| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 101/2016/05404/И |
| Дугаар | 182/ШШ2016/00734 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2016/00734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, Г.Ц -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, давхарт байрлах, “С” ХХК-д холбогдох,
“4,398,509 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 000 тоот гэрээг Г.Ц би захиалагч тал, нөгөө талаас бэлтгэн нийлүүлэгч “С” ХХК-ийн ерөнхий захирал Д.Бат-Өлзий, борлуулалтын менежер Э.Болортуяа нартай хамтран гэрээний 1.1-д зааснаар “Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “ФТ” оффис, үйлчилгээний зориулалттай барилгаа 5 дугаар давхрын 0000 тоот, нийт 19,66 м.кв /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ талбайг тодорхой нөхцөлтэйгээр хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн.
Уг гэрээний 2.2-т зааснаар нэг м.кв талбайг 5,419,000 төгрөгөөр бодож, 19.66 м.кв талбайн төлбөрийг хийхдээ “2012 оны 08 дугаар сарын 07-нд 49,880,000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 08-нд 20,434,776 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 34,411,626 төгрөг буюу эдгээрийн нийлбэр нь 104,726,402 төгрөгийг би “С” ХХК-нд бэлнээр өгсөн юм.
Гэрээний 3.1-д “Гүйцэтгэгч нь 1.1-д дурдсан барилгын 5 дугаар давхрын 0000 тоот 19,66 м.кв-ыг иж бүрэн, чанар сайтай барьж, 2012 оны 3 дугаар улиралд багтаан хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө” гэсэн боловч 312 хоногийн дараа буюу 2013 оны 08 дугаар сарын дундуур уг барилга ашиглалтанд орсон юм.
Миний бие нэг, хоёрхон сарын дотор уг худалдаа үйлчилгээний барилгын гүйцэтгэлийг хийх зардлын төлбөрийг 100 хувь буюу 104,726,402 төгрөгийг бүрэн төлсөн билээ.
Гэтэл “С” ХХК нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учраас би Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.4, 225.5, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу учирсан хохирол буюу алданги нөхөн төлүүлэхийг шаардаж байна.
Өөрт учирсан хохирлыг бодохдоо “С” ХХК-д миний төлсөн 104,726,402 төгрөгөөс хоногийн 0,5 хувийн алданги буюу хоногийн 17,454 төгрөгөөр бодож, Монгол улсын барилгын тухай хуульд заасан гүйцэтгээгүй үүргээс 60 хоногийг хасаж 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх 252 хоногийн буюу 4,398,509 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.” гэв.
Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бол хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
1. Иргэн Г.Ц нь 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр000 тоот худалдаа үйлчилгээ барилгын захиалагчтай хөрөнгө оруулалтын гэрээний 1.1, 1.2 дахь хэсэгт 10.653.540 төгрөгийг одоо болтол төлөөгүй болно. Иймд энэ хүн гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй юм.
2. Дээрх гэрээний 1.2 дахь хэсэгт заасны дагуу өрөөний зохион байгуулалт, зураг төслийг мэдэж байсан бөгөөд гэрээний 6.1 болон 7 дугаар хэсэгт Г.Ц нь графикийн дагуу төлөх ёстой байсан 36,222,764 төгрөг төлөх ёстой байснаас гэрээний 6.2 дахь хэсэгт заасны дагуу 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр 36,222,764 төгрөгийн 5 хувийн хөнгөлөлт эдэлсэн. Энэ нь 1,811,138 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байгаа юм. Мөн 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн000 тоот гэрээ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасны дагуу өмнө нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн захирамж байхад иргэний хэрэг үүсгэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасныг зөрчиж байна. Мөн Улсын дээд шүүхийн тайлбарт хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117, 123 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгчийн захирамж орохын зэрэгцээ мөн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид нэхэмжлэгч Г.Цгийн нэхэмжлэлийн шаардлага нь хугацаа хэтэрсний алданги 252 хоногоор буюу 4,421,340 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Гэтэл Г.Ц нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бас л хугацаа хэтрүүлсний мөнгө буюу 252 хоногоор тооцож 4,398,509 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Мөн нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн бүхий л үндэслэл шаардлагаа дахин гаргаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.9 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг үүсгэснээс хойш 65.1.1, 65.1, 65.1.8, 65.1.10 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдааны хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний дагуу алданги 4,398,509 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгч Г.Цтэй 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар гүйцэтгэгч болох “С” ХХК нь “ФТ” оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 5 давхрын №0000 тоот, нийт 19.66 м.кв талбайг 2012 оны 3 улиралд багтаан хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх, захиалагч болох Г.Ц нь нийт 19.66 м.кв талбайн үнэ нийт 117,191,294 төгрөгийг төлөх, худалдан авагч нь үйлчилгээний заалны төлбөрийн 60 хувь буюу 40,314,776 төгрөг, НӨАТ 10,653,754 төгрөг, ашиглалтад ороход 36,222,764 төгрөгийг “С” ХХК-д төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр нотлогдож байна. /хх-ийн 4-5 дугаар тал/
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 104,726,402 төгрөгийг би “С” ХХК-нд бэлнээр өгсөн юм. Гэрээний 3.1-д “... 2012 оны 3 дугаар улиралд багтаан хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө” гэсэн боловч 312 хоногийн дараа... барилга ашиглалтанд орсон юм.
Гэтэл “С” ХХК нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учраас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.4, 225.5, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу учирсан хохирол буюу алданги нөхөн төлүүлэхийг шаардаж байна.
“С” ХХК-д миний төлсөн 104,726,402 төгрөгөөс хоногийн 0,5 хувийн алданги буюу хоногийн 17,454 төгрөгөөр бодож, Барилгын тухай хуульд заасан гүйцэтгээгүй үүргээс 60 хоногийг хасаж 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх 252 хоногийн буюу 4,398,509 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.” гэж тайлбарлажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Г.Ц нь 2012 оны000 тоот худалдаа үйлчилгээ барилгын захиалагчтай хөрөнгө оруулалтын гэрээний 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу 10.653.540 төгрөгийг одоо болтол төлөөгүй болно. 2012 оны000 тоот гэрээ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. ...Шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн захирамж байхад иргэний хэрэг үүсгэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасныг зөрчиж байна.
... Г.Ц нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтрүүлсний мөнгө буюу 252 хоногоор тооцож 4,398,509 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба мөн нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн бүхий л үндэслэл шаардлагаа дахин гаргаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 65.1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдааны хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.
Нэхэмжлэгч Г.Ц нь талуудын хооронд байгуулсан “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу үйлчилгээний заалны төлбөрт хариуцагч “С” ХХК-д 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 49,880,000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20,434,776 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 34,411,626 төгрөг, нийт 104,726,402 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд энэ нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний агуулга, мөн гэрээний зүйл болох объектын ашиглалтад орсон хугацааны байдлыг харгалзан дээрх гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан шаардлагад нийцсэн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч “С” ХХК-ийг гэрээнд заасан хугацаа болох 2012 оны 3 дугаар улиралд захиалсан үйлчилгээний зориулалттай талбайг ашиглалтад оруулаагүй буюу 2013 оны 08 дугаар сарын дундуур ашиглалтад оруулсан тул гэрээний үүргээ зөрчсөний улмаас 252 хоногийн алданги нэхэмжилсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан ба хариуцагч “С” ХХК нь гэрээний үүргийн дагуу заасан хугацаанд үйлчилгээний зориулалттай талбайг ашиглалтад оруулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар ажил гүйцэтгэгч болох хариуцагч “С” ХХК нь гэрээнд заасны дагуу барилгын ажлыг заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлээгүй нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Ц нь ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр алданги нэхэмжилсэн байна.
Дээрх гэрээний 2.3-т “Захиалагч нь 2.1, 2.2-р зүйлд заасан төлбөрийг хугацаандаа өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгч талд төлнө” гэж заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын” гэрээний 2.3-т зааснаар захиалагч буюу Г.Ц нь гэрээнд заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгч буюу “С” ХХК-д төлөхөөр тохиролцсон нь зөвхөн Г.Ц нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс “С” ХХК-д алданги төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч болох “С” ХХК нь оффис, үйлчилгээний зориулалттай барилгын талбайг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй тохиолдолд захиалагч болох Г.Ц нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээр гүйцэтгэгч болох “С” ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анз буюу алданги шаардах талаар бичгээр тохиролцоогүй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т заасан “анзын гэрээг бичгээр хийнэ” гэсэн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 232.7 дахь заалтын дагуу үүрэг гүйцэтгэгч, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч “С” ХХК гэрээнд заасан хугацаанд барилгын ажлаа гүйцэтгээгүйтэй холбогдуулан гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс алданги төлөхөөр талууд тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч Г.Ц алдангийн талаар нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэв.
Иймд нэхэмжлэгч Г.Цгийн хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан 4,398,509 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Цгийн хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан “Алданги 4,398,509 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,700 /жаран таван мянга долоон зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС