Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 861

 


 

 

 

 

 

 

   2020            10          01                                     2020/ШЦТ/861

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр хөтлөн

улсын яллагч А.Марал

шүүгдэгч А.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805056551374 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

       

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

А.А- нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо 22а байрны гадаа ил байрлуулсан хохирогч О.М- эзэмшлийн 32-73 УБИ улсын дугаартай Тоёота Чейзер-100 маркийн тээврийн хэрэгслийг “...машиныг чинь зараад өгье...” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон, хуурч авч яваад залилан 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.А- мэдүүлэхдээ: Мэдүүлэх зүйлгүй. Би гэм буруугаа зөвшөөрч байгаа гэв.

 

        Хавтаст хэргээс хохирогч О.М- мөрдөн байцаалтанд “...би өөрөө 3273 УБИ улсын дугаартай Чейзер-100 маркийн машин унадаг байсан ба машинаа бензин их идэж байна зардаг ч юм уу гэж найзууддаа ярьж байсан. О- зарахаар бол надад хэлээрэй би чиний машиныг солих ч юм уу зарж өгч чадна гэж хэлж байсан. Машин зарахаар ярьсан нь 2017 оны 11 дүгээр сарын үед бөгөөд О- надад санал тавьсан нь 2018 оны 01 сарын үед ярьж эхэлсэн, тэгээд О-ийг ярьсанаас хойш 7 хоногийн дараа зарахаар болоод, тэр талаараа О-д хэлэхэд за тэгвэл хөгшин нь очоод машиныг чинь авъя гээд цагаан сарын эхээр 1 сарын сүүлээр надаас ирээд миний машиныг манай гэрийн гадаа буюу БГД-ийн 10 дугаар хороо 22а байрны гадаа ирж үзсэн. Ирж үзэхдээ А.А- гэх залуутай хамт ирсэн, тэгээд ирээд уулзаад би О-ээс чи миний машиныг яаж авах юм бэ, бэлэн мөнгө байгаа юм уу гэж асуухад О- бэлэн мөнгө байхгүй би чиний машиныг тоноглож зараад үнэ хүргээд мөнгийг чинь өгнө гэж хэлсэн, тэрнийх нь дагуу ярилцаж тохирсноороо буюу миний машиныг О- аваад засаж янзлаад хүнд зарж өгөөд эргүүлээд надад 2000000 төгрөг өгөхөөр болж тохирсон эсвэл би чамд пробокс машин болгож өгнө гэж тохироод салсан тухайн үед А.А- Соната-6 маркийн машинаар миний машиныг чирээд аваад явсан. Хэд хоногийн дараа би утсаар залгаж О-тэй ярихад чиний машин засварт байна, засдаг хүн нь хэд хоногийн дараа ирж янзална, чи хүлээж бай л гэдэг, тэрнээс хойш сар гаруйн хугацаанд О-тэй ярихад нөгөө л засварт байгаа зараагүй байгаа гэсэн зүйл ярьж байсан, хүлээж бай л гэдэг. 2018 оны 6 дугаар сард би О-тэй яриад одоо арай л дэндлээ хөгшин нь машинаа авъя гэхэд О- чиний энгийн моторыг солиод 3.0-той мотор болгосон тэгээд бас алцайлгасан тэрний мөнгийг өгөө 600,000 төгрөг өгөөрэй хэлж байсан. Би тэгэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гээд ууралтал за би чамд пробокс олоодхоё удахгүй бага зэрэг л хүлээчих гэж хэлээд дахиад хүлээлгэсэн 2018 оны 9 дүгээр сар хүртэл хүлээсэн, тэгээд О-ээс дахиад яриад машинаа авъя гэтэл пробокс худлаа болсон мань чинь ногоо зарж байгаа ногоогоо зараад ашиг олоод 2 сая төгрөгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд мөн л хүлээсэн тэрнээс хойш утсаа салгаад олдохгүй болохоор нь 5-р сургуулийн тэнд байдаг эмээгийнхээс нь барьж аваад уулзтал О- чиний машиныг А.А- аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад яахаараа авдаг юм бэ гэж хэлэхэд, чи А.А-д итгэмжлэл бичиж өгсөн юм биш үү надад нэг бичиг үзүүлээд аваад явсан, дээр аваад авсан гэсэн.  Яг хэзээ авсныг хэлээгүй хэд хоногийн өмнө л аваад явсан гэж хэлсэн.  2018 оны 9 дүгээр сард уулзаж асуухад хэд хоногийн өмнө миний машиныг А.А-д өгсөн гэж О- хэлж байсан. 2018 оны 02 дугаар сард О-д анх би машинаа өгөхөд А.А- нь хамт ирэхдээ чи надад машиныхаа итгэмжлэлийг хийгээд өгөөдөхөө миний нэр дээр чиний машин байх ёстой тэгж байж машин дээр чинь гарсан торгуулийг арилгана шал дэмий хэдэн төгрөг хайран биз дээ гэж хэлж ятгаж байгаад 100 айлын нотариат дээр итгэмжлэл хийлгэсэн миний хувьд өөрөө хууль зүйн ойлголт тааруу би өөрөө ойлгохдоо нотариатчины хэлснээр хамтран эзэмшигч, өөрөөр хэлбэл А.А- миний машиныг зарах болбол заавал надад мэдэгдэх юм байна гэж ойлгосон. Тэгээд л итгэмжлэл хийж өгсөн... Миний машиныг 2,250,000 төгрөгөөр Дамно ХХК үнэлсэн би дүгнэлттэй нь танилцсан тэр мөнгөө нэхэмжилж байна, мөн үнэлгээний төлбөр 80000 төгрөг өгсөн өөр мөн нааш цааш явсан гээд зөндөө л зардал гарсан, би бага гурван хүүхэдтэй эхнэр ажилгүй ийм байгааг мэдсээр байж А.А-, О- нар хохироосон, би нийт 2330000 төгрөг нэхэмжилж байна, мөн өөр бусад зардлуудаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

         

         Гэрч А.О- мөрдөн байцаалтанд“...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүргийн хорооллын СОТ-ын  байрны гадаа Мөнхзаяа, А.А- бид 3 уулзаад О.М- нь өөрийн эзэмшлийн 3273 УБИ улсын дугаартай Тоёота Чейзер-100  маркийн тээврийн хэрэгслийг зармаар байна, өөрийн фэйсбүүк хаяг дээр тухайн машины үнэ тохирч зарна гэж зар байршуулсан талаараа хэлэхээр нь би чиний машиныг зараад өгье надад таньдаг хэдэн хүмүүс байгаа талаар хэлэхэд за тэгье хоорондоо тохиролцсон. Тухайн машины статер, духны ремин нь тасарч эвдэрсэн байсан.  Тэгэхээр нь А.А- нь өөрийнхөө приус 10 маркийн улсын дугаарыг нь санахгүй байна машинаар чирээд Саппорогийн буудлын хойд талд байрлах Миний сүлжээ дэлгүүрийн доод талын дулаан гражид оруулсан...Манай гэрийн гадаа зогсоол дээр байсан О.М- машиныг А.А- нь хүнд зарлаа гэж мэдэгдэхээр нь өөрөө мэдээ чамд О.М- итгэмжлэх хийж өгсөн болохоор чи наад машинаа худалдан борлуулах надад ямар нэгэн эрх олгогдоогүй болохоор мэдэхгүй байна...А.А- нь манай гэрийн урд талын байранд байдаг болохоор би ажлаа тараад А.А-тай уулзахад тухайн машиныг 1.400.000 төгрөгөөр зарчихлаа үүнээс 200.000 төгрөгийг машины торгуульд өгсөн талаар хэлж байсан. О.М- нь А.А- бид гурав хорооллын эцсийн Имарт нэртэй худалдааны төвийн урд талд байрлах пабад архи ууж байгаад би А.А-д хандаж хэлэхдээ чи О.М-д миний машиныг зарсан гээд хэлчих тэгэхгүй бол найз нөхөд хүмүүс чинь сүүлд муухай гэж хэлэхэд заза би О.М-д хэлчихнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

           

         Яллагдагч А.А- мөрдөн байцаалтанд: “...32-73 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр худалдан борлуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр О.М- нь тухайн машиныг захиран зарцуулах  эрх олгож өгсний дагуу тухайн машиныг нэрийг худалдан авч байгаа хүний нэр дээр шилжүүлж өгсөн...Би тухайн мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Би найзыгаа хуурч мэхэлж явсандаа гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/,

 

            Дамно ХХК-ны авто машин техникийн үнэлгээнд: “Тоёота Чейзер-100  маркийн автомашин 2.250.000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 37/,

Хохирогч О.М- “...хохирлыг бүрэн барагдуулж сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...ямар нэг гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй..хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 73/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69/, ял шалгах хуудас /хх-ийн 54-55/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                     

                                                                                                 

Шүүгдэгч А.А- 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо 22а байрны гадаа ил байрлуулсан хохирогч О.М- эзэмшлийн 32-73 УБИ улсын дугаартай Тоёота Чейзер-100 маркийн тээврийн хэрэгслийг “...машиныг чинь зараад өгье...” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

        хохирогч О.М- “...А.А- миний машиныг зарах болбол заавал надад мэдэгдэх юм байна гэж ойлгосон. Тэгээд л итгэмжлэл хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч А.О-ийн “...А.А-тай уулзахад тухайн машиныг 1.400.000 төгрөгөөр зарчихлаа үүнээс 200.000 төгрөгийг машины торгуульд өгсөн талаар хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/, яллагдагч А.А-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...32-73 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр худалдан борлуулсан. ...Би найзыгаа хуурч мэхэлж явсандаа гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/,

хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37/, хохирогч О.М- “...хохирлыг бүрэн барагдуулж сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...ямар нэг гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй..хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 73/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

         Шүүгдэгч А.А-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

        Шүүгдэгч А.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

       Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг А.А-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

         Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

        1. Б овогт А.А-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

        3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   

 

            

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ