Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Равжих 10-14 тоотод оршин суух Т овогт Г.М

Хариуцагч: Их газрын чулууны уулын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Цт  хариуцагдах,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын байцаагчийн 1722000003 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, хариуцагч  А.Ц, прокурор Д.Б, нарийн бичгийн дарга М.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Г.М миний бие 2017 оны 11 сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын ард иргэдийн /Элгэн багийн засаг дарга А бусад малчдын/ буюу чоно хонь мал руу дайраад амар байлгахаа байлаа ирж агнаж өгөөч гэсэн хүсэлтээр очиж нутгийн иргэдийн хамтаар 2 чоно агнасан юм. Миний хувьд буу эзэмших болон ан агнах зөвшөөрөлтэй, цагдаагийн байгууллага болон татварын хэлтэст жил бүр бүртгэгдэж явдаг. Гэтэл Их газрын чулууны уулын тусгай хамгаалалттай газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ц гэдэг хүн дээрх үйлдэлд зөрчлийн хуулиар хариуцлага оногдуулжээ. Би тухайн үед ард иргэдийн хүсэлтээр очсон гэдгээ хэлж шалгаж өгөхийг хүссэн боловч энэ талаар нутгийн иргэдтэй уулзаж шалгалгүйгээр хариуцлага тооцсонд гомдолтой байна.

Мөн хариуцлага оногдуулахдаа бүрдүүлсэн нотлох баримтууд хуулийн шаардлага хангасан гэдэгт мөн эргэлзэж байгаа тул дээрх нотлох баримтуудыг шалгаж шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй эсэхийг хянаж өгнө үү.

Түүнчлэн уг шийдвэр нь албан тушаалтнаас үйлдэх актад тавигдах шаардлага, агуулга хэлбэрийн шаардлагыг хангаагүйгээс гадна ямар албадлагын арга хэмжээг ямар үндэслэлээр оногдуулж байгаа нь тодорхойгүй, мөн 2 чонын үнэлгээг яагаад 2 дахин өсгөж нөхөн төлбөр оногдуулж байгаа нь тодорхойгүйгээс гадна уг албан тушаалтан нь зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан мөн эсэх, оногдуулсан хуулийн зүйл заалт зөрчилтэй тохирсон эсэх зэргийг шалгаж, төрийн тусгай хамгаалалттай газрын буюу Их газрын чулууны уулын Байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 1 сарын 08-ны өдрийн 1722000003 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Г.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ ... Багийн засаг даргаас хүсэлт ирсэн ба мөн нутгийн иргэд чоно үргээнэ, ирээч гэсний дагуу би Чойр явах замдаа Их газрын чулууны ууланд очиж чоны үргээлэнд оролцож 2 чоно агнасан. Нутгийн иргэд чоно хэцүүдээд байна, мал сүрэгт ноцтой хохирол учруулаад байна гэж хэлж байсан. Гэтэл  тусгай хамгаалалттай газрын улсын байцаагч 2 чоно агнасны нөхөн төлбөр гэж 2370000 төгрөгний торгууль ногдуулсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр төр нийгэм нь ард иргэдээ гэдэг болсон цаг үед мал сүрэгт  нь ноцтой хохирол учруулаад байхад би чоныг нь агнасан. Чоно агнахад нутгийн олон иргэд оролцсон. Тиймээс би ганцаараа төлбөр төлнө гэж байхгүй. Иймээс энэ хариуцлагыг хүлээхгүй. Намайг ирээч гэж нутгийн иргэд урьсан, удаа дараа хүсэлтийг гаргасан. ... Би нилээд хэдэн хүнтэй гаргаж ирж буудаж агнасан. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт чонын тоо толгойг сийрэгжүүлэх зорилгоор чоно агнасан бол нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө” гэж заасан байдаг. Энэ заалтыг үндэслэн энэ төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй.

            Багийн засаг дарга чононд өртсөн малын тоог гаргаж өгсөн байсан. 1000 хол давсан юм билээ. Энэ бол малчдад асар их хэмжээний хохирол. ... Чоно агнах тусгай зөвшөөрлийг өгдөггүй юм билээ. Тусгай хамгаалалттай газарт малчин түмэн насаараа амьдарч ирсэн. Энийг зайлуулах ямар ч нөхцөл байхгүй. Тэгээд арга буюу тэр хүмүүсийн хүссэний дагуу очиж ан хийсэн. Миний ан хийсэн бууны зөвшөөрөл дээр ан агнах зориулалттай гэж байгаа. Нутгийн иргэд багийн засаг даргадаа хэлж,

багийн засаг дарга тусгай хамгаалалттай газрыг хариуцаж байгаа байгууллагад нь чонын тоо ихсээд малчдын малыг идээд байгаа талаар мэдэгдэж, арга хэмжээ авахуулах талаар хүсэлтийг тавьсан байдаг. Энэ гараар бичиж өгсөн хүсэлт нь  намайг анх энэ байгууллага дээр очиж асуугдахад даргын ширээн дээр байж байсан. Гэтэл манай энд зөвшөөрөл өгөх эрх мэдэлтэн байдаггүй юм билээ. Тусгай хамгаалалттай газрыг хариуцаж байгаа газар нь дээшээ ярьж байж зөвшөөрөл авдаг гэсэн. Миний үед анчдын нийгэмлэг гэж байсан ба тухайн газар нь зөвшөөрлийг өгдөг байсан. Одоо бол чоныг эндээс тэндээс агна гэсэн юм байдаггүй. Их газрын чулууны ууланд чоно агнаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэвч би тухайн үед тухайн газрыг тусгай хамгаалалттай газар гэдгийг анзаараагүй, мэдээгүй. Энэ үйлдэлд чоныг хөөж туух зэргээр олон хүн оролцсон, мөн тэдний хүсэлтээр агнасан учраас би ганцаараа хариуцлагыг хүлээж чадахгүй. Би хүсэлтдээ оролцсон бүх хүмүүсийг шалгаад хариуцлага тооц гэхээр тооцохгүй байгаа юм. Би малчдын эрх ашгийн үүднээс чоныг агнасан. ... Иймд улсын байцаагчийн 17220000003 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч А.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Г.М нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан өргөдөл хүсэлтийн дагуу Элгэн багийн Засаг дарга Ц.А, үргээлгэ хийхэд оролцсон малчин Б.Ч, Х.Н, Л.М, Ч.О нараас мэдүүлэг авч зөрчлийн хэрэгт хавсаргасан. Багийн Засаг дарга Ц.А мэдүүлэгтээ 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагт Г.М нь над руу утсаар ярьж Чойр явлаа, замдаа Их газрын чулууны уул ороод цаашаа явнаа гэж ярьсан байсан. Хариуд нь Багийн Засаг дарга Ц.А нь өнөөдөр багийн хуралтай амжихгүй гэж хэлсэн байдаг.

Г.М нь улсын тусгай хамгаалалттай Их газрын чулууны уулын Ёрвонгийн амнаас зөвшөөрөлгүй хууль бусаар эр-1, эм-1 2 чоно агнасан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйл заалт, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын горим дэглэм зөрчсөн.

Уг хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт  зааснаар 150000 төгрөгийн торгууль, Амьтны тухай хуулийн 37.1, 37.2, 37.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын дагуу Амьтны Экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж Эр чоно -1 /510000 төгрөгийн үнэлгээтэй/ 1,020,000 төгрөг, Эм чоно-1 /600,000 төгрөгийн үнэлгээтэй/ 1,200,000 төгрөгийг  2 чоно агнасан зөрчилд 2,220,000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан.

Иймд Г.Мын гаргасан нэхэмжлэлд дурьдсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч А.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ ... Улсын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар зөвшөөрөлгүй дур мэдэн хүний дуудсанаар очиж ан агнах хориотой байдаг. Мын хүсэлтийн дагуу Элгэн багийн засаг дарга А болон үргээлэг хийхэд оролцсон 3-4 хүнээс мэдүүлэг авсан. Энэ нь хэргийн материалд бий. Тухайн үед М нь Элгэн багийн засаг дарга А руу утсаар би Их газрын чулууны уул гараад цаашаа Чойр явна гэж ярихад нь багийн засаг дарга би багийн хуралтай тул амжихгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ хүн өөрөө дур мэдэн явсан байх гэж бодож байна. Амьтны тухай хуулийн 37.1-т “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, нөхөн төлүүлэхдээ засгийн газраас тогтоосон амьтны экологи- эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөн тогтооно гэж заасан байдаг. Үүний дагуу торгууль ногдуулсан. Мөн Байгаль орчны сайдын улсын тусгай хамгаалалттай газар нутагт чонын тоо толгойг зохицуулах, зэрлэгшсэн нохой устгахад мөрдөх журам гэж байдаг. Энэ журамд зааснаар зөвшөөрөл авч устгах ёстой. Чоно айлын мал бариад байна гэж хэлсний дагуу очиж чоно агнах эрх энэ хүнд байхгүй. М чоно агнасан газраа улсын тусгай хамгаалалттай газар гэдгийг сайн мэдэж байсан. Өмнө нь  2015 билүү 2016 онд мөн М үргээлэг хийж чоно агнах гэж байхад нь байгаль хамгаалагч таараад тусгай хамгаалалттай газар чоно агнах нь хориотой гэдгийг түүнд тайлбарлаж өгөөд хуулиа танилцуулаад буцаан явуулсан гэдэг. Мөн тусгай хамгаалалттай газарт мэдээллийн самбар, тэмдэг тэмдэглэгээ, ан ав агнах хориотой тэмдэг тэмдэглэгээ нилээн олон байдаг. Мын тухайн ан хийсэн Ёрвонгийн ам гэдэг газрын мэдээллийн самбар дээр хүртэл ан агнах хориотой гэдэг тэмдэглэгээ бий. Тухайн үед багийн хурал болж байсан учраас Мөнхтөр гэдэг байгаль хамгаалагч багийн хуралд оролцож байсан. Иймээс чоно агнасан тухайн үйлдлийг нь бол хараагүй. Харин дараа нь мэдээд газар дээр нь очиход эд мөрийн баримт нь байсан. Тэгээд наашаа дуудлага өгсөн. Малчдын малаа идүүлсэн гэж бичиж өгсөн тоог бид дурын тоо тавьсан байна гэж үзсэн. Учир нь идүүлсэн талаар ямар ч нотлох баримт байдаггүй, мөн малаа идүүлсэн гэх Л.Отгонбаяр гэдэг малчнаас мэдүүлэг авахад идүүлсэн мал бараг байхгүй гэж мэдүүлдэг. Мөн эд мөрийн баримтаар чоныг хурааж авахад ихэнх хувь нь тараагдсан байсан.

Миний хувьд энэ байгууллагад 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс томилогдон ажиллаж байна. Би тодорхой шалгуур, болзлыг хангаж Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын тушаалаар 2015 онд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх авсан. Манай нөгөө хоёр хамгаалагч хуульд заасан тодорхой болзол, шалгуурыг хангаагүй байгаа учраас энэ эрхийг одоохондоо аваагүй байна. Тэд тэндээ суурьшин ажилладаг. Ер нь Дундговь аймагт Байгаль орчны хяналтын улсын байцаагч хоёр байдаг. Нэг нь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт, нөгөө нь манай байгууллагад  байдаг. Би зөвхөн тусгай хамгаалттай газар нутагтаа хяналт тавьдаг. .... Хуулийн дагуу Г.Мт хариуцлага хүлээлгэсэн учир энэ хүний нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна” гэв.  

             Прокурор Д.Баянмөнх шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Их газрын чулууны уулын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ц нь иргэн Г.Мт тусгай хамгаалалтын бүс нутагт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 2 чоно агнасан гэдэг зөрчилд нь зөрчлийн тухай хуулийн 7.6.1.3-т дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан. Энэхүү зөрчлийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд прокурорын дүгнэлтийг гаргаж байна. Зөрчил гаргагч Г.М нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Элгэн багийн нутагт орших Их газрын чулууны уулын байгалийн цогцолборт газрын бүс нутгаас 1 эм, 1 эр чоно агнаж байгаль орчинд хохирол учруулсан. Хэргийн материалд зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хамгаалалтын захиргааны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хяналт шалгалт хийх удирдамж, Г.Мын өгсөн мэдүүлэг, Их газрын чулууны уулыг тусгай хамгаалалтад авсан Засгийн газрын тогтоол, Их газрын чулууны уулын ан агнах хориотой гэсэн тэмдэглэгээтэй самбарыг баримтжуулсан зураг, Засгийн газрын 23 дугаар тогтоол, Зөрчлийн талаарх тэмдэглэл, улсын тусгай хамгаалалттай газарт чонын тоог зохицуулах, зэрлэгшсэн нохойг устгах журам, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, иргэн Г.Мын зөрчлийн хэрэгт өгсөн мэдүүлэг, Зөрчлийн талаар малчдаас авсан нийт 8 хуудас тэмдэглэл, шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэрэг баримтууд авагдсан байна. Иймээс дээрх баримтуудаар Г.М нь Зөрчлийн тухай хуулийн  7.6.1.3-т заасан зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Мөн зөрчил гаргагч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбараараа тусгай хамгаалалттай газар нутагт зөрчил гаргасан болохоо хүлээн зөвшөөрч байна. Гэвч тухайн зөрчлийг би ганцаараа үйлдээгүй, багийн иргэдтэй нийлж үйлдсэн, тэр хүмүүст хариуцлага тооцох ёстой, нэг бол намайг чөлөөлөх ёстой гэсэн тайлбарыг гаргаж байна. Зөрчлийн тухай хуулинд зааснаар зөрчил гаргасан, гүйцэтгэсэн иргэнд хариуцлага тооцох ёстой. Г.Мт бусадтай нийлж, бүлэглэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Чоныг буудсан буу Г.Мынх, чоно буудаж алсан хүн нь Г.М. Бууг хоёулаа барьж байгаад гохийг нь дараагүй юм бол  гүйцэтгэсэн хүн хариуцлага хүлээнэ. Дэмжлэг үзүүлсэн байж болно. Үүнд хариуцлага хүлээхгүй. Мт хэн ч хүч хэрэглээгүй. Мөн тухайн этгээд хууль, журмаа мэдээгүй байсан нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй юм. Иймд түүнд ногдуулсан шийтгэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.М нь Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Цт холбогдуулан улсын байцаагчийн 1722000003 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1722000003 тоот шийдвэрээр Г.Мт “ Тусгай хамгаалалттай газар нутаг болох Их газрын чулууны уулын Ёрвонгийн ам гэх газарт эр, эм 2 чоно агнасан” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.4 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу шийтгэл оногдуулжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, прокурорын дүгнэлтийг тал бүрээс нь үнэлж дүгнээд Дундговь аймгийн Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1722000003 тоот шийдвэрийг хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ.  

1.Монгол Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 тоот тогтоолоор Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Их газрын чулууны уулыг байгалийн цогцолборт газар болгон өөрчилж, улсын тусгай хамгаалалтад авсан байх бөгөөд энэ газар нутагт иргэн Г.М нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1 эр, 1 эм чоно агнасан байна. Энэ нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээрх “... Чойр явах замдаа Их газрын чулууны ууланд очиж чоны үргээлэнд оролцож 2 чоно агнасан. ... Их газрын чулууны ууланд чоно агнаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэвч би тухайн үед тухайн газрыг тусгай хамгаалалттай газар гэдгийг анзаараагүй, мэдээгүй ...” гэх тайлбар, мөн зөрчлийн материалд авагдсан Г.Мын тайлбар, мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хууль бус агнуурын координат, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт чонын тоог зохицуулах, зэрлэгшсэн нохойг устгахад мөрдөх журмын 16-д “чоно авлах, зэрлэгшсэн нохой устгах тухай энэхүү журмыг зөрчиж, хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр хамгаалагдсан нутаг дэвсгэрээс чоно авлаж, нохой алсан иргэдийг Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 3-ын 1,3,5 дугаар заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ” , Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “... ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас хүйс, сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу явуулахаас өөр зориулалтаар ан амьтан агнахыг хориглоно ...”, мөн энэ хуулийн 42 дугаар зүйлийн 2-т “Байгаль орчны хяналтын улсын байцаагчид тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, зөрчигчдөд эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага хүлээлгэнэ”, 43 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 7-д улсын байцаагч нь “Зөрчлийн тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах” эрхтэй  гэж  тус тус заажээ.

Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2014 оны 2 дугаар 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 07 тоот тушаалаар хариуцагч А.Ц нь тус газрын хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан албан тушаалд томилогдсон байх ба улмаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Улсын байцаагчийн эрх цуцлах, олгох тухай” 495 тоот тушаалаар А.Цт байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1... , “Хуулиар эрх олгогдсон байгууллагад улсын байцаагч ажиллуулах журмын” 2.1, 4.1, 4.2 дахь  хэсгүүдэд заасныг үндэслэн олгосон байна.

Ийнхүү нэхэмжлэгч Г.Мын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт чоно агнасан үйлдэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэхь хэсгийг зөрчсөн байх тул байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ц нь иргэн Г.Мт Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх ба энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 2, 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг зөрчөөгүй байна.  

2.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт чонын тоог зохицуулах, зэрлэгшсэн нохойг устгахад мөрдөх журмын 1-д “чоно авлах ... ажлыг тухайн газрын хамгаалалтын захиргаа зохион байгуулж, хяналт тавина” гэж заасан байх ба нэхэмжлэгч Г.Мт холбогдох зөрчлийн материал, хариуцагч А.Цийн хариу тайлбар, прокурорын дүгнэлт, Р.Бий мэдүүлэг зэргээс үзэхэд Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тухайн чоно агнасан нутаг дэвсгэр буюу Их газрын чулууны ууланд чоно авлахтай холбоотой аливаа нэгэн ажлыг зохион байгуулж явуулаагүй байна. Иймээс нэхэмжлэгч Г.Мыг тухайн газар нутгийг хариуцсан байгууллагын зөвшөөрөлгүйгээр хамгаалагдсан бүс нутгаас чоно агнасан байна гэж үзлээ.  

Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “амьтан гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад заасныг”, мөн энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37 дугаар зүйлийн 37.2-т “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно”, 37.4-т “ан амьтан агнах эрхийн бичиг, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн, түүнчлэн зөвшөөрөлгүй ан амьтан агнасан этгээдэд нөхөн төлбөр ногдуулна”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх хэсэгт “амьтан гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн ... хамаарна” гэж тус тус заасан байна. Мөн Засгийн 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад эр саарал чоно 510000, эм саарал чоно 600000 төгрөг гэж чонын экологи-эдийн засгийн үнэлгээг нь тогтоожээ.

Иймээс Г.Мын тусгай хамгаалалттай бүс нутагт тухайн байгууллагын зөвшөөрөлгүйгээр чоно агнасан үйлдэлд нөхөн төлбөр оногдуулсан нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.4 дэхь хэсгүүдэд тус тус заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

            3.Нэхэмжлэгч Г.М нь “... Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт чонын тоо толгойг сийрэгжүүлэх зорилгоор чоно агнасан бол нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж заасан байдаг. Энэ заалтыг үндэслэн энэ төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй ... ” гэж маргадаг ч Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “ан агнах зөвшөөрөл бүхий иргэн ан хийхдээ дараах шаардлагыг хангасан байна”, 21.1.1-д “амьтан агнах, барих төлбөр, зөвшөөрлийн хураамж төлсөн байх”, 32 дугаар зүйлийн 32.1-т “иргэн, хуулийн этгээд амьтан ашиглах, агнуурын амьтан агнах, барихад төлбөр хураамж төлнө” гэж тус тус заасан байна. Энэ заалтаас нь үзвэл ан агнах эрхтэй аливаа иргэн тусгай хамгаалалттай бүс нутгаас өөр газар нутагт ан агнахдаа энэ төлбөр хураамжийг урьдчилан төлсөн байхыг шаарддаг байх тул нэхэмжлэгчийн энэ тайлбар нь түүнд оногдуулсан торгууль болон нөхөн төлбөрийн мөнгөн дүнгээс чөлөөлөгдөх үндэслэл биш юм.

            Мөн нэхэмжлэгч нь “... Энэ үйлдэлд чоныг хөөж туух зэргээр олон хүн оролцсон, мөн тэдний хүсэлтээр агнасан учраас би ганцаараа хариуцлагыг хүлээж чадахгүй. Би хүсэлтдээ оролцсон бүх хүмүүсийг шалгаад хариуцлага тооц гэхээр тооцохгүй байгаа юм. Би малчдын эрх ашгийн үүднээс чоныг агнасан...” гэж тайлбарладаг боловч энэ шалтгаан нөхцөл нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дахь хэсэгт заасан шийтгэлээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна. 

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Мын 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1722000003 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 2, 43 дугаар зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.4 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мын 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1722000003 тоот шийдвэрийг хүчингүй  болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийн оролцогч нар шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

                            ДАРГАЛАГЧ                        В.Ц