| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0656/Э |
| Дугаар | 692 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 692
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Н.Энхнаран хөтлөн,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч Г.М ,
шүүгдэгч М.Г , тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 407/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Боржигон овогт Г. М ,
Боржигон овогт М.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0150 00572 дугаартай, хоёр хавтас хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Боржигон овогт Г. М , Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, марктенгийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, ....... гудамж ........ тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн .... хороо ....... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлагах хүлээж байгаагүй (регистрийн дугаар ........).
2. Боржигон овогт М.Г , Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн ....., Хувьсгалчдын .... оршин суух, Дорноговь аймгийн Сайншанд сумын .......г, Б.Мааньзавын ........ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (регистрийн дугаар .......),
Прокуророос тогтоосон хэргийн агуулга: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Г.М , М.Г нар нь “Хоёулаа дээрэм хийж үзэх үү, хүмүүсийн цүнх, гар утас зэргийг нь авч зугтаах уу” гэж гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны ... тоот хашааны гадна хохирогч Б.Ц ын амыг нь дарж унагаан, цохиж дээд уруулын дотор салстад цус хуралт, зүүн чихний омог, баруун нүдний гадна талд зулгаралт бүхий гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэмтэл учруулан хүч хэрэглэж гар цүнхийг авахаар довтолж дээрэмдсэний улмаас хохирогч Б.Ц д 247.300 төгрөгийн,
-үргэлжилсэн үйлдлээр үгсэн тохиролцож бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийнхөө 20-21 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 40 дүгээр гудамжны ......тоот хашааны орчимд хохирогч Б.Х ын амыг дарж унагаан, цохиж зүүн бугалга, баруун шуу, нуруунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэмтэл учруулан хүч хэрэглэж, гар цүнхийг нь авахаар довтолсон,
-үргэлжилсэн үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаянуулын 15 дугаар гудамжны ....тоот хашааны үүдэнд хохирогч Э.М ыг ташиж унагаан дээрээс нь дарж хүч хэрэглэж гар утас, түрийвч зэргийг нь авахаар довтолж дээрэмдсэний улмаас хохирогч Э.М т 196.300 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М , М.Г нараас: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2008 0150 00572 дугаартай хэргээс талуудын судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд. Үүнд:
1.Хохирогч Б.Ц ын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийн нотлох баримтууд:
1.1 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 3-7 дугаар тал),
1.2. Иргэн Б.Ц ын гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл. (1 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар тал),
1.3 Хохирогч Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн орчим ажлаа тараад харьж явахдаа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Дунд нарангийн буудлын орчим хар зам дээр буугаад ертөнцийн зүгээрээ зүүн тийшээ нарийн гудамжаар ороод жалга руу өгсөх
замд гэнэт араас нэг хүн хоолой боогоод унагаасан. Тэгээд намайг амны хэсэг рүү гараараа 2-3 удаа, толгой хэсэг рүү бас 2-3 удаа гараараа цохьсон. Зугтаах үедээ миний гар цүнхийг аваад зугтсан. Араас нь хартал хоёр залуу байсныг харсан. Тэгээд би гэрлүүгээ очоод өөрийн нөхөр Т өөр 102-т дуудлага өгүүлсэн.
Намайг боосон залуу хар өнгийн нимгэн куртиктэй байсан. ...Намайг дээрэмдсэн гудамжинд гэрэлтүүлэг байхгүй. Намайг эхэлж боосон хар өнгийн куртиктэй залуу нь миний нүүрний амны хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. ...Миний цүнхэнд түрийвч, иргэний үнэмлэх, төрийн банкны карт, хаан банкны карт, ажлын байрны түлхүүр, автобусны карт, бүхэл 5000 төгрөг хоёр ширхэг, задгайгаар 100 төгрөг 10 ширхэг нийт 11.000 төгрөг байсан. Гар утас байсан. Тухайн гар утас I phone-6 маркийн гар утас байсан. ...утасны дэлгэц дээд хэсгээрээ хагархай байсан. ...хүүхэд 2017 онд 350 000 төгрөгөөр худалдан авсан гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар тал),
1.4 “Тэнцвэр-Эстимэйт” ХХК нь хохирогч Б.Ц ын цүнхэнд байсан эд зүйлийг 247.300 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар тал),
1.5 Иргэний нэхэмжлэгч Д.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр фэйсбүүк дээр Г.М гэх хүн I phone 6 гар утас зарна гэсэн пост оруулсан байхаар нь би өөрийнхөө Deegii гэсэн фэйсбүүк хаягаараа тухайн М руу чат бичсэн. Тэгээд худалдаж авахаар болоод би өөрийнхөө дугаарыг өгөхөд надтай холбогдож байгаад Баянхошууны эцэс дээр ирж 60.000 төгрөгөөр надад зараад явсан. Тухайн гар утасны дэлгэц хагарсан Apple ID-тай байсан. Тэгээд би гар утсыг нь худалдаж аваад өөрийн мөнгөөрөө дэлгэцийг нь 30.000 төгрөгөөр, “Apple ID”-г нь 30.000 төгрөгөөр гаргуулсан юм. Тухайн гар утсыг надад зарахдаа дотор нь миний зүйлүүд байгаа гээд бүх зүйлсээ устгаад өгсөн. ...Надтай утсаар ярих үедээ эхнэртээ хоол хүргэж өгчихөөд яваад очъё зам дагуу юм байна гэхээр нь би эхнэр чинь хаана хэвтэж байгаа юм гэсэн чинь Эх нялхас гэж хэлж байсан. ...над дээр ирэхдээ тоноглолтой саарал өнгийн Соната-7 маркийн машинтай хоёулаа ирсэн. Машины номерыг нь хараагүй. Залууг нь бол харвал танина. Тухайн гар утас зарсан залуу нь саарал өнгийн биеийн тамрийн хослолтой, Цагаан өнгийн саравчтай малгайтай байсан...туранхай биетэй жижигхэн шар залуу байсан. Эрүүнийхээ доогуур сахалтай байсан. ...”гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 84-86 дугаар тал),
1.6 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр иргэний нэхэмжлэгч Д.А д “I phone-6” маркийн гар утсыг худалдсан гэх этгээдийг Д.А ийг оролцуулан зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: (2 дугаар хавтаст хэргийн 125-126 дугаар тал),
1.7 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр I phone-6 маркийн гар утсыг Д.А ээс эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, хойшлуулшгүй тохиолдолд 352027079142854 сериал дугаартай I phone-6 маркийн гар утсыг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 06-ын өдрийн 38 дугаар тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 37-39 дүгээр тал),
1.8 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 352027079142854 сериал дугаартай I phone-6 маркийн гар утсыг хохирогч Б.Ц д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 198 дугаар тал),
1.9 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4428 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын дотор салстад 1.5х1см бүдэг ягаан өнгийн шимэгдэж буй цус хуралт, зүүн чихний омогт 0.5х0.1см, 0.3х0.1см, баруун нүдний гадна талд 0.4х0.5см хүрэн өнгийн зулгаралттай.
Дүгнэлт:
1. Б.Ц ын биед дээд уруулын дотор салстад цус хуралт, зүүн чихний омог, баруун нүдний гадна талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. / шинжээч эмч Т.Номинцэцэг/ гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дүгээр тал),
1.10 Шүүгдэгч М.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд:
сэжигтнээр 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн “...М ыг гэрээс нь дуудаад М ирсэн. Бид хоёр тэндээс хөдлөөд таксинд явж байгаад хоорондоо хоёулаа дээрэм хийж үзэх үү, хүмүүсийн цүнх гар утас зэргийг авч зугтаах уу гэж ярилцаж байгаад ...Нарангийн гол руу явсан. ...Их нарангийн эцсээр гарч ирээд хар зам дагаад уруудаад алхаж явтал хар өнгийн пальтотой нэг эмэгтэй нарийн гудамж руу орохоор нь араас нь дагаад ортол жалганы А шонгийн модны хажууд очсон байсан. Тэгэхээр нь араас нь гүйж очоод хүзүүгээр нь боож унагатал М ирээд гарт нь байсан цүнхийг аваад ...нарийн гудамж руу зугтаасан. Тэгээд зам хөндлөн гараад гудамж руу зугтаж байгаад нэг гэрэлтэй газар зогсож байгаад цүнхийг нь ухаж үзтэл дэлгэц нь хагарсан саарал өнгийн I phone 6 утас байсан. Түрүүвчнээс нь бүхэл 2000 төгрөг, задгай хэдэн зуут байхаар нь авсан. Хаан банкны виза карт авсан боловч кодыг нь мэдэхгүй болохоор гудамжинд хаясан. Үлдсэн эд зүйл, цүнх зэргийг гудамжинд хаясан. ...Жалган дээр дээрэмдсэн эмэгтэйг би боож унагаасан. Би малгай өмсөөгүй бор өнгийн маск зүүсэн байсан. Улаан болон хөх өнгийн эргүүлж өмсдөг бомбор куртик дотуур эрээн өнгийн ноосон цамцтай байсан. Доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд, улаан пүүз өмссөн байсан .М хар өнгийн саравчтай малгайтай, малгайгаа хоошоо харуулж өмссөн, хар хоолойтой цамц гадуур нь ногоон өнгийн бомбор загварын куртик, хар өнгийн өмд, хар өнгийн ботинктой байсан. Би маск зүүгээгүй, баруун өвдгөндөө маск хийсэн байсан. ...2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дээрэмдэж авсан I phone 6 утсыг М бид хоёр явж байгаад Баянхошуунд очиж 60.000 төгрөгөөр зарсан. ...М бид хоёр дээрэмдэж авсан гар утаснуудаа зараад 85.000 төгрөгтэй болсон. Тухайн мөнгөөрөө машиндаа газ хийж, өөрсдөө хоол идэж, машиныхаа накладыг солиулж дуусгасан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-61 дүгээр тал),
яллагдагчаар 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр өгсөн: “...би хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дугаар тал),
1.11 Шүүгдэгч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд:
“...сэжигтнээр 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 10 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны такси зогсоол дээр Г гэх найзтайгаа уулзаад хоёулаа дээрэм хийж үзэх үү, хүн багатай юм чинь хотын баруун тал руу явах уу, мэдэх газар болох Нарангийн гол руу явъя гэж ярилцаж байгаад ... 12 цагийн орчим гадуур таксинд явж байгаад 19 цаг 30 минутын орчим Нарангийн голд ирсэн. Тэгээд нар жаргахыг хүлээгээд улаан өнгийн худагны хажууд машинтай хүлээсэн. Нар жаргаж 20 цагийн орчим машинаасаа буусан. ...их нарангийн эцсээр гарч ирээд замаа дагаад уруудаад алхаж явтал хар өнгийн пальтотой эмэгтэй нарийн гудамж руу орохоор нь дагаж ороод жалганы 4 шонгийн модны хажууд Г гүйж очоод боож унагахаар нь би очоод гарт нь байсан хар өнгийн цүнхийг нь аваад нарийн гудамж руу зугтаасан. Цүнхийг нь ухаж үзтэл дэлгэц нь хагарсан I phone 6 маркийн утас байсан. Би хар өнгийн саравчтай малгайтай, малгайгаа хойшоо харуулж өмссөн байсан. Хар хоолойтой цамц, ногоон өнгийн бомбор куртик, хар өнгийн өмд, хар өнгийн ботинктой байсан. ...М гэсэн хаягнаасаа I phone 6 гар утас зарна гэсэн зар тавьсан. 60.000 төгрөгөөр зарсан. Г ын хамт явж зарсан. Бид хоёр дээрэмдэж авсан гар утаснуудаа 85.000 төгрөгөөр зарсан. Г ын машинд газ хийсэн, хоол идсэн, Г ын машины накладыг солиулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),
яллагдагчаар 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...би хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дугаар тал),
2. Хохирогч Б.Х ын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийн нотлох баримтууд:
2.1 Иргэн Б.Х аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл. (1 дүгээр хавтаст хэргийн 209 дүгээр тал),
2.2 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал (1 дүгээр хавтаст хэргийн 210-214 дүгээр тал),
2.3 Хохирогч Б.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн ажилладаг “Арвайн-Үндэс” компаниас 20 цаг 16 минутанд гараад Баганаранд байрлах гэрлүүгээ хар замынхаа ертөнцийн зүгээрээ зүүн талаар алхаад явсан. Тэгээд өөрийн гэр байдаг Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо бага Нарангийн 40 дүгээр гудамж руу ороод өөрийн хөрш айлын хажуу айлын үүдэнд
ээж А тай утсаар ярьж дуусаад утсаа халаасандаа хийгээд эргэж хартал миний ар талд масктай нэг нь малгайтай, цамцныхаа малгайг өмсчихсөн, нөгөөх нь малгайгүй хоёр
залуу араас явж байсан. Ардаа хүн байхаар нь гайхаад хаанаас гарч ирсэнийг нь гайхаж байгаад дахиж эргэж хараад хоорондоо юм ярьж байгаад над руу заагаад байхаар нь буцаж хараад гэрлүүгээ арай хурдан алхаад явж байтал гэнэт ам дараад газар унагаачихсан. Над руу заах үед малгайтай цамцны малгайг өмсчихсөн залуу нь түрүүлж алхаж байсан юм. Тэгээд нэг нь над руу гүйж ирээд миний цүнхийг булаах гээд надтай ноцолдож эхэлсэн. Тэр залуу нь малгайтай цамцныхаа малгайг өмсчихсөн байсан. Тэр залуу нь гарнаас зуураад байхаар нь өшиглөөд, ам тагалсан залууг тохойгоороо тохойдоод ам дарсан гарыг нь тавиулаад урагшаа унаад ээжээ гээд орилсон. Тэгтэл ээж гарч ирээд хүүхэд яаж байна гэтэл нөгөө хоёр залуу миний араас дагаж байсан гудамж руугаа зугтсан юм... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 241-245 дугаар тал),
2.4 Гэрч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
”...2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой 20 цаг 40 минутын орчим охин Х над руу залгаад “Би ажлаа тараад ирж байна. Үүдээ нээгээрэй “ гэж утсаар ярихаар нь би байшингаасаа гараад хаалгаа хаагаад гарах үед ээжээ гээд чанга хашгирахаар нь гүйж очоод хашааныхаа хаалгыг онгойлготол хоёр залуу манай охиныг газар унагаачихсан ноцолдож байсан. Тэгэхээр нь би “Хөөе хүүхэд яаж байгаа юм бэ” гээд хашгираад гүйгээд очтол тэр хоёр залуу гудамж уруудаад зутаачихсан юм. Тэгээд би охин дээрээ очоод тухайн хоёр залуугийн араас нь хөөж байгаад, буцаад охин дээрээ ирээд гэртээ орж ирээд байж байж байтал манай нөхөр Б орж ирээд 102-т дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 238-239 дүгээр тал),
2.5 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “ хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4432 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн бугалганы урд хэсэгт 2.5х1.5см, баруун шууны дотор хэсэгт 2х1см, 1.5х1см, нурууны баруун доод хэсэгт 4х3см хэмжээтэй хөх ногоон өнгийн цус хуралттай. Баруун зулайн хуйханд 2х2см овойж хавдсан, эмзэглэлтэй.
1.Б.Х ын биед зүүн бугалга, баруун шуу, нуруунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. / шинжээч эмч Т.Номинцэцэг/ гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 247-248 дугаар хуудас /,
2.6 Бичлэг бүхий компакт дискийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол. (2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар тал),
2.7 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “Шар зулзага” дэлгүүрийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хяналтын камерын бичлэгт:
“...18 цаг 50 минут 36 секунтээс эхэлж байх ба, дэлгүүрийн урд хэсэгт спорт тоноглолтой, ... саарал өнгийн далбаа суурилуулсан тээврийн хэрэгсэл зогсож байв. Жолоочийн эсрэг талын суудлаас малгайтай цамцтай, малгайг нь өмссөн, хар өнгийн саравчтай малгай хойш нь харуулж өмссөн, хар өнгий өмд, хар өнгийн гуталтай, баруун талын хөлний өвдөг хэсэгт цагаан өнгийн зүйл хийсэн хүн бууж байгаа бичлэг байв. ...18 цаг 54 минут 25 секундэд хохирогч Б.Х баруун мөрөндөө цүнх үүрчихсэн явж байгаа бичлэг байв. ... гэсэн тэмдэглэл бүхий хэсэг болон бичлэгийг гэрэл зургаар буулгасан хэсэг,
-Мөн Их улиастай хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт:
“... Б.Х хар замынхаа урд хэсэгт хар өнгийн цүнх үүрчихсэн алхаж байгаа бичлэг байв. ...мөн нэг дэх нь малгайтай цамцтай, малгайг нь өмссөн хар өнгийн саравчтай малгай хойш нь харуулж өмссөн, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай, баруун талын хөлний өвдөг хэсэгт цагаан өнгийн зүйл хийсэн залуу, хоёр дахь нь баруун гараараа утсаар ярьсан, дээгүүрээ бараан өнгийн куртик өмссөн, цэнхэр өнгийн жинстэй, бараан өнгийн гуталтай залуу хоёр замын урдаас хойш хөндлөн гарч ирсэн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их улиастай дэлгүүрийн хүнсний дэлгүүрийн урдуур явж байгаа бичлэг байна ...” гэсэн хэсэг тэмдэглэл бүхий хэсэг, бичлэгийг гэрэл зургаар буулгасан хэсэг (2 дугаар хавтаст хэргийн 5-12 дугаар тал),
2.8 Шүүгдэгч М.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд:
сэжигтнээр 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:
...Нарангийн гол руу явсан. Нарангийн голын орчим хар замаар замын урд талд цүнх барьсан залуухан эмэгтэй гудамж руу орсон. Тухайн гудамж руу нь дагаж ороод М араас нь амыг нь дарж унагасан. Би гарт нь байсан гар цүнхийг авах гээд зууралдаж байтал цаанаас нэг эмэгтэй хүн гарч ирээд хөөе та нар болиоч, хүүхэд болиоч гээд хэлэхээр нь бид хоёр гудамж руу уруудаад зугтаасан. Би эхний эмэгтэйг цээж хэвлийн хэсэгт нэг удаа гараараа цохисон. Нүүрээ хаахаар нь дахин гараараа нүүрээ хаасан. Гар дээр нь нэг удаа цохисон. М эхний эмэгтэйн амыг дарж унагаасан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-61 дүгээр тал),
яллагдагчаар өгсөн: “...би хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар тал),
2.9 Шүүгдэгч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд:
сэжигтнээр 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн “...12 цагийн орчим гадуур таксинд явж байгаад 19 цаг 30 минутын орчим Нарангийн голд ирсэн. Тэгээд нар жаргахыг хүлээгээд улаан өнгийн худагны хажууд машинтай хүлээсэн. Нар жаргаж 20 цагийн орчим машинаасаа буугаад гүүртэй хар замыг хөндлөн гарах гэж байтал 20-25 орчим настай, мөрөндөө цүнх үүрсэн, тортой зүйл барьсан гар утсаа гарандаа барьсан эмэгтэй замын урд талд баруун зүг алхаж байсан. Араас нь дагаж яваад шороон зам руу буугаад ногоон өнгийн төмөр хаалгатай айлын урд талын гудамжаар ороод алхаж явахаар нь араас нь гүйж очоод амыг нь дараад газар унагаасан. Тэр үед Г гүйж ирээд гар утас, цүнхийг нь авах гэж ноцолдож байх үед нэг эмэгтэй гарч ирээд хөөе болиочээ гэхээр нь зугтаасан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),
яллагдагчаар өгсөн: “...би хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 17-18 дугаар тал),
3. Хохирогч Э.М ын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:
3.1 Иргэн Ц.Г гаас гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын ....... тоотын үүдэнд дээрэмдүүлсэн” гэх гомдол, мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 31 дүгээр тал),
3.2 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( 2 дугаар хавтаст хэргийн 32-38 дугаар тал)
3.3 Эд мөрийн баримтаар “Самсунг ноте 4 эджэ” гар утсыг М.Г аас хураан авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 39 дүгээр тал),
3.4 Хохирогч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
”...2020 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянхошууны эцэст таксинаас буугаад гэрлүүгээ харихаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны хажуугаар өнгөрөөд явж байтал араас гэнэт хүн гүйж ирээд намайг ташаад унагаасан. Би доошоо хараад газар унасан гэтэл нэг хүн миний дээрээс дараад нэг хүн миний халаасыг ухаад миний гар утас, түрийвч хоёрыг аваад гүйгээд яваад өгсөн. Тэр хоёр хүн төв зам дагуу зугтаагаад яваад өгсөн. Би босоод араас нь харахад 20 орчим насны хоёр
залуу байсан...Миний алдсан гар утас нь “самсунг галакси ноте 4” маркийн гар утас байсан. ...түрийвч алдагдсан, түрийвчинд иргэний үнэмлэх, хаан банкны карт, “Тэс” шатахууны хөнгөлөлтийн карт, бэлэн 2000 төгрөг байсан. ..Би тэр шөнө цагдаагийн хэлтсээс гараад дээрэмдүүлсэн, гудамжныхаа урд гудмаар гэрлүүгээ харихаар явж байтал миний иргэний үнэмлэхийг тэр гудманд хаясан байсан...гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 41-47 дугаар тал),
3.5 Гэрч Ц.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
”...нөхөр гэрээс гараад явсан байсан. Тэгтэл удалгүй манай нөхөр согтуу орж ирээд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны үүднээс миний гар утсыг 2 залуу аваад явчихлаа гээд гэрт ирсэн. ..нөхөрт “самсунг нөте-4” гар утас байсан...” гэх мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),
3.6 Иргэний нэхэмжлэгч Ц.М.мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр фейсбүүк дээр Г.М гэх хүн самсунг галакси эс гар утас зарна гэсэн пост оруулсан байхаар нь би өөрийнхөө Баяраа гэх Фейсбүүк хаягаараа тухайн Г.М руу чат бичсэн. Тэгээд худалдаж авахаар болоод өөрийнхөө дугаарыг өгөөд надтай холбогдож байгаад Бөхийн өргөөний 84 дүгээр сургуулийн урд талд байрлах манай ажлын үүдэн дээр ирж 25.000 төгрөгөөр надад зараад явсан. Тэр залуу над дээр ирэхдээ тоноглолтой саарал өнгийн соната 7 маркийн машинтай хоёулаа ирсэн. Би мөнгөө Дэлгэрмаа гэх хүний данс руу хийсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр тал),
3.7 Хохирогч Э.М ыг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( 2 дугаар хавтаст хэргийн 127-128 дугаар тал),
3.8 Хохирогч Э.М т цагаан өнгийн Самсунг нөте-4 эджэ маркийн ... гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл ( 2 дугаар хавтаст хэргийн 121 дүгээр тал),
3.9 Хохирогч Э.М ын дээрэмдүүлсэн гэх эд зүйлийг “Мастер Үнэлгээ” ХХК-ны газраас 196.300 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээ ( 2 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар тал),
3.10 Шүүгдэгч М.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд:
сэжигтнээр 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “...Баянхошууны эцэсээс согтуу залуугаас цагаан өнгийн “самсунг галакси ноте 4 эджэ” гар утсыг нь унагааж байгаад булаагаад авсан. ...гар утсыг 25.000 төгрөгөөр зарсан юм. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-61 дүгээр тал),
яллагдагчаар өгсөн: “...хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 85-86 дугаар тал),
3.11 Шүүгдэгч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд:
сэжигтнээр 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн “...нэг согтуу залуугаас ”самсунг галакси ноте 4 эджэ” маркийн гар утсыг унагааж байгаад булаагаад авсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),
яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн үйлдсэн хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 100-103 дүгээр тал) болон,
4. Бусад баримтууд болох яллагдагч М.Г ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагч Г.М ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 129-136 дугаар тал),
5. Гар утаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 137-142 дугаар тал),
6.Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:
Шүүгдэгч Г.М ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 128 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 148 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 238 дугаар тал), Г.М ийн нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 154 дүгээр тал),
-Шүүгдэгч М.Г ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 145 дугаар тал), М.Г ын нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 154 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.М , М.Г нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.М , М.Г нарт холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Нэг. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч Г.М , М.Г нар урьдчилан үгсэн тохиролцож үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж хүч хэрэглэн довтлох, зодох зэргээр хохирогч Б.Ц , Б.Х , Э.М нарын биед халдаж, эд хөрөнгийг нь дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Тус гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцсон байна. Иймд шүүгдэгч Г.М , М.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан,
Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, хэргийн үйл баримт, зүйлчлэлд, шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Г.М , М.Г нар нь “Хоёулаа дээрэм хийж үзэх үү, хүмүүсийн цүнх, гар утас зэргийг нь авч зугтаах уу” гэж гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, тэд бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр:
1.2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 6-20 тоот хашааны гадна хохирогч Б.Ц ын амыг нь дарж унагаан, цохиж дээд уруулын дотор салстад цус хуралт, зүүн чихний омог, баруун нүдний гадна талд зулгаралт бүхий гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл учруулан хүч хэрэглэж, гар цүнхийг авахаар довтолж, дээрэмдсэний улмаас хохирогч Б.Ц д 247.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 3-7 дугаар тал),
-Хохирогч Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн орчим ...нарийн гудамжаар ороод жалга руу өгсөх замд гэнэт араас нэг хүн хоолой боогоод унагаасан. ...намайг амны хэсэг рүү гараараа 2-3 удаа, толгой хэсэг рүү 2-3 удаа гараараа цохьсон. Зугтаах үедээ миний гар цүнхийг аваад зугтсан. Араас нь хартал хоёр залуу байсан. ...Намайг эхэлж боосон хар өнгийн куртиктэй залуу нь миний нүүрний амны хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. ...Миний цүнхэнд түрийвч, түрийвчинд иргэний үнэмлэх, төрийн банкны карт, хаан банкны карт, ажлын байрны түлхүүр, автобусны карт, бүхэл 5000 төгрөг, хоёр ширхэг, задгайгаар 100 төгрөг 10 ширхэг нийт 11.000 төгрөг, I phone 6 маркийн гар утас байсан. ...дэлгэц дээд хэсгээрээ хагархай байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар тал),
-Иргэний нэхэмжлэгч Д.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Г.М гэх хүн I Phone 6 гар утас зарна гэсэн пост оруулсан ...М руу чат бичсэн. ...60.000 төгрөгөөр надад зарчихаад явсан. Тухайн гар утасны дэлгэц хагарсан Apple ID-тай байсан юм. ...дэлгэцийг нь 30.000 төгрөгөөр, Apple ID-г нь 30.000 төгрөгөөр гаргуулсан юм. ...Тухайн гар утас зарсан залуу нь саарал өнгийн биеийн тамрын хослолтой, цагаан өнгийн саравчтай малгайтай байсан...туранхай биетэй жижигхэн шар залуу байсан. Эрүүнийхээ доогуур сахалтай байсан... гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 84-86 дугаар тал), Д.А ийг оролцуулан зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: (2 дугаар хавтаст хэргийн 125-126 дугаар тал),
- I phone-6 маркийн гар утсыг иргэний нэхэмжлэгч Д.А ээс хураан авч, хохирогч Б.Ц д гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд (1 дүгээр хавтаст хэргийн 37, 198 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4428 тоот “... Б.Ц ын биед дээд уруулын дотор салстад цус хуралт, зүүн чихний омог, баруун нүдний гадна талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...”гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дүгээр тал),
“Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар тал),
-шүүгдэгч М.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Бид хоёр ...хоорондоо хоёулаа дээрэм хийж үзэх үү, хүмүүсийн цүнх гар утас зэргийг авч зугтаах уу гэж ярилцаж байгаад ...Нарангийн гол руу явсан. ...их нарангийн эцсээр гарч ирээд зам дагаад уруудаад алхаж явтал хар өнгийн пальтотой нэг эмэгтэй нарийн гудамж руу орохоор нь араас нь дагаад ортол жалганы А шонгийн модны хажууд очсон байсан. ...араас нь гүйж очоод хүзүүгээр нь боож унагатал М ирээд гарт нь байсан цүнхийг аваад ...нарийн гудамж руу зугтаасан. ...цүнхийг нь ухаж үзтэл дэлгэц нь хагарсан саарал өнгийн I phone 6 утас байсан. Түрүүвчнээс нь бүхэл 2000 төгрөг, задгай хэдэн зуут байхаар нь авсан. Хаан банкны виза карт, үлдсэн эд зүйл, цүнх зэргийг гудамжинд хаясан. ...I phone 6 утсыг М бид хоёр ...60.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-61 дүгээр тал) болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дугаар тал),
-шүүгдэгч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Г гэх найзтайгаа уулзаад хоёулаа дээрэм хийж үзэх үү, хүн багатай юм чинь хотын баруун тал руу явах уу, мэдэх газар болох Нарангийн гол руу явъя гэж ярилцаж байгаад ... 12 цагийн орчим гадуур таксинд явж, ...19 цаг 30 минутын орчим Нарангийн голд ирсэн. ...нар жаргахыг хүлээж, ...машинтай хүлээсэн. Нар жаргаж 20 цагийн орчим машинаасаа буусан. ...Их нарангийн эцсээр гарч ирээд хар замаа дагаад уруудаад алхаж явтал хар өнгийн пальтотой эмэгтэй нарийн гудамж руу орохоор нь дагаж ороод жалганы 4 шонгийн модны хажууд Г гүйж очоод боож унагахаар нь би очоод гарт нь байсан хар өнгийн цүнхийг нь аваад нарийн гудамж руу зугтаасан. Цүнхийг нь ухаж үзтэл дэлгэц нь хагарсан I phone 6 маркийн утас байсан. Би хар өнгийн саравчтай малгайтай, малгайгаа хойшоо харуулж өмссөн байсан. Хар хоолойтой цамц, ногоон өнгийн бомбор куртик, хар өнгийн өмд, хар өнгийн ботинктой байсан. ...М гэсэн хаягнаасаа I phone 6 гар утас зарна гэсэн зар тавьсан. 60.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал) болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар,
2. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 20-21 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 40 дүгээр гудамжны 16 тоот хашааны орчимд хохирогч Б.Х ын амыг дарж унагаан, цохиж зүүн бугалга, баруун шуу, нуруунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэмтэл учруулан хүч хэрэглэж, гар цүнхийг нь авахаар довтолсон болох нь:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал (1 дүгээр хавтаст хэргийн 210-214 дүгээр тал),
-Хохирогч Б.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ... хажуу айлын үүдэнд ээж А тай утсаар ярьж дуусаад утсаа халаасандаа хийгээд эргэж хартал миний ар талд масктай нэг нь малгайтай, цамцныхаа малгайг өмсчихсөн, нөгөөх нь малгайгүй хоёр залуу араас явж байсан. ...над руу заагаад байхаар нь буцаж хараад гэрлүүгээ арай хурдан алхаад явтал гэнэт ам дараад газар унагаачихсан. Над руу заах үед малгайтай цамцны малгай өмсчихсөн залуу нь түрүүлж алхаж байсан юм. ...нэг нь над руу гүйж ирээд миний цүнхийг булаах гээд надтай ноцолдож эхэлсэн. Тэр залуу нь малгайтай цамцныхаа малгайг өмсчихсөн байсан. Тэр залуу нь гарнаас зуураад байхаар нь өшиглөөд, ам тагалсан залууг тохойгоороо тохойдоод ам дарсан гарыг нь тавиулаад урагшаа унаад ээжээ гээд орилсон. Тэгтэл ээж гарч ирээд хүүхэд яаж байна гэтэл нөгөө хоёр залуу миний араас дагаж байсан гудамж руугаа зугтсан юм... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 241-245 дугаар тал),
-Гэрч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой 20 цаг 40 минутын орчим ...Х ...над руу залгаад “Би ажлаа тараад ирж байна, үүдээ нээгээрэй “ гэсэн. ...байшингаасаа ыгараад хаалгаа хаагаад гарах үед ээжээ гээд чанга хашгирахаар нь гүйж очоод хашааныхаа хаалгыг онгойлготол хоёр залуу манай охиныг газар унагаачихсан ноцолдож байсан. ...би “Хөөе хүүхэд яаж байгаа юм бэ” гээд хашгираад очтол тэр хоёр залуу гудамж уруудаад зутаачихсан юм. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 238-239 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4432 тоот “...Б.Х ын биед зүүн бугалга, баруун шуу, нуруунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэсэн дүгнэлт. (1 дүгээр хавтаст хэргийн 247-248 дугаар хуудас),
-2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийг буулгасан гэрэл зургууд (2 дугаар хавтаст хэргийн 5-12 дугаар тал), бичлэг бүхий компакт дискийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол. (2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар тал),
-шүүгдэгч М.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн ...Нарангийн гол руу явсан. Нарангийн голын орчим хар замаар замын урд талд цүнх барьсан залуухан эмэгтэй гудамж руу орсон. Тухайн гудамж руу нь дагаж ороод М араас нь амыг нь дарж унагахаар нь би гарт нь байсан гар цүнхийг авах гээд зууралдаж байтал цаанаас нэг эмэгтэй хүн гарч ирээд хөөе та нар болиоч, хүүхэд болиоч гээд хэлэхээр нь би хоёр гудамж руу уруудаад зугтаасан юм. Би эхний эмэгтэйг цээж хэвлийн хэсэгт нэг удаа гараараа цохисон. Нүүрээ хаахаар нь дахин гараараа нүүрээ хаасан. Гар дээр нь нэг удаа цохисон. М эхний эмэгтэйн амыг дарж унагаасан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-61 дүгээр тал) болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар тал),
-шүүгдэгч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...20-25 орчим настай, мөрөндөө цүнх үүрсэн, тортой зүйл барьсан гар утсаа гарандаа барьсан эмэгтэй замын урд талд баруун зүг алхаж байсан. Араас нь дагаж яваад шороон зам руугаа буугаад ногоон өнгийн төмөр хаалгатай айлын урд талын гудамжаар ороод алхаж явахаар нь араас нь гүйж очоод амыг нь дараад газар унагаасан. Тэр үед Г гүйж ирээд гар утас, цүнхийг нь авах гэж ноцолдож байх үед нэг эмэгтэй гарч ирээд хөөе болиочээ гэхээр нь зугтаасан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал) болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 17-18 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар;
3. 2020 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баянуулын 15 дугаар гудамжны 28 тоот хашааны үүдэнд хохирогч Э.М ыг ташиж унагаан дээрээс нь дарж хүч хэрэглэж гар утас, түрийвч зэргийг нь авахаар довтолж дээрэмдсэний улмаас хохирогч Э.М т 196.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 32-38 дугаар тал)
-Хохирогч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2020 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цагийн орчим ...Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны хажуугаар өнгөрөөд явж байтал араас гэнэт хүн гүйж ирээд намайг ташаад унагаасан. Би доошоо хараад газар унасан, гэтэл нэг хүн миний дээрээс дараад, нэг хүн миний халаасыг ухаад миний гар утас, түрийвч хоёрыг аваад гүйгээд яваад өгсөн. Тэр хоёр хүн төв зам дагуу зугтаагаад яваад өгсөн. ...20 орчим насны хоёр залуу байсан...Миний алдсан гар утас нь самсунг галакси ноте 4 маркийн гар утас байсан. ...түрийвч алдагдсан, түрийвчинд иргэний үнэмлэх, хаан банкны карт, Тэс ШТС-ын хөнгөлөлтийн карт бэлэн 2000 төгрөг байсан. ... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 41-47 дугаар тал),
-гэрч Ц.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... манай нөхөр согтуу орж ирээд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны үүднээс миний гар утсыг 2 залуу аваад явчихлаа гээд гэрт ирсэн. ..нөхөрт самсунг нөте-4 гар утас байсан...” гэх мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),
-Иргэний нэхэмжлэгч Ц.М.мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Г.М ...гар утас зарна гэсэн пост оруулсан байхаар нь ...Г.М руу чат бичсэн. Тэгээд худалдаж авахаар болоод ...манай ажлын үүдэн дээр ирж 25.000 төгрөгөөр надад зараад явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр тал),
-хохирогч Э.М ыг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( 2 дугаар хавтаст хэргийн 127-128 дугаар тал),
-Эд мөрийн баримтаар Самсунг ноте 4 эджэ гар утсыг М.Г аас хураан авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 39 дүгээр тал),
-хохирогч Э.М т цагаан өнгийн “Самсунг нөте-4 эджэ” маркийн ... гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 121 дүгээр тал),
-“Мастер Үнэлгээ” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ ( 2 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар тал),
-шүүгдэгч М.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Баянхошууны эцэсээс согтуу залуугаас цагаан өнгийн самсунг галакси ноте 4 эджэ гар утсыг нь унагааж байгаад булаагаад авсан. ...гар утсыг 25.000 төгрөгөөр зарсан юм. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-61 дүгээр тал) болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 85-86 дугаар тал),
-шүүгдэгч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...нэг согтуу залуугаас самсунг галакси ноте 4 эджэ маркийн гар утсыг унагааж байгаад булаагаад авсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал) болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 100-103 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар;
Болон бусад баримтууд болох яллагдагч М.Г ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагч Г.М ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 129-136 дугаар тал), гар утаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 137-142 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь бусад эх сурвалж нотлох баримтаар тогтоогдсон тул тэдний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.
Хууль зүйн хувьд дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн амь биед, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгооноор төгсдөг.
Тухайн хэргийн үйл баримтыг үзвэл шүүгдэгч Г.М , М.Г нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдэх зорилгоор урьдчилсан үгсэн тохиролцон, санаа зорилгоороо нэгдэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн санаа зорилгоо хэрэгжүүлж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор тус гэмт хэргийг үйлдсэн байх ба, гэмт хэргийг үйлдэхдээ үйлдэл оролцоогоор ижил оролцож, хохирогч нарын эсэргүүцэл, хамгаалах үйлдлийг дарах зорилгоор Б.Ц ын хоолойг нь боох, биед нь гараараа цохих зэргээр, Б.Х ын амыг нь дарах, эд зүйлийг авахаар нь ноцолдох зэргээр, хохирогч Э.М ыг газар унагаах зэргээр идэвхитэй хүч хэрэглэсэн үйлдлүүдийг хийж, хохирогч Б.Ц , Б.Х нарын биед гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүдийг учруулсан болох нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох нөхцөлийг хуульчилсан тул тул энэ зүйл, хэсгийг гэмт хэргийн зүйлчлэлд журамлан хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг …” гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцох нөхцөлийг,
3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч Г.М , М.Г нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршгийн талаар.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учирсан, үүнээс:
-Хөрөнгийн үнэлгээний байгууллага хохирогч Б.Ц ийн гар утсыг 160.000, цүнхийг 30.000, түрийвчийг 15.000, иргэний үнэмлэхийг 18.300, хаан банкны картыг 5000, төрийн банкны картыг 5000, автобусны картыг 3000 төгрөгөөр тус тус үнэлсэн, мөн бэлэн мөнгө 11.000 төгрөг байх ба бүгд 247.300 төгрөгийг хохирол учирснаас 160.000 төгрөгийг гар утсыг хохирогчид бэлнээр хүлээлгэн өгсөн, үлдэх 87.300 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 43.650 төгрөг тус тус төлсөн байна.
-Хөрөнгийн үнэлгээний байгууллага нь хохирогч Э.М ын гар утсыг 150.000, түрийвчийг 20.000, иргэний үнэмлэхийг 18.300, хаан банкны картыг 5000, шатахууны хөнгөлөлтийн картыг 3000, нийт 196.300 төгрөгөөр тогтоосон байх ба, гар утсаа хохирогч Э.М нь биетээр хүлээн авсан, үлдэх төлбөр болох 46.300 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 23.150 төгрөг тус тус төлсөн байна.
- 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэний нэхэмжлэгч Д.А д 120.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Мөнхбаярт 25.000 төгрөг шүүгдэгч нар нь тус тус төлсөн байна.
-Хохирогч Б.Х д төлөх төлбөргүй байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.М , М.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, мөн хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах гэсэн дүгнэлтийг;
-шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн дүгнэлтдээ “Г.М , М.Г нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, өөрсдийнхөө гэмт хэрэг үйлдснийг илчилсэн, гэмт хэргийг илрүүлэхэд идэвхитэй байдлаар оролцсон зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, хуульд зааснаар доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна
Шүүгдэгч Г.М , М.Г нь Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтоор цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн:
үйлдсэн;
1.2 “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”;
1.5.”өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан” бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзана гэж заажээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгч нар нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”, “өөрийгөө илчилсэн, гэмт хэргийг илрүүлэхэд идэвхитэй оролцсон” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзнэ үү” гэсэн нь хууль үндэслэлгүй дүгнэлт байна.
Учир нь шүүгдэгч Г.М , М.Г нар дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон ба, дээрэмдэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Түүнчлэн хохирогч нар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, цагдаагийн байгууллага шуурхай, түргэн ажиллагаа явуулснаар гэмт хэрэг нь илэрсэн байх тул уг гэмт хэрэгт шүүгдэгч нар өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан” гэж үзэхгүй, энэ талаар өмгөөлөгч хуулийг буруугаар тайлбарлан дүгнэлт гаргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй юм.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.М , М.Г нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, нөгөө талаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан зэргийг харгалзан тэдэнд хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт 1 жил 4 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг тэдний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар.
Тус хэрэгт “Hyundai “Sonata-7” маркийн 98-77 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор битүүмжилж, шүүгдэгч М.Г т хариуцуулсан байх боловч прокуророос шүүгдэгч М.Г , Г.М нарыг дээрэмдэх гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдээгүй атлаа шүүхийн хэлэлцүүлэгт уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулах дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Нөгөө талаас дээрх тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Кэш Энд Мани” ХХК бүртгэлтэй байна.
Иймд “Hyundai” загварын “Sonata-7 ” маркийн 98-77 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь олгох нь зүйтэй гэж үзэв.
Тус хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М , М.Г нарын 2020 оны 04 дүгээр сарын 05-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хоригдсон 2 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Г. М , Боржигон овогт М.Г нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М , М.Г нарыг тус бүрийг 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М , М.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М , М.Г ын 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 2 (хоёр) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Тус хэрэгт “ Hyundai “Sonata-7” маркийн 98-77 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилж М.Г т хариуцуулсан мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч “Кэш Энд Мани ХХК”-нд олгосугай.
6. Эрүүгийн 2008 0150 00572 дугаар хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.М , М.Г нарт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, мөн шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Г , Г.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА