Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2017/00036/И/ |
Дугаар | 58 |
Огноо | 2017-02-08 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 58
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багт оршин суух Өөлд овгийн Паламын Бадамсэрээжидийн /РД: ДП57072711/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Бадамсэрээжид, гэрч Ч.Мөнхөө, Т.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Бадамсэрээжид нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1957 оны 07 дугаар сарын 27-нд Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн. 1975 оны 05 сарын 15-наас улсын мал тууврын ажилд томилогдож, 1995 оны 01 сарын 10-ны өдрийг дуустал мал туусан. 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс Говийн хөгжил нэгдэлд малчнаар орж 1990 оны 12 сарын 15-ны өдрийг дуустал мал хариулсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн мал хариулж байсан, мал туусан ажилласан жилүүдийг архиваас шүүлгэж лавлагаа авахад гарч ирэхгүй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1975 оны 05 сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 сарын 10-ны өдрийг дуустал улсын мал тууварт тууварч малчнаар, 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 15-ны өдрийг дуустал Говийн хөгжил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч П.Бадамсэрээжид шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 1975 оноос 1995 он хүртэл улсын бэлтгэлийн мал тууврын ажлыг хийдэг байсан. Өвөл мал хариулдаг байсан. Худалдаа бэлтгэлийн анги гэж байгаад 1990 онд устсан. Мах бэлтгэлийн сав гэж байгаад мөн байхгүй болсон. Миний хөдөлмөрийн дэвтрийг архивын баримттай тулгаж үзээд зарим жилийн баримт байхгүй байна шүүхээр тогтоолго гэж хэлсэн. Нэгдэл гэж байхад 10 жилийг хөдөлмөрийн дэвтэр дээр бичсэн. 1990 оноос 2000 он хүртэлх 10 жилийг улсаас өгсөн. Тийм учраас 1990 оноос өмнөх байдлаа тогтоолгох хүсэлтэй байна. 1975 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Бадамсэрээжидийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч П.Бадамсэрээжид нь 1975 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд улсын мал тууварт тууварч малчнаар, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Говийн хөгжил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
П.Бадамсэрээжид нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Сондуулт, Улаантуг бригадад малчин, улсын мал тууварт тууварч малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаартай лавлагаа, мөн тасгийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай лавлагаа, 1982 оны 02 сарын 10-ны өдрийн Диплом, 1989 оны 04 сарын 20-ны өдрийн Баярын бичиг,
Гэрч Т.Алтансүхийн “...1985-1992 он хүртэл 7 жил хамт мал малласан. Би 1985 онд 8 дугаар анги төгсөөд очиж мал малласан. П.Бадамсэрээжид өвөл мал маллаад бусад улиралд тууварт явдаг байсан. Миний мэдэхийн 1980 оноос хойш мал туудаг байсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд П.Бадамсэрээжидийг 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Сондуулт, Улаантуг бригадад малчин, улсын мал тууварт тууварч малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Харин 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд улсын мал тууварт тууварч малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Өөлд овгийн Паламын Бадамсэрээжидийг 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Сондуулт, Улаантуг бригадад малчин, улсын мал тууварт тууварч малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд улсын мал тууварт тууварч малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Бадамсэрээжидийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ