Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
Хэргийн индекс | 154/2017/00028/И |
Дугаар | 31 |
Огноо | 2017-03-21 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 31
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1962 оны 06 сарын 24-нд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл -4,нөхөр хүүхдүүдийн хамт Булган сумын Б******* багт оршин суух, /РВ:ПБ*******/ Х******* овогт Я*******гийн О*******ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Я.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Я.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1978 онд Булган сумын 10 жилийн сургуулийн 8-р ангиа төгсөж, илгээлтээр хөдөө гарч Булган сумын “Ж******* *******” нэгдэлийн 3-р бригадад 1979 оны 07 сараас 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл тасралтгүй үхэрчин, саальчнаар ажиллаж байсан. Тухайн үед нэг саальчин 15 саалийн үнээ саадаг байсан. Би 60-100 төгрөгийн цалин авч байсан. Хавар 5 сараас саалийн ажил хийж, өвөл хүйтний улиралд бог, бод мал маллаж байсан.Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрээ зооринд орхиод усанд оруулснаас хүчингүй болсон тул миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт,хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Я.О******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Я.О*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Я.О******* нь Булган сумын “Ж******* *******” нэгдэлд 1979 оны 07 сараас 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл тасралтгүй малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь:
- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Я.О*******д 1979 оны 07 сарын 06-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Ж******* ******* нэгдлээс олгосон “Нэгдлийн гишүүний үнэмлэх” –ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Монголын хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүний 225970 тоот бат илэрхийлэх
- Хүсэлт гаргагч Я.О*******д Ховд аймгийн Булган сумын Ж******* ******* нэгдлээс 1981 оны 01 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт 1981-1990 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн ,
-цалингийн хүснэгтүүд
- гэрч Б.С*******гийн шүүхэд гэрчээр өгсөн: “Я.О******* нь 1979 оноос 1991 он хүртэл Булган сумын Ж******* ******* нэгдлийн 3-р бригадад саальчнаар ажиллаж байсан. Би Булган сумын мал эмнэлгийн тасагт оношлогч бага эмчээр ажиллаж байсан “гэх мэдүүлэг
-гэрч Б.Д шүүхэд гэрчээр өгсөн: “Я.О******* нь 1979 оноос 1991 он хүртэл Булган сумын Ж******* ******* нэгдлийн Б******* багийн 3-р бригадад саальчнаар ажиллаж байсан. Би Булган сумын мал эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан ” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Я.О******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасан үндэслэлээр тус шүүхийн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн 94 тоот шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х******* овогт Я*******гийн О*******ыг 1979 оны 07 сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Ж******* ******* нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч Я.О******* нь тус шүүхийн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн 94 тоот шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.