Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 770

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        09          23                                   2020/ШЦТ/770

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр, 

улсын яллагч С.Оюунжаргал,

иргэний нэхэмжлэгч М.Амарзаяа түүний өмгөөлөгч Г.Гантуяа /ҮД:2872/

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал /ҮД:0002/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Б.Э-д холбогдох эрүүгийн 2003 00298 0256 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Тээврийн  цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо эрхэлсэн ажилгүй гэх, ам бүл 7, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 11-313 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Б.Э, регистрийн дугаар / /,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 25 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Салхитын 1 дүгээр автобусны буудлын замд Н.Ганбилэгийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 44-91 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Амарзаяа жолоочтой “Субару Порестор” маркийн 97- 80 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч М.Амарзаяа, зорчигч 5 настай А.Эрхэмбаяр, А.Өсөхбаяр нарын эрүүл мэндэнд хөнгөн хохирол, зорчигч Н.Ганбилэг, Б.Эрдэнэбилэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Субару Порестор” маркийн 97-80 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.765.000 төгрөгийн шууд, 4.515.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн,

-Дээрх гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тус өдөр хавтаст хэрэгт авагдсан миний өгсөн мэдүүлгүүд байна. Зуслангаас наашаа ирж байх явцад машин тоормосгүй болсон. Урд байгаа машинаа мөргөх, эсвэл баруун тийшээ дараад явган хүний зам руу дарж зогсооё гэсэн боловч тэр зам дээр хүн явж байсан. Шадивлангаас хот руу чиглэлийн эсрэг урсгал чөлөөтэй, машин багатай байсан. Тийм болохоор эсрэг урсгал руу ороод зогсоох арга хэмжээ авсан. Амарзаяагийн машиныг мөргөж хохирол учруулсан байгаа энийгээ бол ойлгож байгаа. Ослын дараа маш хүнд цохилт авсан. Би гүн шоконд орох шиг болсон. Би гэмтлийн эмнэлэгт очиж байсан энийг маань хэргийн газраас зугтаасан гэж үзэж байх шиг байна.1998 оноос эхлэн жолоо барьж байгаа. Тормос гишгээд ажиллагаагүй болсон байсан.Баруун талд хүн явж байсан болохоор эсрэг урсгалд орсон. Амарзаяад учруулсан хохирлыг би бүрэн төлсөн. Машины хувьд би засвар дээр 40 гаран хоног засуулсан. Машиныг Амарзаяагийн талаас  авсан үнээр нь авна гэсэн шаардлагыг тавьсан. Энэ дээр би тэгэх боломжгүй гэж хэлсэн байгаа. Тэгээд машиныг засварт өгсөн. Машиныг  хүлээлгэж өгч чадаагүй байгаа. Би осолд орсон машин авахгүй гэсэн. Тухайн машиныг анх худалдаж авсан үнээр нь гаргуулна гэсэн. Сүүлдээ хоорондоо ярилцаад  Үнэлгээний газарт 8 сая 500 мянган төгрөг гэж гарсан. Энэ машины зах зээлийн үнэ 6 сая 500 мянга байсан. Тэгээд би дээр нь 2 сая 500 мянган төгрөг нэмээд өгье. Харин надад 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаа өгчих, гэрээ хийе нотариатаар баталгаажуулаад машины хохирлыг тохиролцъё гэсэн санал гарсан. Нэгнийгээ ойлгоогүйн улмаас шийдвэрт хүрч чадаагүй...” гэв.

Иргэний нэхэмжлэгч М.Амарзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2 нялх хүүхэдтэй. 2 хүүхдээ агаарт гаргах гэж явж байгаад энэ хүний машины тоормос яагаад ч барихгүй байсан машин тэгж явна гэж байхгүй. Миний урсгал руу нэг ороод нэг гараад дайвалзаад яваад байсан Тэр үед явган хүмүүс байгаагүй. Маш хурдтайгаар миний урд мөргөж зогссон. Хэргийн газарт түргэн дуудсан. Би сандраад 2 хүүхдэдээ ч санаа зовоод өөрөө ч шоконд орчихсон байсан. Хоёр хүү маань чим чимээгүй болчихсон сандраад 2 хүүгээ татаж гаргаж байхад энэ хүн гуйвж зогсож байгаад  хашаа тойроод зугтаасан. Би хүүе та болиоч, зогсооч гэсэн чинь хашаа тойроод зугтсан. Хэзээ ч шоконд орсон тэгж зугтахгүй. Цагдаа ирэхээс өмнө түргэн ирсэн. Тэгээд бид явсан. Энэ хүн тэр чигтээ зугтаад нөгөө хүмүүс тэр хүн чинь зугтчихлаа, наад 2 хүүхдээ бод гэсэн. Би тэгээд түргэний машинаар явж байсан. Нөгөө хоёр хүн нь түргэний машинаар хамт ирсэн. Дараа нь энэ хүн жолооч байсан гэдэг нь тогтоогдсон.  Би тухайн үед энэ хүнийг жолооч байсан гэж мэдээгүй. Миний машин журмын хашаанд байхад Б.Э ах гаргаад өгчих гээд гуйсан. Би энэ машиныг нь зараад өгье. Надад ченж найз байдаг. Надаас 6 сая төгрөгөөр авъя гэсэн тэгээд ах нь дээрээс нь  мөнгийг нэмээд өгнө. Ах нь Өвөрхангайд байж байна гэсэн. Манай аав руу хүртэл яриад гуйхаар нь би итгээд найзад нь машинаа өгөхдөө гарын үсэг зуруулаад авсан. Тэрнээс хойш энэ хүн таг чиг болсон утсаа авдаггүй. Эхнэр лүү нь залгахаар намайг блок хийчихсэн. Дараа нь манай аавын бие муудахад энэ хүн миний машиныг байнга унаж байгаа. Монел, шархад ер нь зүүн  тийшээ л манай хамаатан садангууд хүртэл энэ хүн миний машиныг унаад явж байсан гэх баримт байгаа. Би 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Тийм болохоор байнгын таксидана. Энэ хүн 5 сарын хугацаанд намайг хохироосон, хэцүү байна. Би такси олдохгүй хэцүү байна миний машиныг засуулсан бол та надаа өгчих гэж хэлэхэд за ах нь маргааш 1 цагт яваад очъё гэсэн хэр нь тэр цагаас хойш өдий хүртэл миний утсыг аваагүй, утсаа авахаа больсон. Энэ хугацаанд би байнгын сэтгэл санаагаар хохирсон. Бага насны хүүхдүүдтэй болохоор гадуур дагуулж явахад хэцүү байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн дараа өмгөөлөгчтэйгөө бид дөрвүүлээ байж байгаад оношилгоонд оруулъя гээд хагассайн өдөр нь 1 цагт цаг товлосон. Та чадахгүй бол би оношилгоонд нь цаг аваад үзүүлье гэсэн. Өмгөөлөгчтэйгөө хамт 2 цаг энэ хүнийг хүлээгээд машинаа үзсэн чинь мотор нь яг хэвэндээ, аймар дуу шуутай, урд купер, гэрлийнх нь дээд тал хагарчихсан, урд талын сетка нь байхгүй байсан. Энэ яаж байгаа юм бэ гээд асуусан чинь ерөөсөө хэнэггүй байрны гадаа уначихсан юм байлгүй гээд за гээд надад юу ч хэлэлгүй буцаад машин унаад алга болчихсон. Бид хоёр баахан хүлээсэн. Буцаж ирээгүй. Хоёр гурван цагийн дараа над руу залгаснаа ирчихлээ гэсэн. Тэр өдөр хүүхдүүд харах хүн байхгүй  ээжийгээ гуйж харуулаад өөрөө гарсан. Бороо орсон хүйтэн өдөр байсан. Машин янзлуулсан юм байхгүй өөрөө ч дургүй байсан. Би 5 сарын турш машингүй, хүүхдүүдийн хичээл сургууль эхэлчихсэн, ажил ч хийж чадахгүй их хохиролтой байна. Би машинаа бүтнээр нэхэмжилж байгаа.Энэ хүнд би маш их гомдолтой байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Н.Ганбилэгийн  “...утсаа оролдоод явж байхад гэнэт л тас гээд л машинтай мөргөлдөж байгаа нь мэдэгдсэн тэгээд нэг сэрэхэд би суудлын бүсэнд татагдчихсан машин миний талаар хажуугаараа харчихсан, хүмүүс машин дээр гарчихсан Эрдэнэбилэгийг татаж байсан тэгээд дараа нь намайг татаж гаргасан, би машинаас буугаад 2 хөл дээрээ зогсоход хөл гишгэж болохгүй унасан, Эрдэнэбилэг миний хажууд байсан, миний машин Б.Э хаана байсныг мэдэхгүй, Б.Э гэж манай найз жолоодож явсан гэдгийг хэлсэн, миний биед аарцаг яс хугарсан эмтэл учирсан болохоор ГССҮТ-д цээж хэвлийн тасагт 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Эрдэнэбилэгийн “...би арын суудал дээр Ганболд Б.Э-ын хажууд суугаад хөдөлсөн. 2-3 хоног нойр дутуу байсан болохоор машинд суугаад унтсан, нэг сэрэхэд манай машины урд машин тулаад ирчихсэн Б.Э машиныг эсрэг урсгал руу дарж ороод өөдөөс ирж байгаа машинтай мөргөлдсөн, машин хажуу талаараа унасан, миний дал яс, хавирганууд хугарсан учраас ГССҮТ-д цээж хэвлийн тасагт эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Гэрч М.Амарзаяагийн  “...7 буудал өнгөрөөд Салхитын замаар урдаасаа хойшоо чиглэлд замын 2 дугаар эгнээгээр 40 км/цаг хурдтай явж байтал гэнэт эсрэг урсгалаас Тоёота Приус маркийн саарал өнгийн автомашин ороод ирсэн, би харсан даруйдаа тоормос гишгэсэн боловч мөргөлдсөн, Эсрэг урсгалаас орж ирсэн автомашин нэлээд цаанаас дайвалзаад өөрийнхөө эгнээнд нэг ороод эсрэг урсгалд нэг ороод /их хурдтай/ тэгээд миний явж байсан эгнээнд орж ирээд баруун тийшээ хөндөлсөөд би автомашиныхаа урд хэсгээр, нөгөө автомашины зүүн тал руу мөргөсөн, мөргөх үед уг автомашин зүүн кабин хэсгээрээ онхолдсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38 дугаар хуудас/,

Гэрч Ё.Алтанчимэгийн“...манай хажууханд машин мөргөлдөх чимээ сонсогдохоор нь харсан чинь саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж яваад өөрийн эгнээгээр явж байсан Субару Порестор маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд Приус маркийн машин нь зам дээр хажуугаараа унасан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5074 дугаартай “...Б.Эрдэнэбилэгийн биед цээжний зүүн талын ясанд хугарал, зүүн талын 3, 4, 7 дугаар хавирганы дан 5, 6 дугаар хавирганы хоёрлосон далд хугарал, цээж, зуун мөрөнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 80-82 дугаар хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5141 дугаартай “...Н.Ганбилэгийн биед зүүн талын умдаг ясны дээд салаа, их бие хэсгээр симфоз үе дайрсан, доод салаа урд 18/3 түвшинд ялтас хэсгээр сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5223 дугаартай “...М.Амарзаяагийн биед тархи доргилт, хүзүүнд шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, хэлний үзүүр, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 101-102 дугаар хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5227 дугаартай “...А.Өсөхбаярын биед тархи доргилт, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 104-105 дугаар хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5225 дугаартай “...А.Эрхэмбаярын биед тархи доргилт, эрүү, баруун бугалга, баруун шуунд, цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 107-108 дугаар хуудас/,

“Мастер үнэлгээ” ХХК-н Автомашин техникийн үнэлгээний: “Субару Порестор” маркийн 97-80 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.765.000 төгрөгийн шууд, 4.515.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх дүгнэлт /1хх-ийн 121-125 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 261 дугаартай: “Тоёото Приус” маркийн 44-91 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийш жолоодож явсан жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” Гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй, мөн дүрмийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй” гэх дүгнэлт /1хх-ийн 135 дугаар хуудас/,

Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн 202007 дугаартай: “Тоёота Приус маркийн 44-91 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө”, 11.5 “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй” гэх дүгнэлт /1хх-ийн 175-177 дугаар хуудас/,

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 545 дугаартай: “44-91 УБХ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгсэл нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Монгол улсад импортлогдож ирээд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан ТХЗТөвд үзлэгт хамрагдаж /дуусах 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр/ түүнээс хойш дахин хамрагдаж /дуусах 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр/ түүнээс хойш дахин үзлэгт хамрагдаагүй болно.” гэх албан бичиг /1хх-ийн 246 дугаар хуудас/,

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн: “асфальт, шулуун тэгш автобусны зогсоол бүхий, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, 4 эгнээ, явган хүний замтай, хашлагатай” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 16-25 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Э-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 221 дүгээр хуудас/, Б.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 222 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 25 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Салхитын 1 дүгээр автобусны буудлын замд Н.Ганбилэгийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 44-91 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Амарзаяа жолоочтой “Субару Порестор” маркийн 97- 80 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч М.Амарзаяа, зорчигч 5 настай А.Эрхэмбаяр, А.Өсөхбаяр нарын эрүүл мэндэнд хөнгөн хохирол, зорчигч Н.Ганбилэг, Б.Эрдэнэбилэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Субару Порестор” маркийн 97-80 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.765.000 төгрөгийн шууд, 4.515.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн,

-Дээрх гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Н.Ганбилэгийн мэдүүлэг /1хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч М.Амарзаяагийн мэдүүлэг /1хх-ийн 38 дугаар хуудас/, гэрч Ё.Алтанчимэгийн мэдүүлэг /1хх-ийн 53-54 дүгээр хуудас/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5074 дугаартай дүгнэлт /1хх-ийн 80-82 дугаар хуудас/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5141 дугаартай дүгнэлт /1хх-ийн 85-86 дугаар хуудас/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5223 дугаартай дүгнэлт /1хх-ийн 101-102 дугаар хуудас/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5227 дугаартай дүгнэлт /1хх-ийн 104-105 дугаар хуудас/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5225 дугаартай дүгнэлт /1хх-ийн 107-108 дугаар хуудас/, “Мастер үнэлгээ” ХХК-н Автомашин техникийн үнэлгээний: “Субару Порестор” маркийн 97-80 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.765.000 төгрөгийн шууд, 4.515.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх дүгнэлт /1хх-ийн 121-125 дугаар хуудас/, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 261 дугаартай дүгнэлт /1хх-ийн 135 дугаар хуудас/, Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн 202007 дугаартай  дүгнэлт /1хх-ийн 175-177 дугаар хуудас/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 545 дугаартай албан бичиг /1хх-ийн 246 дугаар хуудас/, Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 16-25 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Энэ гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээд болох жолоочийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл хоёрын хоорондын шалтгаант холбоо юм. Жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Амарзаяа жолоочтой “Субару Порестор” маркийн 97- 80 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч М.Амарзаяа, зорчигч 5 настай А.Эрхэмбаяр, А.Өсөхбаяр нарын эрүүл мэндэнд хөнгөн хохирол, зорчигч Н.Ганбилэг, Б.Эрдэнэбилэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл, түүний улмаас үүссэн хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хохирогч нарт учирсан гэмтэл нь “... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт  зэргээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан байна.

Мөн шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Н.Ганбилэг, Б.Эрдэнэбилэг нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тус тус тооцохоор заасан үйлдлүүд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Эын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

Иймд шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1 000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт 2.500 нэгж буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр, улсын яллагчийн торгох ял оногдуулах саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /ам бүл-7, 5 хүүхэдтэй/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1150 /нэг мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ганбилэг, Б.Эрдэнэбилэг нар нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч М.Амарзаяа нь эмчилгээний зардалд 4.064.250 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Э нь бүрэн төлсөн.

Хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч М.Амарзаяа нийт 12.354.750 нэхэмжилсэн үүнээс бодит хохирол болох 4.515.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэв. Мөн шүүгдэгч нь автомашинд засвар үйлчилгээ хийлгэсэн холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул хохирлын зөрүү 1.150.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Шүүгдэгч хохирол төлөх зорилгоор ажлын 4 хоногийн завсарлага авч хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт хавсарган ирүүлсэн 44-91 УБХ улсын дугаартай Тоёота приус маркийн NHW207854701 арлын дугаартай 1 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг Н.Ганбилэгтэд, 1 ширхэг 136918 дугаарын жолооны үнэмлэхийг Б.Эод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1150 /нэг мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ганбилэг, Б.Эрдэнэбилэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Амарзаяа нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Хэрэгт хавсарган ирүүлсэн 44-91 УБХ улсын дугаартай Тоёота приус маркийн NHW207854701 арлын дугаартай 1 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг Н.Ганбилэгтэд, 1 ширхэг 136918 дугаарын жолооны үнэмлэхийг Б.Э-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ