Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0381

 

 

                   С.О-ийн нэхэмжлэлтэй

                                                захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. М,

Нэхэмжлэгч: С.О,

Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/440 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”,

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Номин,

Хэргийн индекс: 123/2022/0007/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.О нь Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдууланТөв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/440 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.О-ийн “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/440 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр “ ... С.От газрын хэвлий хөндсөн үйл ажиллагааг зогсоох мэдэгдлийг Эрдэнэ сумын Засаг дарга, Тамгын газраас өгсөн ч нэхэмжлэгчээс ямар нэг тайлбар өгөөгүй, маргаан бүхий газрыг үргэлжүүлэн ухаж, газрын хэвлийг хөндсөн, зөрчлөө арилгаагүй болох нь тогтоогдож байна, газрын хэвлийг хөндсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, фото зураг зэргээр тогтоогдлоо, ... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2-т заасныг зөрчсөн, газар эзэмшүүлэх тухай гэрээний нөхцөл болзлыг 2 удаа зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.2. Нэхэмжлэгчийн хувьд, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/440 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үүнтэй холбоотой тайлбар, үндэслэлээ маш тодорхой гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх, нотлох баримтад үндэслэсэн байх зарчмыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/440 дугаартай захирамжаар газар эзэмшигч С.О нь газрын хэвлийг хөндөж, ухаж, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн гэж үзэн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Хуульд заасны дагуу “газар” гэдэг нь газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бухий орон зайн давхаргыг ойлгодог бол “газрын хэвлий” гэдэг нь хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлсийг ойлгохоор хуульчилсан. Ийнхүү газар болон газрын хэвлийтэй холбоотой харилцаа нь бие даасан тусдаа харилцаа бөгөөд түүнийг зохицуулах хэм хэмжээ, хууль тогтоомж нь өөр өөрийн гэсэн хуулиар зохицуулагдаж байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Газрын хэвлийг ашиглахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна” гэж, Газрын хэвлийн тухай хуулийн 1 болон 2 дугаар зүйлд “... газрын хэвлийг ашиглах, хамгаалахтай холбогдсон нийгмийн харилцааг зохицуулахад оршино”, “Газрын хэвлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж тус тус заасан бөгөөд газар болон газрын хэвлий нь өөр өөр хэм хэмжээгээр зохицуулагдана гэдгийг хоёрдмол утгагүй тодорхойлсон. Захиргааны байгууллага акт гаргахдаа газрын хэвлийг хөндөж, ухаж, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэлгүйгээр цуцалсан бөгөөд шүүх “Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч С.О нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших эрхийн гэрчилгээг “удаа дараа” зөрчсөн, талуудын хооронд байгуулагдсан “Газар эзэмшүүлэх тухай” гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах үүргээ зөрчсөн байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны акт үндэслэлтэй” гэж дүгнэсэн. Гэтэл өмнө дурдсанчлан актын үндэслэл болоод байгаа газрын хэвлийг хөндөж, ухаж, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн явдал нь Газрын тухай хуулиар зохицуулагдах харилцаанд хамааралгүй бөгөөд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

3.3. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн эзэмшилд байгаа газрыг гэрээнд заасны дагуу жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар ашиглаж, Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Дурдвал, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, байнгын шинжээч М.О-ын “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтээр “... уг нэгж талбарт орчны бохирдол байхгүй, газар ашиглалтын аюулгүй байдал зөрчигдөөгүй байна” гэж дүгнэсэн. Гэтэл шүүх Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 30 дугаар зүйлийн 30.1, 44 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтыг шийдвэрийн Үндэслэх хэсэгт тус тус заасан боловч эдгээр хэм хэмжээ нь тухайн маргаантай ямар холбоотой болох, ямар үйл баримтыг тогтоож байгаагаа тайлбарлаагүй, мөн газар болон газрын хэвлий нь бие даасан тусдаа хуулиудаар зохицуулагдах харилцаа гэдэг талаар огт дүгнэлт хийгээгүй. Мөн үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Газрын тухай хуулийг зөрчсөн тухай асуудал яригдаж байхад газрын хэвлий ашигласан үйл баримтыг тус зохицуулалтад шууд хамаатуулж, энэ талаар холбогдох тайлбар, хэм хэмжээг тусгалгүйгээр шийдвэрлэсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

3.4. Анхан шатны шүүх “маргаан бүхий газрыг үргэлжлүүлэн ухсан нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий газрыг үргэлжлүүлэн ухсан зүйл байхгүй болохыг тодорхой тайлбарласан боловч шийдвэр дээр ямар нотлох баримтыг үндэслэн ийнхүү үзсэн нь тодорхойгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд захиргааны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг, мөн шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Гэтэл “маргаан бүхий газрыг үргэлжлүүлэн ухсан” гэх дүгнэлтийг тодорхойлох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, талуудын тайлбарт энэ талаар тусгагдаагүй байхад шүүхээс ийхүү дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэх заалтыг зөрчсөн.

3.5. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/440 дугаартай захирамж гаргах болсон эрх зүйн үндэслэлээ “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1” гэж тодорхойлсон. Энэхүү заалт нь дотроо хоёр тусдаа урьдчилсан нөхцөлийг шаардаж байгаа бөгөөд нэгдүгээрт, эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомжийг, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг “удаа дараа” зөрчсөн, хоёрдугаарт, “ноцтой зөрчсөн” гэсэн тус тусдаа үндэслэлүүд байгаа. Хуульд заасан “удаа дараа” гэдгийг Газрын тухай хуулийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг, “ноцтой зөрчсөн” гэдэг нь газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцож, “ноцтой” гэж үзэх зөрчил бүрийг гэрээнд нэрлэн заасан байх ёстой. Нэхэмжлэгчийн хувьд шүүх хуралдааны үед “... гэрээний ямар заалтыг зөрчсөн, ноцтой зөрчсөн бол хэрхэн яаж ноцтой зөрчсөн, удаа дараа гэж байгаа бол хугацааны давтамжийг, хэзээ мэдэгдэл өгснийг биелүүлээгүй вэ, хэд хэдэн удаа, ямар арга хэмжээ авагдсан бэ гэсэн асуудлууд тодорхой биш, ойлгомжгүй байгаа талаар тайлбар гаргасан боловч шүүхээс тодорхой үндэслэл заалгүйгээр “дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн.

3.6. Захиргааны байгууллага ямарваа акт гаргахдаа агуулгыг ойлгомжтой, тодорхой гаргах үүргийг хуулийн дагуу хүлээдэг боловч бичгээр гаргасан маргаан бүхий актаас харахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “удаа дараа” эсхүл “ноцтой” зөрчлийн аль нөхцөлөөр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж байгаа нь тодорхойгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч энэ талаар огт байр сууриа илэрхийлээгүй, үүнтэй холбоотой тайлбар, нотлох баримт гаргаагүй байхад шүүхээс “газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг 2 удаа зөрчсөн” гэж захиргааны байгууллагаас гаргасан актын агуулгыг шууд зөвтгөн тодорхойлсон. Нэхэмжлэгчийг удаа дараа зөрчил гаргасан гэж үзэх тохиолдолд зөрчил гаргасан хугацаа, түүний давтамж, тухайн зөрчил бүрт өгсөн мэдэгдэл, сонсох ажиллагаа хийсэн баримт, зөрчилд авагдсан арга хэмжээ зэрэг нь тодорхой байх ёстой боловч нэхэмжлэгч хоёр удаа зөрчил гаргасан тухай баримт байхгүй. Хуульд зааснаар, захиргааны байгууллага нь тухайн акт гаргах болсон үндэслэл, шалтгаанаа өөрөө тайлбарлаж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эцсийн дүгнэлт хийх ёстой атал ийнхүү захиргааны байгууллагын үйл ажиллагааг шууд зөвтгөн тайлбарлаж, нотлох баримтгүйгээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Ийнхүү нэхэмжлэгчээс “Газар эзэмшүүлэх тухай” гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан боловч Эрдэнэ сумын Засаг дарга нь газрын хэвлийг хөндөж, ухаж, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн гэх газрын харилцаатай ямар ч хамааралгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан. Тухайн газрыг үргэлжлүүлэн ухсан тухай үйл баримт, нотлох баримт огт байхгүй байхад шүүхээс тодорхой үндэслэлгүйгээр дээрх дүгнэлтийг хийсэн. Мөн захиргааны байгууллага тухайн гаргасан актаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аль үндэслэлээр цуцалсан тухайгаа тодорхойлоогүй байхад шууд зөвтгөн тайлбарлаж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.2-т “Шийдвэр хууль ёсны бегеед үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

3.7. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч С.О нь Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/440 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

           3.2. Маргаан бүхий А/440 дүгээр захирамжаар “Тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Нуурын хөндий”-д байрлах жимс, жимсгэний зориулалттай 30 га газрыг эзэмшигч Сангаагийн О нь газрын хэвлийг хөндөж, ухаж зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн гэж үзээд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

            3.3. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/228 дугаартай захирамжаар тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Нуурын хөндий”-д байрлах нэгж талбарын *** дугаартай жимс, жимсгэний зориулалттай газрыг Б.Маас нэхэмжлэгч С.От шилжүүлсэн, уг захирамжид газрыг зориулалтын дагуу эзэмшихийг тусгайлан хариуцуулсан, улмаар 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчтэй “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээнд газар эзэмших нөхцөл, болзлыг биелүүлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээлгэх талаар тодорхой заажээ.

3.4. Газрын тухай хуульд зааснаар “газар” гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг, “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг тус тус ойлгоно. Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй бөгөөд 35.1.3-д зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2-т зааснаар газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүргийг хуулиар хүлээсэн байна.

3.5. Хэрэв дээр дурдсан үүргээ биелүүлээгүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай.

3.6. Нэхэмжлэгчийн хувьд жимс, жимсгэний зориулалтаар эзэмшиж буй газартаа нүхэн зоорины газар шорооны ажлыг эхэлж, газрыг ухсан үйл баримтыг үгүйсгэж маргаагүй, харин ч “... газар болон газрын хэвлийтэй холбоотой харилцаа нь бие даасан тусдаа харилцаа, ... маргаан бүхий актын үндэслэл болсон газрын хэвлийг хөндөж, ухаж, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн явдал нь Газрын тухай хуулиар зохицуулагдах харилцаанд хамааралгүй бөгөөд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэл болохгүй” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.

3.7. Учир нь Газрын тухай хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад орших бөгөөд Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэхээр мөн хуульд заасан. Харин Газрын хэвлийн тухай хуулийн зорилт нь газрын хэвлийг ашиглах, хамгаалахтай холбогдсон нийгмийн харилцааг зохицуулахад орших бөгөөд мөн хуульд зааснаар газрын хэвлийг геологийн судалгаа хийх, ашигт малтмал олборлох, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж, түүний дотор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулахад зориулан барилга байгууламж барих, ашиглах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бусад хэрэгцээг хангах зэрэг зориулалтаар зөвхөн ашиглуулахаар олгоно.

3.8. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан жимс, жимсгэний зориулалтаар маргаан бүхий 30 га газрыг эзэмшиж байгаа атал мөн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, газрын хэвлийг хөндөж, ухаж, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн үйлдлээ Газрын тухай хуулиар зохицуулагдах харилцаанд хамааралгүй хэмээн тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд ийнхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан бол хариуцлагаа хүлээх нь зүйд нийцнэ.

3.9. Түүнчлэн хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхийн хүрээнд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/103 дугаар захирамжаар сумын нутаг дэвсгэрт газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээд эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглаж, гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсэг нэхэмжлэгчийг маргаан бүхий газрын хэвлийг хөндөж, ухаж, зориулалтын бус ашиглаж байгааг илрүүлсэн, уг зөрчлийг арилгуулахаар 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл өгч, зөрчлийг арилгаагүй тул 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр маргаан бүхий А/440 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3.10. Нэхэмжлэгчийн хувьд зөрчил гаргасан болох нь дээр дурдсан хяналт шалгалтын явцад үйлдсэн хяналт шалгалтын тэмдэглэл, хурлын тэмдэглэл, фото зургууд, шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон, зөрчлийг арилгуулахаар мэдэгдэл өгсөн боловч маргаан бүхий актыг гаргах хүртэлх хугацаанд зөрчлийг арилгаагүй байх тул “...  “удаа дараа” буюу “2 ба түүнээс дээш” удаа зөрчил гаргаагүй, энэ нь нотлогдоогүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй, маргаан бүхий А/440 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

                                    шүүгч                                               н.хонинхүү

ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН