Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 228

 

                  NMNAR, JT

      нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч NMNAR /НМНАР/-ын өмгөөлөгч Ц.А ,

шүүгдэгч JT /ЖЛ/-гийн өмгөөлөгч С.С ,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 150 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 8 дугаартай эсэргүүцлээр NMNAR /НМНАР/, JT /ЖЛ/ нарт холбогдох 1702000980022 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          NMNAR /НМНАР/, 1992 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Египет улсын Александр хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, Бүгд Найрамдах Вьетнам улсын ТАМ агентлагт англи хэлний багш ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт .......................... тоотод оршин суух хаягтай, Монгол улсад оршин суух тодорхой хаяггүй, ял шийтгэлгүй, /РД: .............................../,

          JT /ЖЛ/, 1988 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Румын улсын Бухарест хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................................... тоотод оршин суух хаягтай, Монгол улсад оршин суух тодорхой хаяггүй, ял шийтгэлгүй, /РД: ..................................../,

          NMNAR /НМНАР/, JT /ЖЛ/ нар нь бүлэглэн Монгол улсын нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд Гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн цахим картын мэдээллийг хууль бусаар олж аван, уг хууль бусаар олж авсан мэдээллээ хуурамч төлбөрийн картуудад суулган ашиглаж “Богд” банкны АТМ /автомат машин/-аас 4 удаагийн амжилттай гүйлгээгээр нийт 1.600.000 төгрөг, “Голомт” банкны АТМ /автомат машин/-аас 75 удаагийн амжилттай гүйлгээгээр нийт 49.150.000 төгрөг, “ХААН” банкны АТМ /автомат машин/-аас 7 удаагийн амжилттай гүйлгээгээр нийт 3.400.000 төгрөг тус тус авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Нийслэлийн прокурорын газраас: NMNAR /НМНАР/, JT /ЖЛ/ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.          

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: NMNAR /НМНАР/, JT /ЖЛ/ нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараахь нөхцөл байдал тогтоогдлоо. Учир нь, Нийслэлийн прокурорын газраас Египет улсын иргэн NMNAR /НМНАР/, Румын улсын иргэн JT /ЖЛ/ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байх ба уг яллах дүгнэлтийг тэдгээрийн өөрсдийнх нь эх хэл, эсхүл мэдэх хэлээр нь бичгээр орчуулж гардуулаагүй байна.

          Мөн Нийслэлийн прокурорын газраас Египет улсын иргэн NMNAR /НМНАР/, Румын улсын иргэн JT /ЖЛ/ нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх ба тодорхой хугацаагаар тэнсэж, хянан харгалзах хугацаанд албадлагын арга хэмжээ авахыг үүрэг болгох саналыг улсын яллагч нь шүүгдэгч нартай тохирсон байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлийг хангаагүй гэж шүүх үзэв. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийг тэнсэх заалт нь шүүхийн эрх хэмжээний шийдвэрлэх асуудал тул хэргийг прокурорт буцааж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон NMNAR /НМНАР/, JT /ЖЛ/ нарт холбогдох эрүүгийн хэргийг тус прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч NMNAR /НМНАР/, JT /ЖЛ/ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Sant Andreas C&L Vip Gold Membership” гэсэн бичиглэлтэй, шаргал өнгийн 188 ширхэг карт,

          “BTB24” Mariia Zriutina 4898 4700 2127 9317 дугаартай виза карт 1 ширхэг,

          MR Ryamond K Dyke 5353 1652 8830 6106 дугаартай мастер карт 1 ширхэг,

          “T*K*maxx” гэсэн бичиглэлтэй 8 ширхэг карт,

          “Deftun MSR X6” гэсэн бичиглэлтэй хар саарал өнгийн 2 ширхэг виза карт уншигч төхөөрөмж,

          Ямар нэгэн бичиглэлгүй, 8,5 см*3,7 см-ийн хэмжээтэй, USP оролттой хар өнгийн төхөөрөмж, /DEFTUN МiniDX4B/,

          54K8A5HB серал дугаар бүхий хатуу дисктэй “Acer Aspire5349” загварын зөөврийн компьютер,

          “Apple A1778” загварын 3592 0607 5248 369 IMEI код бүхий ухаалаг гар утас,

          “Apple A1688” загварын FK4R5R8XGRYS серал код бүхий ухаалаг гар утас,

          “Samsung SM-G935FD” загварын R58H40P3BGN серал код бүхий ухаалаг гар утас,

          2 GB багтаамж бүхий “micro SD” гэсэн бичиглэлтэй мемори картууд,

          “Богд” банкнаас ирүүлсэн “Wonderful” гэсэн бичиглэлтэй хар өнгийн диск 1 ширхэг,

          “ХААН” банкнаас ирүүлсэн “Sony” гэсэн бичиглэлтэй саарал өнгийн диск 1 ширхэг,

          “Капитрон” банкнаас ирүүлсэн “Number” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн диск 1 ширхэг,

          “Голомт” банкнаас ирүүлсэн “DL” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн диск 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасныг Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив. Үүнд:

1. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тусгай журмыг зохицуулж өгсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим төрлийн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгайлан зааснаас гадна 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас бусад бусад гэмт хэргийн яллагдагч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж шийдвэрлүүлэх эрхийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгаж өгсөн байгаа.

Мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналаа яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заажээ.

Дээрх хуулийн заалтын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Египет улсын иргэн NMNAR /НМНАР/, Румын улсын иргэн JT /ЖЛ/ нар нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу прокуророос хянаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзах” нөхцөл байдал хангагдсан, үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохгүй гэмт хэрэгт хамаарахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн, яллагдагч нар, тэдгээрийн яллагдах гэмт хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар саналыг /мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу/ танилцуулсныг тэрээр зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэжээ. Мөн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт “тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар хуульчлан зохицуулсан ба 7.3 дугаар зүйлд “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний төрөл”-ийг зааж өгсөн. Үүнээс үзэхэд албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар хянах нөхцөл байдлыг” заасан ба 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэжээ.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Шүүхийн шийдвэр”-ийн талаар хуульчилсан байх ба 31.3.1-д “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр” гэсэн хэлбэртэй байхаар заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэжээ.

Гэвч дээрх шүүгчийн захирамж нь уг хуулийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-ээс 4.6-д заасан заалтын яг аль заалт зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана” гэжээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орчуулагчийг томилон оролцуулсан бөгөөд энэ нь яллагдагчийн дээрх эрхийг хангасан байна. Мөн хуулийн 32.10 дугаар зүйлд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх талаар хуульчилсан бөгөөд 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харъяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулан өгөхөд тэдгээрийн өмгөөлөгч, орчуулагчийг байлцуулсан нь дээрх хуулийн шаардлага бүрэн хангагдсан гэж үзэхээр байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 150 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ...” гэв.

Шүүгдэгч NMNAR /НМНАР/-ын өмгөөлөгч Ц.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасныг үндэслэлтэй зөв гэж үзэж байна. Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйл зааснаар орчуулагчийг томилж, оролцуулж байгаа ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулагч, хэлмэрч хийх хүнийг томилно” гэж хуульчилж өгсөн байна. Хэдийгээр шүүгдэгч өөрийнхөө эрхийг хамгаалж орчуулагч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэсэн нөгөө талаар орчуулагч нь томилолтын дагуу оролцож байгаа гэж үзэхээр байна. Учир нь яллах дүгнэлтийг орчуулагчаар орчуулуулж миний үйлчлүүлэгчид тайлбарлуулахад тэр хүний эрх зөрчигдөнө гэж үзээд байх шиг байна. Гэтэл хангалттай ойлголтыг үйлчлүүлэгч маань авсан тул заавал яллах дүгнэлтийг эх хэл дээр нь орчуулах шаардлагагүй юм. Тийм учраас прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхэд шүүх хуралдаанаар хянадаг 6 нөхцөл байдал энэ хэргийн хувьд хангагдсан. Яагаад гэвэл гэм буруугийн асуудалд маргах зүйл байхгүй, хохирлоо төлсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал байгаа учраас шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байсан. Мөн бид тухай бүрт нь орчуулагч, хэлмэрчид хууль сануулаад орчуулга хийлгэж, миний үйлчлүүлэгч хангалттай ойлголт авсан тул процесс ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч JT /ЖЛ/-гийн өмгөөлөгч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

NMNAR /НМНАР/, JT /ЖЛ/ нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 150 дугаар шүүгчийн захирамж нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

 Анхан шатны шүүхээс NMNAR /НМНАР/, JT /ЖЛ/ нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байх ба уг яллах дүгнэлтийг тэдгээрийн өөрсдийнх нь эх хэл, эсхүл мэдэх хэлээр нь бичгээр орчуулж гардуулаагүй,

          мөн Нийслэлийн прокурорын газраас Египет улсын иргэн NMNAR /НМНАР/, Румын улсын иргэн JT /ЖЛ/ нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх ба тодорхой хугацаагаар тэнсэж, хянан харгалзах хугацаанд албадлагын арга хэмжээ авахыг үүрэг болгох саналыг улсын яллагч нь шүүгдэгч нартай тохирсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлийг хангаагүй тул хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэх хоёр үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

           Нийслэлийн прокурорын газраас NMNAR, /НМНАР/, JT /ЖЛ/ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч нарт гардуулахдаа шүүгдэгч нарын эх хэл буюу мэдэх хэлээр нь орчуулж гардуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй “ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

          Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг даруй шүүхэд шилжүүлнэ” гэж хуульчилсан тул прокуророос яллагдагч нарт ялын санал тавих эрхтэй.         

          Гэхдээ прокурор ялын санал тавихдаа яллагдагч нарт ял сонсгож байгаа, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйл хэсэгт заасан ялын төрлүүдээс сонгох ёстой.

          Гэтэл прокурор яллагдагч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагаагүй 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх санал гаргаж шүүхэд хэргийг ирүүлсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, тэдэнд үүрэг хүлээлгэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.  

          Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийхийн зэрэгцээ дараах ажиллагааг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

          Үүнд, NMNAR /НМНАР/, JT /ЖЛ/ нарын үйлдэлд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинж байгаа эсэхийг давхар шалгах шаардлагатай байна.

Иймд прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 8 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 150 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.    

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 150 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 8 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хэргийг прокурорт очтол NMNAR /НМНАР/, JT /ЖЛ/ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ  

ШҮҮГЧИД                                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                     Д.ОЮУНЧУЛУУН