Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 216/МА2017/00004

 

“М А” ХХК-ий нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай  

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 134/ШШ2017/00021 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “М А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б. Б /РД: , утас: / холбогдох

 

Хохирол 12 821 678 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргад А.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч “М А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Г.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Иргэн Б. Б нь 2012 оны 09 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл манай компанид автоцистерний жолоочоор ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа буюу 2014 оны 10 дугаар сарын 14-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах Газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас 38510 литр буюу 33119 кг Дт-г 51-45 УБЦ, 20-83 уч улсын дугаартай Норд бенз /Nord Benz/ маркийн автоцистернд ачин Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Х а и” ХХК-д хүлээлгэн өгөхөөр гарсан. Улмаар 2014 оны 10 дугаар сарын 15-ны орой 20-22 цагийн үед Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвөөс 60 км зайд жолоочийн буруутай үйлдлээс автомашиныг хүч алдуулан ухраан алдаж, чиргүүлээ хайчлуулан торхны хойд хэсгээр мөргөснөөс чиргүүл дээш харж унан амьсгалах клапан хугарч, шатахуун асгарсан, мөн УНО автоцистерний торхны арын хэсгээр чиргүүлийг мөргөсний улмаас чиргүүлийн хөндлөн швейлер төмөр автоцистерний торхыг цоолж, авто осол гарган шатахуун асгарсан. Ослын улмаас автомашины чиргүүл их хэмжээгээр эвдэрч, 8009 литр буюу 6856 кг 14 256 020 төгрөгийн үнэ бүхий дизель түлш асгарсан. “М т” ХХК-иас томилогдсон комисс 2014 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагийн үед осол болсон газар дээр очиж, ослын байдалтай танилцан, фото зургийг авсан. 50 м3-ийн саванд байсан шатахуун болон чиргүүлийн ачааг “М А” ХХК-ийн -УНЯ, - БЧ улсын дугаартай Норд бенз маркийн автоцистерн болон чиргүүлд насосоор соруулан авч, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын тоолуураар залин хийж, асгарсан шатахууны хэмжээг тогтоон орлого болгон хүлээлгэн өгсөн. Б.Б нь 8009 литр буюу 6856 кг 14 256 020 төгрөгийн дизель түлш асгасан, асгарсан шатахууныг соруулах, тээвэрлэхэд гарсан шатахууны зардал 428 778 төгрөг, томилолтын зардал 222 000 төгрөг, нийт 16 821 678 төгрөгийн зардал гарснаас 4 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 12 821 678 төгрөгийг сар бүр тодорхой хэмжээгээр төлж барагдуулахаар тохирсон боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй. Шатахуун болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж явах үүрэг нь зөвхөн жолоочид байдаг.

Иймд иргэн Б.Б 12 821 678 төгрөгийг гаргуулан өгч нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү. Энэ харилцаа нь шууд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой харилцаа биш тул бид хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэлд ач холбогдолтой нотлох баримт биш гэж үзээд өгөөгүй. Тухайн үед бид цагдаагийн байгууллагыг ослын газар дуудсан бол эрүүгийн хэрэг үүсэх байсан боловч Б.Б амаар хэлцэл хийж, түүний 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлтийг үндэслэн сар бүр 1 000 000 төгрөгийн төлөлт хийнэ гэсний үндсэн дээр учруулсан гэм хорын хохирлыг төлүүлэх шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 09 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр сарын дунд хүртэл “М А” ХХК-ийн Чойр дахь салбарт жолоочоор ажилласан. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр чиргүүл, толгой нийлсэн 38510 литр түлшийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Х А И” ХХК-д хүлээлгэн өгөхөөр ачин явж байгаад Ц-О сумаас 60 километрт өөд газар 3 дугаар араанаасаа 2 дугаарт хийх гэтэл хэдэрлээд араа солих явцад хүнд ачааны улмаас чиргүүл арагш татсан. Тоормос гишгэсэн боловч чиргүүл огт тоормосгүй учир толгойг чангааж хайчлагдан, хүрд нь салсны улмаас чиргүүл унаж, түлш асгарсан. Миний чирч явсан - УЧ дугаартай чиргүүл нь 2 ёмкос нийлүүлж залгасан, Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн, хөтлөгч гар нь богино, чиргүүлийн тоормос тавих боломжгүй, огт байхгүй, торх нь сорогдож нимгэрсэн, зарим газарт нь цооролт үүсч гагнасан, хэрэгцээнд үл нийцэх гар хийцийн стандартад тохирохгүй чиргүүл байсан. Тус чиргүүлийг чирч хол явахад шаардлага хангахгүй болохыг хэлж байсан боловч компани ашгаа бодож чирүүлдэг байсан. Нөхөөс гагнаас ихтэй учраас жаахан ширүүн явахаар нөхөөс нь тавигддаг байсан учраас аясаар нь зөөлөн явдаг байсан. Өмнө нь 8 дугаар сард Дорнод аймагт ачаа буулгахаар явахад чиргүүл нь Норд Бенз машины дугуйны эргэлтийг гүйцэхгүй ступцны шарик нь нурж, хээр эвдэрч байсан.

Ослын дараа би өөрөө эвдэрсэн чиргүүлийн хонхор хотгорыг гаргаж, муруйсан гарыг тэгшилж гагнаад торхыг будаж, байгууллагыг хохиролгүй болгосон ба холбогдох албан тушаалтан н.Б хүлээлгэн өгсөн. Авто тээврийн хуулийн 19.2.1-д заасан авто тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын байдалд тавих шаардлага /авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, экологи болон эргономикийн үзүүлэлт/-ыг тус чиргүүл нь бүрэн хангаагүй, тоормос тавих ямар ч боломжгүй байдал нь осолд хүргэсэн гэж бодож байна. Ослын дараа удирдлагууд чи төлбөрийг боломжоороо төлөөд байгаарай. Тэгвэл чамайг ажлаас чинь халахгүй гэсэн тул хохирол төлбөрийг өөрийн боломжоороо хамаг байдгаа шавхаад 4 000 000 төгрөг тушаасан ба хохирол төлөх шаардлага гарвал ажлаа хийж байгаад цалин дээрээсээ зохих хэмжээгээр өгөх санал тавьсныг компани надтай ярилцаж тохиролгүй шууд ажлаас халсан. Тухайн үед төлбөрийн талаар ярилцаж тохирсон, гарын үсэг зурсан юм огт байхгүй. Миний буруутайг тогтоосон баримт байхгүй байхад мөнгө нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрөхгүй, хууль хяналтын болон замын цагдаагийн ослын акт үйлдэгдээгүй, техникийн шинжээчийн дүгнэлт гараагүй, шатахууны үлдэгдлийг ямар нэгэн тоолуур албан ёсны баталгаажилт, стандартаас хэн тооцсон нь тодорхойгүй, өөрийн байгууллагын эрх ашгийн үүднээс гаргасан акт байдаг. Хөдөлмөрийн харилцааны маргааны хувьд хөдөлмөрийн гэрээ байх ёстой. Гэтэл надтай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ зэргийг байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад хөдөлмөрийн харилцаанд орсон нь нийгмийн даатгалын дэвтэр, техникийн ослын акт, хавсрах хуудас зэргээр батлагддаг боловч нэхэмжлэгч тал хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм. Эдгээр нөхцөл байдлаас авч үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар М овогт Б Б хохиролд 12 821 678 /арван хоёр сая найман зуун хорин нэгэн мянга зургаан зуун далан найм/ төгрөг гаргуулах тухай “М А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220 096.85 /хоёр зуун хорин мянга ерэн зургаан төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

“М А” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд давж заалдах гомдолдоо: Хариуцагч Б.Б нь бусдад гэм хор учруулсан үйлдэл нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас тээврийн хэрэгслийг ашиглах гэдэгт машин явж байгаа, мөн хөдөлгүүрийг унтрааж явах үйлдлийг түр зогсоосон үеийг хамруулах ба энэ нь замын хөдөлгөөний болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл автомашины эзэмшигч нь стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохоос гадна тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүрэгтэй бөгөөд үүнээс гадна бүрэн бус тээврийн хэрэгслийг ашиглах, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлээгүй байдлыг ч тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэж үздэг.

 

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а-д жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон чиргүүлийн холбоос эвдэрсэн ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж заасан.

Гэтэл Б.Б өөрийн хайхрамжгүй байдлаас болж автомашины ашиглалтын явцад арааг шилжүүлэх үедээ өөрийн буруугаас үүдэн бага зэргийн өгсүүр замд хүч алдуулан ухрааснаас зам тээврийн осол гаргаж компанид 12 821 678 төгрөгийн хохирол учруулсан болох нь хариуцагчийн тайлбар мөн осол гаргасан үедээ компанид өгч байсан тайлбар, осол гаргаснаа хүлээн зөвшөөрсөн ч төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулж байсан зэрэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч дээрх нотлох баримтуудаар 12 821 678 төгрөгийг бүрэн шаардах эрхтэй байхад шууд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ийм анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн компанид учруулсан хохирол болох 12 821 678 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч “М А“ ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулан түүнийг авто осол гаргаж  нийт 8009 литр түлш асгасаны улмаас байгууллагад нийт 16 821 678 төгрөгийн хохирол учруулсан ба үүнээс 4 000 000 төгрөгийг төлсөн, харин үлдэгдэл 12 821 678 төгрөгийг төлөөгүй гэж уг мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 2014.10.20-ны өдөр “Илтгэх хуудас”/хх-9-14/, “Техникийн ослын акт № 14/49” /хх-15-19/, байгууллагад учирсан хохирол, зардлын тооцоо/хх-20/, хариуцагч Б.Б “Өргөдөл”/хх-21/, “Төлбөр төлүүлж, ажлаас халах тухай”  2014.11.12-ны өдрийн 56/14 тоот “М А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал/хх-22/ зэрэг нотлох баримтуудад үндэслэжээ.

  Харин хариуцагч Б.Б нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч чиргүүлийн тормос барихгүй, хий авдаг зүйл байхгүй, 30-н хоёр ёмкось залгаж хийсэн, гар хийцийнх тул стандартад нийцэхгүй, хол чирч явахад шаардлага хангахгүй, уг осол  нь техникийн бүрэн бус байдлаас болсон, хохирол, зардлыг төлөх шаардлага гарвал ажлаа хийж байгаад цалин дээрээс зохих хэмжээгээр төлөх санал тавьсныг компани надтай ярьж тохироогүй шууд ажлаас халсан, тухайн үед төлбөрийн талаар ярьж тохирч гарын үсэг зурсан зүйлгүй, тухайн ослын шалтгааныг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй, жолооч буруутай гэхийг тогтоосон баримтгүй, мөн нийт 8009 литр түлш асгарсан гэх энэхүү хэмжээг тогтоосон баримт байхгүй тул зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй гэсэн агуулга бүхий тайлбар гарган  маргажээ. 

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.

 

Учир нь хэргийн материалаас үзэхэд : хариуцагч Б.Б нь “М А“ ХХК-ийн Чойр дахь салбарт жолоочоор ажиллаж байгаад “М А“ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014.11.12-ны өдрийн 56/14 тоот тушаал /хх-22/-аар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. 

Тэрээр  ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа буюу 2014 оны 10 дугаар сарын 14-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах Газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас 38510 литр буюу 33119 кг дизель түлшийг УБЦ,  уч улсын дугаартай Nord Benz маркын автоцистернд ачин Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Х а и” ХХК-д хүргэж өгөх үүрэгтэй гарсан  байх ба  2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орой /20-22 цагийн үед гэх/ Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас 60 км зайд  өөд газар өгсөж явахдаа автомашиныг хүч алдуулан ухрааж, чиргүүлээ хайчлуулан унагасан, үүний улмаас шатахуун асгарсан гэх үйл баримтын талаар талууд маргаагүй  байна. 

 Харин  тухайн авто осол нь жолоочийн буруутай үйл ажиллагаанаас эсхүл техникийн бүрэн бүтэн байдлын алинаас болсон,  асгарсан  түлшний хэмжээ нийт 8009 литр  гэдгийг  хэрхэн яаж тогтоосон, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа хэрхэн үүссэн, улмаар нэхэмжлэгч буюу ажил олгогч нь хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэх, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн дотоод журам  бий эсэх зэргийн талаар талууд маргаж байх бөгөөд энэ талаарх нотлох баримт   хэрэгт бүрэн авагдаагүй  байна.

Гэтэл анхан шатны шүүх нь хариуцагч Б.Б “М А" ХХК-д 2012.06.03-ны өдрөөс ачигч, буулгагч, 2013.01.03-ны өдрөөс жолоочоор хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, Б.Б нийгмийн даатгалын дэвтэр/хх-50/, “М А” ХХК-н гүйцэтгэх захирлын 2014.11.12-ны өдрийн 56/14 тоот тушаал/хх-22/ зэрэг баримтаар тогтоогдож байхаас гадна уг үйл баримтын талаар талууд маргаагүй гэж үзсэн,

Мөн ...зохигчдын хэн аль нь нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргаагүй, талууд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, хэрэгт хөдөлмөрийн гэрээ авагдаагүй, нэхэмжлэгч талын хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэхдээ хариуцагч талаас үүнийг нотлох баримтаар шаардаагүй тул хэрэгт өгөөгүй гэсэн тайлбараар хязгаарлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 -т заасан үндэслэл хангагдсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.  

Тодруулбал 1. Хэдийгээр талууд хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан талаар маргаагүй боловч шүүх хуралдааны тэмдэглэл/хх-66,69/-д авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э мэдүүлэг,

хэргийн 50 дугаар талд авагдсан хариуцагч Б.Б НДД №А 0738699 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтрийн 26-27 дугаар хуудсанд  бичигдсэн тэмдэглэгээ,

хэргийн 21 дүгээр талд авагдсан хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Б.Б тус компанид анх хэдэн онд ажилд орсон, ямар ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байсан, автоцистерний жолоочоор хэдэн оноос ажиллаж байгаа,  нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан  гэх, хариуцагч үүнийг үгүйсгэсэн тайлбар гаргасан, талуудын хооронд иргэний эрх зүйн өөр төрлийн гэрээний харилцаа үүссэн эсэх  зэрэг нөхцөл байдлын талаар талуудаас тодруулж зөрүүтэй байдлыг арилгаж дүгнэлт хийгээгүй, 

түүнчлэн Хөдөлмөрийн Сайдын 1991 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажил, албан тушаалтны жагсаал”-тад “жолооч” хамаарах эсэх талаар тодруулж, энэ талаар дүгнэлт хийгээгүй, дан ганц нэхэмжлэгч талын хөдөлмөрийн гэрээ байгуулсан, харин эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй гэсэн тайлбарыг үндэслэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар шүүх  хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтад үндэслэн шийдвэрээ гаргах үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Учир нь хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангадаг.

Харин хэрэгт авагдаагүй нотлох баримтад үндэслэгдсэн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй юм.

Мөн хэргийн 32 дугаар талд  талуудад эрх, үүрэг тайлбарласан тухай баримт №5 авагдсан байх ба уг баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг тоон илэрхийллээр бичиж, хэргийн оролцогчдын нэр, огноо, гарын үсэг зэргийг хүснэгтлэн байрлуулсан байх ба үүнээс үзэхэд талуудад эрх, үүргийг бүрэн хэмжээгээр  танилцуулсан гэж үзэхэд эргэлзээ бүхий байна. 

 Дээрх байдлаас дүгнэхэд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, тухайн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.    

 

2. Анхан шатны шүүх нь хариуцагч талын бичгээр гаргасан хүсэлт/хх-45/-ийн дагуу нэхэмжлэгч “М А” ХХК-иас хариуцагч Б.Б нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтрийг эхээр нь бичмэл нотлох баримтаар хэрэгт авч хавсаргасан  байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар дээрх нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтрийг эхээр нь нэхэмжлэгч  талаас гаргуулан авч улмаар хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлэхдээ энэ талаарх хуульд заасан журмыг баримтлаагүй гэж үзнэ.

           Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаас үзэхэд шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл нотлох баримтын эхийг ...буцаан өгч, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээх бөгөөд эсхүл хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэжээ.

 

            Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан ажиллагааг алийг нь хэрэгжүүлсэн нь тодорхойгүй, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шинжлэн судалсан байх боловч уг бичмэл нотлох баримтуудад  агуулагдаж буй ямар мэдээлэл нь хэрэгт ач холбогдолтой талаар тэмдэглэлд тусгагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.2, 108 дугаар зүйлийн 108.1-д нийцээгүй байна.

          Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

           Анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч талын “... шийдвэрт өөрчлөлт оруулж хохирлыг гаргуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.  

 

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэсэн нь хэдийгээр давж заалдах гомдлын үндэслэлээр бус боловч нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220096 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01  сарын 30-ны өдрийн 134/ШШ2017/00021  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “М А” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220096 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай. 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ

                               ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

                               ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА