Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 66

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо багт оршин суух Оничуул овгийн Ухнаагийн Цэцэнхүүгийн /РД: ДИ62101803/ нас тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Банди, гэрч Д.Оюун, О.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч У.Цэцэнхүү нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь 1961 оны 11 сарын 06-ны өдөр Тонхил сумын Алтансоёмбо багт Ухнаагийн 2 дахь охин болон төрсөн. Төрсний гэрчилгээ авахдаа хүнээр захиж бүртгүүлсэн юм. Тэр хүн нэрийг нь мартчихаад өөрөө зохиож нэр өгч, шинээр төрсөн болохоор Шинэхүү гэж төрсний гэрчилгээ авсан байсан учраас иргэний бүртгэлийн лавлагаагаар 1961 оны 12 сарын 06-нд гэж бүртгэсэн байдаг. Эцэг Ухнаагийн иргэний үнэмлэхэд 2 дахь охин нь Ухнаагийн Цэцэг 1961 онд төрсөн гэж бичигдсэн. Архивын лавлагаагаар тус аймгийн Тонхил сумын 1970 оны хүн амын тооллогоор Ухнаа овогтой Цэцгээ нь 1961 онд төрсөн, эмэгтэй гэж тоолсон байдаг. Мөн дараа нь шинээр иргэний үнэмлэх авахад миний төрсөн он сар өдөр 1962 оны 10 сарын 18 гэж буруу бичигдсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл насны зөрүүг тогтоолгох шаардлагатай болсон тул 1961 оны 11 сарын 06-ны өдөр төрсөн одоо 56 настай болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Банди нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ухнаагийн Цэцэнхүү дээрээ нэг эгчтэй, тэр нь нас барсан. Нэргүй гэдэг дүүтэй айлын 3 хүүхдийн нэг, ээж нь мэдрэлийн өвчтэй, нэг хүн харж байхгүй бол болдоггүй байсан. Бид нэг багт одоо хүртэл амьдардаг. Аав, ээж хоёр нь нас барсан. Цэцэнхүү 1961 онд төрсөн, хүнд нэр өгөөч гээд явуулахад Шинэхүү гэдэг нэрийг өгсөн. Хүн амын тооллого дээр Цэцгээ гэж бичүүлсэн. Айлын хоёр дахь хүүхэд. Тэтгэвэртээ гарах гэтэл болохгүй байгаа учраас нас тогтоолгох хүсэлт гаргасан. 1961 онд төрсөн үхэр жилтэй, сургуульд сураагүй мэдрэл муутай, хонь хариулдаг өөр ажил хийж чаддаггүй. Хоёр хүүхэд төрүүлсэн. Том охин нь хүнтэй гэр бүл болсон, хүүтэйгээ хамт мал хариулдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв. 
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч У.Цэцэнхүүгийн нас тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хүсэлт гаргагч У.Цэцэнхүү нь 1961 оны 11 сарын 06-ны өдөр төрсөн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12/486 дугаартай “...Говь-Алтай аймгийн харьяат Ухнаагийн Цэцэнхүү /ДИ62101803/-ийн төрсний бүртгэлийг Тонхил сумын 1961, 1962, 1963, 1964 оны бүртгэлд шалгахад Цэцэнхүү нэрээр гарахгүй байна. Харин 1961 оны Тонхил сумын төрсний бүртгэлээс эцэг Базарын Ухнаа, эх Шагдарын Дэжид нарын гэр бүлд төрсөн, Шинэхүү нэрээр тэдний 2 дугаар хүүхэд гэж бүртгэгдсэн бүртгэл байх тул төрсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв...” гэх албан бичиг,
“...эцэг Базарын Ухнаа, эх Шагдарын Дэжид нарын гэр бүлд 1961 оны 11 сарын 06-ны өдөр төрсөн Ухнаагийн Шинэхүүг 1961 оны 12 сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын 87-д бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэх 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 103/000403 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 
Үндэсний төв архивын “...Монгол улсад 1957-1970 онуудад хүн амын тооллогын бүртгэл албан ёсоор явагдаагүй тул У.Цэцэнхүүд холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна...” гэх 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 03/29
Тус архивын сан хөмрөг дэх Говь-Алтай аймгийн Цээл сумын 1956 оны 02 сард явагдсан хүн амын тооллогын баримтыг шүүж үзэхэд Дашийн Батхүүд холбогдох баримт байхгүй байна...” гэх 2016 оны 05 сарын 02-ны өдрийн 02/92 дугаартай албан бичиг,
Гэрч Д.Оюуны “...Ээж, аав, эгч, дүүгийн хамт амьдардаг байсан. Эгч нь нас барсан. Ээж нь өвчтэй, ганц гэрээрээ айлуудаас хөндийхөн мал маллаад явдаг айл байсан. Өөрөө бас мэдрэл жоохон муутай, инээгээд суудаг хүн. Эгч нь манай ангийн хүүхэд байсан. 1955 онд төрсөн эгчтэй, дүү нь хотод Нэргүй гэдэг нэртэй байсан. Ээж нь Цэцэнхүүг байнга тэврээд сууж байдаг байсан. Хүн ирэхээр ээж нь хүүхдүүдээ тэврээд янз бүрийн нэрээр дуудаад байдаг байсан. Одоо бодохоор ирсэн хүн болгонд л өөр өөр нэр хэлдэг байсан юм шиг байна. Шинээ, Цэцээ гэж дууддаг байсан...” гэж мэдүүлэг, 
Гэрч О.Цэцгээгийн “...Бид нэг газар төрсөн. Цэцэнхүү 1961 онд, би 1963 онд төрсөн.  Би дээрээ нэг эгчтэй. Манай эгч Цэцэнхүүг надтай чацуу гэж ярьдаг байсан. Манай эгч 1961 онд төрсөн. Цэцэнхүү дээрээ нэг эгчтэй, эгч нь нас барсан, доороо нэг эрэгтэй дүүтэй айлын дунд хүүхэд. Сургуульд суугаагүй. Ээж нь төрөлхийн бие муутай заримдаа зүгээр юм шиг, заримдаа манарсан юм шиг сэтгэцийн өвчтэй хүн байсан. Нас барахаасаа өмнө өвчин нь хүндэрсэн гээд Улаанбаатар хотод шар хадны эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд хүүхдүүдээ янз янзын нэрээр дууддаг байсан. Ээж нь Цэцээ, Цэцэнхүү гэж дууддаг байсан. Бид нар Цэцээ гэж дууддаг байсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шагдарсүрэнгийн Дэжидийн №123997 дугаартай БНМАУ-ын иргэний үнэмлэхэд Базарын Ухнатай гэрлэсэн, Базарын Ухнаагийн 123996 дугаартай БНМАУ-ын иргэний үнэмлэхэд Шагдарсүрэнгийн Дэжидтэй гэрлэсэн гэж тус тус бүртгэжээ. Мөн Б.Ухнаагийн иргэний үнэмлэхэд Ухнаагийн Думаа охин 1956 он, Ухнаагийн Цэцэг охин 1961 он, Ухнаагийн Нэргүй хүү 1968 он гэж бүртгэгджээ.
Базарын Ухнаагийн иргэний үнэмлэх дээр Цэцэг нэрээр бичигдсэн охин нь Цэцэнхүү мөн болох нь гэрч нарын “...Базарын Ухнаа, Шагдарсүрэнгийн Дэжид нар 3 хүүхэдтэй, хүсэлт гаргагч У.Цэцэнхүү нь дээрээ нэг эгчтэй, доороо нэг эрэгтэй дүүтэй, ээж нь хүүхдүүдээ янз бүрийн нэрээр дууддаг байсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. 
Иймд У.Цэцэнхүүг 1961 оны 11 сарын 06-ны өдөр төрсөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар Оничуул овгийн Ухнаагийн Цэцэнхүүг 1961 оны 11 сарын 06-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч У.Цэцэнхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ