Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 14

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт оршин суух, /РД:ЧЕ*******/, Х******* овогт Д*******ийн Б*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Б******* багт оршин суух, /РД:ПБ*******/, Их ш*******д овогт Ө*******ын Д*******д холбогдох

гэрлэлт цуцлуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох хашаа байшинг өөрийн эзэмшилд үлдээх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ө.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2011 оны 11 сарын 16-ны өдөр Ө*******ын Д*******тай айл болон нэг жил хамт амьдарсан. 2012 оноос хойш 4 жил  тусдаа  амьдарч байна. Бид хоёрын дундаас хүүхэд төрөөгүй. Хамтын хөрөнгө болох хашаа байшин байгаа. Энэ хашаа нь миний нэр дээр байдаг. Энэ хашаа байшинг миний эзэмшилд үлдээж, бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Д******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Б*******ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Надад эд хөрөнгийн маргаан байхгүй. Хашаа байшинг Д.Б*******т өгнө. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар бичмэл нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б******* нь гэрлэлт цуцлуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох хашаа байшинг өөрийн эзэмшилд үлдээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Д*******д холбогдуулан гаргажээ.

Гэрлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Зохигчид 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болж, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Г-170 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар батлагдаж байна.

Гэрлэгчид 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд тэд олон жил тус тусдаа амьдарсан, хариуцагч гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хоёулаа гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэсэн бөгөөд дахин эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Б******* нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд болох Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 2-р гудамжны 18 тоотод байршилтай хувийн сууц, 930,2 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний газрыг өөрийн эзэмшилд үлдээхийг хүсч байх ба хариуцагч Б.Д******* хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн бөгөөд хариуцагчийн саналыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х******* овогт Д*******ийн Б*******, Их ш*******д овогт Ө*******ын Д******* нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2 . Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 2-р гудамжны 18 тоотод байршилтай, Д*******ийн Б******* /ЧЕ*******/-ийн нэр дээр өмчлөх эрхийн 000150374 дугаар гэрчилгээгээр улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц болон мөн Д*******ийн Б******* /ЧЕ*******/-ийн нэр дээр өмчлөх эрхийн 000113698 дугаар гэрчилгээгээр улсын бүртгэлийн Г-1617000583-д бүртгэгдсэн, нэгж талбарын 2 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний 930,2 метр квадрат газрыг Д.Б*******т үлдээж, өөр бусад эд хөрөнгийн талаар талууд маргаангүй гэснийг дурьдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг ерөнхий шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Д*******гаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б*******т буцаан олгосугай.

             5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.