| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0307/э |
| Дугаар | 2020/ШЦТ/315 |
| Огноо | 2020-10-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/315
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт С-д холбогдох эрүүгийн 2021002800271 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Сэргэлэн сумын ...... багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт С. /РД: .............../
Шүүгдэгч С нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн зам ангийн кемп дээрээс пункерийн барван 2 ширхэг, галт барваны мотор 2 ширхэг, редуктор 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлж, бусдад 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2020 оны 04 дүгээр сарын 18-ны орой Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн зам ангийн кемп дээрээс пункерийн барван 2 ширхэг, галт барваны мотор 2 ширхэг, редуктор 1 ширхэг зэргийг авсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн кемпэд камерийн хяналт болон гэрэл цахилгаан байхгүй байсан. Харин 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс Булган сумын 1 дүгээр багт суух О.******* гэх хүнтэй би байгууллагыг төлөөлж түр ажиллуулахаар 1 сарын ажлын хөлс болох 500.000 төгрөгийн гэрээ байгуулж кемпийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Завод руу материал татах пункерийн барван 1 ширхэг нь 1.500.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг, галт барваны мотор 2 ширхэг, 1 ширхэг нь 400.000 төгрөгийн үнэтэй, редуктор 1 ширхэг нь 300.000 төгрөгөөр үнэлж байна...” гэжээ. /хх-ийн 25-26 тал/
Гэрч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед...машинтай ирсэн хүмүүс 2 цаг гаруй болсон байх тэгж байгаад машиных нь гэрэл асаад карьер орж ирдэг зүүн урд хэсгээр хурдтай гараад зүүн тийш шороон замаар хурдтай явсан. Бид нар араас нь машины гэрэл асаалгүй дагасан. Тэр машин зүүн тийш шороон замаар явж байгаад засмал зам руу орсон. Бид нар машиныхаа гэрлийг асаагаад араас нь дагаад явсан. 10 гаруй км явсан байх, бид нарыг очих үед зүүн урд чиглэлтэй замын урд хэсэгт цагаан өнгөтэй “Приус-11” маркийн машиныг цагдаа зогсоочихсон хажууд нь хоёр хүн, манай сумын ******* ахын том ачааны машин, ******* ахын цагаан өнгөтэй жийп машин зогссон байсан. Хэсгийн төлөөлөгч цагаан өнгийн “Приус-11” маркийн машины арын багаж хэсгийг онгойлгож үзэхэд дортоос нь 2 ширхэг цэнхэр өнгийн мотор, 2 ширхэг бөөрөнхий төмөр, ногоон араатай төмөр төхөөрөмж, мөн 7 ширхэг цагаан өнгийн цахилгааны пускатель, мөн гэрийн өрх зэрэг зүйлүүд харагдаж байсан ...” гэжээ. /хх-ийн 29 тал/
Гэрч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 18-ны орой 20 цаг 30 минутын үед би сумын төвөөс эхнэр *******, найз *******, ******* нарын хамтаар өөрийн харж байгаа “*******” зам ангийн кемпэд очсон. Тэгээд машинтайгаа карьерийн урд талд 400 гаруй метрт хойшоо харж зогсоод гэрлээ унтраагаад машин дотор сууцгааж байхад хот хооронд явдаг засмал замаар зүүн талаас нэг машины гэрэл ассан байдалтай ирж байгаад урагшаа эргээд манай кемп рүү далангийн зүүн талаар гэрлээ асааж явж байгаад зүүн талын далангийн намхан хэсгээр ороод явсан. Манай найз ******* бид хоёр машинаас буугаад шороон далангийн урд талаас очиж чимээ сонсож машины өнгө, марк зэргийг харахад цагаан өнгийн суудлын жижиг машин хайрга авдаг карьерийн урд талд урагшаа харсан байдалтай машины гэрэл унтарсан байсан. Нэг гал асаагуурын бүдэг гэрэл кемпийн асфальт зуурагч буюу цэнхэр өнгөтэй гэрийн буурийн зүүн урд талын зуурагчийн дээр гарчихаад бүдэг гэрэл тусгаад юм тачигнуулаад нилээн удаан байсан. Бараг 2 цаг гаран болсон. Тэгээд доошоо газарт буугаад цэнхэр төмөр асфальт зуурагч төхөөрөмжний баруун хойно байдаг хар панеран амбаар дотор орсон хоорондоо ярилцаад байсан. 4-5 хүн байгаа юм шиг л байсан. Карьерийн урд зогссон байсан суудлын машин руу эд зүйлсээ зөөгөөд байсан. Машинаа асаагаад хөдлөөд асфальт зуурагчийн зүүн талд тэндээсээ машины ард багаж хэсэг рүү бас юм зөөгөөд тэндээсээ гэрлээ асаагаад ертөнцийн зүгээр зүүн урагшаагаа хөдөлсөн. Яг тэр үед ******* бид хоёр машинд суугаад гэрлээ асаахгүйгээр дагасан. Уг машинтай хүмүүс ирээд зогсох үед нь би утсаар сумын хэсгийн төлөөлөгч цагдаа болон хамаатан *******, Ганзориг нарт мэдэгдсэн. ...бид нар засмал зам ороод 10 гаруй км яваад очиход нөгөө суудлын цагаан машиныг хэсгийн төлөөлөч, цагдаа болон хамаатан *******, Ганзориг ах нар зогсоосон байсан. ...Цэнхэр өнгийн 2 ремен, гүйдэг 2 ширхэг дамар, ногоон өнгийн эргэлтийн хурдыг сааруулагч редуктор 1 ширхэг, цэнхэр өнгийн сэнсний хамгаалалт 1 ширхэг, цагаан өнгийн гал хамгаалагч 7 ширхэг, мөн эсгий гэрийн өрх зэрэг манай кемпийн эд зүйлүүд байсан...” гэжээ. /хх-ийн 31 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/
- Тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 тал/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15 тал/
- Прокурорын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 4/63 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 17-18 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 20, 23 тал/
- С-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37, 46-47 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ....... овогт С нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн зам ангийн кемп дээрэээс пункерийн барван 2 ширхэг, галт барваны мотор 2 ширхэг, редуктор 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлж, бусдад 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Эрдэнэбат, гэрч Г.*******, Х.*******, О.*******, Б.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Прокурорын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 4/63 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч С-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э-д 2.800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учруулсан эд зүйлийг буцаан өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-гийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С-гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Toyota Pruis-11” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эзэмшигч нь Б.******* болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...С надад “ Булган сумын зүүн талд зам ангийн карьер явж тэндээс мотор авчирмаар байна. Би эзнээс нь зөвшөөрөл авсан. Ямар нэгэн асуудалгүй. Чи хамт явж туслаад өгөөч, ачиж ирэхэд чиний машин хэрэгтэй байна” гэхээр нь зөвшөөрөөд өөрийн 27-56 ДОР улсын дугаартай суудлын приус 11 маркийн машинтай Булган сум явсан...” /хх-ийн 34-35 тал/ гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.*******д буцаан олгох нь зүйтэй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар уг тээврийн хэрэгслийг эд зүйлийн үнэлгээний комисс 1500.000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдож байх тул шүүгдэгч С-гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Toyota Pruis-11” маркийн ******* ДОР улсын дугаартай 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 4/63 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.*******д буцаан олгох, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С-гийн .......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........ овогт С-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч С-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-гийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Toyota Prius-11” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокрурорын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 4/63 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.*******д буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С-гийн ........ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ