Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1017

 

 

 

 

 

 

 

   2020            9              16                                         2020/ШЦТ/1017

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
           

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Б.Энэрэл,

өсвөр насны шүүгдэгч Ц.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Алтанзул, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1149) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0306 01133 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Ц.Т, Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 2002 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 17 настай, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, эгч, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт амьдардаг, урьд

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 965 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Өсвөр насны шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим ......... нутаг дэвсгэрт байрлах Ар Гүнтийн задгайд байрлах хашааны гадна байсан Prius 10 маркийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн С.М-ын эзэмшлийн “I Phone x10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ц.Т мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1.  Хохирогч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сард “Ар гүнт” гэх газар өөрийн найз болох Г-ийн байшинг барьж байсан бөгөөд тухайн үед хөлсний ажилчид гэх хүмүүсийг ажиллуулж байсан. Тэр дунд Ц.Т гэх залуу байсан бөгөөд утас алга болох үед манай ээж Тунгалаг Ц.Т-ыг “машинаас цүнх аваад ир, эм уух гэсэн юм” гэж хэлэхээр нь би түүнд өөрийн “Prius 10” маркийн машины түлхүүрийг өгөөд явуулсан. Тэгээд Ц.Т машинаас ээжийн цүнхийг ээжид өгөөд миний машины түлхүүрийг надад өгөөд нойлын цаас аваад гарсан. Тэгээд ирэхгүй удаад байхаар нь хайтал олоогүй. Би утсаа хоёр цагийн дараа хайгаад машиндаа үзтэл миний эзэмшлийн I Phone 10 маркийн гар утас алга болсон байсан. ...Тэр явдлаас хойш 3 хоногийн дараа Ц.Т манай эхнэр Б руу залгаад “нөхрийн чинь утсыг ломбардад тавьчихсан, 200.000 төгрөг өгөөд ломбардынхаа бичгийг ав” гэж ярьсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44),

2. Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сард ... нутаг дэвсгэр “Ар гүнт” гэх газар манай нөхөр М хувиараа барилгын ажил хийж зуслангийн байшин барьж байсан юм. Би тухайн үед нөхөр Мдээр очиж нэг хоночихоод маргааш өдөр нь хот руу гэр рүүгээ буцсан. Намайг гэртээ ирчихээд байж байхад нөхөр М хадам ээжийн утаснаас залгаад “чи машинаас миний гар утсыг авсан уу? гар утас олдохгүй байна” надаас асууж байсан. ...Тэгээд тэрнээс хойш долоо хоногийн дараа байх Ц.Т нь над руу чат бичээд Болороо эгчээ намайг уучлаарай, дүү нь гар утсыг нь ломбарданд тавьчихсан. Та ломбардын бичгээ авчих, дүү нь танай гадаа очоод утас руу чинь залгана гэж хэлсэн. Тэгээд ирээд залгахаар нь би гарч очоод уулзахад халамцуу такси бариад ирчихсэн надад ломбардын бичиг өгчхөөд нэмээд 150.000 төгрөг өгчих гээд байсан. Тэгээд би шууд цагдаад Ц.Т-ыг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59),

3. Гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Т нь миний ээжийн ...төрсөн ахын хүүхэд болох А-ын төрсөн хүү байгаа юм. ...2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр намайг дэлгүүр орох гээд явж байхад манай хамаатны дүү Ц.Т таараад мэнд ус мэдээд надад нэг хар өнгийн асаалттай “I Phone 10”  маркийн гар утас үзүүлээд “ахаа би хөдөө ажиллаж байгаад хотод ирээд байна. Миний ажиллаж байсан газраас надад энэ гар утсыг миний ...цалингийн оронд өгсөн. Тэгээд дүү нь мөнгөгүй болчхоод бас надад иргэний цахим үнэмлэх байхгүй учир ломбарданд өөрөө тавьчихаж болохгүй байна та өөрийн иргэний үнэмлэхээрээ надад энэ гар утсыг ломбарданд тавиад өгөөч тэгэх үү” гээд гуйгаад байсан. ...тэгээд би аргагүйн эрхэнд зөвшөөрөөд Ц.Т-тай хамт явж Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд байсан нэг барьцаалдан зээлдүүлэх газар орж өөрийн иргэний үнэмлэхээр түүний авч явж байсан “I Phone 10” маркийн гар утсыг 700.000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгө аваад бүгдийг нь Ц.Т-д өгөөд би өөрөө ажилтай байсан учраас тэндээсээ шууд ажилдаа явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-62),

4. Иргэний нэхэмжлэгч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Баялаг Өрнөн Дэлгэх” ХХК-ний захирал бөгөөд манай компани нь барьцаалан зээлдүүлэх чиглэлээр ..... тоотод үйл ажиллагаа явуулж байна...тухайн өдөр нэг залуу iphone 10 маркийн гар утас тавина гэж орж ирсэн бөгөөд тухайн утсыг үзэхэд Аррle ID-тай утас байсан юм. Тэгээд тухайн залууд хандан Apple ID-тай утас авахгүй гэж хэлтэл хулгайн утас биш, авчихаач яаралтай мөнгөний хэрэг гарсан гээд гуйж байгаад 700.000 төгрөгөөр тавиулсан. Тухай үед Apple ID-гүй утсыг 2 сая орчим төгрөгөөр авч байсан. Нэг хүнтэй хамт явж байх шиг байсан. ...Тухайн утас надад байна. Би хүлээлгэн өгөхөд татгалзах зүйл алга байна. Надад миний 700.000 төгрөгийг барагдуулчихвал санал хүсэлт гэхээр зүйл алга байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),

5. “Баялаг Өрнөн Дэлгэрэх” ХХК-ний барьцаат зээлийн үйлчилгээний №В7354 дугаартай гэрээнд...эхлэх 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр...дуусах 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл...Б.Х... iphone Х-10...700.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 32),

6. “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ний...2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 03060 дугаартай дүгнэлтэд... iphone х-10... маркийн гар утас 1.300.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 74-75),

7. Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-26), Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 27), “Баялаг Өрнөн Дэлгэрэх” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үйлчилгээ эрхлэх гэрээний хуулбар (хавтаст хэргийн 35-36), Өсвөр насны яллагдагч Ц.Т-ын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89),

8. 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 92-93, 157-158), ялын тодорхойлолт (хавтаст хэргийн 95)

- Өсвөр насны шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 99, 122), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 113), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 115-120), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 110), насан тоолсон мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 121), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 126-133), хохирол төлсөн талаарх баримтууд (хавтаст хэргийн 164) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс өсвөр  насны шүүгдэгч Ц.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч нь мэтгэлцээгүй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Ц.Т-д нь 2018 оны 6 дугаар сард .... нутаг дэвсгэр “Ар Гүнт” гэх газар хохирогч С.М-ын зуслангийн байшин барих ажилд хөлсөөр ажиллаж байсан байна. Улмаар 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр С.М-ын машинаас түүний зөвшөөрөлтэйгөөр ээжийнх нь цүнхийг авахаар очих үедээ тээврийн хэрэгсэл дотор байсан “I Phone 10х” хулгайлж, мөн өдрөө өөрийн үеэл Б.Х-ээр .... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баялаг Өрнөн Дэлгэх” ХХК-н барьцаалдан зээлдүүлэх газар утсыг 700.000 төгрөгийн барьцаанд тавьж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сард “Ар гүнт” гэх газар өөрийн найз болох Г-ийн байшинг барьж байсан бөгөөд тухайн үед хөлсний ажилчид гэх хүмүүсийг ажиллуулж байсан. Тэр дунд Ц.Т гэх залуу байсан бөгөөд утас алга болох үед манай ээж Т, Ц.Т-ыг “машинаас цүнх аваад ир, эм уух гэсэн юм” гэж хэлэхээр нь би түүнд өөрийн “Prius 10” маркийн машины түлхүүрийг өгөөд явуулсан. Тэгээд Ц.Т машинаас ээжийн цүнхийг ээжид өгөөд миний машины түлхүүрийг надад өгөөд нойлын цаас аваад гарсан. ...Би утсаа хоёр цагийн дараа хайгаад машиндаа үзтэл миний эзэмшлийн I Phone 10 маркийн гар утас алга болсон байсан. ...Тэр явдлаас хойш 3 хоногийн дараа Ц.Т манай эхнэр Б руу залгаад “нөхрийн чинь утсыг ломбарданд тавьчихсан, 200.000 төгрөг өгөөд ломбардынхаа бичгийг ав” гэж ярьсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44),

- Гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сард ...Намайг гэртээ ирчихээд байж байхад нөхөр М хадам ээжийн утаснаас залгаад “чи машинаас миний гар утсыг авсан уу? гар утас олдохгүй байна” надаас асууж байсан. ...Тэгээд тэрнээс хойш долоо хоногийн дараа байх Ц.Т нь над руу чат бичээд Болороо эгчээ намайг уучлаарай, дүү нь гар утсыг нь ломбарданд тавьчихсан. Та ломбардын бичгээ авчих, дүү нь танай гадаа очоод утас руу чинь залгана гэж хэлсэн. Тэгээд ирээд залгахаар нь би гарч очоод уулзахад халамцуу такси бариад ирчихсэн надад ломбардын бичиг өгчхөөд нэмээд 150.000 төгрөг өгчих гээд байсан. Тэгээд би шууд цагдаад Ц.Тыг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59),

- Гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Т нь миний ээжийн ...төрсөн ахын хүүхэд болох Алтанзулын төрсөн хүү байгаа юм. ...2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр намайг дэлгүүр орох гээд явж байхад манай хамаатны дүү Ц.Т таараад мэнд ус мэдээд надад нэг хар өнгийн асаалттай “I Phone 10”  маркийн гар утас үзүүлээд “ахаа би хөдөө ажиллаж байгаад хотод ирээд байна. Миний ажиллаж байсан газраас надад энэ гар утсыг миний ...цалингийн оронд өгсөн. Тэгээд дүү нь мөнгөгүй болчхоод бас надад иргэний цахим үнэмлэх байхгүй учир ломбарданд өөрөө тавьчихаж болохгүй байна та өөрийн иргэний үнэмлэхээрээ надад энэ гар утсыг ломбардад тавиад өгөөч тэгэх үү” гээд гуйгаад байсан. ...тэгээд би аргагүйн эрхэнд зөвшөөрөөд Ц.Т-тай хамт явж Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд байсан нэг барьцаалдан зээлдүүлэх газар орж өөрийн иргэний үнэмлэхээр түүний авч явж байсан “I Phone 10” маркийн гар утсыг 700.000 төгрөгөөр барьцаанд тавьж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-62),

- “Баялаг Өрнөн Дэлгэрэх” ХХК-ний барьцаат зээлийн үйлчилгээний №В7354 дугаартай гэрээнд...эхлэх 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр...дуусах 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл...Болд овогтой Хашхүү... iphone Х-10...700.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 32),

- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ний...2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 03060 дугаартай дүгнэлтэд... iphone х-10... маркийн гар утас 1.300.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 74-75) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ц.Т нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор шууд санаатай үйлдлээр С.М-ын “iPhone X” маркийн гар утсыг түүний тээврийн хэрэгсэл дотроос хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Ц.Т-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М-т 1.300.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч С.Д-д 700.000 төгрөгийн хохирол тус тус учирснаас шүүгдэгч нь хохирлыг төлсөн болох нь (хавтаст хэргийн 164) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Т-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 965 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сарын хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 9 сарын тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4.1.2 дэх заалтад “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;” үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч Ц.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж 3 сарын хугацаагаар тогтоож эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь Ц.Т нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 965 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял шийтгэгдсэн, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгоход тэрээр биеэр 7 сар 19 хоногийн ял эдэлж, үлдсэн ял нь 3 сар 21 хоног байна.

Иймд дээрх хуульд заасны дагуу Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 946 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 6 сар 21 хоногийн хугацаагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Т нь эрүүгийн 1808 030601133 дугаар энэ хэрэгтээ 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хорих ангиас шилжүүлэн цагдан хорьсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” Гэж тус тус заасан байна. Иймд шүүгдэгч Ц.Т-ын цагдан хоригдсон хугацааг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хүртэл нийт 42 хоног байна.

Тиймээс түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 42 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй.

 Эрүүгийн 1808 0471 60508 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тэмдэглэж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Өсвөр насны шүүгдэгч Ц.Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Т-д 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ялыг хоёр дахин багасгаж 3 (гурав) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хорих ял дээр Чингэлтэй дүүргийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 965 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 21 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 (зургаа) сар 21 (хорин) хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Тд оногдуулсан 6 сар 21 хоногийн хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 42 (дөчин хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

7. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Т-ын эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10 Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.МӨНХЗУЛ