Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 853

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

Хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

Улсын яллагч А.Баясгалан

Шүүгдэгч:Г.Д

Нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ..................... тоот, 1 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, .... оны ...... дугаар сарын .......-нд .......................... төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....; эхнэр, хүүхдийн хамт .............................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, .............. дугаарын регистртэй, ............. овогт .........................

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.Д 2020 оны 4 дүгээр сард Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВИП” центрийн 307 тоот өрөөнд иргэн О.М “Солонгос улсын элчин сайдын яаманд өндөр албан тушаалтай хүн танина. Чамд бол тэр хүн гэж хэлэх боломж байхгүй. Ямарч байсан найдвартай виз гаргаж өгнө”гэж хэлэхээр нь “би тэр хүнтэй чинь уулзаж болох юм уу” гэж асуухад “тэр хүнтэй уулзуулахгүй, мөн нэрийг нь хэлэх ч боломжгүй. Би бүх зүйлийг нь гардаж хийнэ.Шаардлагатай бичиг баримтуудаа бэлдээд урьдчилгаа 1.500.000 төгрөг өгөөрэй” гэж хуурч 1.500.000 төгрөгийг бэлнээр,

2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн ХААН банк дахь ..................... дугаартай дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Д  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоход надад татгалзах зүйл байхгүй. Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гэдгийг ойлгосон. Мөрдөгч, прокурорын зүгээс намайг дарамталсан, хүчээр хэрэг хүлээлгэсэн зүйл байхгүй.

Би хохирогчид эхлээд 800.000 төгрөгийг дансаар нь, хэд хоногийн өмнө 1.7 сая төгрөг өгч, хохирлыг нь төлж барагдуулсан. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

Хохирогч О.М “… би Бүгд Найрамдах Солонгос Улс руу гарья гэж шийдээд 2019 оны 4 дүгээр сард Энхтүвшин болон виз гаргаж өгнө гэсэн А.Д гэх залуу нартай өөрийн ажлын газар болох Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ВИП центрийн 307 тоот өрөөнд уулзахад А.Д нь надад хэлэхдээ Солонгос улсын элчин сайдын яаманд өндөр албан тушаалтай хүн танина. Чамд бол тэр хүн гэж хэлэх боломж байхгүй. Ямар ч байсан найдвартай виз гаргаж өгнө“ гэж хэлэхээр нь “би тэр хүнтэй чинь уулзаж болох юм уу“ гэж асуухад ”тэр хүнтэй уулзуулахгүй, мөн нэрийг нь ч хэлэх боломжгүй” би бүх зүйлийг нь гардаж хийнэ. Шаардлагатай бичиг баримтуудаа бэлдээд урьдчилгаа 1,500,000 төгрөг өгөөрэй” гэж надад хэлсэн. Энэ явдлаас хойш 7 хоногийн дотор би шаардлагатай гэх гадаад паспорт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, цагдаагийн газрын тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт зэрэг бичиг баримтуудаа бүрдүүлээд 1,500,000 төгрөгөө өөрийн ажлын газрын байранд А.Д гэх хүнд өгсөн. Тухайн үед А.Д хэлэхдээ 14 хоногийн дотор визийг чинь гаргаж өгнө. Ямарч асуудалгүй гэж хэлсэн. Тухайн үед ямарч байсан 14 хоногийн дотор виз гаргаж өгөхгүй байхаар нь би утсаар яриад виз гаргах юу болж байгаа талаар асуухад элчин сайдын яаманд аудитын шалгалт орчихсон болохоор материал нь хойшлоод байна. Жаахан удахаар байх шиг байна. Ямар ч байсан асуудалгүй виз чинь гарна гэж миний итгэлийг олж аваад байсан. 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр А.Д нь өөрөө надруу залгасан бөгөөд надтай ярихдаа “Элчин сайдын яаманд байдаг таньдаг хүн маань урьдчилгаа мөнгө хангалтгүй байна,нэмж 1,000,000” төгрөг яаралтай өгчих гэж байна. Одоо тэр мөнгийг яаралтай миний дансруу шилжүүлчих гэхээр нь би мөн адил А.Д гэх залуугийн хэлсэн үгэнд итгээд түүний өгсөн ..................... гэсэн данс руу тэр өдрийнхөө орой 20:00 цагийн үед 1,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн” /хх-ийн 15-16/ гэж мэдүүлжээ.

 

Түүнчлэн Худалдаа Хөгжлийн банк дахь О.М эзэмшигчтэй данснаас 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг ХААН банк дахь А.Д  ......................... дугаартай данс руу шилжсэн /хх-н 11 ар тал/, ХААН банк дахь А.Д хэрэглэгчтэй ................. дугаартай данс руу 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр О.М 1,000,000 төгрөг шилжүүлсэн /хх-н 29/ баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа нь “залилах” гэмт хэрэг үйлдэгдсэнг нотлох буюу хохирогч О.М мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолно.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч А.Д бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Харин уг “залилах” гэмт хэрэг 2019 оны 4 дүгээр сард, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрүүдэд үйлдэгдсэн байтал прокурорын яллах дүгнэлтэд “... 2020 оны 4 дүгээр сар”, “... 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр” гэж огноог буруу бичсэн,

мөн шүүгдэгч А.Д төрсөн сарыг “4 дүгээр сар” гэж, төрсөн өдрийг нь “27-ны өдөр” гэж ташаа бичсэн байна.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа, огноо, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой мэдээллийг буруу бичсэн дээрх байдал нь прокурорын хяналт, ажлын хариуцлагатай шууд хамааралтай болохыг дурдаж,

хяналтын нийт прокурорууд цаашид хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд ирүүлэхдээ “яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх хохирол төлбөргүй болсон, хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт оролцогч нар гаргасан” гэх байдлаар хэрэгт хөнгөн хуймгай, хийсвэр байдлаар хандахгүй байвал зохино.

 

Шүүхээс шүүгдэгч А.Д ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзав.

 

Шүүгдэгч А.Д  бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч А.М “... гомдолгүй, ... бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг прокурорт гаргажээ. /хх-н 57/

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Д цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч А.Д шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныгтус тус удирдлагаболгон

       ТОГТООХ нь:

1.С овогт А.Д бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч А.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Д ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.М гомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Д урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ