Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01528

 

Э.М, Я.Унарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/00805 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1124 дүгээр магадлалтай,

Э.М, Я.Унарын нэхэмжлэлтэй

Д.Сд холбогдох

Үхрийн үнэ 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Сгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, хариуцагч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С манай улаан халзан, хээлтэй, гунжин үхрийг 2016 оны 8 дугаар сард бэлчээрээс хулгайлж авсан, Сонгинохайрхан дүүргийн цагдаад гомдол гаргахад түүнээс авсан мэдүүлгээр нотлогдоно. Манай тугалах үнээ өнөөдрийн ханшаар 2 000 000 төгрөгийн үнэтэй байгаа. Д.С миний эзэмшлийн Пронтер машиныг мал, мотоцикл оролцуулан 2015 онд худалдаж авсан, мотоцикл нь бичиг баримтгүй надад ирсэн бөгөөд 2 жилийн татвар төлөөгүй байсан. Иймд Д.Сгээс хулгайлж авсан үхрийн үнэ 2 000 000 төгрөг, мотоциклийн бичиг баримт гаргуулахыг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С 2016 оны 8 дугаар сард Э.М, Я.Унарын гэрт ирээд үхрийг нь асуугаад 3 настай гунжин үнээг нь аваад явсан байдаг. 2017 онд үхэр хулгайлсан тухай гомдлоо Цагдаагийн байгууллагад гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэхээстатгалзсан байдаг. Д.С нь Э.Мэд малчны шар гэх хөргөгчийг худалдсан боловч ажиллахгүй болохоор нь буцааж ав гэхэд маргаан үүсэж, хөлдөөгчийн үнэ гэж гунжин үхрийг нь бэлчээр дээрээс нь дур мэдэн аваад явсан байдаг. Э.М нь Д.Сгийн аваад явсан үхрийг хөргөгчийн үнэд ав гэж Д.Сд хэлээгүй, тэр үхрийг зүсэлж өгөөгүй байдаг. Тухайн үед гунжин үхэр хээлтэй байсан тул өнөөдөр 3 толгой мал болсон байх ёстой. Д.С шүүхэд гаргасан тайлбартаа хөлдөөгчний үнэ 800 000 төгрөгт гунжин үхэр авсан гэж байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ дүнг багасгаж Д.Сгээс 800 000 төгрөгийг, мөн өмнө нь эднийд худалдсан мотоциклийн бичиг баримтын хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Я.Ушүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С манайд малчны шар хөргөгч зарсан, үнэнд нь манай нөхөр үхэр оролцуулж төлнө гэж хэлж байсан боловч үхэр зүсэлж хэлээгүй байхад бидний зөвшөөрөлгүй манай үхрийг бэлчээрээс нь аваад явсан, түүний манайд худалдсан малчны шар хөлдөөгч ажиллахгүй байгаа буцааж өгнө гэжээ.

Хариуцагч Д.С шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчийн үхрийг хулгай хийж аваагүй, би Э.М, Я.Унарт 2016 оны 05 дугаар сарын 20-ны үеэр өөрсдийнх нь хүсэлтээр малчны шар хөлдөөгч, 1 ширхэг 100 вт-ын аккумлятор, 60 вт-ын нарны толь өгсөн, хөлдөөгчнийхөө 800 000 төгрөгийн үнэнд нэг охин гунжин үхэр авсан, 100 вт-ын аккумлятор, 60 вт-ын нарны толийг Э.М, Я.Унараар 25 ширхэг хонь маллуулсаны хөлсөнд өгсөн. Гэтэл энэ хүмүүс миний хонийг өөр хүмүүст миний зөвшөөрөлгүй маллуулахаар өгсөн байсан, тэр хүнээс нь хонио буцааж авах болоход миний хонийг өгөхгүй хөлс нэхсэн. Бихөлдөөгчний үнэд түүний өгсөн гунжин үхрийг авсан, энэ хавар л тугалах насны үхэр байсан гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/00805 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Д.Сгээс 800 000 /найман зуун мянган/ төгрөгийг, DAYUN маркийн модел DY-150, VIN-L7GPCKLY1E404779, E6048344 дугаар бүхий PRODUCT CERTIFICATE, Нарны Буман Гэрэл ХХК-ийн албан тоотын бланк, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 1005710, нэмэлт маягт 0517138 зэрэг баримтуудын хамт гаргуулан Э.М, Я.Унарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сгээс 23 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1124 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/00805 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэсний дараа 493 дугаар зүйлийн 493.2 гэж нэмж, 800 000 төгрөг гэснийг 500 000 төгрөг гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 93 950 төгрөг гэснийг 15 650 төгрөг гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Сгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.С хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тухайн үед хөргөгчийг шилжүүлж өгөхөд ямар нэг маргаан гараагүй бөгөөд тухайн хөргөгчний үнийг 800 000 төгрөгөөр тохирсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн байдаг. Тодруулбал: Э.М, Я.Унар надад хөргөгчний үнэнд үхэр өгөхөөр тохирсны үндсэн дээр би тухайн Монгол үүлдрийн гунжин шар үхрийг авсан байдаг. Энэ нь ч нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан тайлбараар нотлогддог бөгөөд 2016 оны 8 сард би ирж үхрийг авсан. Гэвч нэхэмжлэгч үхэр хулгайлагдсан гэх үндэслэлээр 2017 онд цагдаад хандсан байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариу өгсөн байсан, Бүтэн нэг жилийн дараа үхэр алдсан гэдэг нь талуудын хооронд хийсэн хэлцлийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно. Би үхрийг мэдэгдэлгүйгээр аваагүй, өөрийн өгсөн хөргөгчнийхөө үнэнд тохиролцсоны дагуу авсан, намайг авсныг мэдэж байсан гэж үзэж байна. Тиймээс үнэхээр тухайн хөргөгч эвдрэлтэй байсан бол тухайн үедээ нэн даруй мэдэгдэж буцааж болох байсан бөгөөд миний бие үхрийг ч авахгүй байх байсан. Хулгайд алдсан зөвшөөрөлгүй намайг авсан гэж үзсэн бол тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж үнэн бодитой байдлаа тогтоолгож болох байсан. Гэвч сүүлд нь үндэслэлгүйгээр цагдаагийн байгууллагад хандсан байгаа нь нэхэмжлэгч хууль бус үйлдлээ залруулах гэсэн арга болох нь тодорхой харагдаж Э.М, Я.Унар Д.С надтай иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заагдсан арилжааны гэрээ байгуулж харилцан нэгнийхээ өмчлөлд шилжүүлхээр тогтсон нь нэхэмжлэгчийн тайлбартай таарч байдаг. Мөн уг гэрээнд худалдах худалдан авах гэрээний талаарх холбогдох заалтууд хамаарах бөгөөд үүнээс үзвэл иргэний хуулийн 255.1.1-т заасны дагуу эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар хуулиар зохицуулсан. Хэрвээ уг хөргөгчийг доголдолтой гэдгийг мэдэж байсан бол Иргэн Д.С надад үхрээ өгөхгүй байсан эсхүл иргэн намайг мэдэгдэхгүй авсан гэж үзэж байгаа бол энэ нь өөрсдийнх нь тайлбараар няцаагдаж байгаа буюу анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “...гэрт ирээд үхрийг нь асуугаад 3 настай гунжин үнээг нь аваад явсан байдаг” гэсэнтэй илт зөрүүтэй байна тиймээс намайг авж явсныг мэдсэн. Дээрхээс дүгнэвэл тухайн шилжүүлж өгсөн эд хөрөнгө доголдолгүй байсан үүний үндсэн дээр үхрээ өгсөн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх арилжааны гэрээ байгуулсан байхад иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, тус хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-ыг үндэслэн шийдвэрлэснийг үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биөлүүлээгүй, мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заагдсны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Тиймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.М, Я.Унар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч Д.Сгээс үхрийн үнэ 2 000 000 төгрөг, 2015 онд худалдаж авсан мотоциклын бичиг баримтыг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Д.С мотоциклын бичиг баримтыг өгөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч нар худалдаж авсан малчны шар хөргөгчний үнэд тооцож үхэр өгсөн тул 2 000 000 төгрөгийг хариуцах ёсгүй гэж маргасан байна. 

Э.М, Я.Унар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо Д.С нь 2016 оны 8 дугаар сард бэлчээрээс манай улаан халзан, хээлтэй, гунжин үхрийг хулгайлж авсан нь ...нотлогдсон гэжээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Д.С нь малчны шар хөргөгчийг Э.М, Я.Унарт худалдсан үйл баримт тогтоогдож байх ба харин Э.М, Я.Унар хөргөгчний үнэд тооцож үхэр өгсөн эсэх асуудал зохигчдын хооронд маргааны зүйл болсон байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1328 дугаар тогтоолд “2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт орших Жаргалант тосгонд оршин суух иргэн Я.Уранчимэгийн эзэмшлийн үхрийг Д.С гэгч тууж явсан гэх гомдлыг шалгаад материалыг хянахад 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Энэ баримтыг дүгнэвэл хөргөгчний үнэд тооцож үхэр авсан, нэхэмжлэгч нар өөрсдөө зөвшөөрч үхрээ өгсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байв. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэсэн байх тул “...нотлох баримтыг үнэн зөв үнэлж чадаагүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах...”-ыг хүссэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч нь хөргөгчний үнэд тооцож үхэр авсан гэдгээ баримтаар нотолж чадаагүй тул бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан гэж үзэх бөгөөд үхрийн үнийг төлөх үүрэгтэй. Давж заалдах шатны шүүх шинжээч Итгэлт эстимэйт ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 19/03 тоот дүгнэлтээр гунжин үхрийн зах зээлийн үнийг 500 000 төгрөг гэж тогтоосон баримтыг үндэслэж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т нийцсэн байна.

Бусдын эд хөрөнгийг олж авахдаа хууль зөрчсөн бол уг эд хөрөнгийг олж авсан этгээд эд хөрөнгийг, эд хөрөнгө байхгүй бол үнийг нь төлөх ёстойг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-д заажээ.

Нэхэмжлэгч Э.М, Я.Унар хариуцагчаас авсан хөргөгч ажиллахгүй, доголдолтой байсан гэснээс гадна уг хөргөгч нь одоог хүртэл нэхэмжлэгч нарт байгаа нь тогтоогджээ. Шүүх Э.М, Я.Унарын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж,  үхрийн үнэ гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлд хамаарахгүй асуудлыг буюу хөргөгч доголдолтой байсан эсэх, хөргөгчний үнийг гаргуулах эсэхийг шийдвэрлэхгүй юм.

Хөргөгчний үнийг шаардах, эсвэл хөргөгчийн буцааж өгөх эсэх асуудлыг тусдаа шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй болно.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1124 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 78 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА