Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 651

 

 

   2020         10           05                                       2020/ШЦТ/651

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Г.Эсэн,

шүүгдэгч: У.Ал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Х овогт У-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2010013290757 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, МУИС-д оюутан, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 43/б байрны 63 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт У-ийн А /РД:ШУ9701..../.  

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч У.А нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд амралтын газрын автомашины зогсоол дээр 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Б-ийг өөрийн нөхөр Г.Б-той хардаж түүний биед “тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зулгаралт, баруун шууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч У.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

Хоёр. Эрүүгийн 2010013290757 дугаартай хэргээс:  

  1. Хохирогч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр машинтайгаа явж байтал дугуй хагараад би зам дээр зогсож байхад Б гэх залуу дугуй сольж өгөөд танилцсан. Би Б гэх залуутай 2 удаа уулзсан. Хэрэг гардаг өдөр 2020 оны 7 дугара сарын 03-ны 23 цагийн үед намайг гэрт байхад Б ирээд хоёулаа уулзаж болох уу гэхээр нь за гээд бид хоёр Б-ын машинтай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд амралтын газрын автомашины зогсоол дээр машинд нь юм яриад сууж байхад машины цонхыг нэг эмэгтэй тогшсон. Тэгээд машины хойд суудал дээр суугаад би энэ залуугийн эхнэр нь байна гээд миний үснээс зулгаагаад өөрлүүгээ татаж байгаад хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн бас нүүр лүү цохисон. Б эхнэрийнхээ гарыг барьж аваад энэ ямар ч хамаагүй гээд хэлсэн боловч тоохгүй намайг өшиглөөд байсан. Эхнэр нь Б-ын нүүр лүү нь өшиглөсөн чинь Б уурлаад эхнэрээ цохих үед би машинаас буусан чинь үл таних эмэгтэйгийн найз гэх эмэгтэйчүүд чамайг явуулахгүй гээд байсан. Тэр үед үл таних эмэгтэй машинаас бууж араас хөөхөөр нь би гарыг нь барьж аваад өөрөөсөө холдуулах гэтэл тэнд байсан эмэгтэйчүүд чи манай найзад гар хүрвэл чамайг зодно шүү гэж хэлсэн. Би айгаад машины хаалга онгойлгоод урд талд суухад нөгөө намайг зоддог эмэгтэй арын суудал дээр сууж байгаад дахин намайг цохиж зодоод байсан. ...Тэр эмэгтэй миний үснээс зулгааж миний нүүр болон тархи толгой руу цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг /хх-н 9 дүгээр хуудас/  

2. Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 06 дугаар сарын 28-ны орчим 01:00 цагийн үед Б гэдэг хүүхэнтэй зогсоол дээр танилцаад Сэнгүр нэртэй 2 литрийн пиво 3 ширхэгийг уусан. Б-тэй 10.. УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор ярилцаж байгаад үүрээр 05 цаг өнгөрч байхад манай гэр болох Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Тэлмэн хотхоны _ байрны __ тоот руу очиж бид хоёр унтсан. Дараа нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны 23 цагийн үед би ___ дугаараас Б рүү залгаж завтай бол уулзах уу гэсэн чинь зөвшөөрч би ___ УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж аваад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд амралтын газрын автомашины зогсоол дээр ирээд машин дотор ярилцаж байхад гэнэт эхнэр А машины жолооч талын цонх тогшоод хаалгаа онгойлго гэж хэлэхээр нь би онгойлгосон чинь ард талын суудал дээр орж ирж суугаад Б-ийг үсдээд Б буцаагаад үсдээд хоорондоо цохилцсон. Би салгах гээд байхад хоорондоо салж өгөхгүй арай гэж салгаад Б-ийг яв яв гээд буулгасан. Би эхнэр А-г аваад гэртээ харьсан. ...А Б-ийн толгой руу гараараа 3 удаа цохиж үсдэлцээд байсан. Би эхнэрийнхээ 2 гарыг бариад салгаж байхад Б чи намайг цохилоо гээд А-ийн толгой руу гараараа 2 удаа цохисон. ... ” гэх мэдүүлэг /хх-н 16 дугаар хуудас/,

3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7854 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд:

-Н.Б-ийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зулгаралт, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

4. Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай баримт /хх-ийн 3 дугаар хуудас/,

5. Шүүгдэгч У.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын 06-ны орой 22:00 цагийн үед найз Б, Б, Ж, М нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд амралтын газрын авто машины зогсоол дээр хүүхдүүдээ салхилуулж байтал нөхрийн машин болох ___ УНЕ улсын дугаартай Тоёота Кроун маркийн машин нь зогсож байхаар нь яваад очтол нөхөр Б миний үл таних Б гэх эмэгтэйгийн хамт сууж байсан. Би цонхыг нь тогшоод машиных нь цоожийг гаргуулж хойд талын хаалгыг нь онгойлгож суугаад тэр эмэгтэйгээс чи хэн бэ гэж асуусан чинь би ангийнх нь  хүүхэд чи итгэхгүй бол монтажнаас хараарай гэж хэлэхээр нь чи ангийнх нь хүүхэд биш гээд уурлаад үснээс нь зулгаагаад хөлөөрөө нүүрэн тус газар нь өшиглөсөн. Тэр эмэгтэй надтай зууралдаад байсан. Нөхөр тэр үед миний гарыг бариад болиоч гээд уурлаад байсан. Би тэр үед дахиад Батцэцэг гэх эмэгтэйтэй зууралдаад ноцолдсон чинь уушигны багтраа өвчтэй учир ухаан алдаад унасан байсан. Нэг сэрсэн чинь тэр эмэгтэй байхгүй, явсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв ярьсан өөр нэмж ярих зүйл гэвэл өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад:

Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, /хх-ийн 42-43 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 44-46 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

  • шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч У.А нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд амралтын газрын автомашины зогсоол дээр 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Б-ийг өөрийн нөхөр Г.Б-той хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зулгаралт, баруун шууны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...эхнэр нь байна гээд миний үснээс зулгаагаад өөрлүүгээ татаж байгаад хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн бас нүүр лүү цохисон. ...Тэр эмэгтэй миний үснээс зулгааж миний нүүр болон тархи толгой руу цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг /хх-н 9 дүгээр хуудас/ 

-Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А Б-ийн толгой руу гараараа 3 удаа цохиж үсдэлцээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 16 дугаар хуудас/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7854 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

-Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, бусад баримтууд /хх-ийн 3 дугаар хуудас/,

-Шүүгдэгч У.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч У.А нь хохирогч Н.Б-ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У.А-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролын тухайд: Хохирогч Н.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролын талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурьдав.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч У.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах. ...” тухай дүгнэлтийг гаргасан ба, дээрх дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч У.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан  ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч У.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.

Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч У.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт У-ийн А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт У-ийн А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч У.А-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Шүүгдэгч У.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бусдад энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч У.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ДОРЖСҮРЭН