Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0334

 

 

 

Б.Ц-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

Нэхэмжлэгч: Б.Ц,

Хариуцагч: Эрүүл мэндийн сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Хариуцлага тооцох тухай” А/278 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2021/0658/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Хариуцлага тооцох тухай” А/278 дугаар тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн 01/1469 тоот албан бичгийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гардан авснаас хойш 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан” тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар зохицуулжээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Б.Цаас “Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Хариуцлага тооцох тухай” А/278 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Эрүүл мэндийн сайдад холбогдуулан гаргасан.

2.Нэхэмжлэгчээс маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хэдий ч нэхэмжлэлийн үндэслэлийг “тушаалыг дугаарлахдаа ...байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоотой тушаал шийдвэрт олгох тушаалын дугаарыг олгосон, ...тушаалын захирамжлах хэсэгт ...байгууллагын нэрийг буруу бичсэн, ...Эрүүл мэндийн сайд нь өөрийн шууд томилоогүй албан тушаалтан болох надад хариуцлага тооцсон нь ..., актыг эрх бүхий этгээд гаргаагүй, эрх бүхий Засгийн газрын тогтоолоор хариуцлага тооцоогүй Эрүүл мэндийн сайд хариуцлага тооцсон нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргасан.

3.Үүнээс үзэхэд нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар маргаан бүхий А/278 дугаар тушаалыг илт хууль бус үндэслэлээр маргаж, нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр байна.

4.Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг “илт хууль бус” гэж үзсэн байдлыг харгалзан үзээгүй, мөн шүүхийн шийдвэрт “Эрүүл мэндийн сайд нэхэмжлэгч Б.Цд сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй...эрх бүхий албан тушаалтан нь Монгол Улсын Засгийн газар буюу Монгол Улсын Ерөнхий сайд байна” гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий А/278 дугаар тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

5.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Агентлаг байгуулах тухай” 222 дугаар тогтоолоор[1] Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулжээ.

6.Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажилд томилох тухай” 22 дугаар тогтоолоор[2] Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргаар нэхэмжлэгч Б.Цыг түр томилсон байна.

7.Маргаан бүхий А/278 дугаар захирамжаар[3] Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус үндэслэн “эм, эмийн хэрэгслийн нөөц ПГУ/PCR-ийн шинжилгээний урвалж, бодис, оношлуурын нөөц бэлэн байдал дээр хариуцлагагүй ажилласан” үндэслэлээр нэхэмжлэгч Б.Цд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

8.Маргаан бүхий акт гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, “сануулах” гэж,

9.Мөн  хуулийн 48 дугаар 48.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасан.

10.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн  17 дугаар зүйл 3 дахь хэсэгт “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ.”,

Мөн хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг ..., эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө.” гэжээ.

11.Нэхэмжлэгч  Б.Цыг танхимын зохион байгуулалттай Засгийн газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргаар томилсон гэдэг нь тогтоогдож байх тул маргаан бүхий акт гарсан цаг хугацаанд мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу түүнийг томилсон Засгийн газар эсхүл, Ерөнхий сайдын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.

12.Иймд нэхэмжлэгч Б.Цд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан Эрүүл мэндийн сайд нь өөрт хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар нэхэмжлэгчид “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан актыг гаргасан бөгөөд уг актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу “илт хууль бус акт” гэж үзэх үндэслэлтэй байна.

13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, ...акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан.

14.Маргааны тохиолдолд, нэхэмжлэгч талаас маргаан бүхий А/278 дугаар захирамжийг “илт хууль бус” гэж маргаж байгаа бөгөөд “илт хууль бус” акттай холбоотой нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарахаар хуулиар зохицуулсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тгийн “нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Хариуцлага тооцох тухай” А/278 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоосугай” гэж өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 6 дахь тал

[2] Хэргийн 33 дахь тал

[3] Хэргийн 24 дэх тал