| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/1015/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1049 |
| Огноо | 2020-09-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1049
2020 9 25 2020/ШЦТ/1049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0165) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0229 31235 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н.О, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Баянтэс суманд 1980 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эмэгтэй 39 настай, суурь боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар группэд байдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Н.О нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сутайн буянт” гэх захын орчимд иргэн Н.О нь өөрийн эзэмшлийн Самсунг А-30 маркийн гар утсаа куртикний халааснаас унагаж гээгдүүлэх нь бусдын гээгдэл эд, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ: “...Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны 16 цагийн үед ..... нутаг дэвсгэрт байрлах “Сутайн буянт” авто захын гадна байх машины зогсоол дээр өөрийн хар хөх өнгийн “Samsung А30” маркийн гар утсаа гээчихсэн. Гэхдээ би яг хаана явж байхдаа гээснээ сайн санахгүй байгаа юм. Ямар ч байсан “Сутайн буянт” захын машины зогсоолд дээр очиж машинтайгаа зогсох үед миний гар утас куртикний баруун талын халаасанд байсан. Миний куртикний халаас цахилгаангүй байсан юм. ...Би гээсэн гар утсаа Хөвсгөл аймагт байх “Юнител”-ийн салбараас 2019 онд 560.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо гар утсаа авсан үнээрээ үнэлнэ ...Хар хөх өнгийн, “Samsung А30” маркийн гар утас байсан. Миний гар утас 3546.......0449, 3546.......044 гэсэн имей кодтой...99927475 гэсэн дугаартай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),
“...би өөрийн гээгдүүлсэн гар утсыг бүрэн бүтэн эргүүлэн авсан тул надад цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20)
2. Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н.О-г өөрийн “Samsung А30” маркийн гар утсаа 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ........ хороо, “Сутайн буянт” зах дээр явж байхдаа гээсэн талаар нь мэднэ. Тухайн үед бид хоёр хамт ажиллаж байгаад маргааш нь надад гар утсаа гээчихлээ одоо олж авна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30),
3. “Юнител” ХХК-ийн албан бичигт “...3546.......044 имэй кодтой утсанд 8883..43, ...8031..03 дугааруудыг хийж ашигласан байна. 8883..43, ...8031..03 –Н.О, .... 4-р баг сүүл буга...” гэх баримт (хавтаст хэргийн 70),
4. Эд зүйл хураан авсан тэмдэглэлд: “...2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр... “Samsung А-30” маркийн ...хар өнгийн гар утсыг хураан авав...” баримт (хавтаст хэргийн 31)
5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2105 дугаартай дүгнэлтэд: “...Samsung А30 гар утас...420.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39),
6. Шүүгдэгч Н.О-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд
- Гэрчээр өгсөн: “...Таван шараас Сутайн буянт зах руу явах замд авто машины тос борлуулах цэгийн хажуу талд хар өнгийн дэлгэц нь хагарсан гар утас байхаар нь авсан. Би...өөрөө нүүрний шил нь цуурсан байсныг сольж янзлуулаад барьсан. ...Би өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг Юнителийн 8031..03 дугаарын сим картыг хийж барьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),
- Яллагдагчаар өгсөн: “...Би хүний гээсэн гар утсыг олсон тэгээд зарж үрэгдүүлэлгүй ашиглаж байсан буцаагаад өгчихсөн. Би ганцаараа явж байгаад Сутайн буянт захын хажуугаар алхаж яваад замын хажууд хэвтэж байсан хар өнгийн гар утсыг олсон. Уг гар утас нь унтарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52),
7. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 54-56),
8. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 59,), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 64), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 66, 68), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 83-87) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.О-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Н.О нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй алхаж явж байгаад ........, “Сутайн буянт” захын авто машины тос борлуулах цэгийн орчим газраас “Samsung А-30” маркийн гар утас олж, улмаар тухайн гар утсыг бусдын өмчлөлд байдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Н.О-д 420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны 16 цагийн үед ....... хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сутайн буянт” авто захын гадна байх машины зогсоол дээр өөрийн хар хөх өнгийн “Samsung А30” маркийн гар утсаа гээчихсэн. ...Би гар утсаа ...... аймагт байх “Юнител”-ийн салбараас 2019 онд 560.000 төгрөгөөр худалдаж авсан...Хар хөх өнгийн, “Samsung А30” маркийн гар утас байсан. Миний гар утас 3546.......0449, 3546.......044 гэсэн имей кодтой... гэсэн дугаартай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),
- Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н.О-г өөрийн “Samsung А30” маркийн гар утсаа 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ...... хороо, “Сутайн буянт” зах дээр явж байхдаа гээсэн талаар нь мэднэ. Тухайн үед бид хоёр хамт ажиллаж байгаад маргааш нь надад гар утсаа гээчихлээ одоо олж авна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30),
- “Юнител” ХХК-ийн албан бичигт “...3546.......044 имэй кодтой утсанд 8883..43, ...8031..03 дугааруудыг хийж ашигласан байна. 8883..43, ...8031..03 – Н.О ........ 4-р баг сүүл буга...” гэх баримт (хавтаст хэргийн 70),
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2105 дугаартай дүгнэлтэд: “...Samsung А30 гар утас...420.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39),
- Шүүгдэгч Н.О-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд
Гэрчээр өгсөн: “...хороонд байрлах Таван шараас Сутайн буянт зах руу явах замд авто машины тос борлуулах цэгийн хажуу талд хар өнгийн дэлгэц нь хагарсан гар утас байхаар нь авсан. ...Би өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг Юнителийн 8031..03 дугаарын сим картыг хийж барьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),
Яллагдагчаар өгсөн: “...Би ганцаараа явж байгаад Сутайн буянт захын хажуугаар алхаж яваад замын хажууд хэвтэж байсан хар өнгийн гар утсыг олсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.О нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, “Samsung А30” загварын 420.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Н.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.О нь “Samsung А30” маркийн 420.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаараа хохирсон байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.О нь гар утсыг биет байдлаар буцаан өгсөн (хавтаст хэргийн 20) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Н.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тоосон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Н.О-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, шүүгчийн хувийн байдал буюу хохирол, хор уршгийг арилгасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч тухайн эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.О-т торгох ял оногдуулсантай холбогдуулан шүүгдэгчийн хувийн байдал буюу хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувийн группэд байдгийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн ...дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.О-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-т оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ