| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00866/и |
| Дугаар | 667 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 667
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22-А байрны 58 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар УШ 91071001, Боржигон овогт Хатанбаатарын Баярмаагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23 дугаар байрны 6 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар УК 90100930, Лувсандоо овогт Санчирын Хаш-Эрдэнэд холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Х.Баярмаа, хариуцагч С.Хаш-Эрдэнэ, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би С.Хаш-Эрдэнэтэй 2012 оны 12 дугаар сард гэр бүл болсон бөгөөд бидний дундаас 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр охин Намуу-Эрдэнэ төрсөн.Би эхэн үедээ гэр бүлийн доторх асуудлыг даван туулах ёстой гэж бодож амьдарч байсан боловч сүүлдээ би дарамт, айдастай амьдрах болсон, бид 2016 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна.Би охиноо өөрийнхөө асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, би охиноо аавтай нь уулзуулж байгаа, үүнээс хойш сард нэг удаа уулзуулж байхыг хүсэж байна гэв.
Хариуцагч С.Хаш-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бид 2011 оны 12 дугаар сард гэр бүл болсон бөгөөд 2013 оны 6 дугаар сард охин Намуун-Эрдэнэ төрсөн, миний хүүхэд мөн.Бид 2016 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.Охиноо ээжийнх нь асрамжид байлгахад татгалзахгүй, охиндоо хуульд заасан тэтгэлэгийг өгнө, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.Би 3 долоо хоног хөдөө ажиллаад, 3 долоо хоногт хотод байдаг тул би охинтойгоо сард хангалттай хугацаагаар уулзаж байхыг хүсэж байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Баярмаа хариуцагч С.Хаш-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Х.Баярмаа, С.Хаш-Эрдэнэ нар 2011 оны 12 дугаар сарын 2-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 12 дугаар сарын 3-ны өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн 0132815 Г-983 дугаартай гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Тэдний дундаас 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр охин Намуун-Эрдэнэ төрсөн болох нь хүүхдийн төрсний 0000934502 Г-2749 дугаартай гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2016 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа нөхцөл байдал нь тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Мөн нэхэмжлэгч Х.Баярмаа тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болгосон байна.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн санал болон хүүхдийн насны байдал, түүний дассан орчин нөхцөл, эрүүл мэнд, амьдрах орчин, хүмүүжилд тавих анхаарал, халамж зэргийг харгалзан Намуун-Эрдэнийг ээжийнх нь асрамжид байлгаж, эцгээс нь хуульд заасан хэмжээний тэтгэлэгийг гаргуулан түүнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нөгөө талаар Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар 5 дугаар зүйлийн 5.2-т “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасан байх бөгөөд бага насны хүүхдийн амьдрах орчны болоод харилцааны эрүүл орчинд өсөж бойжих эрхийг харгалзан үзэв.
Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул Маргадыг ээжийнх нь асрамжид байлгахаар шийдвэрлэсэн ч С.Хаш-Эрдэнэ дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх” гэж заасан байдаг тул С.Хаш-Эрдэнийн хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байгааг дурдаж, С.Хаш-Эрдэнэ хүүхэдтэйгээ 30 хоногт 2 удаа уулзаж байхаар тогтоож байна.
Зохигчдын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Хатанбаатарын Баярмаа, Лувсандоо овогт Санчирын Хаш-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Намуун-Эрдэнийг эх Х.Баярмаагийнх нь асрамжид байлгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Намуун-Эрдэнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Хаш-Эрдэнээс нь тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-т зааснаар С.Хаш-Эрдэнэ охин Намуун-Эрдэнэтэйгээ 30 хоногт 2 удаа уулзаж байхаар тогтоосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар зохигчдын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар С.Хаш-Эрдэнээс 50 546 /тавин мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Хаш-Эрдэнээс 70 200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Х.Баярмаад олгосугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН