Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 200

 

                Г.Мд холбогдох

                     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Г.Эрдэнэ,

яллагдагч Г.Мгийн өмгөөлөгч Д.П ,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1677 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэнийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр Г.Мд холбогдох 1706013810165 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Б овогт  Г.М, 1980 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ........................... оршин сууж байсан,

          Нийслэлийн шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 6 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

          Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 55 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 141 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 234/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 218 дугаар шүүгчийн захирамжаар хуулийн тэгшитгэлд хамруулж, эдлээгүй үлдсэн 5 жил 9 сар 11 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,

          Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ............................/,

          Г.М нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 3-1595 тоотод хохирогч Б.Ш-ын гэрт М.Н-ыг хохирогч Б.Ш-ын хүүхдүүд болох бага насны 3, 7 настай хоёр хүүхэдтэй хамт байхад нь эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, хутга буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж 3 ширхэг мөнгөн аяга, “Dell” загварын зөөврийн компьютерийг цэнэглэгчийнх нь хамт, “Samsung S2”, “LG” загварын гар утаснуудыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Мд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Эрүүгийн хуульд хэд, хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхэд нийт ялын хэмжээ нь мөн хуулийн тухайн төрлийн ялын дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэж заасан нь өөр өөр шүүхээр ял оногдуулах нь яллагдагчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд аль нэг шүүхийн шийдвэр нь нөгөө шүүхэд мэдэгдэхгүй өнгөрөх, түүнчлэн цаг хугацааны хувьд нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад ял нэмж нэгтгэх боломжгүй юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2-т нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болохоор заасан тул яллагдагч Г.Мд холбогдох хэргүүдийг нэгтгэх нь зүйтэй гэж   Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Г.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийн агуулгаас үзэхэд шүүхээс яллагдагч Г.Мг шүүхэд шилжүүлсний дараа, анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хянан шийдвэрлэхэд буюу ирээдүйд үүсч болох үндэслэлийг хөндсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна” гэж тус тус заасан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийж, шийдвэрийнхээ гол үндэслэл болгох байтал Г.Мд холбогдох эрүүгийн хэргийг ямар хэрэгт нэгтгэх, эсхүл энэ хэрэгт ямар хэргүүдийг нэгтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заажээ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1677 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн ...” гэв.  

Яллагдагч Г.Мгийн өмгөөлөгч Д.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1677 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1170 дугаартай шийтгэх тогтоол, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1074 дугаартай шүүгчийн захирамж зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд урьд хэрэг шийтгэгдсний дараа өөр хэрэг илэрсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулаагүй. Иймд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг харгалзан үзэж, хэргүүдийг нэгтгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Мд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1677 дугаар шүүгчийн захирамж нь хуулийн шаардлагад нийцсэн,  анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Мд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 376 дугаар яллах дүгнэлтийг үндэслэн эцэслэн шийдвэрлэх боломжгүй  байх ба шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх дараах нөхцөл байдал үүссэн байна.

Тухайлбал Г.Мгийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 30-624 тоотод оршин суух иргэн Б.М-ын өвлийн сууцны цонхоор орж “Lenova” загварын зөөврийн компьютер, алтан, мөнгөн эдлэл зэрэг эд зүйл хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 31-629 тоотод оршин суух иргэн Г.Т-ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “TCL” загварын LCD зурагт хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргүүдийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс “... түүний үйлдсэн нэг төрлийн хэд хэдэн гэмт хэргүүдэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул тэдгээр хэрэгт нь нэгтгүүлэх нь зүйтэй” гэж үзэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 1074 тоот шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан,

түүнчлэн мөн өдөр нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хулгайн өөр хоёр үйлдэлд  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байх ба уг ялыг одоо эдлэж эхлээгүй байна.

 Г.Мгийн холбогдсон нэг төрлийн дээрх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдэхгүйгээр түүнд хэд хэдэн шийтгэх  тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд сүүлд нь тэдгээрийг нэгтгэх боломжгүй болох юм.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна. Ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тоолно” гэж заасан байсан. Гэтэл уг зохицуулалтыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хассан тул Г.Мд оногдуулах ялуудыг дээр дурдсан аргаар нэгтгэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг шийтгэх тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэд хэдэн шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй болно.

Иймд прокурор Г.Эрдэнийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1677 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1677 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Эрдэнийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хэргийг прокурорт очтол Г.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧИД                                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН