Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 780

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Иргэдийн төлөөлөгч Ц.Жаргал,

            Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            Улсын яллагч С.Солонго,

Шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаанзодогт овогт холбогдох 1811012520406 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      Цагаанзодогт овогт, 1983 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Атар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, Бетон арматурчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамж 47 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар ХМ83030831/

 

Шүүгдэгч П.А нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ П.А нь 2017 оны 12 сард Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-615 тоотод амь хохирогч Д.Хашхүүгийн толгойн тус газарт алхаар цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүх хуралдаанаар доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч П.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Батцэнгэл бид 2 архи уугаад унтаж байгаад би талийгаачийн гэрт нь очоод унтаж байхад гаднаас 2 хүн орж ирээд “...гэрийн эзэн хаана байна...” гэсэн. Би өвөл алга болсон гэж дүү нь хэлсэн би мэдэхгүй гэсэн. Дүү нь хаана байна гэж асуухад “...мэдэхгүй согтуу явж байгаад машинд дайруулсан...” байх гэж хэлсэн. Намайг аваад Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст аваачаад согтуу хүмүүсээр зодуулсан. Би яагаад намайг зодож байгааг асуухад “...чи хүн алсан...” гэж хэлсэн. Би ийм зүйл болоогүй талаар хэлсэн. Би хүн алаагүй учраас надад яагаад тэгж хандаж байгааг гайхсан. Намайг зодоод байхаар нь би худал мэдүүлэг өгсөн. Тэгэхэд Бооёо гэх хүн цагдаа нартай юм яриад өрөөнд байсан. Намайг цагдан хоригдож байхад ээж дүү нартай чинь уулзуулна хэргийн газар очих хэрэгтэй байна гэсэн. Талийгаачийн гэрт аваачаад хэргийн газар ямар байсан талаар хэлүүлсэн. Гэрийн дотор байршил болон жалганд аваачиж зураг авхуулсан. Явж байхдаа намайг бүх хэргээ Батцэнгэлд тох гэж хэлсэн. Би манай найз хаана байгааг асуухад машинд дайруулаад бөгсөн бие мэдээгүй эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлсэн. Би хөдөөнөөс орж ирээд Батцэнгэлийнд явж очсон. Хашхүү ах хаана байгааг асуухад мэдэхгүй сураггүй байгаа гэж хэлсэн. Би өглөө орой бүр талийгаачийн эхнэрийн гэрт очиж хаана байгааг асуудаг. Би худал мэдүүлэг өгсөн..” гэв.

  1. Шүүгдэгч П.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-122-125, 2хх-137-141/ “..Би 2017 оны 11 сарын дундуур хотод байсан.. Батцэнгэл, Хашка ах хоёр барьцалдаж аваад бие биенийхээ хоолойг боосон. Хаашка ах ухаан алдаад унасан. Би хүн алчихлаа ш дээ гэж хэлээд Хаашка ах дээр очоод татаад үзэхэд Хаашка ах босоод ирсэн. Тэгсэн дахиад Хаашка ах Батцэнгэл хоёр барыдалдаад авсан..Тэгэхээр нь би арматураар гагнасан алхыг аваад Хаашка ахын толгойн зүүн талд дух хэсэгт цохисон. Тэгсэн Хаашка ах хойшоо савж унаад босоогүй. Батцэнгэл хүн алаад хаячихсан юм биш биз дээ гэж хэлээд үзэхэд Хаашка ах босохгүй амьсгалахгүй байсан. Батцэнгэл бид хоёр үлдсэн архиа хувааж уугаад байсан хоолоо идчихээд Батцэнгэл одоо наадахыг чинь яах вэ Хаашка ах босохгүй байна, хоёулаа энийг үүрч яваад овооны урд гүнзгий жалга байгаа тэнд аваачаад тавьчихая гэж хэлсэн. Би болох уу гэхэд Батцэнгэл болно гэж хэлсэн. Хаашка ахыг би үүрээд явсан. Батцэнгэл ах би хүн хараадхая гээд хамт явсан. Бид хоёр уул өгсөөд овоон дээр очоод цаашаа уруудаад жалган дээр очсон. Жалганы үзүүрлүү Хаашка ахыг гулгуулаад дээш нь харуулаад тавьчихаад яваад өгсөн..Энэ хэрэг 2017 оны 12 сарын дундуур, шинэ жилээс өмнө болсон, гадаа хүйтэн байсан. Тэр үед би хөдөөнөөс ирчихээд Хаашка ахынд Батцэнгэл ахтай хамт байсан юм. ...Батцэнгэл хоёр удаа гэдэс рүү нь өшиглөсөн, Намайг алхаар цохиод орон дээр унасаны дараа Батцэнгэл гэдэсрүү нь 2 удаа өшиглөсөн..Батцэнгэл бид хоёр Хашхүүг нас барснаас хойш гэрт нь очсон. Цагаан сарын дараа гэрт нь очиж нилээд хэд хоносон. Орой болгон очиж хонодог байсан, Машинд мөргүүлснээс хойш очоогүй. Бид хоёр шөнө оройн цагаар очиж гэрт нь хонодог байсан. Хашхүүг бид хоёроос хүн сураглаж асууж байгаагүй..Хоол асгаад есөн жороор хэлээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь алх аваад цохьсон. Өөр зүйл болоогүй. Хэрэг хүлээлгэх гэж зодож дарамталсан зүйл байхгүй..Тэгээд би “боль боль” гэхэд Хашхүү ах “чи зайл, хоёр хүний дундуур ордог хэн бэ” гэсэн, ... Би “яасан зовлонтой юм бэ, хэрэлдээд байх юм” гэж хэлээд би алх аваад Хашхүү ахын тархи руу нь шидсэн. Алх энд нь цохисон. /баруун зүүн гараараа толгойн зүүн хэсэгт дарж үзүүлэв/ Хашхүү ax ор луугаа саваад унасан. Тэгээд Хашхүү ах босож ирээгүй..Батцэнгэл “энэ үхсэн ч яадаг юм, энийг аваачаад жалганд хийчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яах юм бэ авгайд нь хэлсэн нь дээр юм бишүү” гэхэд Батцэнгэл “зүгээрээ би чамд зардлын мөнгө олоод өгчихнө, чи тэгээд яваарай” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр талийгаачийг өргөж аваачаад жалганд хийсэн. Тэгээд би тэр өдрөө Заамар луу явсан..Арматур бариултай алхыг толгойн зүүн талд шанаанаас дээд тал руу алх шидчихсэн юм..” гэх мэдүүлэг,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Анхцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-146/ “..Шинэ жилийн баяраар бид нар ээжийн гэрт цуглахад аав ирээгүй юм. Тэгээд бид нар яагаад ирэхгүй байна аа хөдөө явсан юм болов уу эсвэл Батцэнгэлтэй хамт явсан юм болов уу л гэж бодсон. Тэгээд 2018 оны 01 сард шинэ жилийн дараа манайхан талийгаачийн гэрт очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд 2018 оны 02 сард цагаан cap болоход талийгаач мөн ирээгүй. Учир нь талийгаач цагаан сарыг гэртээ заавал хийдэг бөгөөд бид нар цагаан сарын бэлтгэлийг нь хангадаг юм. Цагаан сарын шинийн 02-ны өдөр Батцэнгэл ээжийн гэрт ирсэн бөгөөд ахтай золгох гэсэн юм, ахынд хүн байдаггүй, би ерөөсөө ахтай уулзаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бид талийгаач Батцэнгэлтэй хамт байхгүй байгаа юм бол ямар нэгэн юм болсон юм боловуу гэж бодоод талийгаачийг алга болсон талаар цагдаад мэдэгдсэн. ...талийгаачийн биед гэмтэл учруулж амьд байх үед нь эмнэлэгийн тусламж үзүүлэлгүй гаргаж хаясан хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Нансалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-164-168/ “..Манайх Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 53-618 тоотод оршин суудаг бөгөөд энэ хашаа байшинг 2010 онд худалдаж аваад одоог хүртэл амьдарч байгаа юм. Бид 2016 оны 06 сараас хойш уг хашаа байшиндаа амьдрахгүй хөдөө аавындаа оччихоод ерөнхийдөө ирж очоод байсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2018 оны 04 сарын 26-ны өдөр хоёр хүүхэдтэйгээ уг хашаа байшиндаа ирээд нойл орох гээд явж байтал нойлын ар талын ухсан нүхэнд хүн шиг дүрстэй зүйл харагдахаар нь гайхаад ахиулаад хартал цагаан үстэй, цээжин бие нь нүцгэн доогуураа хар бараан өнгийн өмдтэй бор тэлээтэй хүн харагдсан тэгэхээр нь хэсгийн ахлагч Ундармааруу утсаар яриад манай нойлын ар талын ухсан нүхэнд хүн үхчихсэн юм шиг байна гэтэл сайн шалгаж байж цагдаа дуудахгүй бол болохгүй шүү гэсэн тэгээд хажуу айлын Төмөртогоо, хэсгийн ахлагч Ундармаа нартай шалгаж үзэхэд хүн мөн байсан ингээд цагдаад дуудлага өгсөн юм..” гэх мэдүүлэг,

 

2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагч П.Аы мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл: /1хх-109-120/ “..Яллагдагч П.А... нь ...хойд хэсгээрээ хашаагүй, гадна хэсгийн бүрээс нилэнхүйдээ урагдсан, гэрийн урд хэсэг, баруун хойд хэсэг, дотогш нурсан байдалтай, 4 ханатай гэрийг зааж талийгаач хашхүүгийн гэр гэв..Гэрт ороод П.А нь “Би гэрийн зүүн талд усны саван дээр суугаад цай чанаж, архиа аягалж байсан. Талийгаач гэрийн хойд талд байх орон дээр тамхи татаад сууж байсан. Батцэнгэл баруун талд сууж байсан гээд хүн тус бүрийн сууж байсан газар сууж үзүүлэв..Талийгаач гэрийн хойно суугаад тамхи ороогоод бэлдээд сууж байсан. Батцэнгэл цаанаас босч ирээд тамхийг нь авсан. Тэгээд тамхинаас болоод хэрэлдээд зодолдоод талийгаач Хашхүү Батцэнгэлийн хамар луу цохиод Батцэнгэл эсгийн дээр унасан. Би боль больцгоо гэж хэлсэн. Тэгээд талийгаач буцаад сууж байхад Батцэнгэл үүдний зүүн урд байгаа тогооны төмрийг аваад шидэхэд талийгаач ёооё гээд толгойгоо барьсан. Толгойгоо бариад хойшоо саваад унасан. Би тэр төмрийг аваад гэрийн тумбочка дээр тавьсан. Намайг цай уудалж байхад талийгаач толгойгоо бариад тархи хагалчихаж байгаа юм бишүү гэсэн. /гавтай гараараа духны баруун хэсэгт хүрч үзүүлэв/ Тэр хоёр дахиад зодолдоод эхэлсэн гээд баруун талд байх эсгий хивс, хөнжил мэт зүйлс давхарласан хэсгийг харуулав. Би энд цай уудлаад зогсож байсан гээд зуухны зүүн хэсэгт зогсоод “би тумбочканы хойд талд хэвтээгээрээ байсан төмөр иштэй, толгой нь арматурын төмөр алх аваад шидсэн. Алх талийгаачийн зүүн хойд хэсэгт оносон. Намайг алх шидэхэд талийгаач ингээд унасан гээд орон дээр ертөнцийн зүгээр баруун тийш хажуугаараа харж хэвтэв. Талийгаачийн эндээс жаахан цус шүүрч байсан гээд толгойны зүүн хэсгийг гавтай гараараа зааж харуулав. Талийгаач цохиулчихаад босож ирээгүй. Батцэнгэл орон дээрээс босоод баруун талд суусан..Батцэнгэл талийгаачийг жаахан байж байгаад босох байх, хоёулаа архинд явъя гэсэн. Тэгээд бид хоёр гараад 0,5 литрийн ерөөл архи авсан. Хүрч ирээд задлаад талийгаачид хийж өгөх гэхэд талийгаач босохгүй, нөгөө хэвтсэн газраа хөдөлгөөнгүй байсан. Батцэнгэл бид хоёр архи ууж дуусгаад..Батцэнгэл хоёулаа үхсэн үү үгүй юү гэдгийг шалгаж үзье, гадаа хүйтэн байна, хөл нүцгэн гаргая гэсэн..Би цээжнээс нь өргөөд Батцэнгэл хоёр хөлнөөс нь бариад дамжлаад гэрээс гарсан. Тэгээд гэрийн зүүн талаар яваад хаалгаар гараад энд тавиад гэрийн хаалга түгжсэн..Тэгээд би цээжнээс нь өргөөд Батцэнгэл хөлнөөс нь өргөөд хойшоо овоо руу явсан гээд гэрийн зүүн хойд талд очоод энэ хавьд нэг амарсан гэв. Ингээд уул өөд явж 12 метр орчим яваад энэ хавьд нэг амарсан. Уулын баруун урд хэсгээр даялж явсан. Уулын урд хэсгээр баруун тийш явж олон хадтай хэсгийг зааж энэ хавьд нэг амарсан. Уг уулын орой дээд хэсэгт модонд хадаг уясан чулуугаар босгосон баруун бэлд ирээд дахиад нэг амарсан. Уулын баруун талд ероол хэсэгт байх жалган дэргэд ирээд жалга хэсгийг зааж толгойг нь дээш нь харуулан тавьсан. Цастай цас нь дагтаршсан байсан. Дээргүүрээ күртиктэй байсан гээд уулын баруун талд байх жалган дотор зогсоод ярив. ...Өглөөний 10 цаг болж байсан.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №980 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /2хх-16-18/ “..Талийгаач Д.Хашхүүгийн цогцост гавал тархины ил гэмтэл, гавлын зүүн зулайн гадна хэсэг, чамархайн дээд хэсэг дэх цөмөрсөн хугарал, дээш зулайн голын заадас, доош чамархайн урд хэсэг хүрсэн салбарласан хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны шарх, элэгний баруун дэлбэнгийн гадна доод ирмэг болон доод гадаргуу дахь өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, гавал тархины ил гэмтэл, элэгний өнгөц язрал гэмтэл тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлээс эхлээд хуйхны шарх, гавлын зүүн зулайн гадна хэсэг, чамархайн дээд хэсэг дэх цөмөрсөн хугарал, дээш зулайн голын заадас, доош чамархайн урд хэсэг хүрсэн салбарласан хугарал, дараа нь тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл учирсан байхаар байна. Харин элэгний өнгөц язрал гэмтэл хэдийд үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Талийгаач нь дээрх гэмтлийг авснаас хойш хэсэг хугацаанд амьд байсан байх ба нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгосон байна. Ямар хугацаанд амьд байсныг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн цогцост биеэ хамгаалан тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй. Химийн шинжилгээгээр цусанд спиртийн зүйл илрээгүй байна. Талийгаач 1 дүгээр бүлгийн цустай. Талийгаач нь амь насанд аюултай гавал тархины хүнд гэмтэл авсаны
дараа нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож на барсан байх боломжтой
байна. Элэгний баруун дэлбэнгийн гадна, доод ирмэг болон гадаргуу дахь өнгөц язрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт,

 

Шинжээч эмч Ч.Эрдэмболороос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /2хх-20-25/ Гавал тархины гэмтлийг авсаны дараа эмнэлэгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломж багатай. Тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан буюу том хэмжээний голомттой байсан..уг гэмтэл нь амь насанд аюултай хэдий ч гавал тархинд үүссэн хүнд гэмтэлтэй харьцуулахад амь насанд хүрэх аюулаар бага, эмнэлгийн тусламж үзүүлбэл аврагдах боломжтой гэмтэл юм..Талийгаач нь дээрх гэмтлийг авсан даруйдаа 1-2 цагийн хооронд идвэхтэй үйлдэл хийсэн байхыг үгүйсгэхгүй..Хүн нас барахад цусны эргэлт зогсож тухайн үеийн спиртийн хэмжээ цусанд хадгалагдаж үлддэг. Иймээс талийгаач нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж үзэж болохоор байна..Талийгаач нь тархины хүнд гэмтэл авсаны улмаас гадна орчинд хүйтэнд удаан байсны улмаас осгож нас баржээ. Үхлийн шалтгаан нь осголт. Хүн бүрт осголт явах хугацаа харилцан адилгүй тул ямар хугацаанд осголт явагдсаныг тогтоох боломжгүй..Тархины гэмтэл элэгний гэмтэл нь ойролцоо цаг хугацаанд буюу 24 цаг дотроо үүссэн байх боломжтой. Тархины гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавлын ясанд хягаарлагдмал гадаргуутай зүйлээр цохисон үед цөмөрсөн хугарал үүсэх ба уг хугарлын хэлбэр нь үйлчилсэн эд зүйлийнхээ хэлбэртэй ижил байдаг. Дээрх гэмтэл унахад үүсэх боломжгүй..Хүн тархины гэмтэл авснаас хойш ухаан алдаж үхэлд хүрэх хүртлэх хугацаа нь тухайн хүнийхээ бие махбодийн онцлог буюу өвчин эсэргүүцэх чадвар, дархлаа, яг тухайн үеийн хүний ядралт, хооллолтын байдлаас шалтгаалж харилцан адилгүй байдаг учраас шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр хүн ямар хугацаанд үйлдэл хөдөлгөөний хийснийг нарийвчлан тогтоох боломжгүй байдаг..” гэх мэдүүлэг,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 482 тоот дүгнэлтэнд: /2хх-58/ “..П.А нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна..” гэх дүгнэлт,

 

            2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэн Б.Нансалаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл: /1хх-2х/, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 53-618 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /1-р хавтас, 3-10 хуудас/ 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 53-618 тоотод хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-13-16/, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр талийгаач Д.Хашхүүгийн амьдарч байсан гэх Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаасын 24-615 тоотод хэргийн газрын үзлэгхийсэн тэмдэглэл: /1хх-17-21/, Эд мөрийн баримтаар тогоо тавьдаг гэх суурь төмрийг тооцох тухай 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоол: /1хх-126/, Эд мөрийн баримтаар 38 см урт, 2 арматурын төмөр гагнаж хийсэн бариултай толгой хэсгийн хоёр тал нь хавтгай хэлбэртэй алх, толгой хэсгийн нэг тал нь хавтгай хэлбэртэй алх, төмөр хувин, эсгийний тасархай зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоол: /1хх-132/, Эд мөрийн баримтаар 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр П.Аы сэжигтнээр өгсөн мэдүүлэг, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлэг, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлгийг газар шалгах ажиллагааны явцад хийсэн бичлэгийг тус тус ДВД-нд буулгаж хуулбарласан 2 ширхэг ДВД-ийг эд мөрийн баримтаар тооцсон тухай 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоол: /1хх-133/,

Шүүгдэгч П.Аы иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-202/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-207/, зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Аыг 2017 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-615 тоотод Д.Хашхүүгийн толгойн тус газарт алхаар цохиж алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд 2018 оны 04 сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 53-618 тоотод байх жорлонгийн ухсан нүхэнд нэр, хаяг тодорхойгүй 60-65 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг таниж олох ажиллагаагаар тэрээр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 24-615 тоотод ганц бие амьдардаг Д.Хашхүү болох нь тогтоогдсон байна.

 

Талийгаач Д.Хашхүүгийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ дүгнэлт болон шинжээчийн мэдүүлгээр Д.Хашхүүгийн цогцост гавал тархины ил гэмтэл, гавлын зүүн зулайн гадна хэсэг, чамархайн дээд хэсэг дух цөмөрсөн хугарал, дээш зулайн голын заадас, доош чамархайн урд хэсэг хүрсэн салбарласан хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны шарх, элэгний баруун дэлбэнгийн гадна доод ирмэг болон доод гадаргуу дахь өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, гавал тархины ил гэмтэл, элэгний өнгөц язрал гэмтэл тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлээс эхлээд хуйхны шарх, гавлын зүүн зулайн гадна хэсэг, чамархайн дээд хэсэг дэх цөмөрсөн хугарал, дээш зулайн голын заадас, доош чамархайн урд хэсэг хүрсэн салбарласан хугарал, дараа нь тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл учирсан байхаар байна. Харин элэгний өнгөц язрал гэмтэл хэдийд үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Талийгаач нь дээрх гэмтлийг авснаас хойш хэсэг хугацаанд амьд байсан байх ба нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгосон байна. Ямар хугацаанд амьд байсныг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн цогцост биеэ хамгаалан тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй. Химийн шинжилгээгээр цусанд спиртийн зүйл илрээгүй байна. Талийгаач 1 дүгээр бүлгийн цустай. Талийгаач нь амь насанд аюултай гавал тархины хүнд гэмтэл авсаны дараа нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсан байх боломжтой байна гэж дүгнэжээ.

 

Шүүгдэгч П.А мөрдөн шалгах ажиллагааны үед “..Би 2017 оны 11 сарын дундуур хотод байсан.. би арматураар гагнасан алхыг аваад Хаашка ахын толгойн зүүн талд дух хэсэгт цохисон. Тэгсэн Хаашка ах хойшоо савж унаад босоогүй..” гэж өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлгээр талийгаачийг төмөр алхаар толгойн тус газарт нь цохиж алаад, зөөвөрлөсөн талаар мэдүүлсэн.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.А нь талийгаач Д.Хашхүүг хүнд гэмтлийн улмаас ухаан алдсан байх үед нь гэмт хэргийн ул мөрөө далдлах зорилгоор Б.Батцэнгэлийн хамт амь хохирогчийг зөөвөрлөж жалганд хаяснаас нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд хохирогчийн ямар хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч П.А анхны мэдүүлгээс хойш маргаж би хохирогчийг алхаар цохиогүй, анх өгсөн мэдүүлгийг цагдаа нар дарамталж авсан гэх боловч өмгөөлөгчийн хамт өөрөө мэдүүлэг өгч байгаа нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди дэх баримтаар үгүйсгэгдэж байна.

Дээрх байдлаас үзэхэд шүүгдэгч П.А нь Д.Хашхүүг  алсан болох нь тогтоогдож байх тул шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Цагаанзодогт овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийн бүрдэл хангагдсан, нэмж шалгах зүйлгүй, хэрэгт хамаарал бүхий яллах болон цагаатгах баримтыг бүрэн цуглуулсан байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Анхцэцэгээс 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч хэргийн материалд энэ талаархи нотлох баримт байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 10 жилийн хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохироно гэж дүгнэсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тогоо тавьдаг гэх төмөр  суурь 1 ширхэг, 38 см урттай 2 арматурын төмөр гагнаж хийсэн бариултай алх 1 ширхэг, толгой хэсгийн хоёр тал нь хавтгай хэлбэртэй алх нийт 1 ширхэг, төмөр хувин 1 ширхэг эсгийний тасархай 2 ширхэг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, П.А 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг DVD-2ш, П.Аы 2018 өдөр өгсөн мэдүүлгийн бичлэгийг хуулбарласан DVD-1ш, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад хийсэн бичлэгийг хуулбарласан DVD-2ш зэргийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч  П.А нь 2 жил 4 сар 28 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаанзодогт овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аы цагдан хоригдсон 2 жил 4 сар 28 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тогоо тавьдаг гэх төмөр  суурь 1 ширхэг, 38 см урттай 2 арматурын төмөр гагнаж хийсэн бариултай алх 1 ширхэг, толгой хэсгийн хоёр тал нь хавтгай хэлбэртэй алх нийт 1 ширхэг, төмөр хувин 1 ширхэг эсгийний тасархай 2 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, П.А 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг DVD-2ш, П.Аы 2018 өдөр өгсөн мэдүүлгийн бичлэгийг хуулбарласан DVD-1ш, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад хийсэн бичлэгийг хуулбарласан DVD-2ш зэргийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч П.А нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР

 

                                   ШҮҮГЧИД                            Б.ХАЛИУН

                                                                                

                                                                     П.АРИУНБОЛД