Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                          

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С даргалж тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Эрдэнэдалай сумын иргэн Г.Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Татварын байцаагч Ч.Од  хариуцагдах,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Татварын хэлтсийн татварын  улсын байцаагч Ч.Оын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0802201713 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай  шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э,  хариуцагч Ч.О, прокурор Д.Б ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Л  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2011 оноос  эхлэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажилласан.

Дундговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалт хариуцсан улсын  байцаагч Ч.О нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0802201713 дугаартай шийтгэлийн хуудсаар нотариатын үйлчилгээ явуулсны хураамж 1813750/нэг сая найман зуун арван гурван мянга долоон зуун төгрөг тэг тэг мөнгө/ төгрөгийг 2014, 2015, 2016 онуудад орон нутгийн төсөвт оруулаагүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 544125/ таван зуун дөчин дөрвөн мянга нэг зуун хорин таван мянга/ төгрөгний торгууль, 513866/таван зуун арван гурван мянга найман зуун жаран зургаан/ төгрөгний алданги тавьж арга хэмжээ авсан нь үндэслэлгүй.

Сумын Засаг даргын тамгын газрын дарга нь Нотариатын тухай хуулийн 16-р зүйлийн 16.2-т зааснаар нотариатын үйл ажиллагаа явуулахаар хуулиар хүлээсэн албаны чиг үүрэгт нь хамааруулж өгсөн. Иймээс надад татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч алданги тооцож торгох шийтгэл ногдуулсан нь Захиргааны Ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.3-т зааснаар өөрийнх нь чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхээр байх тул  миний нэхэмжлэлийг хангаж  Дундговь аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ч.Оын 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 0802201713 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд  нэхэмжлэгч Г.Э тайлбарлахдаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би иргэн хүнийхээ хувьд  нотариатын үүргийг  хэрэгжүүлэх ямарч эрхгүй этгээд  харин захиргааны байгууллагын буюу сумын засаг даргын тамгын газрын дарга хувьдаа энэ үүргийг хэрэгжүүлж  орсон орлогоо төсөвт  төвлөрүүлдэг албан тушаалтан. Татварын албанаас   сумдад  хийгдэж буй нотариатын үйл ажиллагаа болон улсын тэмдэгтийн хураамжид анх удаагаа шалгалт хийсэн гэдгээ хариуцагч хэлж байна. Энд хэн хэн нь хаа хаанаа алдаа гаргасан  байхыг үгүйсгэхгүй татварын албанаас бидэнд ямар нэгэн сургалт мэдээлэл өгч байгаагүй, надад   өмнө нь ч анхааруулж сануулж байгаагүй шалгалт хийлээ гээл өдөрт нь шууд хариуцлага хүлээлгэсэн. Би тухайн шалгалтад  мөтериалаа өг гэхээр нь л холбогдох бүртгэлүүдээ оруулж өгснөөс намайг бол биечлэн байлцуулж оролцуулалгүйгээр явуулсан. Одоо  энэ зөрчлийг үндэслэн надад дахин хариуцлага тооцсон байгаа нь нэг зөрчилд  давхар хариуцлага ногдуулахгүй байх  зарчмыг алдагдуулж , миний шударгаар шалгуулж эрхээ хамгаалах эрхийг  зөрчиж байх тул  улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. Тухайн үед заавал  төл гэж сумын  хурлаар шаардаад байсан учраас шийтгэлийн мөнгийг 2017 оны 12 сард цалингийн  зээл авч  төлсөн, тухайн үед  гомдол гаргах  арга ухаанаа ойлгоогүй өмгөөлөгчөөс  хуульзүйн туслалцаа авч  шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэв.

  2.Хариуцагч Дундговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын  байцаагч Ч.О шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд  гаргасан  хариу тайлбартаа: “...Нотариатын тухай хуулийн 4.1. Нотариатын үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16.2-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна 16 дугаар зүйлийн 16.2 зүйлд зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын

дарга нотариатын үүргийг хавсран гүйцэтгэнэ, 16.4-т нотариатын үүргийг хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалтанд энэ хуульд заасан нотариатын эрх, үүрэг холбогдох бусад зүйл, заалт нэгэн адил хамаарахыг хуульчилсан байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5.1 тэмдэгтийн хураамжийг дор дурьдсан үйлчилгээнд хураана. 5.1.3 нотариатын үйлчилгээ үзүүлэх;

42.3.Тэмдэгтийн хураамжийн орлогыг улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаах бөгөөд бэлнээр хураасан орлогын хэмжээ 10 000 төгрөг хүрсэн тухай бүрд дансанд тушааж байна.

42.5.Энэ хуулийн биелэлтэд Үндэсний татварын алба хяналт тавина.

42.1.Тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлж байгаа эрх бүхий байгууллага бэлэн болон бэлэн бус хэлбэрээр хураах бөгөөд хураамж авах албан тушаалтныг байгууллагын эрх баригчийн шийдвэрээр томилон ажиллуулна гэж тус тус хуульчилсан. Дээрх хууль тогтоомжоор Засаг даргын тамгын дарга нь төрийн нэрийн өмнөөс нотариатчийн чиг үүргийг хэрэгжүүлэх нотариатын үйлчилгээний хөлсийг үйлчилгээ авагч этгээдээс хурааж орон нутгийн төсөвт тухай бүр шилжүүлж холбогдох тайланг гаргах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл бусдын төлсөн төлбөрийг төсөвт шилжүүлэхгүй төсвийн орлогыг саатуулсан зөрчилтэй.

Иймд Татварын ерөнхий хуулийн 22, 29 дүгээр зүйлд заасан Татварын албаны чиг үүрэг татварын улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд иргэн Г.Эийн нотариатчийн үйл ажиллагаанд шалгалт хийж, илэрсэн зөрчилд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 46.2 энэ  хуулийн зөрчсөн хүн хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гээд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан хариуцлага оногдуулж ажилласан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. Манай байгууллагаас  анх удаагаа  улсын тэмдэгтийн хураамжийн орлого  хэрхэн төлөгдөж байгаад шалгалт явуулсан үүнээс өмнө ингэж шалгаж акт төлбөр оногдуулж байгаагүй би акт гаргахдаа бичиглэлийн болон бусад алдаа гаргаснаа ойлгож  байна. 2016 , 2017 оны зөрчлийг шалгах удирдамжтай явсан, 2017 оны тайлангийн хугацаа дуусаагүй байсан тул 2017 оны хувьд   өөрт нь  танилцуулаад   албан шаардлага  хүргүүлсэн, 2014,  2015 оны  зөрчлийг шалгах асуудлыг хэлтсийн дарга Туяацэцэгээс  утсаар  үүрэг  өгсний улмаас зөрчилд тооцож шийтгэл  оногдуулсан. Хэрэгт  нотлох баримт болгож  нотариатын бүртгэлээс зөрчлийг шалгаж түүвэрлэн тогтоосон, гэхдээ энэ баримтыг татварын албанаас баталсан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гэж үзэхгүй. Татварын маягт, аргачлалаар хангах үүргийг татварын байгууллага биш аймгийн Хууль зүйн хэлтсээс хангадаг  гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Б дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийг албаны чиг үүргийнх нь хүрээнд бус иргэн Г.Эт хариуцлага оногдуулсан, улсын байцаагчийн акт үндэслэлтэй зөрчил үргэлжилсэн үйлдэлтэй байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзнэ. Татвар ногдох орлогоо нуун дарагдуулсан нь зөрчлийн хэргийн материалаар нотлогдож байна. Иймээс татварын улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ. /хх-222-223/

ҮНДЭСЛЭХ НЬ:     

Нэхэмжлэгч Г.Э нь Дундговь аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0802201713 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг  зохих шатны байгууллагаар /хх-21/  хийлгүүлж шүүхэд ирүүлжээ.

Шүүх хэрэгт ирүүлсэн зөрчлийн материал болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар, судлагдсан нотлох баримтад  үндэслэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          а/ Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын тухайд:

Нэхэмжлэгч Г.Э нь 2011 оны 8 дугаар сарын 15-наас 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргаар/хх-209-210/ ажиллаж байсан бөгөөд Нотариатын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 16 дугаар зүйлийн 16.2-т  зааснаар Хууль зүйн сайдын 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/215 тоот тушаал /хх-208/ түүний хавсралтаар  нотариатч ажиллаагүй суманд  нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэхээр  эрх олгогджээ.

          б/Татварын улсын байцаагчийн 0802201713 тоот шийтгэлийн хуудасны/хх-19-20 / хууль зүйн үндэслэл,  агуулга, хэлбэрийн тухайд:

Хариуцагч Ч.О нь /хх-103-107 / аймгийн татварын хэлтсийн даргын баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалт  хийх ажлын удирдамжаар /хх-207/ Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 5,42.5,46-р заалтуудын дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 2016, 2017 оны  тайлангийн тайлагнал,  орлогыг  үнэн зөв бүртгэн  төсөвт шилжүүлсэн  байдалд хяналт  хийж  зөрчил  илэрсэн тохиолдолд залруулга болон  хариуцлага хүлээлгэх зорилгоор хяналт шалгалтыг 2017 оны 11 дүгээр сарын 22-24-нийг хүртэлх хугацаанд  явуулж Г.Эийг 2014, 2015, 2016 онуудад татвар ногдох  орлогыг нуун дарагдуулсан зөрчил үйлдсэн гэж үзэж 0802201713 шийтгэлийн хуудсаар 2871741.28 нийт  төгрөгийн  нөхөн төлбөр торгууль алданги оногдуулжээ.

1.Зөрчлийн материалд тайлангаар нийт 2871741.28 төгрөгийн торгууль алданги  тогтоосон байх ба үүнийг нотлох баримт болох нотариатчийн бүртгэлийн дэвтэр,/хх40-94/ дансны хуулга /хх-137-186/ зэрэг нь нотариатын баталгаагүй, зөрчлийн хэрэгт нотлох баримтаар авагдаагүй/хх-121-124/ зэргээр эх баримт гэж үзэх хуулийн шаардлага хангахгүйгээс гадна хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан    “нотариатын  бүртгэл бол нягтлан бодох бүртгэлийн анхан шатны  баримт биш“ гэх тайлбар зэргээр  дээрх баримтуудыг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.2, 34-р зүйлийн 34.2-т заасанчлан   үнэлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэгт эх баримт болох нотариатын бүртгэлээс шүүж авсан орлогыг түүвэрлэж баримтжуулсан баримтыг /хх-10,11,12, 14/ хэрэгт хийсэн  гэж хариуцагч тайлбарладаг бөгөөд  Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-26.5-д бүртгэлийн шаардлагыг зааж өгсөн ба үүнийг үндэслэн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т зааснаар нэхэмжлэгч өөрөө татвар төлөхтэй холбогдсон тооцоо мэдээ тайланг гаргаж өгөх гэж заасан  татварын анхан шатны баримтыг гаргаж өгөөгүй байхад  дан ганц бүртгэлд үндэслэн   хариуцлага тооцжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагагүй гэж хариуцагчаас тайлбарлах  ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дүгээр зүйлийн 1-т “эрх бүхий албан тушаалтан  гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг  нотлох үүрэг хүлээнэ”,  6.6 дугаар зүйлийн 4-т  ”эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж  шийтгэл оногдуулахдаа  энэ хуулийн 7.1-р зүйлд заасан  журмыг баримтална”,  7.1 дугаар зүйлд нотлох баримт бүрдсэн байх, тухайн үйлдэл нь зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл хэсэг заалтад нийцэж байх зэрэг холбогдох бусад   заалтыг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй  гэж үзнэ.

2. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т “татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах”,  15.1.2-т  “татварын хууль тогтоомжийг нэг мөр дагаж  мөрдөх, татварын үүргээ тодорхойлох, тайлан мэдээ гаргахтай  холбогдсон  заавар аргачлал, гарын авлага, маягтаар хангах”, 15.1.3-т “татварын хууль тогтоомж, заавар аргачлалын талаар сургалт зохион байгуулах”, “14-р зүйлийн 14.1-т  “татварын алба, улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ  татвар төлөгчийн  эрх, хууль ёсны  ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана”,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 43.2-т заасан тайланг хянаж 3 сарын 5-ны дотор тэмдэгтийн хураамжийн тайланг гаргана” зэрэг ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн “аймгийн татварын албанаас сумдын засаг даргын тамгын газрын дарга нарт энэ талаар сургалт зөвлөгөө,  аргачлал,  маягтыг өгөөгүй би нотариатч Энхээгээс л  зарим нэг мэдээллийг асууж зөвлөгөө авдаг байсан“ гэх, хариуцагчийн ”манай байгууллагаас яг тамгын газрын дарга нарт чиглэсэн сургалт хийгээгүй, татварын гарын авлага холбогдох  маягтаар хангаагүй, Хууль зүйн хэлтсээс л хангах үүрэгтэй гэж ойлгодог, Г.Э нь  орлогын мэдээ тайлангаа хуулиар тогтоосон  хугацаанд гаргаж өгч байгаагүй, улсын тэмдэгтийн хураамжид бид анх удаа шалгалт хийсэн“ гэх тайлбарууд, зөрчлийн хэргийн ярилцлагын тэмдэглэл /хх-17-18/ зэргээр тус тус тогтоогдож байх тул  Г.Эийг шууд буруутгах боломжгүй юм.

3.Хариуцагчаас 2014, 2015, 2016, 2017 оны татварын орлого буюу хураамжид  шалгалт явуулсан гэж тайлбарлах ба Татварын ерөнхий  хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1.7-д ”татвар төлөгч анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтлөн татварын тайлан гаргах, орлого, татвараа тодорхойлох, баримт бүрдүүлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу хийж байгаа эсэхийг хянан шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх”, 29.1.8-т “татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх“, 29.1.12-т “татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд зөвлөлгөө, туслалцаа үзүүлэх” гэж тус тус  зааснаар татварын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т “татварын  хяналт шалгалтыг урдирдамж томилолтгүйгээр хийх, 30.1.9-т “...эсхүл  эрх зохих  журмын дагуу олгогдоогүй байхад  хяналт  шалгалт хийх”  зэрэг хуулиар хориглосон хязгаарлалтыг зөрчин 2014 , 2015 оны баримтад  шалгалт явуулж  өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн, томилолтыг зөрчлийн хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй, татварын байцаагчийн эл үйлдлээс тухайн онуудын үйлдэлд хариуцлага тооцох үндэслэл мөн үгүйсгэгдэхээс гадна хариуцагчаас “2014, 2015 оны баримт материалыг хянаж шалгах үүргийг хэлтсийн дарга Т  утсаар үүрэг болгосон гэж тайлбарласан  нь нотлох баримтаар  зөрчлийн хэрэгт авагдаагүй бөгөөд  хяналт шалгалтыг гагцхүү удирдамжаар хийх заалттай нийцээгүй гэж үзнэ. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-т  “татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан  мэдэгдэнэ” гэж заасныг хэрэгжүүлснээ хариуцагч нотлоогүй. Мөн 2017 оны тэмдэгтийн хураамжийн орлогод татварын тайлангийн  хугацаа дуусаагүй  гэж үзэж  шаардлага өгсөн байдаг./хх-7/

4. Зөрчил шалгах явцад үйлдсэн татварын ажлын хяналт шалгалтын  картаар /хх-9/ татварын хяналт шалгалтын төрлийг удирдамжаар, шалгалтанд хамруулах үндэслэлийг өргөдөл хүсэлтээр гэж заасан байх боловч хэнээс ямар өргөдөл хүсэлт ирснийг зөрчлийн хэрэгт хавсаргаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14-т заасан “өргөдөл гомдол мэдээллийг хүлээн авсан бол өөрөө шалгах, эсхүл шалгах ажлыг удирдан зохион байгуулах гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

5.Зөрчлийн материалаас үзэхэд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг зөрчсөн буюу хураамжийн орлогыг төсвийн орлогод тогтоосон журмын дагуу тушаагаагүй /хх-9- 14/  гэж тогтоосон атлаа шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 зүйлийн 1.1-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар оногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн хуулийн этгээдэд  үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл тайлан тэнцэл,  татварын тайланд тусгахгүй орхигдуулсан зэрэг зөрчил илэрсэн” гэж үзэж хариуцлага тооцсон ба шүүх хуралдаанд яг аль үндэслэлээр нэхэмжлэгчид хариуцлага оногдуулсныг тодруулахад  “татвар  ногдох орлогыг нуун дарагдуулсан  тул хариуцлага тооцсон” гэж хариуцагчаас тайлбарладаг.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1.3, 42 дугаар зүйлийн 42.3-т заасан улсын төсөвт төвлөрүүлэх хураамжийн орлого нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-т ”төрийн зохих байгууллагаас хувь хүн хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр  улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг  хураамж гэнэ”, 6 дугаар зүйлийн 6.1 ”татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх,  газар түүний хэвлий, байгалын баялаг, ашигт малтмалын нөөц, агаар ус хөрсний бохирдол хамаарна” зааснаас үзэхэд төсөвт төвлөрүүлэх хураамжийг татвар ногдох зүйлд хамааруулж  тодорхойлсон нь зөрчлийн хуулийн 11.19-р зүйлийн 1-д заасан “ татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан“ гэх үндэслэлээр хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй  байна.

Мөн “Нуух далдлах“ гэдгийг тухайн зүйлийг биет байдлаар нь татварын албанаас өнгөлөн далдлах буюу данс бүртгэл, тайлан блансад тусгахгүй байх, үндэслэлгүйгээр бусдад шилжүүлэх, хууль бус хэлцлээр халхавчлах, хуурамчаар өглөг үүсгэх, холбогдох баримт бичгийг нууцлах гэж ойлгоно хэмээн тайлбарласан Эрүүгийн хуулийн тайлбараас үзэхэд Г.Эийн  зөрчилд  Зөрчлийн хуулийн 11.19-р зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дугаар зүйлийн 1.3-д “тухайн үйлдэл эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл хэсэг заалтад нийцэж байгаа эсэх” гэж  болон 1.2 дугаар зүйлийн 4-т ”энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”  гэж  заасантай тус тус  нийцээгүй байна.

6.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2-р зүйлийн 2-т зааснаар шийтгэлийн хуудсыг  бичих,  мөн заалтын 7-д зааснаар Засгийн газраас баталсан маягтыг хэрэглэхээр хуульчилсан ба шийтгэлийн хуудсаар яг ямар зөрчилд хариуцлага тооцсон нь тодорхойгүй,  эсхүл гэх  сонгох зөрчлийн үндэслэлээ зөв тодорхойлоогүй, 2014 оны Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн дагуу, 2015 оны улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу, 2016 оны улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу гэж хэрэглэх хуулиа зөв сонгоогүй, бичвэрийн хувьд алдаатай, 1,2-р заалт нь бүрэн гүйцэд эсэх нь тодорхойгүй, 3-р заалт 2 давхацсан , зохих маягтыг хэрэглээгүй  зэргээр актын агуулга хэлбрийн шаардлагыг хангаагүй болох нь хариуцагчийн” 2014 оны улсын тэмдэгтийн хураамжийн хууль гэж байхгүй харин 2014 оны зөрчилд  улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар  зөрчил оногдуулснаа ингэж бичсэн нь агуулга хэлбрийн хувьд буруу байна, алдаагаа ойлгож байна” гэх тайлбраар болон шийтгэлийн хуудсаар /хх-19-20/  нотлогдож байна. Нэхэмжлэгчээс “энэ зөрчлөөр намайг  ажлаас халсан бөгөөд энэ нь нэг зөрчилд нэг хариуцлага оногдуулах зарчмыг алдагдуулсан” гэх бөгөөд  ажлаас халсан маргаанд  тус шүүхэд захиргааны хэрэг үүсгэн хянагдаж байгаа болно./хх-218-222/ 

Татварын улсын байцаагчийн 0802201713 дугаартай шийтгэлийн хуудсаар  зөрчил  үнэн зөв  тогтоогдсон байх, үйлдэл нь  зөрчлийн хуулийн зүйл хэсэг заалттай  тохирсон  байх зэргээр  нэхэмжлэгчийн шударга ёсны  эрхийг зөрчсөн,  шийтгэлийн хуудас нь хуульзүйн үндэслэлгүй, тогтоосон журмыг хэрэгжүүлээгүй   болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.12- т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

  1. , Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6-р зүйлийн 2, Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 43 дугаар зүйлийн 43.2,  Зөрчлийн тухай хуулийн 11.19 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Эийн улсын байцаагч Ч.Од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний  өдрийн 0802201713 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оаас 70200 төгрөгийг  гаргуулж Г.Эт  олгосугай.

 

  •  

 

 

              ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.С