Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 51

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 12-13 тоотод оршин суух Бэсүд овгийн Ойдовын Уранчимэгийн /РД: ДН64070805/ нэхэмжлэлтэй 
 Д.Энхтөртэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч О.Уранчимэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь 1997 онд Даржаагийн Энхтөртэй гэр бүл болж өдий 2017 оны 01 сарын 18 хүртэл амьдарсан. Нөхөр маань хүнд өвчний улмаас нас барсан. Тухайн үед бид хоёр албан ёсны хурим хийсэн боловч гэрлэлтийн гэрчилгээгээ аваагүй өдий хүрчээ. 2001 онд охин Бямбасүрэнг төрүүлсэн. Охин Бямбасүрэн нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон тул Д.Энхтөр бид хоёрын хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Уранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
О.Уранчимэг нь Урианхай овгийн Даржаагийн Энхтөртэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
О.Уранчимэг, Д.Энхтөр нар нь 1997 онд танилцаж улмаар хамтын амьдралтай байсан болох нь Урианхай овгийн Энхтөрийн Бямбасүрэн 2001  оны 10 сарын 13-нд аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрснийг иргэний гэр бүлийн төрсний бүртгэлд 2001 оны 11 сарын 29-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов, эцгийн нэр Урианхай овгийн Даржаагийн Энхтөр, эхийн нэр Бэсүд овгийн Ойдовын Уранчимэг гэх Г№73 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Д.Энхтөр, О.Уранчимэг нарын хуримаа хийж байх үеийн гэрэл зураг, охин Э.Бямбасүрэнтэй авахуулсан гэр бүлийн зургаар тус тус нотлогдож байна. 
Иймд О.Уранчимэгийг Д.Энхтөртэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж үзлээ. 
Гэвч Д.Энхтөр нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан болох нь №0000180619 дугаартай нас барсны гэрчилгээ, хүсэлт гаргагч О.Уранчимэгийн “...Нөхөр маань хүнд өвчний улмаас нас барсан...” гэх тайлбараар тогтоогдож байна. 
Хүсэлт гаргагч О.Уранчимэг нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Бэсүд овгийн Ойдовын Уранчимэгийг Урианхай овгийн Даржаагийн Энхтөртэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч О.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ