Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1053

 

 

 

 

 

 

 

      2020         9             28                                        2020/ШЦТ/1053

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Г.Д,

шүүгдэгч Ч.А тэдний өмгөөлөгч Н.Одонтуяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0165) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Д, Ч.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0207 01047 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Г.Д, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Сант суманд 1989 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Ч.А, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,   

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 970 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

- Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

- Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр 2017 оны 58 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 640 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

- Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 6 сарын хугацаагаар хорих ял дээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нийт эдлэх ялыг 07 дугаар сарын хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 07 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 608 цагийн ажил буюу 76 хоногийн хорих ялыг нэмж нийтэд эдлэх хорих ялыг 09 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.  

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Г.Д, Ч.А нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчим ......  гудамжинд иргэн Г.Б-ийн эд хөрөнгийг авах зорилгоор толгойны ар талаас нь цохиж унагаан хүч хэрэглэн довтолж Samsung S6 актив загварын гар утас,  бэлэн 13.000 төгрөг, бичиг баримт бүхий хар өнгийн түрийвч зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, иргэн Г.Б-т 249.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2. Шүүгдэгч Ч.А мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг болсон гэх газар нь ... 5 тоот хашааны гадаа...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8),

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд....2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг ...59 минут 12 секундэд хохирогч Г.Б-тай хамт эхлээд хар өнгийн малгай, хар өнгийн фудболка, хар өнгийн шорт, хар пүүзтэй эрэгтэй, дараагийнх нь цэнхэр биеийн тамирын цамцтай, хар бараан өмдтэй эрэгтэй хамт гудамж руу алхаж орж ирж байгааг харуулав. Үүнээс цааш 12 цаг 59 минут 12 секундээс 12 цаг 59 минут 19 секундэд хохирогч Г.Б-ийг сэжигтэй этгээдүүд саатуулж юм ярьж зогсож...12 цаг 59 минут 19 секундээс 12 цаг 59 минут 24 секундэд хохирогч Г.Б-ийг сэжигтэй этгээдүүд саатуулан араас нь дуудаж алхаж...12 цаг 59 минут 32 секундэд сэжигтэй этгээдүүд хохирогч Г.Б-ийг явуулахгүй замыг нь хашиж зогсож байгааг харуулав. ....2020 оны 5 сарын 27-ны өдрийн 12 цаг 59 минут 40 секундэд хяналтын камерын тусгалаас сэжигтэй этгээдүүд гарч хашааны булан хэсэгт хүний далайж байгаа гар харагдсан дүрс бичлэг...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 53-56),

3. Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг 30 минутад ..........  гудамжинд Ханын материалын эцсээс гэр рүүгээ явах замд хүнсний дэлгүүр орчхоод явж байсан. Тухайн дэлгүүрийн нэрийг сайн санахгүй байна. Дэлгүүрээс гараад гудам руу явж байтал араас үл таних хоёр залуу араас дагаж байгаад хашааны булан эргэхэд өндөр махлаг залуу нь миний толгойн хэсэг рүү цохиж унагаад боож дараад нөгөө хамт явсан залуу өмдний халаасанд байсан Samsung S6, актив гар утас, бэлэн 13.000 төгрөг, түрүүвч, түрүүвч дотор байсан цахим үнэмлэх, “ХААН” банкны карт, “Төрийн” банкны карт, автобусны карт зэрэг эд зүйлийг авсан байсан...миний халаасанд ....хар өнгийн актив маркийн, гар утасны арын доод хэсэгт Galaxy S6 active гэсэн цагаан бичигтэй, урд дэлгэцийн доор зүг чиг заасан 3 товчтой гар утас байсан ба нэг сарын өмнө хувь хүнээс 200.000 төгрөгөөр авсан ба одоо авсан үнээрээ үнэлнэ. Хар өнгийн арьсан түрийвч нь хуучин хэрэглэж байсан түрийвч бөгөөд манай дүү надад бэлэглэж байсан юм. Би түрийвчийг 20.000 төгрөгөөр үнэлнэ. Харин түрийвч дотор бэлэн 13.000 төгрөг, миний цахим иргэний үнэмлэх, “Хаан”, “Төрийн” банкны карт, автобусны карт зэрэг эд зүйлс байсан. Бичиг баримтыг би шинээр авбал 45.000 төгрөг болох байх харин бусад картыг... шинээр захиалахад тус бүр 5.000 төгрөг болох байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

4. Иргэний нэхэмжлэгч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би ажлын байран дээрээ байж байтал үл таних 2 эрэгтэй орж ирсэн. Тэгээд шууд надад хандан “гар утас сэлбэгт авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “ямар гар утас юм бэ” гэж асуухад нэг эрэгтэй нь халааснаасаа “Samsung S6 active” маркийн гар утас гаргаж ирээд надад үзүүлсэн. Би үнийг нь асуухад 50.000 төгрөгөөр зармаар байна гэж нөгөө 2 залуу хэлсэн. Би гар утсыг нь асааж үзэхэд restart хийсэн дотроо ямар нэг файл, мэдээлэл байхгүй ямар ч эвдрэл гэмтэлгүй утас байсан. Би утсыг нь үзчихээд 40.000 төгрөгөөр авъя гэж хэлтэл за за ав гэж хэлсэн. Би мөнгөө өгөхөд нөгөө 2 залуу надад утсаа өгөөд шууд гараад явсан...надад одоо 40.000 төгрөгийн хохирол учраад байна. Гэхдээ би одоо 40.000 төгрөгөө нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19)

5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний СХЗ-1032 дугаар дүгнэлт “...Samsung s6 edge маркийн гар утас 170,000 төгрөг https://www.unegui.mn/adv/3006004s6-edge/..... бэлэн мөнгө 13,000 төгрөг... хар түрийвч 15,000 төгрөг цахим иргэний үнэмлэх 38,300 төгрөг https://www.hiub.mn/ content/read/12145.htm, виза карт 10,000 төгрөг https://www.khan bank.com/mn/, https://statebank.mn/w/mn/, Автобусны карт...3600 төгрөг https://www.uscc.mn/page/3484.shtml... буюу нийт 249.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 60-61),

6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 145-149),

7. Шүүгдэгч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр .......  гудамжинд Ч.А-ын хамт явж байсан. Ч.А бид хоёрын урд архи уусан юм шиг нэг залуу гуйваад алхаж явсан. Тухайн залуугийн гар утас өмдний баруун халааснаас цухуйж байсан бөгөөд бид хоёр дагаж явж байгаад хашааны буланд ойр орчимд хүн харагдахгүй байхаар нь би уг залуугийн толгойны ар хэсэг хүзүү орчимд зүүн гараараа нэг удаа цохисон. Гэтэл тэр залуу газар өнхрөөд өгсөн. Гэтэл Ч.А-г залуугийн халааснаас Samsung S-6 маркийн гар утсыг нь авсан тэгээд бид хоёр гудам тойроод гүйгээд явсан. Бид хоёр Драгон дээр очоод зүс таних Ганбаяр гэх залууд уг утсаа оруулаад зараад ир гээд оруулсан ба Ганбаяр орж уг утсыг 40.000 төгрөгт өгөөд гарч ирсэн...Ч.А-г залуугийн Samsung S-6 маркийн гар утсыг л авсан. Би цохиж унагаасан болохоос ямар нэгэн эд зүйл аваагүй...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би хар шорттой, хар өнгийн саравчтай малгайтай, доогуураа улаан өнгийн пүүзтэй явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 129-131),

8. Шүүгдэгч Ч.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Г.Д-тэй тааралдаад ганц архи олж хувааж уухаар ...явцгааж байсан. Гэтэл Ханын материалын эцсийн ойролцоо гудамд нэг залуу согтуу гуйвж явахаар нь би Г.Д-тэй ярилцаж уг залуугаас архины мөнгө авахаар ярилцаж тохиролцсон. Г.Д уг залуугийн араас нь очоод гараараа шилэн хүзүү рүү нь нэг удаа цохиод унагаасан. Тэр үед өмдний халааснаас нь утас нь газар унахаар нь би утсыг нь авсан...Драгон дээр очоод нэг залуутай тааралдаад уг залуугаар Драгоны утас авдаг газар руу оруулж уг дээрэмдэж авсан гар утсаа 40.000 төгрөгөөр зараад...хоол идэж архи ууцгаасан. ...Уг залуугийн халаасанд өөр зүйл байсныг мэдэхгүй. Би гар утас өмднийх нь халааснаас унахаар нь л авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 140-141),

9. Эд мөрийн баримт хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 49), Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 50),

- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр баривчилсан мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 43, 46), Прокурорын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар баривчлагдсан сэжигтнийг суллах тухай тогтоол (хавтаст хэргийн 47), шүүх хуралдааныг хойшлуулж шүүгдэгч нарыг албадан ирүүлэх шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 176-177), 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан баримт (хавтаст хэргийн 178)

- Шүүгдэгч Г.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 108, 180), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 102, 104), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 110), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 112, 113),  

- Шүүгдэгч Ч.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 119, 181), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 102, 104), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 69-98) хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 151), гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 118) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Д, Ч.А, нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Д, Ч.А нар нь бүлэглэн .......... гудамжинд, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчим, архи уух мөнгө олох зорилгоор, иргэн Г.Б-ийн эд хөрөнгийг авахаар  түүний араас довтолж, толгойны ар талаас нь цохиж унагаан хүч хэрэглэн “Samsung S-6 active” загварын гар утас, бэлэн 13.000 төгрөг, бичиг баримт бүхий хар өнгийн түрийвч зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Г.Б-д 249.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг болсон гэх газар нь ... 5 тоот хашааны гадаа...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд....2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг ...59 минут 12 секундэд хохирогч Г.Б-тай хамт эхлээд хар өнгийн малгай, хар өнгийн фудболка, хар өнгийн шорт, хар пүүзтэй эрэгтэй, дараагийнх нь цэнхэр биеийн тамирын цамцтай, хар бараан өмдтэй эрэгтэй хамт гудамж руу алхаж орж ирж байгааг харуулав. Үүнээс цааш 12 цаг 59 минут 12 секундээс 12 цаг 59 минут 19 секундэд хохирогч Г.Б-ийг сэжигтэй этгээдүүд саатуулж юм ярьж зогсож...12 цаг 59 минут 19 секундээс 12 цаг 59 минут 24 секундэд хохирогч Г.Б-ийг сэжигтэй этгээдүүд саатуулан араас нь дуудаж алхаж...12 цаг 59 минут 32 секундэд сэжигтэй этгээдүүд хохирогч Г.Б-ийг явуулахгүй замыг нь хашиж зогсож байгааг харуулав. ....2020 оны 5 сарын 27-ны өдрийн 12 цаг 59 минут 40 секундэд хяналтын камерын тусгалаас сэжигтэй этгээдүүд гарч хашааны булан хэсэгт хүний далайж байгаа гар харагдсан дүрс бичлэг...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 53-56),

- Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэлгүүрээс гараад гудам руу явж байтал араас үл таних хоёр залуу араас дагаж байгаад хашааны булан эргэхэд өндөр махлаг залуу нь миний толгойн хэсэг рүү цохиж унагаад боож дараад нөгөө хамт явсан залуу өмдний халаасанд байсан Samsung S-6, актив гар утас, бэлэн 13.000 төгрөг, түрүүвч, түрүүвч дотор байсан цахим үнэмлэх, “ХААН” банкны карт, “Төрийн” банкны карт, автобусны карт зэрэг эд зүйлийг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний СХЗ-1032 дугаар дүгнэлт “...нийт 249.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 60-61),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 145-149),

- Шүүгдэгч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр .......  гудамжинд Ч.А-ын хамт явж байсан. Ч.А бид хоёрын урд архи уусан юм шиг нэг залуу гуйваад алхаж явсан. Тухайн залуугийн гар утас өмдний баруун халааснаас цухуйж байсан бөгөөд бид хоёр дагаж явж байгаад хашааны буланд ойр орчимд хүн харагдахгүй байхаар нь би уг залуугийн толгойны ар хэсэг хүзүү орчимд зүүн гараараа нэг удаа цохисон. ...Гэтэл Ч.А-г залуугийн халааснаас Samsung S-6 маркийн гар утсыг нь авсан тэгээд бид хоёр гудам тойроод гүйгээд явсан. ...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би хар шорттой, хар өнгийн саравчтай малгайтай, доогуураа улаан өнгийн пүүзтэй явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 129-131),

- Шүүгдэгч Ч.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гудамд нэг залуу согтуу гуйвж явахаар нь би Г.Д-тэй ярилцаж уг залуугаас архины мөнгө авахаар тохиролцсон. Г.Д уг залуугийн араас нь очоод гараараа шилэн хүзүү рүү нь нэг удаа цохиод унагаасан. Тэр үед өмдний халааснаас нь утас нь газар унахаар нь би утсыг нь авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 140-141) зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтуудыг хууль зүйн хувьд дүгнэж үзвэл шүүгдэгч нар нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр санаагаараа нэгдэн шүүгдэгч Ч.А нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, төлөвлөж, шүүгдэгч Г.Д нь хохирогч руу довтлохыг зөвлөсөн. Улмаар хохирогч Г.Б-ийн араас шүүгдэгч нар нь даган гудамжны үзүүрт, хохирогчийн араас очиж Г.Д нь хохирогч руу довтолж толгой руу цохиж унагаан түүний гар утсыг булаан аван хамтдаа зугтаасан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэснийг болон мөн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж...авахаар довтолсон” гэх шинжийг тус тус хангасан гэж үзнэ.

Тиймээс шүүгдэгч нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй тул шүүхээс Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-д 249.000 төгрөгийн хохирол учирсан байх тул хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч нар нь биет байдлаар төлсөн байна. Иймд шүүгдэгч Г.Д, Ч.А нарыг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нар болон өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас

- Шүүгдэгч Ч.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жилийн хугацаагаар хорих ял

- Шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ял, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нарын цагдан хоригдсон нийт хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох дүгнэлтийг,

- Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс:

Шүүгдэгч Ч.А, Г.Д нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь амьжиргааны баталгаажих түшингээс доогуур орлоготой, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүгдэгч Ч.А, Г.Д нар нь нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж тухайн зүйл, хэсгийн хамгийн доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч Ч.А, Г.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.            

Шүүгдэгч Г.Д, Ч.А нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Шүүх Г.Д, Ч.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн

- Шүүгдэгч Г.Д, Ч.А нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгааг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-г 2 жил, шүүгдэгч Ч.А-ыг 2 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Д, Ч.А нарыг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг (хавтаст хэргийн 180) хүртэл 11 хоног тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 11 хоногийг, шүүгдэгч Ч.А-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 11 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, ялаас хасах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн CD нэг ширхэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тэмдэглэж, тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Д, Ч.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-г 2 (хоёр) жил хугацаагаар, шүүгдэгч Ч.А-ыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 11 (арван нэг) Ч.А-ын баривчлагдсан, цагдан хоригдсон 11 (арван нэг) хоногийг хорих ялыг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий нэг ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Д, Ч.А нарын эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Г.МӨНХЗУЛ