэж байна.

 

Талууд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай 2013 оны 10 дугаар сарын 05, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр бус эсэхийн талаар маргаагүй болохыг мөн дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 2575 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 166 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 196 дугаар тогтоол, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 707 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 37 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 176 дугаар тогтоолоор Ч.Цтай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, уг хэргүүдийг эцэслэн шийдвэрлүүлсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 13-17, 44-48, 49-52, 53-54, 55-61, 62-63 дугаар тал/

 

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Б.Б нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ буюу хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч Ч.Цгийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Цгийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанд Б.Бг оролцоогүй учир хөлс төлөхгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө” гэж тус тус заажээ.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 05, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “А талын үйл ажиллагааны хөлсийг үйлчлүүлэгч энэ гэрээний 4.2 дахь заалтад дурдсан хэлбэр хугацаанд төлнө”, 4.4-т “талууд үйлчилгээний хөлсийг өгөлцөж, авалцах бүртээ гараар бичсэн баримтыг 2% үйлдэж, тус тусдаа хадгалах бөгөөд энэ нь хоорондоо маргаантай асуудал үүссэн тохиолдолд маргааныг шийдвэрлүүлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болно…”,

2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний 4.2-т “харилцан тохиролцсоны үндсэн дээр үйлчилгээний хөлсийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 7%-иар тооцож төлөхөөр тохиролцсон болно”, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “харилцан тохиролцсоны үндсэн дээр үйлчилгээний хөлсийг 5%-иар тооцож төлөхөөр тохиролцсон болно гэж тус тус зохицуулжээ.

 

Иймд хариуцагч Б.Б нь хууль болон гэрээний дээрх заалтуудын дагуу нэхэмжлэгч Ч.Цгаас ажил үйлчилгээ үзүүлсний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Ц нь үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Б.Б бид шүүхийн шийдвэрээр гарсан дүн бус анхны нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хөлсийг тооцсон гэж, 1,963,915 төгрөгийн шаардлагаа: Ц.Бат-Эрдэнэд холбогдох гэрээний үүрэг 23,360,800 төгрөгийн 5% 1,168,040 төгрөг, үүнээс урьдчилгаанд 800,000 төгрөг төлснийг хасаад үлдэгдэл нь 368,040 төгрөг, Сан дээд сургуульд холбогдох гэрээний үүрэг 28,512,500 төгрөгийн 7% 1,995,875 төгрөг, үүнээс урьдчилгаанд төлсөн 400,000 төгрөгийг хасаад 1,595,875 төгрөг, мөн 350,000 төгрөг нэгэнт миний дансанд орж ирсэн тул 350,000 төгрөгийг хасаад нийт 1,613,915 төгрөг болно гэж тайлбарласан.

 

Хариуцагч Б.Бд нэхэмжлэгч Ч.Ц нь 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний хөлсөнд 400,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний хөлсөнд 800,000 төгрөг, мөн 300,000 төгрөг, 50,000 төгрөгийг төлсөн талаар зохигчид хэн аль нь маргаагүй байна. 

 

Нэхэмжлэгч Ч.Ц нь Сан дээд сургуульд холбогдох хэрэгт хариуцагч Б.Бд хөлсийг хангалттай төлсөн гэж 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний арын хуудсанд бичигдсэн мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай зохигчдын гарын үсэгтэй бичвэрийг үндэслэн маргаж байх боловч уг гэрээ нь хуулбар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Ц нь гэрээний эх хувийг Б.Б авсан, би эх хувийг гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагч Б.Б нь би уг гэрээний эх хувийг шүүхэд гаргаж өгсөн, бидний хооронд ингэж их мөнгө өгч авалцсан зүйл байхгүй, бичвэрийг Ч.Ц өөрөө бичсэн, Б.Б гээд бичсэн нь миний гарын үсэг биш, хэрэв ингэж бичсэн бол надад байгаа гэрээнд ч мөн адил бичвэр байх ёстой гэж маргасан бөгөөд уг маргаантай бичвэрийг зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан хөлсийг өгөлцөж, авалцсан баримт гэж үзэх боломжгүй тул 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх хуулбар гэрээг сөрөг нэхэмжлэлийн татгалзлыг нотолсон баримт гэж үзэх боломжгүй болно.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ч.Цгаас 1,613,915 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Бд олгох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч Ч.Ц нь 200,000 төгрөгийн шаардлагадаа тэмдэгтийн хураамжид 6,650 төгрөг төлөхөөс 6,550 төгрөг төлж 100 төгрөг дутуу төлсөн, хариуцагч Б.Б нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа 46,373 төгрөг төлөхөөс 48,000 төгрөг төлж 1,627 төгрөгийг илүү төлсөн байх тул нэхэмжлэгч Ч.Цгаас дутуу төлсөн 100 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Б.Бгийн илүү төлсөн 1627 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Б.Бд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.3-т зааснаар хариуцагч Б.Бгаас 200,000 төгрөг болон Оюунмөнх ЗБН-ийн 2012, 2013 оны татварын тайлангуудыг гаргуулж нэхэмжлэгч Ч.Цд олгосугай.

 

2.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Цгаас 1,613,915 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Бд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Цгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,750 төгрөг, хариуцагч Б.Бгаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Цгаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 100 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1627 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Бгаас 76,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Цд, нэхэмжлэгч Ч.Цгаас 40,773 төгрөг гаргуулж хариуцагч Б.Бд тус тус олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              И.АМАРТӨГС