Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 844

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Хохирогч: Т.Б-,

Шүүгдэгч: Э.А- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.А-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005022451325 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.А-,  .... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.А- нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Ахмадын өргөөний ар талын тоглоомын саадны орчим хохирогч Т.Б-ыг зодож эрүүл мэндэд нь “баруун тахилзуур ясны доод хэсгийн ташуу, зөрөөтэй хугарал, тавхайн үений шаант ясны хагас мултрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.А- шүүх хуралдаанд: “...Би хохирогчийг зодож, түүний биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан” гэв.

Хохирогч Т.Б- шүх хуралдаанд: “...Э.А- миний хохирлыг төлж барагдуулсан. Мөн миний хагалгааны зардлыг төлсөн. Миний хөл эдгэрсэн. Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байхгүй” гэв.

Хохирогч Т.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн үед гэр рүүгээ харих гээд ганцаараа явж байсан юм. Тухайн үед би бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Намайг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар байрны саадны орчимд явж байхад зүс таних Тамираа гэдэг дүү “сайна уу ах” гээд мэндлээд хүрээд ирсэн юм. Тэгээд бид хоёр юм ярьж байгаад Тамираа “манай ах С-ыг уруу татаж архи уулаа” гээд маргаан үүсгэсэн. Тухайн өдөр нь би С-тай хамт архи уучихсан байсан юм. Тэгээд Тамираа миний нүүр орчимд гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон ба араас нь хамт явж байсан 4 залуу ирээд бөөнөөрөө нийлээд намайг газар унагааж байгаад дээрээс өшиглөөд байсан. Тэгэхэд нь би баруун талын хөлөө хазгай тавиад газар хэвтэж байхад харааны нүдний шилтэй, махлаг биетэй хар өнгийн футболктой залуу 2-3 удаа дэвсэж гишгэхэд миний хөлний шагай хэсэг эвгүй болчихсон. Тэгээд би газраас босох гэтэл босож чадахгүй байсан. Тухайн үед манай эхнэр С- гэрээсээ гарч ирэхэд намайг зодож байсан залуучууд зугтаачихсан юм. Тэгээд тухайн үедээ цагдаагийн байгууллагад огт мэдэгдээгүй ба зүгээр хөлний шагай мултарчихсан юм байх гэж бодоод тоогоогүй юм. Маргаашнаас нь хөл хавдаад байхаар нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд рентгэн зураг авахуулахад миний шагай мултраад, хугарчихсан байна гэсэн юм. Тамираа миний нүүр лүү цохиход нүүрэнд гэмтэл учраагүй. Харин махлаг биетэй залуу баруун хөлний шагай хэсэгт дэвсэлж өшиглөхөд баруун хөлний шагайнд гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлэг /xx-н 7-8/ ,

Гэрч М.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 6 дугаар саырн 17-ны өдөр 13 цагийн орчим манай нөхөр болох Б- хүнтэй уулзлаа гээд гэрээсээ гарсан юм. Тэгээд орой 22 цаг өнгөрчихөөд байхад гэртээ ирэхгүй байхаар нь би гэрээсээ ганцаараа нөхрөө хайхаар гарсан юм. Тэгтэл намайг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байрны орчимд явж байхад тоглоомын сааданд МөнхС-ын дүү болох М- гэдэг залуу манай нөхрийн нүүр рүү цохиод байсан. Тэгэхээр нь би хоорондоо учраа олчих байлгүй гэж бодоод холоос хараад зогсоод байсан. Би тухайн үедээ согтуу хүмүүсийн асуудалд оролцоод яахав гэж бодсон, бас манай нөхөр нүүр лүүгээ цохиулчихаад зогсоод байхаар нь гайгүй юм байх гэж бодсон юм. Тэгээд М-ыг хамт явж байсан 4-5 залуучууд нь холдуулаад аваад явсан. Тэгтэл М- эргэж манай нөхөр дээр очоод юм ярьж байгаад /юу ярьсныг нь холоос сонсож чадаагүй/ дахиад нүүр рүү нь цохиод байсан. Тэгээд араас нь М-тай хамт явж байсан 180 см орчим өндөртэй, махлаг том биетэй, нүдний харааны шилтэй залуу очоод манай нөхрийг заамдаж аваад газар унагаасан. Тэгтэл манай нөхөр “ёоёо хөл хөл” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би очтол манай нөхөр газар уначихсан, босож чадахгүй байсан юм. Би М- болон М-тай хамт явж байсан 180 см өндөртэй харааны шилтэй, махлаг том биетэй залуу хоёрт хандаж “та хоёр яасан их хүн зоддог юм” гэхэд М- надаас “Чи өөрөө хэн юм” гэхээр нь би эхнэр нь байна, би одоо цагдаа дуудна гэтэл тэр 2 явчихсан юм. Тэгээд би нөхрөө бос гэтэл газраас босож чадахгүй, баруун хөл өвдөөд байна гээд, баруун хөлөө хажуу тийш жийчихсэн газар хэвтээд байсан юм. Тэгэхээр нь би нөхрийнхөө дүү болох Ганхөлөгийг гэрээс дуудаад нөхрөө үүрүүлээд гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг /xx-н 12-13/, 

Шинжээчийн 7577 тоот дүгнэлтэд: “...Т.Б-ын биед баруун тахилзуур ясны доод хэсгийн ташуу, зөрүүтэй хугарал, тавхайн үений шаант ясны хагас мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Тахилзуур ясны доод хэсгийн ташуу, зөрүүтэй хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, шаант ясны хагас мултрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /xx-н 15-16/,

Шинжээч Ц.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Т.Б-ын биед учирсан дээрх гэмтэл нь үзүүлэгч өөрөө газар унах, эвгүй гишгэх үед үүсэх боломжгүй. Хөлний шагай хэсэгт гуталтай хөлөөр дэвсэлж, өшиглөх үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан даруйдаа чөлөөтэй алхах үйлдэл хийх боломжгүй..” гэсэн мэдүүлэг /xx-н 19-20/,

Яллагдагчаар Э.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...хүлээн зөвшөөрч байна. ...М-, Б- хоёр заамдалцаж аваад зууралдаад байхаар нь би очоод Б-ыг түлхээд газар унагаагаад салгасан. Б- газар уначихаад хөл гэмтчихлээ гээд байсан. Би Б-ын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 23, 30-33/ зэрэг болно.   

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.А- нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Ахмадын өргөөний ар талын тоглоомын саадны орчим хохирогч Т.Б-ыг зодож, биед нь халдаж эрүүл мэндэд нь “баруун тахилзуур ясны доод хэсгийн ташуу, зөрүүтэй хугарал, тавхайн үений шаант ясны хагас мултрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Б-ын: “...баруун талын хөлөө хазгай тавиад газар хэвтэж байхад харааны нүдний шилтэй, махлаг биетэй хар өнгийн футболктой залуу 2-3 удаа дэвсэж гишгэхэд миний хөлний шагай хэсэг эвгүй болчихсон. Тэгээд би газраас босох гэтэл босж чадахгүй байсан. Тухайн үед манай эхнэр С- гэрээсээ гарч ирэхэд намайг зодож байсан залуучууд зугтаачихсан юм. Тэгээд тухайн үедээ цагдаагийн байгууллагад огт мэдэгдээгүй ба зүгээр хөлний шагай мултарчихсан юм байх гэж бодоод тоогоогүй юм. Маргаашнаас нь хөл хавдаад байхаар нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд рентгэн зураг авахуулахад миний шагай мултраад, хугарчихсан байна гэсэн юм. Тамираа миний нүүр лүү цохиход нүүрэнд гэмтэл учраагүй. Харин махлаг биетэй залуу баруун хөлний шагай хэсэгт дэвсэлж өшиглөхөд баруун хөлний шагайнд гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлэг /xx-н 7-8/, гэрч М.С-ын: “...М-тай хамт явж байсан 180 см орчим өндөртэй, махлаг том биетэй, нүдний харааны шилтэй залуу очоод манай нөхрийг заамдаж аваад газар унагаасан. Тэгтэл манай нөхөр “ёоёо хөл хөл” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би очтол манай нөхөр газар уначихсан, босож чадахгүй байсан юм. Би М- болон М-тай хамт явж байсан 180 см өндөртэй харааны шилтэй, махлаг том биетэй залуу хоёрт хандаж “та хоёр яасан их хүн зоддог юм” гэхэд М- надаас “Чи өөрөө хэн юм” гэхээр нь би эхнэр нь байна, би одоо цагдаа дуудна гэтэл тэр 2 явчихсан юм. Тэгээд би нөхрөө бос гэтэл газраас босож чадахгүй, баруун хөл өвдөөд байна гээд, баруун хөлөө хажуу тийш жийчихсэн газар хэвтээд байсан юм” гэсэн мэдүүлэг /xx-н 12-13/, шинжээчийн 7577 тоот дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.А- нь хохирогчийг түлхэж унагаан улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.А- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.А-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ыг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР