Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 52

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт оршин суух Их өөлд овгийн Базархүүгийн Ганзоригт /РД: ДП75050611/ холбогдох
Зээлийн үлдэгдэл 2.847.734 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунбилэг, хариуцагч Б.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг дарга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Ганзориг нь 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 12 дугаар гэрээний дагуу 3 жилийн хугацаатай 3 сая төгрөгийг “Дугуй засвар”-ын үйлчилгээ эрхлэх зориулалтаар зээл авч төсөл хэрэгжүүлсэн. Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу гэрээ байгуулж, зээл олгосон. 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Төсөл хэрэгжүүлэх явцад төсөл сонгон шалгаруулах болон хяналтын зөвлөл удаа дараа бичгээр болон амаар зээлээ төлөх талаар мэдэгдсэн боловч зээлээ төлөхгүй байна. Аудитын байгууллагын албан шаардлагыг ч биелүүлээгүй байна. Иймд сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний 2.3, 2.4 дэх заалтын дагуу иргэн Б.Ганзоригоос 2.847.734 төгрөгийг гаргуулан сум хөгжүүлэх сангийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: Шарга сумын Засаг дарга нь иргэн Б.Ганзоригоос сум хөгжүүлэх сангаас Дугуй засвар үйлчилгээ эрхлэх зориулалтаар авсан зээлийн үлдэгдэл 2.847.734 төгрөгийг нэхэмжилсэн юм. Хариуцагч Б.Ганзоригтой ярилцаж тохиролцоод зээлийн үлдэгдэл болох 2.847.734 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцов. Ганзориг миний бие авсан зээл болох 2.847.734 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ний дотор төлж дуусгахаар цаг хугацаан дээрээ тохиролцов. Энэ мөнгийг өгөх нь үнэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Б.Ганзоригт холбогдох зээлийн үлдэгдэл 2.847.734 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээл төлөх хугацааг харилцан тохиролцож эвлэрсэн болох нь “...Шарга сумын Засаг дарга нь иргэн Б.Ганзоригоос сум хөгжүүлэх сангаас Дугуй засвар үйлчилгээ эрхлэх зориулалтаар авсан зээлийн үлдэгдэл 2.847.734 төгрөгийг нэхэмжилсэн юм. Хариуцагч Б.Ганзоригтой ярилцаж тохиролцоод зээлийн үлдэгдэл болох 2.847.734 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцов. Ганзориг миний бие авсан зээл болох 2.847.734 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ний дотор төлж дуусгахаар цаг хугацаан дээрээ тохиролцов. Энэ мөнгийг өгөх нь үнэн...” гэх эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. 
Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь  хэсэгт зааснаар хариуцагч Б.Ганзоригоос 2.847.734 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 60.514 төгрөгийн тал хувь 30.257 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:
 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ганзоригт холбогдох зээлийн үлдэгдэл 2.847.734 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь  хэсэгт зааснаар хариуцагч Б.Ганзоригоос 2.847.734 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 60.514 төгрөгийн тал хувь 30.257 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай. 
 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ОЮУНБИЛЭГ