Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00319

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:  Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн 42 дугаар гудамжны 33 тоотод оршин суух, Базарсадын Батбаатарын нэхэмжлэлтэй

“Төрсөн он, нас тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь 

             Нэхэмжлэгч Б.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Базарсад овогтой Батбаатар нь 1976 оны 09 дүгээр сарын 20-нд Завхан айагт төрсөн. Багадаа ээж, аавын хамт амьдарч байгаад ээж, аав маань насан өөд болж би өнчирч хоцорсон. Улмаар Төв аймгийн Заамар суманд айлын мал хариулж амьдарч байгаад 2015 онд Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 43-22 тоотод ажиллаж амьдарч байна. Миний бие Монгол Улсын Иргэний үнэмлэх авч байгаагүй болно. Иймд надад Монгол Улсын иргэний бүртгэл болох цахим иргэний үнэмлэх авахад минь туслаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 014/000084 дугаартай 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн лавлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 074-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрч Ц.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэбат нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

                                                                      ҮНДЭСЛЭХ нь :

             Б.Батбаатар нь төрсөн, он, сар, өдөр нас тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

 Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд “...Б.Батбаатарын биед хийсэн хэмжил зүйн үзүүлэлт, наснаас болж биед гарах физиологийн өөрчлөлтүүдээс үзэхэд 37-41 настай байж болохоор байна”гэжээ.

2.2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 014/000084 дугаартай Оюуны өмч, Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтонд “......Базарсад овогтой Батбаатар нь иргэний үнэмлэхийн санд байхгүй байна” гэжээ.

3. Гэрч Ц.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие Цондоон овогтой Эрдэнэчимэг нь Б.Батбаатарыг 2012 оноос хойш таньдаг болсон. Энэ хүн миний хүү Э.Эрдэнэбаттай хамт ажиллаж байсан бөгөөд одоог хүртэл ах, дүүс шиг ойрхон байдаг. Өөрийгөө Базарсадын Батбаатар гэх бөгөөд Завхан аймгийн төвд хүүхэд байхдаа аавтайгаа амьдардаг байсан гэдэг. Энэ хүн бичиг үсгийн боловсрол байхгүйн зэрэгцээ иргэний бүртгэлд ч байхгүй байгааг гэрчилнэ” гэв.

4. Гэрч Э.Эрдэнэбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2011 оноос Б.Батбаатарыг таньдаг болсон. Энэ хүн өөрийгөө Базарсадын Батбаатар гэх бөгөөд 1976 онд төрсөн. Завхан аймгийн Улиастай хотод бага байхдаа амьдардаг байсан гэдэг. Ээж, аав нь бага байхаднь нас барж өнчирсөн гэдэг. Тус хүн Төв аймгийн Заамар сумын Алтандорнод компанийн уурхайн орчимд амьдардаг байсан бөгөөд гэр оронгүй өөрийн ойр дотны хамтаан садан байхгүй гэж ярьдаг. Миний бие нь 2012 онд Улаанбаатар хотод шувуун фабрикт гахайн аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд энэ хүн ирж хамт ажиллаж амьдрах болсон бөгөөд тэр цагаас хамт ойр дотно танилцаж өнөөдрийг хүртэл ах дүү шиг ойрхон амьдарч байна. Миний бие энэ хүнийг ойр дотны хамаатан садан байхгүй, өнчин, бичиг үсгийн болосрол байхгүй, Монгол Улсын иргэншил байхгүй байгааг гэрчилнэ” гэв.

Хүсэлт гаргагч Базарсадын Батбаатар нь төрсний болон иргэний бүртгэлд бүртгүүлээгүй, хэзээ хаана төрснөө мэддэггүй, бага наснаасаа эхлэн өнчин өссөн болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 014/000084 дугаартай 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн лавлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 074-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрч Ц.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэбат нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд “...Б.Батбаатарын биед хийсэн хэмжил зүйн үзүүлэлт, наснаас болж биед гарах физиологийн өөрчлөлтүүдээс үзэхэд 37-41 настай байж болохоор байна” гэж дүгнэсэн, хүсэлт гаргагч өөрийгөө 1976 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн гэж мэдүүлж байгаа нь хоорондоо нийцэж байх тул Базарсад овогтой Батбаатарыг 1976 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 41 настай болохыг тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Б.Батбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

             Монгол Улсын  ИХШХШ тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, 135.2.13.т заасныг баримтлан Базарсадын Батбаатар нь 1976 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 41 настай болохыг тогтоосугай.

2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр ньтанилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН