Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1044

 

 

 

 

 

 

 

   2020            9              24                                        2020/ШЦТ/1044

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч А.Тунгалагтуяа (томилолтоор),

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Э.Золбоо ( шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 2187) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01132 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.Т, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Отгон суманд 1981 оны 12 дугаар сарын 10-ний өдөр төрсөн, эрэгтэй, 39 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй,  “Буян ХХК”-д жолооч, ам бүл 1, , урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч О.Т нь 2020 оны 6 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө  өдөр .... тоотод хамтран амьдрагч Б.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гар хөл рүү гараараа, сандал, ганжин модоор цохиж, биед нь халдаж, хэвлийд зулгаралт, бугалга, шуу, ар нуруу, шилбэнд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: “...Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О.Т гэдэг хүнтэй 2013 онд Улаанбаатар хотод танилцсан юм. Дундаасаа хүүхэд байхгүй, хууль ёсны гэрлэлтийн батлахгүй. 2020 оны 06 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө ....  тоотод О.Т-гийн гэрт байж байсан чинь тэрээр нэг шил архи авчихсан гэрт орж ирсэн. Тэр архиа Т  ганцаараа ууж байгаад надад агсам тавьж, янз бүрийн юм ярьж байгаад намайг зодсон. Тэгээд би цагдаагийн 102 дугаарт дуудлага өгч, цагдаа нар ирээд Т  бид хоёрыг цагдаагийн хэлтэс авч ирж мэдүүлэг авсан. Т  нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаад надад хэлээгүй ийм асуудал бий үүссэн ...Т  нь сандал, ганжин модоор гараараа, хөлөөрөө өшиглөж дэвссэн ...Бүх бие битүү цэл хөх болсон. Нурууны ард зүсэгдсэн. Мөн урд үүдэн шүдийг хөдөлгөсөн ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),

“...Т  бид хоёр 2015 оноос хойш хамт нэг гэрт амьдарч байсан. ........ тоотод Т гийн гэрт зодуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

2. СХДЦГ ЦХ-2 Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудаст “...Дуудлага өгсөн огноо: 06/27/2020 10:41:25... хаяг: Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салаа Эрх чөлөө дэлгүүр ар талд ногоон байр...” гэх баримт (хавтаст хэргийн 03), 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7594 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Цээжний урд хэсэгт нэлэнхийдээ 10х10см, 3х5см 5х5см, 2х2см, 1х1см хэвлийн урд дээд хэсгээр 3х4см 2х2см, 1х5см, хэвлийн зүүн ар хажуу хэсэгт 15х15см голдоо 6х2см улаан хүрэн өнгийн зулгаралт бүхий 2 гарын бугалгын ард болон гадна хэсгүүдэд 3х7см хүртэл хэмжээний олон тооны баруун шууны гадна хэсэгт 5х4см, 2х2см, 3х3см, 1х1см ар нуруунд 2х1см хүртэл хэмжээний олоон тооны 2 хөлийн гуя, шилбэний эргэн тойронд 6х7см, 5х9см, 3х5см, 3х3см, 2х3см, 1х2см, 1х1см, 5х4см 6х6см хүртэл хэмжээний олон тооны улаан хүрэн өнгийн цус хуралтуудтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ

1. Б.Н-ын биед цээж, хэвлийд зулгаралт, бугалга, шуу, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29),

 

4. Шүүгдэгч О.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Н-ыг  түлхэж зуухны ирмэгт цохигдож гэмтэл учирсан хүлээн зөвшөөрч байна. Миний буруу хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...миний үйлдлээс болж Б.Н-ын биед учирсан гэмтлийг тодорхой гаргасан байна. Би энэ гэмтлийг учруулсан болохоо зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44),

- Хохирогч Б.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 5) Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 11-15), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 7-8), Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 9-10)

- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 97), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 98-99), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 101),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 54, 68), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47), гэрлэлтийн бүртгэлтийн лавлагаа (хавтаст хэргийн 53), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 59, 61, 64), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 67), “БУЯН” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 72) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.Т нь .......... тоот гэртээ, 2020 оны 6 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Н-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар эрүүл мэндэд нь халдаж, биед нь цээж, хэвлийд зулгаралт, бугалга, шуу, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

- Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О.Т-той ...2013 онд ...танилцсан, дундаасаа хүүхэд байхгүй, хууль ёсны гэрлэлтийн батлахгүй. 2020 оны 06 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө ...........  тоотод Т  ганцаараа архи ууж байгаад надад агсам тавьж, янз бүрийн юм ярьж байгаад намайг зодсон. Тэгээд би цагдаагийн 102 дугаарт дуудлага өгч, цагдаа нар ирээд Т  бид хоёрыг цагдаагийн хэлтэс авч ирж мэдүүлэг авсан. Т  нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаад надад хэлээгүйгээс ийм асуудал ...үүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),

“...Т  бид хоёр 2015 оноос хойш хамт нэг гэрт амьдарч байсан. ... тоотод Т гийн гэрт зодуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

- СХДЦГ ЦХ-2 Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудаст “...Дуудлага өгсөн огноо: 06/27/2020 10:41:25... хаяг: ......... ногоон байр...” гэх баримт (хавтаст хэргийн 03), 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7594 дугаар дүгнэлт “...1. Б.Н-ын биед цээж, хэвлийд зулгаралт, бугалга, шуу, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29),

- Шүүгдэгч О.Т-гын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний буруу хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...миний үйлдлээс болж Б.Н-ын биед учирсан гэмтлийг тодорхой гаргасан байна. Би энэ гэмтлийг учруулсан болохоо зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл О.Т нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “хамтран амьдрагч...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч О.Т хохирогч Б.Н нар нь хамтын амьдралтай байсан болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч О.Т-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч О.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Т болон түүний өмгөөлөгчөөс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагчаас зөвшөөрч  шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон байна.

Иймд шүүгдэгч О.Т-г улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч О.Т-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 2008 0000 01132 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Т-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ