Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0026/З |
Дугаар | 221/МА2022/0357 |
Огноо | 2022-05-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2022/0357
Г.Бийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,
Гомдол гаргагч: Г.Б,
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар,
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Э,
Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н, Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005672 дүгээр шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох“,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 287 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,
Хэргийн индекс: 128/2022/0026/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 287 дугаар шийдвэрээр:
“Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан Г.Бээс гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005672 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга:
2.1.Анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Г.Бийн ямар үйлдэл өрсөлдөөнийг хэрхэн хязгаарласан талаар тодорхой дурдаагүй зөвхөн данс руу нь 26,000,000 төгрөг орсон нь хууль бус үйлдэл гэх агуулгаар тайлбарласан.
2.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг дурдсан бөгөөд 4 дэх хэсэгт “... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэж заасан.
2.3.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний нөхцөлийг чөлөөтэй тохиролцох эрхтэй буюу аль нэг талын санал нөгөө талд таалагдахгүй бол хүлээн авахгүй байх боломж бүрэн байсан.
2.4.Гэтэл төрийн захиргааны байгууллагаас үнэ өссөн нь өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор ... хэрэглэгчийг хууль бусаар хохироох хуралдааны арга гэж үзэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
2.5.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4-д “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, төр эдийн засгийг зохицуулахаас биш үнэ тогтоох, тулуудын хооронд тохирсон үнийг их эсхүл бага гэж дүгнэх эрхгүй болно.
2.6.Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн” гээд 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох хуралдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
2.7.Иргэн Г.Бийн автомашинд ачуулсан “Ф” ХХК-ийн хүнсний ногоо Улаанбаатар хотод тээвэрлэгдэн ирсэн.
2.8.Иргэн Г.Б нь “Ф” ХХК-аас 26,000,000 төгрөг л авсан. Түүнийг нь шийтгэлийн хуудсаар хураах шийдвэр гарсан. Зөрчлийн тухай хуульд хууль бусаар олсон орлогыг л хураахаар зохицуулсан. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь Г.Бийн бүх орлогыг хууль бусаар олсон орлого гэж үзэж байгаа нь үндэслэлгүй болно. Энэ 26,000,000 төгрөгөөс тээвэрлэлтийн зардал /шатах тослох материал, жолоочийн байр хоолны зардал, автомашины элэгдэл/-үүд гарсан. Гэтэл бүх орлогыг хууль бус орлого гэж үзэх боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Гомдол гаргагч Г.Бээс “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н, Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005672 дүгээр шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” гомдлыг улсын байцаагч нарт холбогдуулан гаргажээ.
2.Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Г.Бийг импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо, жимс жимсгэнийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэхдээ тээврийн хөлсийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн нь “хэрэглэгчдийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” зөрчил үйлдсэн гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу хууль бусаар олсон орлого болох 26,000,000 төгрөгийг хурааж, 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан.
3.Гомдол гаргагчаас “гэрээний нөхцөлийг талууд чөлөөтэй сонгох эрхтэй, Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь иргэний аж ахуй эрхэлж байгаа үйлдэлд дүгнэлт гаргаж, арга хэмжээ авч байгаа нь илт хууль бус, Г.Б-ийн үйлдэл нь хэний, ямар өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа нь ойлгомжгүй, хариуцагч Г.Б хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан ямар нэгэн үндэслэл байгаагүй” гэж маргадаг.
4.Хариуцагчаас “аж ахуй эрхлэгч Г.Б нь БНХАУ-ын талаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасныг урвуугаар ашиглаж, импортын бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөргөдөл үүсгэж, үнийн хөөргөдлөөс шалтгаалан нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, зохиомол хомсдол үүсч, хэрэглэгч хууль бусаар хохирсон” гэж маргажээ.
5.Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 01/23 удирдамжийн дагуу хариуцагч улсын байцаагч нараас Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үйл ажиллагааг Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хуульд нийцэж байгаа эсэхийг шалгажээ.
6.Шалгалтын явцад БНХАУ-ын талаас 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хөдөлгөөнийг хааж, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоосон нөхцөл байдлыг улс хоорондын ачаа тээвэр эрхлэгч аж ахуй нэгж, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 20,000,000-30,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн, тээврийн үнийн өсөлтөөс шалтгаалж нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүссэн, нарийн ногооны үнэ дунджаар 1кг тутамд 22.2 хувиар өссөн гэдэг нь тогтоогджээ[1].
7.Гомдол гаргагч Г.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоосон үед Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 8984 УНИ улсын дугаартай VOLVO FMFH маркын машинаар “хүнсний ногоо, жимс, жимсгэнийг” 26,000,000 төгрөгөөр 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тээвэрлэсэн гэдэг нь зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэл[2], Г.Бийн дансны хуулга[3], “Ф” ХХК-ийн дансны хуулга[4] зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
8.Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “аж ахуй эрхлэгч гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа, ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг ойлгоно”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх.”,
Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Улсын байцаагч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:”, 20.3.1-д “өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, захиргааны шийтгэл ногдуулах”, 20.3.5-д “захиргааны шийтгэл ногдуулах тухай өөрийн болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах” гэжээ.
9.Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: ... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
10.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.7-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэжээ.
11.Маргааны тохиолдлын хувьд дээр дурдсан хуулийн зохицуулалтыг холбогдуулан дүгнэхэд, гомдол гаргагч Г.Бийг тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоосон цаг хугацаанд “хүнсний ногоо, жимс, жимсгэнийн” тээвэрлэлтийн үнийг өсгөсөн, тээврийн үнийн өсөлтөөс шалтгаалж нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэн хэрэглэгчийг хохироосон зөрчил гаргасан гэдгийг шалган тогтоож, торгууль ногдуулан, хууль бусаар олсон орлогыг хураахаар шийдвэрлэсэн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчийн “хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан ямар нэгэн үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр “илт хууль бус” гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
12.Түүнчлэн гомдол гаргагчаас “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.”, гэрээний нөхцөлийг чөлөөтэй тохиролцох эрхтэй” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргасан.
13.Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ... зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.” гэж заасан.
Үүнээс үзэхэд иргэний эрх зүйн харилцаа нь гэрээний чөлөөт байдалд үндэслэдэг хэдий ч иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг алдагдуулахгүйгээр иргэний эрх зүйн харилцаанд оролцох үүрэгтэй.
14.Өрсөлдөөний тухай хуулиар Монгол Улсад аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулсан.
15.Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "ноёлох үйл ажиллагаа гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг”,
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 7.1.2.бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх.” гэж заасан.
16.Хариуцагч улсын байцаагч нар нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын гэрээний чөлөөт байдалд шууд оролцохгүй хэдий ч зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн үйл ажиллагаанд хуульд заасан хяналт тавих, хариуцлага оногдуулах бүрэн эрхтэй.
17.Хорио цээрийн нөхцөл шаардлагын улмаас тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоосон үед БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд улс хооронд ачаа тээвэр гүйцэтгэх нь ердийн үеийн аж ахуйн харилцаанаас ялгаатай юм.
Тодруулбал, тухайн нөхцөлд тодорхой цөөн тооны тээврийн хэрэгсэл улс хооронд тээврийн үйл ажиллагаа явуулах боломжтой байсан, тухайн тээврийн үйл ажиллагааг эрхэлж буй цөөн тооны этгээд нь давамгай байдалтай аж ахуйн нэгжид тооцогдохоор байх бөгөөд гомдол гаргагчаас “хүнсний ногоо, жимс, жимсгэнийн” тээвэрлэлтийн үнийг өсгөж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж хариуцлага оногдуулсан хариуцагчийн үйлдэл нь хууль зөрчөөгүй байна.
Иймд гомдол гаргагчийн “...төр эдийн засгийг зохицуулахаас биш үнэ тогтоох, талуудын хооронд тохирсон үнийг их, эсхүл бага гэж дүгнэх эрхгүй болно, 26,000,000 төгрөгөөс тээвэрлэлтийн зардал /шатах тослох материал, жолоочийн байр, хоолны зардал, автомашины элэгдэл/-үүд гарсан. Гэтэл бүх орлогыг хууль бус орлого гэж үзэх боломжгүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах нь үндэслэлгүй.
18.Гомдол гаргагчаас гомдлын шаардлагаа “маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хууль бус үндэслэлээр хүчингүй болгуулах”-аар тодорхойлоогүй харин маргаан бүхий шийтгэлийн хуудсыг “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тодорхойлж, гомдлын үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэж тайлбарласан.
19.Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус болох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, ...” гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт шийтгэлийн хуудсыг “хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагыг тодорхойлон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд мөн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
20.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 287 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, 20 дугаар зүйлийн 20.3.1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Г.Б-ээс улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н, Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005672 тоот шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ