Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 55

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 4-3 тоотод оршин суух Хойд овгийн Ганбадрахын Бямбацэрэнгийн /РД: ДП95012804/ нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9-7 тоотод оршин суух Боржигон овгийн Батсуурийн Баасанжавт /РД: ДЗ96050317/ холбогдох 
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Бямбацэрэн, хариуцагч Б.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч Г.Бямбацэрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Баасанжав гэдэг хүүхэдтэй 2015 оны 02 сараас интернэтээр харьцаж байгаад 04 сард найзалж эхэлсэн. Энэ хугацаанд Баасанжав нь цэрэгт алба хааж байсан. 05 сард цэргээс халагдаад 09 сард Улаанбаатар хотод ирээд эгчтэйгээ хамт амьдардаг байсан. Өдөрт байнга ирдэг байсан. Тэгж байгаад цугтаа хонодог болсон. Манайд нэг удаа хонохдоо аавтайгаа намайг яриулж байсан. Надад манайхан чамайг мэдэж байгаа гэж хэлж байсан. 10 дугаар сарын эхээр би жирэмсэн болсноо мэдээд өөрт нь хэлсэн чинь энэ удаа авахуулчих юм уу гэсэн. Гэтэл маргааш нь Баасанжав би ээжид хэлсэн хэрэггүй ээ, анхны хүүхэд авахуулж болохгүй гэсэн гэж надад ирж хэлсэн. Баасанжав facebook-ээр гурав, дөрвөн охинтой зэрэг харьцдаг байсан. Би тэр бүгдийг нь мэдээд нэг удаа ирэхэд нь уурлаад бид хоёр дахиж харилцахгүй байж байгаад би 2015 оны 11 дүгээр сарын эхээр Говь-Алтай аймагт ирсэн. Би 2016 оны 06 сарын 18-ны өглөө төрсөн ба төрсний дараа Баасанжав эмнэлэгт ирж уулзсан. Эмнэлгээс гарахад ээжтэйгээ, ахтайгаа, манай ээжтэй ирж гаргаж авсан. Гэртээ гараад байж байхад өдөрт ирж хүүхдээ авдаг, шөнө нь хоноод ажилдаа явдаг байсан. 06 сарын 26-нд ирж хоноод 06 сарын 27-ны өглөө охиноо угаагаад нэрийг нь өгчихөөд явахдаа надад манай ах Тайшир руу машин унаад хүн хүргэж өгчихөөд ир гэсэн, тэр хүнийг нь гялс хүргэж өгчихөөд ирье гээд явсан. Тэгээд над руу өдөр залгаад ажил явдал гарчихлаа, манайхан одоо тийшээ явах гэж байна гэсэн. Би ядаж та нар ирээд явахгүй юм уу гэхэд аав очихгүй гэнээ, ирчихээд очих юм байлгүй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тэрнээс хойш надтай холбоо бариагүй, ирж уулзаагүй. Намайг хүүхэдтэй болоход эцэг нь мөн гэж хүлээн зөвшөөрч гарга гэж хэлсэн учраас хүүхдийг нь гаргасан. Иймд Батсуурь овогтой Баасанжав нь энэ хүүхдийн эцэг болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Б.Баасанжав нь эцэг нь мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тул төрсөн цагаас нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Б.Баасанжав шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бямбацэрэнгийн Энх-Үйлсийг өөрийн охин болохыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг 3 сараас эхлэн төлөх хүсэлтэй байна. Тавьж байгаа шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Бямбацэрэн нь хариуцагч Б.Баасанжавт холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Нэхэмжлэгч Г.Бямбацэрэн нь хариуцагч Б.Баасанжавтай 2015 оны 02 сард танилцаж, дотно харьцаатай болсон байх бөгөөд нэхэмжлэгчээс 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр охин Бямбацэрэнгийн Энх-Үйлс төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 8249000023/ Г№23  бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эмнэлгийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Мөн хариуцагч Б.Баасанжав нь шүүх хуралдаанд Б.Энх-Үйлсийг өөрийн охин мөн болохыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байна. 
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овгийн Батсуурийн Баасанжавыг 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Бямбацэрэнгийн Энх-Үйлсийн эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар эцэг Б.Баасанцэрэн, охин Б.Энх-Үйлс нарын хооронд эрх үүрэг үүссэн байх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Иймд 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Бямбацэрэнгийн Энх-Үйлсийг эх Г.Бямбацэрэнгийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр охин Б.Энх-Үйлсэд тэтгэлэг тогтоож эцэг Б.Баасанжаваар тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Баасанжаваас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бямбацэрэнд олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Баасанжаваас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 988.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Бямбацэрэнгийн Энх-Үйлсийн эцэг нь Боржигон овгийн Батсуурийн Баасанжав болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Бямбацэрэнгийн Энх-Үйлсийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нар /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Баасанжаваар  тэжээн тэтгүүлсүгэй. 
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Бямбацэрэнд даалгасугай.
4. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Б.Баасанжав нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Баасанжаваас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бямбацэрэнд олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Баасанжаваас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 988.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ