| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1625/Э |
| Дугаар | 1673 |
| Огноо | 2020-09-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц. Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 1673
2020 09 17 2020/ШЦТ/1673
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гт холбогдох эрүүгийн 2006 00000 2330 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Амгалан” зах дотор байрлах бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж байхдаа тухайн бэлэн мөнгөний машинд өмнө нь үйлчлүүлсэн иргэн Т.Эгиймаагийн 800.000 төгрөгийг алдаатай гүйлгээний улмаас гарч ирсэн буюу бусдын өмчлөл, эзэмшлийн мөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Гт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Н.Г нь алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Т.Эгиймаагийн мөрдөн байцаалтад өгсөн:
2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан захын Хаан банкны бэлэн мөнгөний машинаас Хас банкны 5002495803 дугаарын өөрийн эзэмшлийн данснаас 1,600,000 төгрөг авах гэж байгаад эхний үйлдэл 800.000 төгрөг авах гүйлгээ хийхэд Хаан банкны бэлэн мөнгөний машинд алдаа заагаад “Цуцлах , үргэлжлүүлэх “ гэсэн 2 бичиг байхаар нь цуцлахыг нь дараад картаа аваад эсрэг талын бэлэн мөнгөний машинаас 800.000 төгрөг авсан. Тэгээд гар утсанд ирсэн мессежээ шалгахад 2 удаа 800.000 төгрөг гарсан байхаар нь Хаан банкны лавлахаас асуухад “Дараагийн үйлчлүүлэгч таны мөнгийг авсан байна гэж бичлэг дээр гарсан байна, цагдаад хандаарай “ гэсэн ...хохирлын 800.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Одоо надад учирсан хохирол бүрэн барагдсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 , 30-31/,
Гэрч А.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би банкны зээл төлөлт гүйцээх гэж бэлэн мөнгөний машин руу 5.000 төгрөг нэмж хийх гэж орсон юм. Тэгээд мөнгөө хийчихээд нөхрийнхөө картанд хэдэн төгрөг байна гэж харах гээд ороход манай нөхрийн карт гацаад орохгүй байсан. Тэгээд би утсаараа оролдоод мөнгө нь гүйцэт орж байна уу гээд утаснаасаа харах гээд зогсож байхад манай нөхөр “за за, болчихлоо, гаръя“ гэж хэлэхээр нь би хамт явсан. Тэгээд машиндаа суугаад хөдлөхдөө мөнгө харуулахаар нь би юун мөнгө юм бэ? гэхэд “Дуугүй байж бай, шууд явъя” гээд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/,
- Иргэн Т.Эгиймаагийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 04-05/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 07-09 , 14-19/,
- Иргэн Төмөрбаатарын Эгиймаагийн Хас банкны 5002495803 дугаартай дансны хуулга / хх-ийн 29/,
- Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-ийн 32/,
Шүүгдэгч Н.Гын мөрдөн байцаалтад өгсөн:
Би өөрийнхөө картыг бэлэн мөнгөний машинд хийгээд нууц кодоо хийхэд мөнгө гараад ирсэн. Тэгэхээр нь би тэр мөнгийг аваад эхнэрээ дагуулаад гарсан. Би 800.000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг / хх-ийн 43-44/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдалын тухай: Н.Гын цахим үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56/, гэрлэлтийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 57/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 62, 63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Г нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Н.Гын төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Н.Г нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 37.1, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нийн Гыг алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Н.Г нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ