Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 54

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багт оршин суух Хотол овгийн Амаржаргалын Бадмаанямбуугийн /РД: ДК95110715/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дондов, хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Оюун, гэрч Г.Баасандулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Бадмаанямбуу шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Инженер техникийн тасагт Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникчээр ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ажил үүргийн хуваарийн дагуу ажиллаж, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Гэтэл Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Ундрах нь 2016 оны 12 сарын 06-ны өдрийн Б/101 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлснөө мэдэгдсэн. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 12 сарын 06-ны өдрийн Б/101 дугаар тушаалыг хянан үзэж ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дондов шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тушаалыг нь зөв гаргаад ажилласан 6 сарын хугацааны цалинг гаргаад өгчих юм бол ямар нэгэн асуудал байхгүй. 6 сарын тушаал гаргасан гэж байсан. Сар дагалдан хийлгэчихээд орон тоо байхгүй байсан юм бол яагаад 6 сарын орон тоогоор гаргасан юм бэ? Мэргэжлийн бус хүмүүс ажилладаг. Би мэдэж байгаа. 6 сар ажиллуулах хугацааны цалинг гаргуулж өгөх хэрэгтэй. Говь-Алтай аймгийн эмнэлэгт ажиллахгүй гэж байгаа. Тушаалыг засуулж өгөх хэрэгтэй байна. Хуулийн зөвлөх хүний хувьд өөрөө хариуцаад тушаалыг гаргах өгөх хэрэгтэй. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлттэй байна. Хуулийн дагуу шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Оюун шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Бадмаанямбууг Монгол улсын Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.2 дахь заалтанд эмнэлгийн захирал нь удирдлагын зөвлөлийн гишүүн, байгууллагын ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар шинээр орж байгаа ажилтантай ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг туршилтын 6 сар хүртэл хугацаагаар, мөн байгууллагын дотоод журмын 5.3.1 хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаанд 6 сар хүртэл түр, жинхэнэлсэн тохиолдолд хугацаагүй байгуулна гэсэн заалтын дагуу Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 сарын 21-ний өдрийн тушаалаар инженер техникийн тасагт эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникчээр түр томилон ажиллуулж, 2016 оны  12 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн. Томилохдоо хүний нөөцийн менежер энэ орон тоо манайд байхгүй чамтай түр гэрээ байгуулна гээд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Яагаад авсан юм бэ гэхээр эд нарын яриа нотлох баримтаас харахад хоёр дарга ажлаа солилцсон. 21-ний өглөө хүний нөөцийн менежер дуудаад наад хүнээ ажилд ав гээд авсан байсан. Түр авна гээд байхгүй орон тоон дээр түр хугацаагаар гэрээ байгуулж авсан байсан. Сайдын тушаал нэгдсэн эмнэлгийн орон тоон дээр тухайн орон тоо байхгүй. 20-ны өдөр саналаа өгөөд 24-ний өдөр тушаалыг нөхөж гаргуулсан байсан. Нягтлан хүний нөөцийн менежер энэ орон тоо байхгүй ажиллуулах шаардлага байхгүй гэж хэлсэн байсан. Монгол улсын эрүүл мэнд, спортын яамны 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “2016 оны Төсөв хүргүүлэх тухай” 2/5158 дугаар албан тоотын 1 дүгээр зүйлийн 1.1.9-д “аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар болон бусад төрийн захиргааны эрүүл мэндийн байгууллагын үндсэн цалингийн санг 10 хувиар бууруулж баталсан.  Мөн яамны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “2017 оны төсвийн төсөл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн санал ирүүлэх тухай” 1а/2710 албан тоотын 1 дүгээр зүйлийн 1.4 дүгээр заалтанд “2017 онд шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, орон тоо нэмэгдүүлэх үр дагавар бүхий аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхдээ одоогийн бүтэц орон тоог нягтруулах замаар шийдвэрлэх”-ийг тус тус даалгасан байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095-2013 стандарт, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 439 дугаар тушаалын 4.2.3-т заасны дагуу эмнэлгийн тоног төхөөрөмжийн гурван инженерийн дунд нэг техникч ажиллахаар орон тоог баталсан байдаг. Одоо хоёр эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн дунд нэг техникч байгаа тул шинээр техникч авах орон тоо, цалингийн сан төсөвт тусгагдаагүй тул дээрх Эрүүл мэндийн яамны тушаал, шийдвэр холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлаас чөлөөлсөн гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч А.Бадмаанямбуу нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргажээ. 
А.Бадмаанямбуу нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймгйн Нэгдсэн эмнэлгийн инженер техникийн тасагт эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникчээр ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн болох нь Монгол улсын ардын эмч Н.Жамбалын нэрэмжит Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/79, мөн даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/101 дугаар тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэн А.Бадмаанямбууг ажлаас чөлөөлжээ. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун нь А.Бадмаанямбууг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар шинээр орж байгаа ажилтантай ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг туршилтын 6 сар хүртэл хугацаагаар, мөн байгууллагын дотоод журмын 5.3.1 хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаанд 6 сар хүртэл түр, жинхэнэлсэн тохиолдолд хугацаагүй байгуулна гэсэн заалтын дагуу түр тушаалаар ажилд авсан. Шинээр техникч авах орон тоо, цалингийн сан төсөвт тусгагдаагүй тул А.Бадмаанямбууг ажлаас чөлөөлсөн...” гэж мэтгэлцэж байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл, мөн хуулийн 38 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг тус тус заасан байна. 
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны эсвэл ажил олгогчийн санаачилгаар цуцална. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай. Гэтэл хариуцагч нь Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтлаагүй байгаа нь хуульд заасан журмыг зөрчсөн байна. 
  Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар хугацаагүй байхаар заасан байна.
Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, Байгууллагын дотоод журмын 5.3.1-т зааснаар А.Бадмаанямбууг түр буюу 6 сарын туршилтын хугацаагаар ажилд авсан гэж тайлбарлаж байх боловч Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/79 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажилд томилжээ.
Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг 6 сарын туршилтын хугацаагаар байгуулсан болох нь тогтоогдохгүй, ажил олгогч ажилд томилсон тушаалд Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасан туршилтын хугацаагаар гэрээ байгуулах заалтыг баримтлаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт зааснаар “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар” тус тус хугацаатай гэрээ байгуулж болох ба харин бусад тохиолдолд шинээр орж байгаа ажилтантай “түр хугацаагаар” хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй гэж үзнэ. 
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, хугацаанаас өмнө гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа хуульд нийцээгүй байна. 
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь А.Бадмаанямбуугийн ажиллаж байсан орон тоо нь бүтэц орон тоонд тусгагдаагүй хэмээн тайлбарлаж, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Албан тушаал батлах тухай” тушаал, уг тушаалын 1, 2 дугаар хавсралтыг ирүүлсэн байна. Уг тушаалын 1 дүгээр хавсралтаар нэгдсэн эмнэлгийн 2016 онд ажиллах орон тоо, бүтэц, 2 дугаар хавсралтаар тасаг нэгжид ажиллах ажилчдын нэрс, үндсэн цалин, цалингийн шатлалыг баталсан байна. 
Өөрөөр хэлбэл А.Бадмаанямбууг ажилд томилохоос өмнө Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтэц, орон тоо батлагдсан байжээ. 
Мөн гэрч Г.Баасандулам нь шүүх хуралдаанд “...Оны эхэнд байгууллагын бүтэц орон тоог удирдлагаар хэлэлцдэг. Нэмж ажиллуулах талаар санал өгөөгүй. Дагалдуулан ажиллуулах зөвшөөрөл өгөөгүй. А.Бадмаанямбууг Бат-Эрдэнэ даргын шийдвэрээр авсан. Ажилд авах гэж байхад нь даргатай нягтлан бодогчийн хамт уулзаж орон тоо байхгүй гэдгийг хэлсэн...” гэж мэдүүлж байна. 
Иймд ажил олгогч нь ажилд томилох шийдвэр гаргахдаа тухайн орон тоо нь батлагдаагүй орон тоо гэдгийг мэдсэн байх бөгөөд ажлаас чөлөөлсөн үндэслэлээ орон тоо байхгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ.
Нэхэмжлэгч А.Бадмаанямбуу нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд А.Бадмаанямбууг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хуульд нийцээгүй, хуульд заасан журмыг баримтлаагүй байх тул нэхэмжлэгчийг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн инженер техникийн тасагт эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникчийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу А.Бадмаанямбуугийн 2016 оны 12 сарын 06-ны өдрөөс 2017 оны 02 сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 1 сар 24 хоногийн олговор 994.285 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 6 дугаар зүйлд зааснаар ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заажээ.
Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн цалин 466.285 төгрөгөөс ажилгүй байсан хугацааны нийт сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бататгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар бичгэн нотлох баримтыг шүүхэд эхээр нь, эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхөөр заажээ. Мөн зүйлийн 44.4 дэх хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулж болохоор заасан байх боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг тул мэтгэлцээнд оролцож байгаа байгууллага бичмэл нотлох баримт гаргахдаа өөрөө баталгаажуулах нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй байна. 
Иймд хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/32 дугаар тушаал, Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааны бүртгэлийн журнал, А.Бадмаанямбуугийн 10 сарын цагийн бүртгэл, 2016 оны 10 сарын 21-ний өдрийн эмч, ажилчдын хөдөлгөөн цалингийн тухай баримтанд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин нийт 994.285 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 28.413 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Бадмаанямбууг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн инженер техникийн тасагт эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникчийн ажилд эгүүлэн тогтоосугай. 
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар А.Бадмаанямбуугийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 994.285 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч А.Бадмаанямбууд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар А.Бадмаанямбуугийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин нийт 994.285 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 28.413 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 
      


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ