Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01238

 

“Э А И С М К ББСБ” ХХК –ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/00239 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 779 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Э А И С М К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ц-д холбогдох,

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзулын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Цнь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай байгууллагаас ЗГ2014/11/01 тоот зээлийн болон БГ2014/1101 тоот барьцааны гэрээ байгуулж, 20 000 ам.долларын зээлийг сарын 3 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай зээлж авсан. 

Зээлдэгч нь зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 тоот захирамжаар баталсан эвлэрлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг 2016 оны 08 дугаар сард байгуулан Баянгол дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандаж үл хөдлөх хөрөнгө манай байгууллагын өмчлөлд шилжсэн. 

Үүнээс хойш Д.Ц манай байгууллага дээр ирж байраа худалдаж авахыг хүссэн тул хүсэлтийг зөвшөөрсөн. Худалдаж авах урьдчилгаа төлбөр төлөөд үлдсэн мөнгөн дээрээ зээлийн гэрээ байгуулаад худалдаж авч болно гэсэн боловч энэ нөхцөл дээр талууд тохироогүй. 

Түүнээс хойш Д.Ц нь манай байгууллагын байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 2Л дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Д.Ц-гийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Би 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ““Э А И С М К ББСБ” ХХК-аас 20 000 ам.долларын зээл авсан. Энэ үед долларын ханш 1 860 төгрөг байхад 20 000 ам.доллар нь 36 000 000 төгрөг болох байсан. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 3 500 000 төгрөг төлөөд явж байтал долларын ханш өсөж сард 4 000 000 төгрөг, 5 000 000 төгрөг болсон, сүүлдээ би сард 5 700 000 төгрөг төлөх болтол өсөхөд төлөх чадвар муудсан, наймаа муу байсан. 

Би гэрээг сунгах хүсэлт тавихад эдийн засагч гэрээ сунгах боломжгүй гэсэн тул үлдсэн зээлээ хаагаад өөр банкнаас зээл авъя гэтэл манайд төгрөгийн зээл байгаа, манай төгрөгийн зээлд хамрагд, хүү бага, худалдах-худалдан авах гэрээ хийж байж дараагийн зээл гарна гэхээр нь би итгэж чадахгүй байна гээд хэсэг хугацаанд зугтаасан. Тэгээд шүүх дээр 08 дугаар сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан, гэрээнд 44 000 000 төгрөгийг төлнө гэж бичсэн, ингээд байрныхаа нэрийг ”Э А И С М К ББСБ” ХХК нэр дээр шилжүүлсэн. Би тухайн үед ойлгоогүй, худлаа ярьж надаар гэрээ хийлгэсэн, зээл гаргаж өгнө гэж байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Надад өөр банкнаас зээл авах боломж байсан. Би байраа чөлөөлж өгөхгүй, нэхэмжлэгчийг хохироогүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Би зээлийг валютаар төлүүлдэг зээл авах үеийн ханшаар биш тэр өдрийн ханшаар төлүүлж байсан учир зээл төлөхөд хүндрэлтэй байсан. Энэ үед надад танд дахин зээл олгоно, валютын зээлээ төгрөгт шилжүүлнэ, энэ бол танд ашигтай, ингэхийн тулд та эхлээд үл хөдлөх хөрөнгөө манай компанийн нэр дээр шилжүүл, тэгээд байраа манай байгууллагаас 44 000 000 төгрөгөөр худалдан авч байгаа байдлаар зээл өгье гээд яг л дахин зээл өгөх гэж байгаа юм шиг манай гэрт ирж зураг авч, ажлын байранд ирж зээлийн материал бүрдүүлсэн, би энэ үед үнэхээр л дахин зээл өгөх гэж байгаа юм байна гэж итгээд үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж өгсөн. Гэтэл одоо манай өмч болсон түрээсийн мөнгө өг, гэрээ хий гээд байсан. Намайг хууран мэхэлсэн гэдгийг мэдсэн, үүнийг гэрчлэх хүмүүс байгаа. Энэ компанийн зээлийн эдийн засагч манай ажил дээр олон удаа ирж байсан. Би өөрийн үл хөдлөх хөрөнгөө 44 000 000 төгрөгт өгнө гэж байхгүй. Намайг хууран мэхэлсэн гэж үзэж байгаа тул төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож дээрх үл хөдлөх хөрөнгийг миний өмчлөлд сэргээн тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан нотлох баримтаар шүүхэд өгсөн. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлсэн гэх шинжүүдийг агуулаагүй байна.

Хууран мэхэлсэн гэх үйлдэл нь баримтаар нотлогдоогүй. Тухайн үедээ та зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй үлдэгдэл нь 44 788 041 төгрөг байсан, 16 800 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн нотолгоог гаргаж ирүүлээгүй. Өөрийн хүсэл зоригийг илэрхийлж хэлцэл хийсэн нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өөрийн гараар Улсын бүртгэлийн хэлтэст бичиж өгсөн хүсэлт байгаа. Эвлэрлийн гэрээнд 44 000 000 төгрөгийн үлдэгдлийг өөрийн хөрөнгөөр, барьцаа хөрөнгөөр хангана гэдгээ хүлээн зөвшөөрч гэрээг баталгаажуулаад төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хийсэн. Таны хүсэл зоригийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нөгөө тал хүлээн авч бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

Иймд хууран мэхэлж хийсэн хэлцэлд тооцох үндэслэлгүй гээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/00239 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ”Э А И С М К ББСБ” ХХК өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 29 метр квадрат талбай бүхий, 2 өрөө орон сууцыг Д.Ц-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг орон сууцыг нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгөхийг хариуцагч Д.Ц-д үүрэг болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар ”Э А И С М К ББСБ” ХХК Д.Ц-тэй 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, өмчлөх эрх сэргээлгэх тухай Д.Ц-гийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-сээ 70 200 төгрөгийг гаргуулж  “Э А И С М К ББСБ” ХХК-д олгож, Д.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 779 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/00239 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 23 тоот орон сууцнаас Д.Ц-г албадан гаргуулах тухай нэхэмжлэгч ”Э А И С М К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Д.Ц-гийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 23 тоот орон сууцыг өмчлөх эрхийг сэргээсүгэй.” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э А И С М К ББСБ” ХХК-иас 381 890 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Ц-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Магадлалын 6 дугаар нүүрэнд “2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр төлбөр төлөгч Д.Ц нь сайн дураар 44 788 041 төгрөгийн төлбөрт тооцон үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан өөрийн өмчлөлийн хөрөнгийг “Э А И С М К ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогджээ” хэмээн дурдсан. Үүгээрээ давж заалдах шатны шүүх гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Зээл олгох үед Барьцааны гэрээг талууд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу байгуулан, барьцаалбараар гэрчлүүлсэн. Зээлдэгч Д.Ц нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж хөрөнгөө шилжүүлж өгсөн байхад түүнийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй юм.

Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлэн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 779 тоот магадлалыг хүчингүй болгон 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/00239 тоот шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч ““Э А И С М К ББСБ” ХХК нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Д.Ц шаардлагыг эс зөвшөөрч, төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг, өөрийгөө тухайн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангажээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч ““Э А И С М К ББСБ” ХХК нь Д.Ц, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44 788 041 төгрөг нэхэмжилсэн ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102\ШШ2016\04839 дүгээр захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгоход ““Э А И С М К ББСБ” ХХК болон Д.Ц-гийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээ үндэслэл болсон байна. Уг гэрээгээр Д.Ц, Д.Б нар нь “Э А И С М К ББСБ” ХХК-д 21 723.84 ам.доллар буюу 44 788 041 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр зохигчид тохиролцсоноос гадна дээрх төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Д.Ц-гийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаар хангуулах заалтыг гэрээнд тусгажээ.  

Шүүгчийн захирамжид туссанаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардаагүй ба шүүх шүүгчийн захирамжаар энэ асуудлыг шийдвэрлээгүй боловч эвлэрлийн гэрээг бүхэлд нь баталснаар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай эвлэрлийн гэрээний заалт батлагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч ““Э А И С М К ББСБ” ХХК нь дээрх нэхэмжлэлийг шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргахаас өмнө буюу 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Д.Ц-тэй “төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх” нэртэй гэрээ байгуулж, төлбөр төлөгч Д.Ц нь сайн дураар 20 411 ам.долларын төлбөрт тооцон өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг “Э А И С М К ББСБ” ХХК өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ. Уг гэрээний дагуу Д.Ц нь мөн өдөр улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

Дээрх гэрээ болон хүсэлтийн дагуу барьцаа хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжээгүйгээс гадна зохигч нь энэ талаар эвлэрлийн гэрээ байгуулахдаа дурдаагүй ба нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хойш буюу 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Д.Ц болон Д.Б нарт холбогдуулан төлбөр гаргуулах шаардлага тавьсан зэргийг дүгнэвэл ““Э А И С М К ББСБ” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэн авах 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний шаардах эрхээс татгалзсан гэж үзэхээр байна.

Харин нэхэмжлэгч эвлэрлийн гэрээг баталсан, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх боломжтой шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхгүйгээр 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Д.Ц-тэй дахин “төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх” нэртэй гэрээ байгуулж, төлбөр төлөгч Д.Ц нь сайн дураар 21 723,84 ам.доллар буюу 44 788 041 төгрөгийн төлбөрт тооцон өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг “Э А И С М К ББСБ” ХХК өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ. Энэ гэрээний дагуу Д.Цнь улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт дахин гаргаагүй боловч бүртгэлийн байгууллага түүний 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлт, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ, шүүгчийн  2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дүгээр захирамжид үндэслэн ““Э А И С М К ББСБ” ХХК-ийг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 24 дүгээр байрны 23 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бүртгэжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэгч ““Э А И С М К ББСБ” ХХК-ийг хууль зүйн үндэслэлгүйгээр өмчлөх эрх олж авсан, зохигчийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн байна. Улмаар нэхэмжлэгч ““Э А И С М К ББСБ” ХХК Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар хариуцагч Д.Ц-гийн эзэмшлээс эд хөрөнгө шаардах эрхгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Шүүгчийн захирамжаар батлагдсан зохигчийн эвлэрлийн гэрээнд төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгасан байх ба шүүгчийн захирамжид энэ талаар тухайлан заагаагүй боловч захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх талаар заасан байна. Өөрөөр хэлбэл, зээлийн төлбөр болох 44 788 041 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх, улмаар шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах боломжтой байхад төлбөр авагч барьцаа эд хөрөнгийн өмчлөх эрхийг эдгээр ажиллагааг явуулахгүйгээр шилжүүлж авсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхийг барьцааны эрх гэж үздэг.

Барьцааны зүйлийн өмчлөх эрхийг сайн дураар төлбөр төлөгчид шилжүүлэх төлбөр төлөгчийн эрхийг хязгаарлаж болохгүй боловч зохигчийн хооронд үүссэн харилцаанд хариуцагч Д.Ц-г сайн дураар эд хөрөнгө өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна. “Төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх” нэртэй 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний дагуу өмчлөх эрх шилжүүлэх хүсэлтийг Д.Ц улсын бүртгэлийн байгууллагад гаргаагүй байна.

Хариуцагч Д.Ц зээлийн гэрээний үүргийг шүүгчийн захирамжаар батлагдсан эвлэрлийн гэрээний дагуу биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар албадан гүйцэтгүүлэх нэхэмжлэгчийн эрхийг энэ хэргийн шийдвэрлэлт хязгаарлахгүй болно. 

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухай эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 779 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381 890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН