Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 084

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим

хэсгийг биелүүлж, зарим хэсгийг төлөхийг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, ******* ХХК-ны нэхэмжлэлтэй М.*******д холбогдох 4,450,578 /дөрвөн сая дөрвөн зуун тавин мянга таван зуун далан найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.*******д 2015 оны 08-р сарын 22-ноос 2015 оны 11-р сарын 07-ны хооронд 5,370,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн ба үүнээс 1,050,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн. Барааны үлдэгдэл төлбөр 4,320,950 төгрөг, алданги 129,628 төгрөг болж байна. Иргэн М.*******д 2016 оны 01-р сараас 2016 оны 12-р сарыг хүртэлх хугацаанд удаа дараа нэхэмжлэх болон мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрөө бүрэн гүйцэд барагдуулаагүй болно. Иймд үлдэгдэл төлбөр болох 4,450,578 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.******* би Кондитер Улаанбаатар ХХК-ны нэхэмжилсэн 4,450,578 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 2017 оны 01-р сард 540,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 3,910,578 төгрөгийг 2017 оны 03-р сарын 20-ны дотор төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: тус компаний нэхэмжлэл гаргасан хариуцагч ******* нь 2017 оны 2-р сарын 1-с 2017 оны 2-р сарын 8-ны хооронд 540,000 төгрөг төлж барагдуулсан. Үлдэгдэл болох 3780950 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

Кондитер Улаанбаатар ХХК нь М.*******гээс 4,450,578 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь ... Миний бие Кондитер Улаанбаатар ХХК-ны нэхэмжилсэн 4,450,578 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 2017 оны 01-р сард 540,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 3,910,578 төгрөгийг 2017 оны 03-р сарын 20-ны дотор төлж барагдуулна... гэсэн тайлбар ирүүлжээ.

Ийнхүү хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, зарим хэсгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул түүний зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Кондитер Улаанбаатар ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага 4,450,578 төгрөгөөс хариуцагч М.******* нь 540,000 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, үлдэгдэл 3,780,950 төгрөгийг 2017 оны 03-р сарын 20-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 86160 төгрөгнөөс 43080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 43080 төгрөгийг, хариуцагч М.*******гээс 43080 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ