Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/994

 

 

 

 

 

 

 

       2020           9           11                                         2020/ШЦТ/994

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01260 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Э, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1981 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Энь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ..... “Содон” хорооллын “Mogul” фитнес дотор Б.Ц-тэй маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед ..... Содон хороололд байрлах Mogul фитнест дасгалаа хийж байсан юм. Тухайн үед надтай хамт нэг фитнест явдаг Э гэх залуу дасгалаа байсан. Тэгэхээр нь би Э дээр очоод “өмнө зээлсэн уургаа авч өгөөч, одоо чиний ээлж” шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл Э “чамаас би юу авсан юм бэ? би чамд өгөх ёсгүй” гээд надтай маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд “авсан юмаа өгч чадахгүй” байж гээд Э-ын нүүр рүү гараараа  нэг удаа чанга алгадсан. Тэгтэл Э зөрүүлээд миний нүүр болон толгой хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Тэгээд миний баруун хөмсөг сэтрээд цус гарчихсан. Мөн миний толгой өвдөөд байсан. Фитнест байсан 2 залуу бид хоёрыг салгасан...надад нэхэмжлэлтэй холбоотой томографын 130.000 төгрөгийн баримт, эмчийн үзлэгийн баримт 30.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгийн баримт гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10),

“...Би Б.Э-аас эмчилгээний зардал болох 170.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан...надад одоо санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14)

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9318 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...баруун хөмсөгний дээд хэсэгт 3см урттай мэс заслын оёдол бүхий шархтай, зүүн нүдний дээд, доод зовхи болон хамрын нурууны зүүн хэсгээр 5.5х3см хөх ягаан цус хуралттай, хаван хавдартай, тэмтрэхэд эмзэглэлтэй.Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2020.08.12-ны “Меd Trauma”-н Толгойн компьютерт томографын шинжилгээ: ...Баруун нүдний ухархайн дээд хэсгээр зөөлөн эдэд хавантай. ...хамар ясанд зөрүү бүхий хугаралтай. Хамрын таславч зүүн тийш мурийлттай гэжээ...ДҮГНЭЛТ

1. Б.Ц-гийн хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24),

 

4. Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед...Содон хороололд байрлах Mogul фитнест ирэхэд Ц ах байхаар нь би “юу байна Ц ахаа” гэтэл Ц ах “юу байдаг юм бэ?” гэхээр нь би “яасан юм бэ” гэтэл Ц ах миний нүүр рүү гараараа нэг удаа чанга алгадсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Ц ахын нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-61),

- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 70-71), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 72-73), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 77),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 40), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37),  гэрлэлт бүртгэлийн тухай лавлагаа (хавтаст хэргийн 41), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 42, 43), Ижилцагаан сүлд ХХК-ниий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 44), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 36) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Э нь ..... Содон хорооллын Mogul фитнес дотор, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас, шууд санаатай үйлдлээр иргэн Б.Ц маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед ......... Содон хороололд байрлах Mogul фитнест дасгалаа хийж байсан юм. Тухайн үед надтай хамт нэг фитнест явдаг Э гэх залуу дасгалаа байсан. Тэгэхээр нь би Э дээр очоод “өмнө зээлсэн уургаа авч өгөөч, одоо чиний ээлж” шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл - “чамаас би юу авсан юм бэ? би чамд өгөх ёсгүй” гээд надтай маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд “авсан юмаа өгч чадахгүй” байж гээд Эын нүүр рүү гараараа  нэг удаа чанга алгадсан. Тэгтэл Э зөрүүлээд миний нүүр болон толгой хэсэг рүү гараараа олон удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9318 дугаар дүгнэлт “...1. Б.Ц-гийн хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24),

- Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц ах миний нүүр рүү гараараа нэг удаа чанга алгадсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Ц ахын нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-61) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Э нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас” хохирогч Б.Ц-гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Ц-гийн нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Б.Э-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-д нь эмчилгээний зардалд баримтаар 168.000 (хавтаст хэргийн 34) нэхэмжилснээс шүүгдэгч Б.Э нь хохирогчид 170.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э, хохирогч Б.Ц нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Б.Э нь хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Э-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ